Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 318/ШШ2025/01101

 

                                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

  Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн,

   Хариуцагч: Ж.Б,

   Хариуцагч: Э.Б нарт холбогдох,

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б, Э.Б нар нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/1502100877 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 2,9% хүүтэй 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэж авсан. Уг зээл нь цахим зээл тул Нірау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 20 удаа буюу 8,571,159 төгрөгийн зээл авч, зээл болон хүүгийн төлбөрт 19 удаагийн төлөлтөөр 7,733,897.06 төгрөгийн төлөлт хийсэн/зээлийн дансны хуулга хавсаргав. 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Ж.Б, Э.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,999,396.09 төгрөг, хүүгийн төлбөр 222,419 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,684.94 төгрөг, нотариатын хураамж 13,500 төгрөг, нийт 2,240,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж С ББСБ ХК-ийг хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Ж.Б, Э.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 2,240,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.  

  Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Б, Э.Б нарын гаргасан хариу тайлбартай танилцлаа. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч С ББСБ ХК нь хариуцагч Ж.Б, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,240,000 төгрөгийг хариуцагч Ж.Б, Э.Б нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан “С ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 2,240,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П хүлээн зөвшөөрсөн байна.

  Иймд хариуцагч Ж.Б, Э.Б нар нь нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

  Хариуцагч Ж.Б, Э.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,790 төгрөгийн тал хувь болох 25,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,395 төгрөг, хариуцагч Ж.Б, Э.Б нараас 25,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,240,000 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Ж.Б, Э.Б нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,395 төгрөг, хариуцагч Ж.Б, Э.Б нараас 25,395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгож, 25,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

 

                                                          ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ