Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/725

 

 

 

 

 

     2025         06            10                                         2025/ДШМ/725

                                                                 

Б.О, Б.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

шүүгдэгч, хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Г.Оюунболд, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Оийн өмгөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.О, Б.Г нарт холбогдох 2310037801217 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

- Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон,

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “...” апартмент .... дүгээр байрны .... тоотод архидан согтуурсан үедээ “Өөрийг нь хүчиндэхийг завдсан гэж хүмүүст хэлсэн” гэх асуудлаас болж маргалдан хохирогч Б.Оийн нүүр рүү алгадаж, гараараа толгой, нуруу руу нь цохиж, хөлөөрөө гэдэс рүү нь жийж, нуруун дээр нь дэвсэж газар мөргүүлэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, эрүү, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, ташаа, зүүн шуу, өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “...” апартмент .... дүгээр байрны .... тоотод архидан согтуурсан үедээ хохирогч Б.Гтэй маргалдан тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас агсамнаж гэрт нь байсан 55 инчийн “LG” загварын зурагтыг гар утсаар цохиж, том өрөөний цонх, тагтны цонхыг пивоны шилээр хагалан 3,068,910 төгрөгийн хохирол, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Аийн “I-phone-12 promax” загварын гар утсыг цонхоор шидэн устгаж, гэмтээн 1,975,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш нийт 5,043,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, Б.Оийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг түүнд мэдэгдэж, Б.Оийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Оээс 1,975,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Аөд олгож, шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Урангоо бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчийн зүгээс Б.Г гэм бурууг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Б.Оийн 2 удаа тогтвортой өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12668 дугаартай дүгнэлт, хэрэг гарах үед хэргийн газарт байсан гэрч Б.Оын мэдүүлэг дамжмал нотлох баримт болох гэрч Б.Жавхлантөгсийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгээр шинжпэн судалсан.

Шүүхээс “...шүүгдэгч Б.Г зодож, цохиж учруулж байхыг нүдээр харсан гэрч байхгүй...” гэсэн атлаа түүний үйлдлийг цагаатгаж дүгнэсэн дүгнэлтдээ хохирогч Б.А, гэрч Х.Д, Б.О, С.М, Х.Э, Б.О нарын мэдүүлгээр няцаагдаж байна гэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн шүүх шүүгдэгчийг цагаатгахдаа “хохирогч ... ширээн дээр байсан аяга, хоосон пивоны шил гэх эд зүйлийг шидэж хагалаад байхаар...” шүүгдэгч гэрээс гарахыг шаардаж улмаар ар нуруу хэсэг рүү түлхэж хаалгаар гаргасан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдоогүй, тэгээд ч хүний эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор хүсэж хийсэн үйлдэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж хоёр өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй дүгнэлт болжээ.

Тодруулбал, шүүх шүүгдэгч Б.Г хохирогчийн ар нуруу хэсэгт цохисоны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулаагүй гэж дүгнэн цагаатгаж байгаа, эсхүл хохирогчийн хууль бус довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэж цагаатгаж байгаа эсэх нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Г Б.Оийг гэрийнхээ үүдэнд буюу гэрч нар хараагүй хэсэгт цохиж, зодсон болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог, мөн өөрийнх нь эрүүл мэндэд Б.Г хэрхэн яаж халдсан талаар хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хурлын хэлэлцүүлэгт мэдүүлдэг, гэрч нар цохиж зодсоныг нүдээр хараагүй боловч хохирогчийн ам гэмтсэн цус гарсан байдалтай байсныг мэдүүлдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүү, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, ташаа, зүүн шуу, өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой нь тогтоогдсон байдаг. Иймд Б.Г хохирогч Б.О өөрийг нь хүчиндэхийг завдсан гэж хүмүүст хэлсэн гэх асуудлаас болж хохирогчтой маргалдан улмаар гэм буруугийн шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хохирол учруулахаар Б.Оийн нүүр рүү алгадаж, гараараа толгой, нуруу руу нь цохиж, хөлөөрөө гэдэс рүү нь жийж, нуруун дээр нь дэвсэж газар мөргүүлэн биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс Б.Г үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Оийн өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Г нь мэдүүлэхдээ “би уурлаад гэрээсээ түлхээд гаргасан” гэж, Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “намайг нойл ороод байж байхад Г араас ороод ирсэн. Тэгээд коридорт зогсож байсан чинь шууд намайг алгадаад түлхэж унагаасан. Шүднээс цус гарчихсан аймар юм гараад тусламж гуйя гэж бодсон. Тэгээд дүү маань үлдчихсэн дүүг маань яачих ч юм билээ гэж бодоод би буцаад орсон. Хаалгыг нь нүдсээр байгаад орсон. Тэгээд намайг ороход “шүдийг чинь маргааш янзлуулчихна, эмнэлгээр аваад явна” гэсэн. Тэгээд намайг хориод гарч оруулахгүй байсан. “маргааш эмнэлэг орно” гэсэн. Тэгээд би шүдгүй болчихсон.” гэсэн, гэрч Б.О нь “Газар худалдаж авахаар очсон, тухайн өдөр эгч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Г нь нөгөө өрөөнөөс гарч ирээд нэлээн хэрүүл болоод дайраад байсан. ...Миний нүдэн дээр зодож байхыг харсан, миний харсанаар гэдэс, бөөр рүү нь нэлээн өшиглөсөн бид хоёр нэлээд тэмцэлдээд хэрүүл зодоон болсон эгчийг хөөж гаргахад би дотор байсан. Эхнийх дээр нь намайг дотор үлдээгээд тэр хоёр зодолдож байсан. Тэгээд эгч гаднаас орж ирэхдээ цус болчихсон орж ирсэн” гэж тус тус мэдүүлжээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай үндэслэл, шалтгаант холбоо үүссэн бөгөөд шүүгдэгч Б.Г мэдүүлэг, хохирогч Б.Оийн мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Тухайлбал гэмт хэрэг үйлдлийн улмаас нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж. түүнийг хүсэж зориуд хөнгөн хохиролд зориуд хүргэсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа юм. Дээрхи үндэслэлээс гадна Б.О нь тухайн цаг үе буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч болж гэмт халдагад өртсөн бөгөөд Г.А, Б.Г нарын хууль бус үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд хориглож, гэртээ миний үйлчлүүлэгчийг хууль бусаар байлгаснаас үүдсэн. Түүнчлэн хажуу айл, хөрш зэргэлдээ айлуудад чимээ өгөх зорилготойгоор өөртөө туслах арга хэмжээ авсан ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 4.4 зүйлд зааснаар албадлага эрхшээлд автсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад үнэлэлт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг баримталж тогтоол үйлдсэнд туйлын гомдолтой байна.

Шүүгдэгч Б.Г нь миний үйлчлүүлэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаас гадна мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн барьцаалах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан хэмээн дүгнэж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Г нь Б.Оийг “өөр өрөөнд ороод унтаж байхад гэнэт орж ирээд дээр нь дараад хэвтсэн бөгөөд өмдөө тайлуулахгүй гэж нэлээн зууралдсан боловч дийлээгүй бусдад мэдэгдэхээр хашгирсан боловч том өрөөнд байсан хүмүүс зурагтны дуугаа хэт чангалсан байдалтай караокедэж байсан болохоор сонсоогүй” гэх мэдүүлэг, мөн яллагдагч нь өөрийн зүүн гараараа хохирогчийн өмдний дотуур гараа оруулж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулсан гэх хохирогчийн мэдүүлэг, энэ талаар /Б.Оийг Г нь хүчиндэх үйлдлийг хийсэн байж болзошгүй гэх фото зураг, биений цавь хэсэгт учруулсан гэмтэл/-ийн талаар нотлох баримтыг хэрэгт бэхжүүлэх зорилгоор хавсаргуулсан байдаг.

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчоос Б.А, Б.Г нар нь “хохирогчийг маргааш нь эмнэлэгт үзүүлье, эмчилгээ хийлгье” гэх нэрийдлээр өөрсдийн эзэмшлийн орон сууцнаас гаргахгүй, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгүүлэхгүй өөрийн эрхшээлдээ байлгаж, хохирогчийн гар утсыг нуусан үйлдэлд тус дүүргийн хяналтын прокурор Б.Урангоо нь хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, шийдвэрлээгүйд өөрийн зүгээс хардалттай байгаагаа дурдах нь зүйтэй юм. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч, хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд заасан байна. 

Нотолгооны зүйлд хамаарах хуульд заасан нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-г мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн бодит байдлыг тогтоох нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангахад чиглэгдсэн гол ажиллагаа юм.

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Отэй хамаарал бүхий нэг гэрч, Б.Гтэй хамаарал бүхий 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрчүүдийн тооноос үл хамааран тэдгээрийн мэдүүлэгт хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтооход чухал гэх мэдээллүүдийг хэрхэн, яаж авсан, энэ нь хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлсөн талаар тодорхой дүгнэлт хийж чадаагүй байхаас гадна энэ нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.   

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад харилцан бие биеэ үгүйсгэсэн эсхүл бататгасан, өөр өөр онцлог шинжтэй нотлох баримтууд цугларч бэхжүүлэгддэг тул эдгээрийн харилцан хамаарал болон шууд ба шууд бус холбоотой эсэхийг тогтоох нь хэргийг нотлох ажиллагааны үндэс билээ.

Учир нь хоорондоо харилцан хамааралтай, холбоотой нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааны суурь болох ба энэ нь тэдгээрийг цогц байдлаар шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

 Тиймээс нэг (хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт г.м) нотлох баримтад бус хоорондын уялдаа, харилцан хамаарал, бие биентэйгээ хэрхэн нөхцөлдөж буй байдлаар нь хэд хэдэн нотлох баримтыг харьцуулан үнэлэх шаардлагатай ба ингэснээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох боломжтой юм.

Түүнчлэн тухайн нотлох баримт нь нотолгооны зүйлийн нэг хэсгийг бүхэлд нь, мөн дангаараа эсхүл бусад нотлох баримттай нийлсэн байдлаар яллах болон цагаатгах нотлох баримт болж буй эсэхийг нягтлан хянасны эцэст үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

Иймд хэргийн талаар харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой шүүгдэгчдийн хувьд тэдгээрт холбогдох хэргийн нотлох баримтын цогц байдал буюу хоорондын уялдаа, харилцан хамаарал, тухайн үйл явдлыг нотлох эсхүл үгүйсгэхэд гүйцэтгэж буй үүрэг, тэдгээрийн нийлбэр нь хэргийн үйл баримтын талаар нэгдсэн нэг дүгнэлт хийхэд хангалттай, хүрэлцэхүйц эсэхэд онцгой анхаарвал зохино.

Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн улмаас тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал шүүгдэгч Б.Оийн биед Б.Гэс өөр хүн халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд энэ нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт гэрч Б.Оын “...Г нь О эгч рүү дайрч байсан. Тэгээд Г нь О эгчийг гэдэс хэсэгт нь хөлөөрөө жийгээд түлхэж гэрээсээ надтай хамт гаргасан... Би Г.Эг Б.Оийг хүчиндэхийг завдаж байхыг бол хараагүй. ...Харин манай эгчийн эрүүл мэндэд халдаж байхыг харсан. Манай эгчийг гэдэс хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн, 2-3 удаа толгой хэсэгт нь гараараа цохиж байсан. ...” гэсэн /1хх 38-39/ мэдүүлэг авагдсан бөгөөд анхан шатны шүүх үүнийг хэрхэн, яаж үнэлсэн, эсхүл хэрхэн яаж няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцдоггүй билээ.

 Анхан шатын шүүх шийтгэх тогтоолд ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч, хохирогч, гэрч нарын удаа дараагийн мэдүүлэг, үйлдэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд заагаагүй атлаа шүүгдэгч нартай нэгдмэл сонирхол бүхий гэрчүүдээс өгсөн мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн хэмээн дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна нотлох баримтыг шалгаж, үнэлэх хуульд заасан шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Урангоогийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч, хохирогч Б.Оийн өмгөөлөгч Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч, хохирогч Б.О, цагаатгагдсан этгээд Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхандүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч, хохирогч Б.О, цагаатгагдсан этгээд Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ