| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2408030120259 |
| Дугаар | 2025/ДШМ/724 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/724
2025 06 10 2025/ДШМ/724
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Э.М /цахимаар/,
шүүгдэгч Д.Д /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхандүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Отгонбаярын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д, Э.М нарт холбогдох 2408030120259 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
- Баянгол дүүргийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуупийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
- Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тус ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уг ялыг эдэлж дууссан.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь заалтуудад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Шүүгдэгч Э.М, Д.Д нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс 351.95 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “Хонин арц” /Juniperus sabina/-ыг түүж, Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ____УНМ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 177,558,775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Д, Э.М нарыг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Э.М нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Э.М нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний биечлэн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Д, Э.М нараас тус тус 88,779,387 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д, Э.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Хариер” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 40,656,755 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 5,145,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч өмчлөгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй нийт 351.95 кг “Хонин арц”-ыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод төвлөрүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 3 ширхэг хадуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгоход 5,145,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан хавтаст хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах байтал, шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэг болон ТОГТООХ хэсгийн 7 дахь заалтуудад 40,656,755 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийн үнийг хоёр шүүгдэгчээс хувь тэнцүүлж тус бүр 5,145,000 төгрөг гаргуулахаар заасан нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий боловч шүүгдэгч нарын улсын төсөвт төлбөл зохих төлбөрийн хэмжээг нотлох баримтаас илтэд зөрүүтэй байдлаар тогтоож, шийдвэрт бичсэн нь үндэслэлгүй байна.
Тус шийтгэх тогтоолын холбогдох хэсэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сард ходоодны хорт хавдраар оношлогдоод хагалгаанд орж ходоод, дэлүүгээ бүрэн авахуулсан. Хагалгаанд орсон цагаас хойш химийн эмчилгээнд орж байнгын эмчийн хяналтанд байдаг. Иймд миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдолдоо: “...Д.Д нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд ходоодны хорт хавдар оноштойгоор ходоодоо авахуулсан боловч 10 хоногийн дараа дахин цус алдаж, түүний дэлүү рүү хавдар нь үсэрхийлсэн тул бүхэлдээ эмчлэгдэх боломжгүй болж дэлүүгээ мөн авахуулсан. Улмаар дахин бусад эрхтэн рүү нь үсэрхийлүүлэхгүй байхын тулд химийн эмчилгээнд сард 1 удаа 7 хоногоор ордог. Одоогийн байдлаар 4 удаагийн курс химийн эмчилгээ хийлгэсэн. Нийт 12 курс эмчилгээ хийлгэх ёстой бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр химийн эмчилгээнд 1 дүгээр эмнэлэгт хэвтэх байсан боловч шүүх хуралтай гээд хойшлуулсан. Тэрээр цагаан эсийн эмийг өдөрт 1 удаадаа 2 ширхэгээр уудаг, даралт нь 260 хүрдэг. Одоогийн байдлаар хорих ангийн эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа ч гэсэн зөвхөн 1 удаа л тариа хийдэг бөгөөд хавдартай хүний эмчилгээ тасалдаж эрүүл мэндэд нь аюул учирч байна. Мөн сахарын хэмжээ нь 6.5-аас дээш байдаг бөгөөд бүхэл хоол болон шингэн хоол идэхэд түгжрэлд орох гээд байдаг тул түргэн тусламж 7 хоногт 3-аас 4 удаа дуудаж эмнэлэгт шилжүүлдэг. Түүнчлэн Д.Д үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хараад ажил эрхлэх боломжгүй эхнэр нь нөхрийнхөө эрүүл мэндэд маш их санаа зовож байна. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нар гэм буруу дээр анхнаасаа маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар оргон зайлсан нөхцөл байдал байдаг. Энэ нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлдэг боловч ямар нэгэн байдлаар нөхөн төлөх талаар тодорхой арга хэмжээ аваагүй. Хохирлыг одоо хүртэл төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзаад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.М, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.М, Д.Д нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс 351.95 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “Хонин арц” /Juniperus sabina/-ыг түүж, Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ____УНМ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 177,558,775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бын “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан хохирлын мөнгөн дүнг Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” /2хх 40-42/,
гэрч Л.Бы “...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цагдаа зохицуулагч, ахлагч Л.Сын хамтаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постон дээр 24 цагийн хугацаанд орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн ачаа тээшинд хууль бус эд зүйл тээвэрлэн яваа эсэхэд хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Орой 22 цагийн үед Эмээлтийн постоос ертөнцийн зүгээр баруун зүгт 300 гаруй метрийн зайд байх Төмөр замын нүхэн гарцан дээрээс ахлагч Л.С нь ____УНМ улсын дугаартай “Тоуоtа Нагrег” маркийн тээврийн хэрэгслийг саатуулан авч ирсэн. Тус тээврийн хэрэгслийг Д.Д гэх хүн жолоодчихсон Э.М гэх хүн хамт зорчиж явж байсан. Тээврийн хэрэгслийн хойд суудлыг унагааж 14 ногоон шуудайтай арц аччихсан байхаар нь хаанаас ямар учиртай арц тээвэрлэн яваа талаар тодруулан асуухад Ө аймгийн Хужирт сумаас ямаан арц зарах гэж авч яваа талаар ярьж байсан. Арц тээвэрлэх холбогдох эрхийн бичиг байхгүй болохоор нь бид хоёр төв рүүгээ дуудлага өгсөн. Ерөнхий эргүүл ирэх хооронд тухайн 2 хүн “Шээчихээд ирье” гэж хэлээд машинаа хаяад зугтаачихсан. Цагийн дараа Мөнгөншагай нь буцаж ирсэн. Хамт яваа хүн нь буцаж ирээгүй. Хаашаа яах гэж зугтааж байгаа талаар асуухад “Айгаад зугтаачихсан” гэж хэлсэн. ...” /2хх 45-47/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-12/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2553 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 20-24/, тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 6-7, 8-13/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 21-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 24-28, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх 110-117/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д, Э.М нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Д, Э.М нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “Хонин арц” /Juniperus sabina/-ыг түүж, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Д, Э.М нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд “...эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолдоо ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэхийг гол үндэслэлээ болгон тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д, Э.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Э.М нарт тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон төдийгүй шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд, дээрх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдог заалтуудыг баримтлан шүүгдэгч Д.Д, Э.М нараас тус тус 88,779,387 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байх ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, багаж хэрэгсэл, машин механизмыг хураан авах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ нь заавал хэрэглэх хэм хэмжээ юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д, Э.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ____УНМ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийн үнийг хурааж улсын орлого болгохдоо тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон үнийг шүүгдэгч нараас хувааж гаргуулахаар байхад тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтад зохих өөрчлөлт оруулан зөвтгөн залруулж байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан “оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурор П.Отгонбаярын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийн “тээврийн хэрэгслийн үнийг хуваан гаргуулах тухай” өөрчлөлт оруулах хэсгийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхандүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1182 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Д, Э.М нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д, Э.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Хариер” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5,145,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 2,572,500 /хоёр сая таван зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч өмчлөгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурор П.Отгонбаярын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Э.М нарын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ