Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1190

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч З.Саранбаатар,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э.Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0118 91036 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Э.Б, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их ам 9б-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дархан-Уул аймаг Мангирт 15 дугаар хэсгийн 12-10 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, НТ86111222 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Саранбаатарт “Хаан банкнаас хашаа, байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд урьдчилгаа 19.500.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулчихвал зээл бүтэх гээд байна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан нийт 19.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч хуурч мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 15-нд манайх хөдөөнөөс орж ирээд 8 нэрийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан. Сарын 400.000 төгрөгөөр түрээслэдэг. Тэгээд би хэдэн сар түрээслээд худалдаж авч болно гэхээр нь Саранбаатартай уулзаад мөнгө зээлээд банкинд байршуулаад үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл банкнаас өгөхөөр нь Саранбаатарт зээлийг буцаан төлөхөөр тохирсон. Банкнаас зээлээ хөөцөлдөөд 2 хоноход банкнаас зээл бүтэхгүй хариу ирсэн. Тэгээд дэлгүүр маань бөөний төвөөс бараагаа зээлээр авч ажилладаг байсан болохоор бөөний төвүүдийн хүмүүс дэлгүүр дээр ирээд мөнгөө нэхээд байхаар нь Саранбаатарын мөнгөөр өрөө төлчихсөн юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч З.Саранбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 1 дүгээр сарын 30-нд Б миний утас руу яриад надад дэлгүүр худалдаж авах гэтэл урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна таниас би өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэрийнхээ данснаас 9.500.000 төгрөгийг хөөрөгний үнэ гэж хийсэн. Тэгээд үлдсэн 10 сая төгрөгийг би АТМ-ээс аваад өгсөн. Тэгээд Б надад нөхөр болон өөрийнхөө иргэний үнэмлэх болон мөнгө орсон Хаан банкны карт, пин кодны хамт бичиж өгсөн. Тэгээд би хэд хоногийн дараа Б рүү ярихад нэг л биш болохоор нь АТМ ороод дансаа шалгахад мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь Б чи мөнгө яасан бэ гэж асуухад утсаа авахгүй байснаа нэг утас авсанаа би олон хүнд өртэй тэр хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь би таны мөнгийг хүмүүст тараагаад өгчихсөн. Би олон хүмүүст өртэй байснаас нэг хүнд өртэй байсан нь дээр байхаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Налайх руу гэрт нь очиход Б алга болчихсон Дархан явсан гээд дэлгүүрийн эзэн хүн байж байсан. Бас Б-ийн нөхөртэй нь уулзах гэхэд олдохгүй байхаар нь нэг хамаатны хүнийг нь олж уулзаад нөхөртэй холбогдоод хэлээрэй гэхэд Б-ийн хамаатны хүн над руу яриад Б- ийн нөхөр манайд унтаж байна гэсэн. Тэгэхээр би нөхөртэй нь уулзахад эхнэр бид 2 муудалцаад хаашаа явсан нь бүү мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө шууд Б-г цагдаад өгсөн. Тэгээд Б цагдаа дээр ирээд уулзсан. Би энэ Б-с авсан мөнгөө өөрөө арай гэж олж авсан. Тэрнээс биш энэ хүн надад мөнгө өгөхгүй байх байсан. Одоо би үлдэгдэл 6.600.000 төгрөгөө олж авмаар байна. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хохирогч З.Саранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгэээр сарын 30-ны өдөр 9 цагийн үед 89811977 гэсэн дугаарын утаснаас над руу залгаад би Хаан банкнаас хашаа байшин  худалдаж авах гээд нийт 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд өнөөдөртөө урьдчилгаа гэж 19.500.000 төгрөгийг яаралтай байршуулах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь уулзаж байгаад ярилцья гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оч төвийн 402 тоотод өрөөнд Б гэх эмэгтэйтэй уулзсан бөгөөд Б нь би Болдбаатарын хамт Хаан банкнаас хашаа байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд үүний урьдчилгаа болох  19.500.000 төгрөгийг маргааш буцаагааш өгнө гэж хэлсэн…2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ын дэргэд 10 сая төгрөгийг бэлнээр, 9.500.000 төгрөгийг эхнэр Наранцацралын данснаас Б-ийн Хаан банкы 5749472397 дугаарын дансанд шилжүүлсэн…тэгээд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Б утсаар ярихад очиж байна гэж хэлээд бараг 2 цаг гаруй болсон ба ирэхгүй удаад байхаар нь би Э.Б-ийн виза картыг уншуулж дансны үлдэгдэлийг хархад 5000 төгрөг байхаар нь Б-рүү залгаж чи данснаасаа мөнгөө авчихсан юм уу гэж асуухад миний зээл бүтэхээ больсон, нөхөр бид 2 зээл авах гээд 10 гаруй хүнээс мөнгө авсан ба чамаас авсан мөнгөөрөө тэр хүмүүсийн өрийг өгсөн. Олон хүн надаас мөнгө нэхэж байхаар нэг хүн мөнгө нэхсэн нь надад амар байх гэж бодоод чамаас авсан мөнгөө үрсэн гэжхэлсэн…”  гэх мэдүүлэг. /хх9-10/,

Гэрч М.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны  өдөр Бизнес зээлийн албаруу шилжүүлсэн. Бизнес зээлийн  алба материалтай танилцаад 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийг судлах боломжгүй талаар хариу өгсөн. Шалтгаан нь худалдан авч байгаа обьект нь зах зээлийн үнэнд нийцэхгүй, мөн урьдчилгаа бүрдүүлсэн баримт хангалтгүй байсан ба урьдчилгаа бүрдүүлсэн баримт нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувийг харилцагч өөрөө санхүүжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Э.Бүдээ өөрийнхөө дансанд урьдчилгаа мөнгө байршуулахгүй байсан. Дээрх шалтгааны улмаас зээл судлах боломжгүй буюу харилцагч Э.Б-д зээл олгох боломжгүй гэдгийг би Э.Б-д гар утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш Э.Б дахин Хаан банкинд хандаагүй…”  гэх мэдүүлэг. /хх23-24/,

Хохирогч З.Саранбаатарын мэдүүлэг /хх9-10/, гэрч М.Мөнхсайханы мэдүүлэг /хх23-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч Э.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Саранбаатарт “Хаан банкнаас хашаа, байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд урьдчилгаа 19.500.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулчихвал зээл бүтэх гээд байна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан нийт 19.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч хуурч мэхэлсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Б-г бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь учруулсан хохирлоос зарим хэсгийг сайн дураар нөхөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Э.Б нь бусдад учруулсан нийт 19.500.000 төгрөгийн хохирлоос 13 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Саранбаатарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х овогт Э.Б-г бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б-г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Э.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-гээс 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Саранбаатарт олгосугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР