| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0378/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., 10.1.2.1., 10.1.2.4., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 212
Я.Ут холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1903 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар магадлалтай, Я.Ут холбогдох 1806067141458 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лодой овогт Я.У нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалт, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан прокуророос Я.Ут Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Я.Ут холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
шүүгдэгч Я.Уыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 497 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
шүүгдэгч Я.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 5.229.600 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Я.Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,
4 дэх заалтыг “Шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.У гаргасан гомдолдоо: “Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.8-д зааснаар бүх насаар хорих ял шийтгүүлсэн. Н.А нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг хохирогчид архи хүчээр өгсөн гэж мэдүүлдэг боловч тухайн орой Ан гэрт миний бие болон талийгаач З, мөн А, Я бид дөрөв хамт 2 шил архи уусан. Үүнийг хажуу өрөөний хүн гэрчилсэн. Мөн А, Я нар нь хамт архи ууснаа мэдүүлэгтээ хэлээгүй байдаг. Миний бие нь хохирогчид хүчээр архи уулгаагүй. А нь намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөн. А талийгаачийг үүрч явахдаа нэг бус удаа газар унагасан. Хэрэг болсон газрын далан дээрх камер, мөн ойр орчмын камерт үзлэг хийгээгүй. Миний гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэлгүй нотлох баримтаас хасаж тооцсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч Өсөхбаяр нь “хэргээ үнэн зөвөөр хүлээсэн бол прокурорын сонсгосон ялыг оногдуулах үндэслэлтэй байсан” гэж хэлсэн. Би тухайн хэрэг болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Хоёр шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж удаа дараа шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Байцаагч, ахмад Эрдэнэдалай нь гэрчээр мэдүүлэг авахдаа шөнө 03 цагт зодож, хөтөлж байцаалт авсан. Тухайн хэрэг болсон шөнө талийгаач бид хоёрыг хөөж зодсон гурван залуусыг шалгаагүй, огт авч хэлэлцээгүй. Би камерын бичлэг шалгуулах хүсэлтийг байцаагч болон прокурорт амаар болон бичгээр гаргасан боловч биелүүлж өгөөгүй. Үүнийг улсын өмгөөлөгч Сайнбилэгт хэлэхэд шөнө камер харахгүй гэж хэлж байсан. Миний бие нь эхнэр Зтай сайн сайхан амьдрах хүсэл зорилго дүүрэн амьдарч байсан. Би эхнэрээ нас барахад харамсаад баршгүй гашуудаж байсан. Надад энэ хүнийг осгооё гэсэн ямар ч бодол байгаагүй болно.
Би энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарсан. Миний бие нь ам бүл гурвуулаа, эгчийн хамт амьдардаг. Нэг эгч маань хоёр сарын өмнө өөд болсон. Одоогоор 60 настай ганц эгч маань үлдсэн байгаа. Мөн хохирогчийн ар гэрт өөрийн зүгээс чин сэтгэлээсээ тус дэм үзүүлнэ гэдгээ сэтгэл, оюун ухаандаа тээж яваа хувийн байдлыг минь хүндэтгэн үзэж, надад итгэл урмыг нэг удаа олгож, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ гаргасан гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1903 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, 39.7 дугаар зүйл “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.8 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байгаа тул дор дурьдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүнийг алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан боловч гэрч Л.Я /1хх-50/, Н.А /1хх-56/, П.Ц /1хх-52/, Д.Ц /1хх-65/, К.А /1хх-74/, Б.О /1хх-94/ нарын мэдүүлгийг дүгнэхдээ гэрч Н.Ан мэдүүлгийн зөрүүтэй байдал, хэрэг учрал болсон гэх Элбэг супермаркет /хэргийн материалд фото зургаар бэхжүүлсэн/ болон Сэлбэ голын орчимд байршуулсан камерт тухайн үед үзлэг хийж хэргийн материалд нотлох баримтаар бэхжүүлээгүй, олон сарын дараа шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан боловч камерын бичлэг хадгалагдах боломжгүй, мөн хэрэг учрал болсон газрын байдал өөрчлөгдсөн үед цаг хугацаа алдаж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан нөхцөл байдлыг дүгнэж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Я.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Я.Уыг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс үзэж байгаа боловч хохирогчийн амь хохирсон үхлийн шалтгаан болох осголт буюу хүний амь насыг санаатай хохироох хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй болох нь гэрч Н.Ан “...Тэгээд хэсэг явж байгаад явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ягийн “У “Заяа ухаан алдаад уначихлаа, та очоод үүрээд аваад ирээчээ” гэж хэлсэн бөгөөд У ”Би өөрөө даахгүй байна” гэж байсан. Тэгээд манай нөхөр Утай хамт яваад Заяаг үүрээд авчирсан. Тэгээд манай гэрт нөхөр үүрээд оруулж ирсэн” гэх мэдүүлэг, гэрч П.Цийн “18 цаг гээд 7 номерын өрөөнд /жижүүрийн өрөөнд/ хөгжим тавиад бүжиглэж дуулаад байсан. Тэгээд нэг завсарлаад архины мөнгөн дээрээ маргалдаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Огийн “Хүний хэлж ярьж байгаа үгийг өөртөө хүлээж авах чадваргүй, үл ойшоодог, ээжийнхээ үгийг юм гэж боддоггүй, ээжийгээ зоддог, хүндэлдэггүй хүн байгаа юм. Архи их уух дуртай болчихсон, ... 2015 оны 9 дүгээр сард төрсөн эмэгтэй хүүхэдтэй” гэх зэрэг мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн үйл баримтуудаар Я.У нь “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт амь хохирогч нас барахад шүүгдэгчийн ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгчийг буруутгасан нотлох баримтын агуулгаас харилцан зөрүүтэй эргэлзээтэй байхад эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийж чадаагүй бөгөөд “шүүгдэгчийн хохирогчид архи уулгасан үйлдэл нь хохирогч нам осголтоор нас барсантай шалтгаант холбоотой” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулахдаа ямар үндэслэлээр, хэрхэн хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулсан талаар дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Я.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.У нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 3 дугаар сар, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, мөн 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Зтай харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаан зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Г.Зг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Г.Зг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.З, гэрч Л.Н, Н.Н, П.Э, Л.Я, Б.О, Н.П, Л.Я, Г.О, Н.А, Д.Ц, Ж.А нарын мэдүүлгүүд, хохирогч Г.Згийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 286 болон 1328 тоот дүгнэлтүүд, хохирогч Г.Згийн биед зүүн 10, баруун 9 дүгээр хавирганы шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нас барахаас нь өмнө учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1828 болон 1072 тоот дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Я.Уын 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш үйлдсэн 5 удаагийн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Уын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг хуульд заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэнийг харгалзан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнийн “Я.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Я.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Я.Уын “Тухайн хэрэг болсон шөнө талийгаач бид хоёрыг хөөж зодсон 3 залууг шалгаагүй” гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсаныг судалж үзэхэд тэрээр 3 залууд зодуулсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, анх сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлээгүй, харин 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч У.Сайнбилэгийн хамт яллагдагчаар /хх-169/ өгсөн мэдүүлэгтээ “Тухайн шөнө Зтай хамт явж байгаад 3 залууд зодуулж, улмаар гүүр барьж байсан газарт тогтоол усанд унасан” талаар шинээр мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Харин шүүгдэгч Я.Уын хяналтын журмаар гаргасан гомдлоос “Би эхнэрээ осгооё гэсэн ямар ч бодол байгаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “Я.Уыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэснийг тус тус хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүх Я.Уыг 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Зд согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Амь хохирогч Г.Згийн биед хүндэвтэр зэрэгт хамаарах олон тооны гэмтэл учирсан, мөн хохирогч Г.З нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1828 болон 1072 тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон боловч шүүгдэгч Я.Уын зүгээс 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчим амь хохирогчид хүчээр согтууруулах ундааны зүйл уулгасан, улмаар түүнийг согтуурсан, гэмтсэний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, хүйтэн нойтон орчинд зориуд байлган, осгоож алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Я.Уыг амь хохирогч Г.Зг санаатай алсан талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэсэн байх, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг илтэд хангаагүй байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Я.Уыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ үндэслэл болгосон нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Я.У нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Г.Зг алсан болох нь тогтоогдоогүй, харин Я.У нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэрч Н.Ан гэрт архи ууж, улмаар 00 цагийн үед Г.Згийн хамт гарч явсан ба шөнийн 04-05 цагийн үед ганцаараа буцаж ирэхдээ “Г.З архи уугаад хурдан тасарчихлаа, тэгээд гол гарч байгаад бид хоёр голд уначихлаа, би ганцаараа авч ирж дийлэхгүй байна, та хамт яваад аваад ирээч” гэж /1хх-59/ хэлэн Н.Аг дагуулж яваад Сэлбийн голын эрэг дээр хувцас нь норсон байдалтай хэвтэж байсан Г.Зг үүрч Н.Ан гэрт авчирсан, улмаар Я.У нь Г.Зг хөнжлөөр хучиж хамт унтсан ба маргааш өглөө нь Г.Зг нас барсан болохыг мэдсэн нь шүүхийн шийдвэрт дурдсан гэрч Н.А, түүний эхнэр Л.Я, Д.Ц, Ж.А нарын мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд энэ талаар шүүгдэгч Я.Уын өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Амь хохирогч Г.Згийн нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1828 болон 1072 тоот дүгнэлтүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар шүүгдэгч Я.У, гэрч Н.А, түүний эхнэр Л.Я, Д.Ц, Ж.А нарын өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгч Я.У нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Г.Зтай хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэний дараа амь хохирогч Г.З нь согтуурсны улмаас Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас барсан гэж хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх нь зүйтэй гэж үзэв.
Я.У, Г.З нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан тул шүүгдэгч Я.Уын хувьд хамтран амьдрагч Г.Зг халамжлах, хүндэтгэх, эрхийг нь зөрчиж аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулахгүй байх талаар харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Г.Зг амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй аюултай нөхцөл байдалд оруулж, түүний амь нас хохироход хэтэрхий хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзлээ.
Иймд прокуророос Я.Ут Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Я.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 6 /зургаа/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1903 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан “Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1903 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн хяналтын прокуророос Я.Ут Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Я.Уыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ялаар тогтоосугай.” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Уын эдлэх 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь, тогтоох хэсгийн 2 заалтад шүүгдэгч Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Я.Ут “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сар хорих ял оногдуулсан хэсгийг, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 болон 5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
3.Шүүгдэгч Я.Ут холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР