| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03542/И |
| Дугаар | 312/шш2026/00543 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2026/00543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О**********-ын ****** тоот орон сууцны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч ********,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******** тоот орон сууцны өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 1997 оны 11 дүгээр сард ****** дугаар баг, Ба********оотын 1 өрөөг ********эх хүнээс тухайн үеийн ханшаар 60 мянган төгрөгөөр худалдан авч одоог хүртэл 28 дахь жилдээ амьдарч байна. Тухайн үед уг хүний байрны бичиг болох байр эзэмших гэрчилгээг авч уг хүнд мөнгөө өгсөн. Үүнээс хойш тэр хүний гэр бүлээс уг байрыг өвлөж авахаар нэг ч хүн гарч ирээгүй. Маргаан үүсээгүй болно. Миний бие 1997 оноос өнөөдрийг хүртэл 28 жилийн хугацаанд ил шударгаар өөрийн орон гэрийг эзэмшиж байна. Орхон аймгйин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2024/01090 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байсан ********/ нь нас барсан байх тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно. Иймд уг байрыг *******ний бие одоо амьдарч байгаа байраа хувьчилж авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийн дагуу шийдэж өгөхийг хүсч өргөдөл гаргав. Орхон аймаг, Баян-Өндөр сумын *******дүгээр байрны 13 тоот орон сууцны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэл, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянцагаан багийн Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, *****аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 10 дугар сарын 30-ны өдрийн албан тоот, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22/1650 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***********тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ***** оноос ******* тоот орон сууцанд амьдарч эхэлсэн байх бөгөөд Орхон аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 10 дугар сарын 30-ны өдрийн албан тоот, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22/1650 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
********тоот орон сууц нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан.
Нэхэмжлэгч **** нь 1997 оноос эхлэн 28 жилийн хугацаанд О******* тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан ******** өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА