Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/672

 

 

Т.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Т.Н /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Үлэмж /цахимаар/, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Н холбогдох эрүүгийн 2109000700916 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Н, 

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж байгаа;

Т.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр хохирогч Б.Б уулзаж түүний эзэмшлийн Хаан банкны зээлийн барьцаанд байсан Тоёота ланд крузер 200 маркийн 65-56 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилгаа 25.400.000 төгрөгийг өгч, улмаар үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, хохирогч Б.Бд нийт 159.942.173 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Хиад овогт Төмөр-Очирын Т.Нг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Нг 2 хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 28 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н оногдуулсан 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгийн цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгаас хохиролд 129.526.173 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 2-10-712 тоотод оршин суух Итгэлт овогт Буянхишигийн Б.Б /РД:ЕО91073118/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Нгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т.Н би эрүүгийн гэмт хэрэгт 2017 онд холбогдон шалгагдаж байх хугацаанд буюу 2020 оны 04 сард уг үйлдэл болсон бөгөөд цаг хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 869 тоот тогтоол гарахаас өмнө нь болж байгаа юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 6 жил нээлттэй хорих ангид ял шийтгэгдэн ял эдэлж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид ирсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар хуудасны төгсгөлд нь шүүгдэгч Т.Н ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж /шийтгүүлсэн ч засрал хүмүүжлийг ололгүй дахин гэмт хэрэг үйлдсэн/ нөхцөл байдал гэж дүгнэсэн. Гэтэл би өмнөх тогтоол гарахаас өмнө хэрэг мөрдөн байцаалтын шатанд байх үед уг үйлдэл болсон бөгөөд түүнээс хойш 3 сарын төлөлтөөс эхний 2 сар нь бүтэн, 3 дахь сар нь тал хагас төлөгдсөн байдалтай 6.900.000 төгрөг өгсөн байдаг, харин энд 5.800.000 төгрөг гэж харсан. Цаашид төлж чадалгүй ял сонсож хоригдсон. Ял эдэлж байх хугацаандаа шоронгийн хашаанаас гарж үзээгүй мөн аавыгаа өөд болсон, ажил явдалд оролцож чадалгүй сэтгэл дотроо сүүлчийн замд нь үдсэн. Ийм байхад гэмт хэргийг шоронд байхдаа гарч дунд нь нэмж хийсэн, засрал хүмүүжил ололгүй дахин гэмт хэрэг хийсэн гэж тодорхойлж байгаад гомдолтой байна. Бас хоригдол би гэм буруугаа хүлээсэн, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, нотариатын гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг. Шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдлээ гэх боловч 2021, 2022 онд ял эдэлж байх хугацаанд шийдвэрлэхгүй, хүлээж явсаар, хойш тавьсаар байгаад ял дуусах үед санаатайгаар өмнөх хэргийг шийдвэрлэж ял нэмж өгч байна. 2020 онд өргөдөл гомдлыг нь хэлсээр атал хүлээж аваагүй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар яагаад ингэж ялтан гэх үүднээс хандаж, дахин дахин дорд үзэж, амьдралын 10 жилээр минь зүгээр тоглоод, гэм буруугаа хүлээгээд ялаа эдэлж дуусах гэж байхад гомдолтой байна. Тэр үед байцаалтын шатанд хэлж дурдаж байсан. Өөрийн өмчлөлдөө Хаан банкны нэр дээрхи автомашиныг шилжүүлсэн гэх хэрэг Хаан банкны нэр дээр байсаар байгаа автомашиныг тэр үед авч үзсэн бол ор сураггүй алга болгож амьтан хүн завшихаас нь өмнө цаг алдалгүй олж болох бүрэн боломж байсан. Өөдгүй муу эмэгтэй гэмт этгээд засрал авахгүй гэмт хэрэг үйлдсэн хохь чинь гэж байгаа мэт удаа дараалан дорд үзэж, ялтан гэж үзэн давтан яллаж байгаад мулгуу миний ухаан хүрэхгүйгээр барахгүй, сэтгэлийн тэнхээ ч хүрэхгүй дутаж байна. Нэг муу эрүүгийн гэмт хэрэгтэн гээд давтан яллаж, амьдрал, цаг хугацаа, ар гэр үр хүүхэд, эрүүл мэнд, эрх зүйн байдлыг минь дордуулж доромжилж болдог гэж үү. Хичнээн хоригдол гэмт хэрэгтэн ч гэлээ хэдхэн сартай хөхүүл хүүхдээ орхиод орсон, хүүхэд, гэр бүл хүүхдүүд минь яах болж байна. Гурван хүүхдэдээ ээж нь хэрэгтэй байгаа, арай л гаргуунд нь гаргаж байна. Хоригдол би тэдэндээ яарахын зэрэгцээ гэм хорын хохирол төлбөрөө төлж шагналын хоног авч /тэргүүний хүмүүжигч/ болон гэмээ ухамсарлаж ял эдэлсэн. Гэтэл эргээд үзэхэд хэнд хэрэгтэй байсан гэж хараад бас үргэлжлүүлэн хохирол төлөх цаг хугацаа, нас, хаана байна вэ. Шоронгийн хоригдол болсон хүн, хүн биш иргэн байх эрх нь түдгэлзсэн ч эрүүл, амьд явах эрх нь байдаг юм билээ. Бага ч гэсэн сэтгэлд зул асаж тэмүүлэлтэйгээр ажиллаж цаашид гараад уурхайд орж ажиллаж арай их цалин авч хохирол төлбөрөө төлнө гэж бодож эрүүл мэндээ гаргуунд нь гарган хичээсэн. Хохирогч нарыг бодож яллагдагч байх гэтэл үгүй юм байна. Зөвхөн яллаж л байвал цаг хугацаа амьдрал, нас, үр хүүхэд нь хэн ч биш. Шорондоо багтахгүй байхад л шоронгоос гарахын даваан дээр нэмээд яллачихдаг. Хэрэгтэн бид гараад хохирол төлөх ялтай. Эрүүгийн хэрэгт ялаа эдэлж дуусаад гарлаа, үргэлжлүүлэн иргэний журмаар гэм хорын хохирол, төлбөр төлнө гэж би ойлгодог. Шоронд удсан хүний ардаа яарсан, хайртай хүнээ зуурдаар алдах сэтгэл зүрх, дотогшоо бугшсан харамсал цөхрөл нь бэтгэрч оюун санаа нь анх шоронд орсон айдас хүйдэстэй он цагаараа тэр чигтээ гацаад зогсчихдог юм билээ. Иймд хоригдол надад тусалж, итгэл үзүүлэн хохирол төлбөр төлөх цаг хугацаа олгож өмнөх шийтгэх тогтоолд нь багтаан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Т.Н холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 16.15 дугаар зүйлийн 3, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэжээ. Энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн шүүгдэгч Т.Нгийн хохирогч Б.Быг залилсан гэх гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарах. Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би С.Мөнхбат, Р.Мөнхбат, Шагай, Гантуяа нарын хүмүүсээс зугтаж яваад аргагүй гарцаагүй байдал, дарамтанд орж тэдний хүсэлтээр иргэний хэлцэл хийсэн. Миний хувьд нотариатаар орж машин авах мөнгийг шилжүүлсэн. Би зөвхөн иргэний хэлцэл, гэрээ хийсэн. Намайг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Баас автомашин авах гэрээ хийхэд Мөнхбатын дүү Шагай гэдэг залуу хамт явсан. Тэр залууг би сайн танихгүй. Надад машинтай болох зорилго байгаагүй. Машин авах хэмжээний мөнгө ч надад байгаагүй. Машиныг тэдгээр хүмүүс авч явсан. Машин авах мөнгийг Гантуяа гэдэг эмэгтэй гаргасан. Т.Нгийн өргөдөлд Дашдунгар овогтой Гантуяа одоо хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Тэр үед өөрийгөө Алтаншагай, Шагай гэж танилцуулж байсан. Тэрээр тухайн үед автобусны буудлаас автомашин авч явахад оролцсон /2хх 195/ гэжээ. Иймд дээрхээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, .... гэмт хэргийн улмаас учирсан хохирол ... хэр хэмжээ”-г тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл болон 3.7 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэгт хамтран оролцох”, “... гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог шалгах” зайлшгүй шаардлагатай байна. Шийтгэх тогтоолд “Хаан банк фидуцийн гэрээгээр зээлдэгч Б.Б, Б.Туяажаргал нарт уг машиныг эзэмших, ашиглах, холбогдох харилцаанд бүрэн хариуцан оролцох эрхийг олгосон байна. Т.Н машиныг хүлээлгэн өгөхөд машин хохирогчийн эзэмшил ашиглалтад байсан бөгөөд Т.Н эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авсан байна.” /шийтгэх тогтоолын 11х/ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэг талаас Хаан банкийг төлөөлж Б.Нарангэрэл, нөгөө талаас иргэн Д.Шүрэнцэцэг /1хх67/ хийсэн байх бөгөөд нэг хүн байх магадлалтай. Гэрээнээс харахад шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байна. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б, Т.Н нарын нотариатаар батлуулсан хэлцэл хэрэгт авагджээ. Гэрч Б.Туяажаргалын мэдүүлэгт нотариатч Б.Б, Т.Н нарын автомашины төлбөр барагдуулах, мөнгө хүлээлцсэн хэлцлийг гэрчилсэн. Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авахыг гэрчилсэн зүйл байхгүй. /1хх 87/ Тоёота ланд круйзер-200 маркийн 65-56 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хаан банкны нэр дээр бүртгэлтэй. Дээрх автомашиныг өмчлөгч Хаан банк нь автомашиныг Б.Бы нэр дээр шилжүүлээгүй. Энэ хэрэгт жинхэнэ өмчлөгч Хаан банк, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь энэ байгууллагын нэр дээр байхад /1хх 64/ энэ байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. Түүнчлэн хохирогчийг зөв тогтоогоогүйг анхаарах. Т.Нг 25.000.000 төгрөг өгөхөөр 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б автомашиныг өгч явуулсан гэдэг. Автомашин энэ өдрөөс хойш замын хөдөлгөөнд оролцсон эсэх, хаачсан болох, автомашиныг хэн, хааш нь авч явсныг зайлшгүй тодруулах шаардлагатай. Т.Н нь 2020 оноос хойш 5 жил гаруй хугацаанд хоригдож ял эдэлж байгаа бөгөөд 2008, 2015, 2019 онуудад төрсөн, бага насны 3 хүүхэдтэй. 3 хүүхэд нь асрах хүнгүй, туйлын хүнд амьдрал ахуйд амьдарч байна. Дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа бөгөөд эдгээрийг зайлшгүй шалгах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой. Иймд дээрх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Үлэмж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг олж тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, гэм хорыг арилгах байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг хэний өмчлөх эрхэд халдаад, хэний өмчлөх эрх хохирсон байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. Иргэний хуульд заасан фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэл Хаан банкны өмчлөлд шилжсэн байдаг. Гэтэл хохирогчоор Б.Б гэх хүнийг тогтоосон. Хохирол төлбөрийг барагдуулахад маргаан үүсэх магадлалтай тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Уг хэрэгт шүүгдэгч Т.Нг холбогдуулж 2024 онд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Эрх бүхий байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болоод нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэх боломжтой байтал тусгаарлаж шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хохирогчийг зөв тогтоох нь хохирлыг барагдуулах, иргэний журмаар нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэгт өөр хүмүүс хамтран оролцсон талаар ярьж байна. Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт хамтран оролцсон Сугарын Мөнхбат гэх хүнийг шууд заан мэдүүлсэн. Мөн тухайн үед хамт байсан Шагай гэх хүний нэрийг хэлдэг. Гэхдээ тухайн хүний утасны дугаар, овог зэргийг заан мэдүүлдэггүй. Уг үндэслэлээр дээрх хүнийг хэн болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Сугарын Мөнхбат гэх хүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг авсан. Уг хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “Т.Н гэх хүн өмнө үйлдсэн гэмт хэрэгтэйгээ холбоотой мэдүүлэг өгөхдөө мөн намайг хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж байсан. Тэгээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Гантуяа, Шагай, Мөнхбат гэх хүмүүсийг дурдсан. Хохирогч Б.Б мэдүүлэхдээ “2024 оны 6 дугаар сард Төмөр-Очирын Т.Н гэх хүнтэй бэлэн мөнгө хүлээлцсэн актыг үйлдэн, нотариатаар батлуулж өөрийн тээврийн хэрэгслийг БЗД-н нутаг дэвсгэрт хүлээлгэн өгсөн” гэдэг. Энэ нөхцөл байдал нь тогтоогдсон. Уг гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Т.Н хэн нэгэн этгээдтэй хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хаан банкны холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг авахаар албан бичиг хүргүүлсэн боловч Хаан банкнаас хариу албан бичиг ирүүлээгүй. Мөн хохирогч Б.Б нь өөрийн гэрээнд заасан үүргийн дагуу дээрх тээврийн хэрэгслийн төлбөрийг цаг тухай бүрд нь төлж барагдуулж байгаа. Иймд Хаан банканд ямар нэгэн хохирол хор уршиг учирсан гэж үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд эзэмшигч болон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар гээд заасан. Хэдийгээр Хаан банк өмчлөгчөөр тогтоогдож байгаа боловч эзэмших эрх нь хохирогч Б.Бд байсан. Иймд эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр Б.Быг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас өмнөх шийтгэх тогтоолын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байдаг. Уг гэмт хэргийн хувьд хохирогч Б.Б 2021 онд цагдаагийн байгууллагад хандан өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шүүгдэгч Т.Нгийн хувьд өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн шийтгэх тогтоол нь 2020 оны 10 дугаар сард гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд дээрх гэмт хэрэгт тусад нь ял оногдуулж, өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр хохирогч Б.Б уулзаж түүний эзэмшлийн Хаан банкны зээлийн барьцаанд байсан “Тоёота ланд крузер 200” маркийн 65-56 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилгаа 25.400.000 төгрөгийг өгч, улмаар үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, хохирогч Б.Бд нийт 159.942.173 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б, Т.Н нарын мөнгө хүлээлцсэн тухай нотариатаар батлуулсан хэлцэл /1хх 72-76/, Д.Шүрэнцэцэг гэх Хаан банкны 5378112506 тоот зээлийн дансны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /1хх 63/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн СБ1-21-276 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 110-112/,

хохирогч Б.Бы “....” /1хх 45-46/,

гэрч Б. “...н.” /хх 50/

гэрч Б.Ту “.... ...” /1хх 87/,

гэрч С.М “...н. ...” /1хх 51-52, 85, 89/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Нг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Шүүгдэгч Т.Н нь “...өмнөх шийтгэх тогтоолд нь энэ үйлдлийг багтаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нь “...шүүгдэгч Т.Нгийн хохирогч Б.Быг залилсан гэх гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарах. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой. Иймд дээрх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт Мөнхбат, Шагай, Гантуяа гэх хүмүүс хамааралтай машиныг тэд авч явсан гэх боловч эдгээр хүмүүсийг хохирогч танихгүй, машин зарах өгөх авах талаар огт ярилцаагүй, зөвхөн Т.Н Б.Б хоёр хоорондоо ярьж тохиролцон гэрээ хийж Т.Н машиныг гардан хүлээн авсныг шүүгдэгч хохирогч хэн аль нь мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мөнхбат гэгчийг олж тогтоон мэдүүлэг авахад дээрх үйлдлийн талаар мэдэхгүй, оролцоогүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгтэй тохирсон. Харин Шагай, Гантуяа гэх хүмүүсийн бүтэн нэр, хаяг болон бусад мэдээллийг шүүгдэгч мэдэхгүй гэж мэдээллийн эх сурвалжаа заахгүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөвд тооцох боломжгүй, шүүх хэн ямар оролцоотойг тогтоох ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу алдаатай бичсэн болон үг үсгийн дутуу бичсэн бичвэр зэрэг техникийн шинжтэй алдааг зөвтгөж шийдвэрлэсэнг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Т.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 2 дахь заалтын “... 2 хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж,

- 3 дахь заалтын “ ... 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ... “ гэснийг “... 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Нгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

 

                                 ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ