Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/958

 

2025             08            13                                                                               2025/ДШМ/958

 

О.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг,

шүүгдэгч О.Д- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Д-ид холбогдох 2206 00000 3219 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн О-гийн Д-, ..................., /РД:................/;

О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 64 дүгээр гудамжны *** тоот гэртээ эхнэр З.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний хоолойг уяагаар боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-д овогт О-гийн Д-ийг “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар О.Д-ид 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Д-ид шүүхээс оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт О.Д-ийн цагдан хоригдсон 150 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар О.Д-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63.000.000 төгрөг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8.969.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгож, шүүгдэгч О.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч О.Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж дүгнээд ял оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь бүх насаар хорьж болзошгүй гэмт хэрэгт өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож болохгүйгээс гадна дээрх мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэгт авагдсан баримт байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд нийцээгүй байхад дахин шинжээч томилохгүйгээр уг дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр нас баралтын шалтгаан нь боолт эсхүл дүүжлэлт эсэх нь эргэлзээтэй байхад дахин шинжээч томилох, туршилт хийх гэсэн мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “Нүүрэн дэх цэгчилсэн цус харвалт зөвхөн боолтын үед үүсдэг” гэсэн мэдүүлгийг нягталж шалгах ёстой байсан. Цогцост хийсэн үзлэгээр ийм цус харвалт нүүрэнд илрээгүй байна. Мөн “Дүүжлэлтийн үед дүүжлэлтийн ором ташуу байдаг. Талийгаачийн хувьд, араас нь оруулж ирээд ардаа битүү орж ирэнгүүтээ урдаа зөрөлдөөд арагшаагаа нэг талын үзүүр дээшээ, нөгөө талын нь уяаны дагуу татагдсан. ...уяаны зүүн талын үзүүр дээшээ чих рүү чиглэсэн” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэгтээ шинжээч талийгаачийн хүзүүнд ташуу ором гарсан болох талаар өөрөө мэдүүлсэн атлаа боолт гэж үзэж байгаа нь эргэлзээг үүсгэж байгаа. Бодит байдал дээр эхний ороолт нь маханд шигдээд, дараагийн ороолт нь дүүжлэлтийг нь зааж байгаа буюу ташуу чиглэлтэй байгаа. Иймээс амь хохирогч З.А- боолтын улмаас нас барсан уу, дүүжлэлтийн улмаас нас барсан уу гэсэн эргэлзээ бодитой үүсгэж байна. Мөн шинжээч эмч С.Эрдэнэцэцэг “...амь хохирогчийн хүзүү хэсэгт үүссэн боолтын ормыг тогтоох боломжгүй. Аль ч байрлалаас үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг дахин гаргуулах боломжтой....” гэж мэдүүлж байжээ. Ийм байхад, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2022.11.04-ний өдрийн 2695 шинжээчийн дүгнэлтэд “...боолт, бүтэлт, дүүжлэлтийн алинаар үүссэн болох” талаар асуулт мөрдөгч, прокурор огт тавиагүй атлаа нэмэлт шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Талийгаач З.А-ын хумснаас авсан эдэд хийсэн шинжилгээгээр эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн талаар шинжээч М.Чингүүн мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр О.Д-ийн ДНХ-ээс өөр эрэгтэйн ДНХ илэрсэн байхад энэ эрэгтэй хэн болохыг тогтоогоогүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан энгэрийн камерын бичлэгт О.Д-ийн эхнэрээ архи уусан эсэхийг мэдэхгүй байгаа байдалтай хариулт өгч байгаа нь, мөн “би алгадчихсан юм болов уу” гэж 2 удаа хэлж байгаа нь бичигдсэн байгаа ба энэ бичлэг нь О.Д- юу болоод өнгөрсөн болохыг гарцаагүй мэдэхгүй байгааг бүрэн нотолж байгаа төдийгүй, тус энгэрийн камерын бичлэг нь О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “юу болсон байдлыг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг үнэлэх эх сурвалж болж байгаа. Шүүх “...О.Д-, З.А- нар хоёулхнаа байсан, хүн орж ирээгүй...” гэсэн О.Д-ийн мэдүүлгийг үнэлсэн атлаа О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “шөнө юу болсон, яагаад З.А-ын нас барсан болохыг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр О.Д-ийг буруутгах нотлох баримт хэрэгт байхгүй. О.Д-ийн хувийн байдлын талаар тэдний хүүхэд болох Д.М- “...Манай аав хүний үгээр байдаг, дуу цөөнтэй, даруу төлөв зантай, ээжид загнуулаад л байж байдаг, хүний өөдөөс сөргөлдөж хэрэлдэж муудаад байдаггүй, ...хүнд худлаа хэлж чаддаггүй...” гэж О.Д- ямар аав болох, гэр бүлийн орчиндоо ямар байдаг талаар илэрхийлсэн байхад хүчирхийллийн ямар ч нотлох баримтгүйгээр “...тухайн өдөр З.А-, О.Д- нар маргалдсан, уг маргааны улмаас алсан...” мэтээр таамаглан дүгнэж, нотлох баримтгүйгээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжээр буруутгаж байна. Аав чинь дахиад л согтуу ирлээ гэсэн талийгаач өөрөө архи уусан байсан ба гэр бүлийн эр, эм хоёрын хооронд тухайн цаг хугацаанд маргаан үүссэн эсэхийг тогтоогоогүй, тогтоогдоогүй байхад ахуйн хүрээний маргаан болсон гэж таамаглаж, нотлох баримтгүйгээр О.Д- гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж болохгүй. З.А-ын нөхрөө ажлаа тараад ирж байгааг нь хэлээд утсаа тасалсныг нь, охиных нь хэлсэн “аав чинь дахиад л согтуу ирлээ” гэж З.А-ын хэлсэн үгийг түүний үхэлтэй нотлох баримтгүйгээр шүүх холбосон нь ойлгомжгүй болсон. Харин ч ажлаа тараад олсон мөнгөөрөө идэж уух зүйлээ аваад орж ирж байгаа О.Д-той хэрүүл маргаан хэн үүсгэж болох вэ? мөн юугаар, ямар нотлох баримтыг шүүх үнэлээд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ гэж үзэж байгаа талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэй нөхцөл байдал байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж байх тул эрүүгийн хэрэгт дээрх үндэслэл бүхий нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Ямар ч байсан О.Д- энэ гэмт хэрэгт хамааралтай. О.Д-ийг архи уудаггүй, дуугай байдаг талаар би ээжийн хувьд бүгдийг мэддэг бөгөөд архины хамааралтай, архи уугаад орж ирээд зүгээр байдаггүй, янхан, гичий гэж хөөж туудаг байсан. Ээжид хэлнэ шүү гэхэд нь танай муу янхан ээж чинь яадаг юм гэж намайг загнаж байсан удаатай. Энэ хэрэгт өөрийгөө хамааралгүй гэдэг. Гэтэл амь хохирогч болон шүүгдэгч хоёроос өөр хүмүүс тухайн өдөр байгаагүй бөгөөд гэрт нь хүн орж ирдэггүй, холбоотой байсан ганц хүн нь би. Энэ талаар О.Д-оос асуусан ч болно. Шүүгдэгч О.Д- нь ажил хийдэг, цагийн ажил хийж 30, 40 мянган төгрөгийг өдрийн од шиг авч ирдэг. О.Д-ийг орж ирэхэд гэрт нь хоол, түлээ нүүрсгүй тул эмэгтэй хүн уурласан бөгөөд өөрөө өвчтэй хэвтэж байсан. Хэрэв амь хохирогч өөрөө боогоод үхсэн бол яагаад газар буулгасан бэ. Би О.Д-ийг нэг ч удаа ад үзэж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдаанд мөн адил шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж маргасан. Гэвч энэ хэрэг гараад 3 жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн хугацаанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах боломж байсан. Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Учир нь, амь хохирогчтой 20 гаруй жил хамт амьдарсан бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд 17 насанд хүрсэн. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн анхны мэдүүлэгт “тоглоод боосон юм” гэсэн. Гэтэл хүнийг тоглож бооно гэсэн зүйл байхгүй. Гэтэл дараа нь хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөлөгч нар нь тухайн үед согтуу байсан учраас хэлсэн, ярьснаа мэдэхгүй гэж маргасан. Анхан шатны шүүхэд шинжээч эмчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. Хэрэгт хураагдсан эд зүйлийн биет байдлаар нь ийм байдлаар боомилсон, энэ нь гадны нөлөөтэй гэдгийг шинжээч эмч дүгнэлтээ хамгаалж тайлбарласан. Мөн хохирогчид Иргэний хуульд заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс зөв дүгнэж гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан гомдлууд байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна, өмгөөлөгч оролцуулаагүй мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байсан. Үүнийг нотлох баримтаас хасаж шийдвэрлэх эсэх шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэдэг байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж удаа дараалан гомдол гаргасан тул нэмэлт мөрдөн байцаалтад 2 удаа буцаасан. Шүүхээс буцааснаас хойших хугацаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлтэй холбоотойгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах эсэх талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Мөн шүүх хуралдаанд шинжээч эмч нар оролцсон бөгөөд амь хохирогчийг хэрхэн яаж боомлосон талаар дүгнэлттэйгээ холбогдуулан тайлбарласан. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч О.Д-ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 64 дүгээр гудамжны *** тоот гэртээ эхнэр З.А-ын хоолойг уяагаар боож алсан болох нь:

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ******** дугаараас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 42 минутад “Манай эхнэр нас барсан юм шиг байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, дуудлаганд 08 цаг 14 минут очсон, шийдвэрлэлтийн мэдээлэл хэсэгт “Д- гэгчийг Ц-120 эрүүлжүүлэв” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /1хх 8/,

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-15/,

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-19/,

2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр О.Д-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 110-118/,

2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “... гэрийн зүүн унинд өлгөөстэй байсан улаан өнгийн 4 м 80 см урттай чагтага, цагаан өнгийн уяа 3 ширхэг, 0.75 граммын Хамаг монгол нэртэй архины шил зэргийг хураан авав” гэсэн тэмдэглэл /1хх 20-25/,

2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Б.Отгонгэрэл хэргийн газар хийсэн нөхөн үзлэгээр №3, 4, 5, 6 Хамаг Монгол 0.75 л архины шилнээс, №1,2 Шаазан аяганаас нийт 6 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан баримт /3хх 8/,

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Э.Цогтбаяр яллагдагч О.Д-ийн баруун, зүүн гарын 10 хурууны дардасыг бэхжүүлэн авсан баримт /3хх 9/,

2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатар амь хохирогч З.А-ын баруун, зүүн гарын 10 хурууны дардасыг бэхжүүлэн авсан баримт /3хх 10/,

Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “... Д- нь гэрийн хаягаа эргүүлийн офицеруудад зааж өгч байх ба энэ хугацаанд эргүүлийн офицер энхэр чинь архи уусан юм уу гэж асуухад “мэдэхгүй ээ уусан байхаа” гэж хариулж байв. ... эргүүлийн офицер хэдэн настай эмэгтэй юм, эхнэр чинь архи уусан юм уу гэж асуухад Д- нь “уусан, уугаагүй л байх мэдэхгүй ээ” гэж хариулж байв. ... гэр дотор орж гэрийн дотор хэсэг харагдаж байх ба гэрийн дунд хэсэгт толгой нь гэрийн хойд зүг рүү чиглэсэн, дээгүүр нь хөнжлөөр хучсан байдалтай эмэгтэй хүний цогцос байв. Бичлэгийн 03:39 минутад Д- нь “би алгадчихсан юм болов уу” гэж 2 удаа хэлж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 04:10 минутад гадаа гарч ирээд эргүүлийн офицер Д-оос дахин эхнэр чинь архи уусан уу гэж асуухад үгүй гэж хэлээд дараа нь “уусан байх аа” гэж хэлж байгаа нь бичигдсэн байв” гэсэн тэмдэглэл /1хх 172-177/,

Шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатарын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/194 дугаартай “О.Д-ийн гарын хээний дардас нь Папилон санд 2022-120-БЗДЗ гэж дугаараар бүртгэсэн гарын мөртэй тохирч байна” /2хх 51-56/,

Шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатарын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/668 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн З.А-ын гарын хээний дардас нь санд 2 удаа З- овогтой А- гэсэн нэрээр бүртгэгдсэн байна” /1хх 78-84/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч А.Азжаргалын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2217 дугаартай “Үзлэг ба шинжилгээ хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч З.А-, яллагдагч О.Д- нарын гарын хээний дардсыг шинжилгээнд тэнцэх эсэхийг тогтоох зорилгоор 2х өсгөгч ашиглан ажиглалтын аргаар шинжилж үзэхэд гарын мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүд хангалттай тод дүрслэгдсэн байх тул шинжилгээнд тэнцэнэ. ... Дүгнэлт хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөр /№1, 2, 4, 5/ шинжилгээнд тэнцэнэ, 2 ширхэг гарын мөр /№3, 6/ шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 /№2/, 3 /№4/ дугаартай 2 ширхэг гарын мөр санд яллагдагч О.Д-ийн баруун гарын долоовор, зүүн гарын ядам хурууны дардастай тохирсон. Шинжилгээнд тэнцсэн 1 /№1/, 4 /№5/дугаартай 2 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй гарын хээний дардастай тохирохгүй” /3хх 2-10/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2695 дугаартай: “Талийгаач З.А-ын хүзүүнд битүү, хөндлөн дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн уяа гогцоогоор хүзүү хоолой дарагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. 2022.10.15-ны 00 цаг 55 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 24-26 цаг орчим болжээ. Талийгаачийн ходоодонд дүүрэн хагас боловсорсон хоолны агууламжтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний хунигч булчинд гэмтэл тогтоогдоогүй” /1хх 50-61/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаартай “Хүзүүнд дунд хэсгээр бүтэн хөндлөн байрлалтай 1 ороосон, төвөнхийн мөгөөрснөөс эрүүний зүүн доод буланд хүрч төгссөн, хатуу даргар улаан хүрэн өнгийн дарагдлын оромтой. Уг ором баруун чихнээс 6 см зайд 1.7 см өргөнтэй, зүүн чихнээс 6.5 см зайд 1.2 см өргөнтэй, эрүүний төвгөрөөс 5.5 см зайд 2.2 см өргөнтэй. Арьсны түвшнээс хонхойж орсон байв. Эд мөрийн баримтаар ирсэн улаан өнгийн 1 ширхэг уяа нь 4 м, 74 см урттай, 1.5 см өргөнтэй байв. Дүгнэлт хэсэг: Шинжилгээнд ирүүлсэн уяагаар талийгаачийн хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл үүсэх боломжтой” /3хх 33-36/ гэсэн дүгнэлтүүд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн: “...Би талийгаач З.А-ын төрсөн эх байгаа юм. Нөхөр Д-, охин М- нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг. Т.Х- хүү, Д.М- охин гээд 2 хүүхэдтэй. Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед утсаар ярихад намайг юу хийж байна гэхээр би хотод дөнгөж ирлээ гэсэн чинь аан за би хэд хоног бөөр өвдөөд гэртээ хэвтээд өнөөдөр гайгүй боллоо маргаашнаас охин нь ажилдаа явна гэж ярьсан. Талийгаач нь хөл, гар нь жаахан өвддөг, бөөр нь өвддөг байсан, өөр өвддөг зүйл байгаагүй. Манай охин З.А- архи уудаг хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 10 жил болж байна” /1хх 32/,

шинжээч С.Эрдэнэцэцэгийн: “...Уг хүзүүн дэх дарагдлын ормын шинж байдал, 2 нүдний салстын цэгчилсэн цус харвалт, мөн таглаа мөгөөрс, хэлний угийн цэгчилсэн цус харвалт зэргээс үзэхэд энэ нь боолтын үед үүсэх боломжтой, уг боолтыг өөрөө өөртөө үүсэх боломжгүй. Харин дүүжлэлтийн үед 2 нүдний салтсын цэгчилсэн цус харвалт үүсэх боловч таглаа мөгөөрс, хэлний угийн цэгчилсэн цус харвалт гэмтэл үүсэхгүй. Ийм учраас уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй, дүүжлэлтээс ондоо гэж дүгнэж байгаа юм. Хүнд зэргийн согтолт нь хүн бүрийн бие физиологийн асуудлаас шалтгаалан өөр өөрөөр илэрдэг. Спирт буюу согтолтой байх үе нь харилцан адилгүй байна. Шүүх анагаах ухаанд шинж байдал, цаг хугацаа, гэмтлийн зэргийг тогтоодог. Харин эсэргүүцсэн тэмцсэн ул мөр, гэмтэл гэж салган тогтоох боломжгүй” /2хх 23-24/,

гэрч Н.П-гийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 64 дүгээр гудамж *** тоотод З.А- гадны нөлөөтэй нас барсан гэх хэргийн газрын үзлэгийг хийсэн. Үзлэгээр гарын мөр 6 ширхэг бэхжүүлэн авсан, бэхжүүлэн авсан объект бол гэрт байсан Хамаг монгол нэртэй 0.75 граммын архины шил, шаазан аяганаас бэхжүүлж авсан” гэх мэдүүлэг /2хх 181-182/,

гэрч Н.Н-ийн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 01 минутад ******** дугаарын утаснаас Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 61-****-10 тоотод хүн нас барсан гэх дуудлага ирүүлснийг 08 цаг 21 минутад хуваарийн дагуу хүлээн авч дуудлага өгсөн дугаар руу залгаад хаягийн заалгаж очсон. Тухайн дуудлага өгсөн хүн нь цагдаагийн албан хаагч байсан. Тухайн газарт очиход амь хохирогчийн нөхөр гэх 1 эрэгтэй хүн хашаан дотор гэрийнхээ үүдэнд суучихсан уйлаад байж байсан. Би болсон асуудлын талаар хэн нэгэнтэй ярилцаагүй, нөхөр нь гэх эрэгтэй уйлаад, асуултанд хариулах боломжгүй, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Амь хохирогч гэх эмэгтэй нь гэрийн гол хэсэг зуухны хажууд газарт гудсан дээр толгой гэрийн зүүн хэсэг рүү чиглэсэн, биеийн хэсгийг дарж доош харсан байдалтай, дээгүүр нь хөнжлөөр бүтээсэн байсан. Хөнжлийг сөхөж чагнуураар зүрх судасны үзлэг хийхэд зүрх зогссон, хүүхэн хараа нь рефлексгүй, гэрлийн урвалгүй, хариу үйлдэлгүй, тархи үхжсэн, бүх мөчдөд хөрөлт үүссэн, мөчдөөр хүүрэн толбо тодоор үүсэж хөрсөн, нас бараад удсан байдалтай цогцос байсан. Би амь хохирогчийг тухайн байрнаас ерөөсөө хөдөлгөөгүй, биеийн ил харагдаж байгаа хэсгүүд болох нүүр, 2 гар, нуруу хэсэгт ил харагдаж байгаа гэмтэл шархгүй байсан” /1хх 34-35/,

гэрч П.Л-ын: “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 42 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ******** дугаараас манай эхнэр нас барсан юм шиг байна гэсэн дуудпага өгсөн гэх Д-той уулзаж гэрийн хаягийг заалгаж гэр рүү нь явсан. Гэр рүү явж байх хугацаанд Д-оос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба юу болсон талаар асуухад эхнэр бид 2 өчигдөр унтаад, өглөө сэрсэн чинь эхнэр нас барчихсан юм шиг байна, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр чинь архи уусан уу гэж асуухад уусан гэж хариулсан. Тухайн хүн уймарсан, манарсан байдалтай яриа өгүүлэлтэй байсан. Тэгээд хэргийн газар очиход хашаан дотор 1 ширхэг монгол гэр байсан, тухайн гэр рүү ороход гэрийн зүүн багана харалдаа толгой хэсэг нь зүүн хойд зүгт чиглэсэн, дээгүүрээ хөнжил нөмөрсөн, 45-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байсан. Би хэргийн газарт очингуутаа 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгч байх хугацаандаа Д- нь би алгадчихсан юм биш үү гэх зэрэг учир битүүлэг зүйл ярьсан ба танай гэрт та хоёроос гадна хүн ирж архи уусан уу гэж асуухад ямар ч хүн ирээгүй гэж хариулсан. Тэгээд би гэрээс Д-ийг авч гараад хэргийн газрыг хамгаалалтад аваад, удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж, хэргийн газрыг хүлээлгэн өгсөн. ...” /1хх 37-38/,

насанд хүрээгүй гэрч Д.М-гийн: “...Манай аав, ээж 2 заримдаа архи уучихдаг байсан учраас би эмээ, өвөө хоёрт хань болох гээд очдог. Ер нь ихэвчлэн ойролцоогоор 7 хоногт 4-5 удаа архи уучихдаг байсан. Архи уусан үедээ манай ээж аягүй үглээ болчихдог, аав харин амандаа үглэж байгаад л унтаад өгдөг. Хааяа хоорондоо хэрэлдэнэ, гэхдээ учиргүй зодолдох асуудал болж байгаагүй, хэрэлдэхийн хувьд хэрэлддэг байсан. Манайхаар байнга орж гардаг хүн бол байхгүй. ... 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 23 цаг 30 минут өнгөрч байхад ээж над руу залгасан. Тухайн үед би гар утсаараа тоглож байсан учраас гар утсаа аваагүй. Тэгтэл эмээ над руу залгаад ээж чинь чамайг утсаа авахгүй байна гээд байна, утсаа аваад ярьчихаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй ээж дахин залгахаар нь би утсаа автал “миний охин юу хийж байна, хичээл нь сайн уу, аав нь өнөөдөр бас л согтуу ирлээ, нэг их юм хийгээгүй юм шиг байна, бас л согтуу л ирлээ” гээд ойр зуурын юм ярьж байгаад яг салгахын үед ээж нь охиндоо хайртай шүү, охиноо санаад байна, амралтаараа нэг ирээрэй, миний охин ухаантай байгаарай, хүний дор битгий ороорой гэх зэрэг зүйл ярьсан” /1хх 46-48, 2хх 17-18/,

яллагдагчаар О.Д-ийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Гэртээ харих замдаа дэлгүүр ороод 2 хайрцаг тамхи, 1 ширхэг 0,75 литрийн Монгол нэртэй архи, хоол ундны зүйл авч очсон. Намайг гэр рүү ороход манай эхнэр А- гэрийн баруун талын орон дээр ганцаараа унтаж байсан. Намайг орж ирэхэд эхнэр сэрэхээр нь би ажилдаа яваагүй юм уу гэж асуутал харин өнөөдөр явж чадсангүй гэж хэлсэн. Сүүлийн 10 орчим хоног манай эхнэр А-ын бие өвдөөд ажилдаа явж чадаагүй байсан. Тэгээд гал түлээд хоол хийсэн ба хоол хийж байх үедээ дэлгүүрээс авч ирсэн архиа хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед хоолоо хийж идчихээд би гэрийн хойд хэсэгт газарт хэвтсэн ба манай эхнэр А- миний урд талд хажуугаар орж хэвтсэн. Тэгээд 22 цагийн үед би зурагт харж байгаад унтаад өгсөн, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, ... Тэгээд маргааш 7 цагийн үед сэрээд эхнэр А-ыг сэрээх гэснээ болиод, ямар ч байсан эхний ээлжинд галаа түлээд хоолоо халаачихъя гэж бодоод босоод иртэл манай тоононы чагтаганы уяа газарт уначихсан байхаар нь би аваад дээшээ унинд өлгөсөн. Тэгээд би галаа түлэх гээд зуухны хажууд очтол зуух бүлээхэн байхаар нь би А-аас галаа түлэх үү, хоолоо халаах уу гэж асуух гээд мөрнөөс нь таттал бие нь хүв хүйтэн байсан. Тэгэхээр нь би хөнжил нөмрүүлээд жоохон сууж байснаа яагаад сэрэхгүй байгаа юм бол гэж бодоод дахин мөрнөөс нь таттал бие нь хөшчихсөн байсан ... ер нь эвгүйтчихэж гэж бодоод ширээн дээр байсан Монгол нэртэй архинаас 2 удаа уучихаад буцаад зам руу гарч цагдааг тосч аваад гэртээ ирсэн. Бид 2 архи ууж байхдаа хоорондоо ерөөсөө хэрэлдэж муудалцаагүй. Бид хоёрыг архи ууж байх үед болон унтаж байх үед гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй, манайхаар ер нь хүн орж ирээд байдаггүй юм. Би анх гэртээ ирэхдээ хашааныхаа хаалгыг дотор талын гогцоотой түгжээгээр нь түгжсэн, өглөө нь цагдаа тосох гээд гарах үед уг түгжээ нь түгжээтэй л байсан. Би А-тай өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би өмнөх баталгаагаа салгаагүй учраас А-тай гэрлэлтээ батлуулаагүй. 2001 онд А-тай танилцаад түүнээс хойш Багануур дүүрэгт амьдарч байгаад, 2006 оноос хойш Улаанбаатар хотод ирж амьдарсан. Би талийгаачтай урьд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан гол шалтгаан нь ажил хийгээд олж байгаа мөнгө амьдралд хүрэхгүй байгаа учраас мөн би машин засаад мөнгө авч чадалгүй хулхидуулсан үед уурлаж загнаад байдаг. ...” /1хх 167-169, 171/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Д-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 64 дүгээр гудамжны *** тоот гэртээ эхнэр З.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний хоолойг уяагаар боож алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох шүүгдэгч болон амь хохирогч нар нь өөр хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай байсан нь тэдний эх, хүүхдийнх нь мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдоогүй байтал прокуророос шүүгдэгч О.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай билээ.

Хувийн таарамжгүй байдлаас шалтгаантай гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх учиргүй бөгөөд энэ нь хууль хэрэглээний алдаатай шийдэл юм.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч О.Д-ийн үйлдэлд дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж талийгаачийн хоолойг уяагаар боож алсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр 2 гэртээ архи хувааж уусан нөхцөлд гэр бүлийн хүрээн дэх ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь эхнэрээ алсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл ...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Д-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 64 дүгээр гудамжны *** тоот гэртээ эхнэр З.А-ын хоолойг уяагаар боож алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Энэ бүх байдлыг харгалзаад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч О.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нар “...шүүгдэгч О.Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй, мөн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах,  ... “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр О.Д-ийг буруутгах нотлох баримт хэрэгт байхгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад О.Д-ийг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцож, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, энэ зүйл хэсэгт бүх насаар хорих ял шийтгэхээр заагаагүй учраас сэжигтнээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн зөрчил тогтоогдохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон энгэрийн камерын бичлэг, монгол гэрийн чагтаганы уяа, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжилгээний дүгнэлт, дүгнэлттэй холбоотойгоор өгсөн шинжээчийн мэдүүлэг тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23 цаг 30 минутад амь хохирогчтой утсаар ярьсан гэх гэрч Д.М-гийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг 55 минутаас 02 цаг 55 минутад нас барсан байх боломжтой гэх шинжээчийн үзлэгийн тэмдэглэл зэрэгтэй тохирсон байх тул сэжигтээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дахин шинжилгээ хийлгэх талаар гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч С.Номиндалайн“... гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй ...”талаар гаргасан гомдлыг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Д- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 105 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокуророос О.Д-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Б-д овогт О-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Б-д овогт О-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хэсэгт зааснаар О.Д-ид 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг ”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-ид 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад”...оногдуулсан 14 жилийн ...” гэснийг ”... оногдуулсан 11 жилийн...” гэж тус тус  өөрчилсүгэй. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалайн “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй ...” талаар гаргасан гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг мөн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д- нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 105 /нэг зуун тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

             ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ