Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1206

 

 

                                     

 

 

 

 

 

 

                                   

                                    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч О.Багшбаяр,

          Хохирогч Б.Амарсанаа,

          Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД:1585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э холбогдох 1806 0150 40375 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дүгээр гудамжны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Х.Э /РД:

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Х.Э нь 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.Амарсанаатай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                        

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Амарсанаагийн өгсөн: “...Тухайн хэрэг гардаг өдөр Эрхэмбаяр таньдаг эмэгтэйтээгээ хамт орой 21 цагийн үед ирэхэд нь би 0.75 граммийн архи авч өгсөн. Эрхэмбаяр хамт ирсэн охинтойгоо маргаад байхаар нь би босоод хоноод явахгүй бол одоо яв гэхэд надтай маргасан. Би Эрхэмбаяр руу гар далайхад миний гуя руу хутга аваад хутгалсан. Эрхэмбаярын ээжтэй ханилаад нэлээн хэсэг хугацаа болсон, надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарсанаагийн өгсөн: “… Манай авгайгийн хүү найзтайгаа болон найз охинтойгоо ирэхээр нь 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад унтаж байтал Эрхэмбаяр найз охинтойгоо маргалдаад байхаар нь би миний хүү болио гэж хэлтэл ирээд зүүн гуянд 1 удаа хутгалсан. Гуянд хутгалсан, зүүн шуу жаахан гэмтсэн байсан. Гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх.7-8/,

          “… Надад одоо гомдол санал байхгүй, Нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдрийн маргаанаас болж надад гэмтэл учруулсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй…” гэх мэдүүлэг /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “… Надад 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27-1597 тоотод иргэн Б.Амарсанаатай маргалдан түүний гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байна. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ээж Одгэрэлийн гэрт очсон. Хойд эцэг Амарсанаатай хамт 0,75 литрийн “Хараа” гэдэг нэртэй архи уусан. Тэгээд унтаж амрах болсон. Тэгтэл хойд эцэг Амарсанаа ээж Одгэрэлтэй маргалдсан. Тэгэхээр нь би хойд эцэг Амарсанаатай маргалдсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад би ширээн дээр байсан жижиг хутгыг аваад гуян тус газар нь нэг удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх.43/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2550 дугаартай дүгнэлтэд:

          “1. Б.Амарсанаагийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.14-16/,

          Шүүгдэгч Х.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх.18/,

          Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.19/,

          Шүүгдэгч Х.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.20/,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх.44-45/,

          Хохирогч Б.Амарсанаагийн “хөнгөн шийтгэнэ үү” гэсэн хүсэлтүүд /хх.32,48/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан шүүгдэгч Х.Эын эцэг П.Хуягболдын тэтгэмжийн дэвтэрийн хуулбар зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Х.Э нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед иргэн Б.Амарсанаатай маргалдан улмаар түүний гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарсанаагийн өгсөн: “… Тэгээд архиа ууж дуусаад унтаж байтал Эрхэмбаяр найз охинтойгоо маргалдаад байхаар нь би миний хүү болио гэж хэлтэл ирээд зүүн гуянд 1 удаа хутгалсан. Гуянд хутгалсан, зүүн шуу жаахан гэмтсэн байсан. Гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх.7-9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “… Тэгтэл хойд эцэг Амарсанаа ээж Одгэрэлтэй маргалдсан. Тэгэхээр нь би хойд эцэг Амарсанаатай маргалдсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад би ширээн дээр байсан жижиг хутгыг аваад гуян тус газар нь нэг удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх.43/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2550 дугаартай дүгнэлт /хх.14-16/,

          Шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Х.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Хохирогч Б.Амарсанаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Х.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Х.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Х.Э эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Х.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан болох нь тухайн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх.44-45/ шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.20/ зэргээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Х.Э Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хугацаагаар хорих ялд тооцон 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Х.Эын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон  62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Х.Эын эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжинд байдаг төрсөн эцэг П.Хуягболдод хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж байна.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Х.Э Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Х.Э оногдуулсан 2 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Эын урьд нь цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, Х.Эын төрсөн эцэг П.Хуягболдод хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР