Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 125/2019/0017/з |
Дугаар | 137 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 137
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ХОА-ийн М сумын ЗД-д
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн:М.Батсуурь,
Шүүгчид: Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа ХОА-ийн М сумын ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Мянгад сумын Засаг даргад даалгах,
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалыг оролцуулж,
Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийн XV-014696 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ХОА-ийн М сумын ЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ХА-ийн М сумын ЗД-д даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга С.Лхамхүү, өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа Ө.Хишигтогтохтой үгсэн хуйвалдаж, хийгээгүй ажлаа хийсэн болгож, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулсан байдаг.
4. Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заажээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “...нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх” шаардлагатай бөгөөд энэхүү хэрэгт нотлох баримтаар авагдсан дугтуйг нотариатаар батлуулан нотлох баримтаар хавсаргасан нь хууль зөрчиж байна.
6. Мөн хэрэгт “А” ХХК-ийн зөвхөн 2014 оны нөхөн сэргээх төлөвлөгөөг нотлох баримтаар гаргуулсан. Харин 2015, 2016, 2017, 2018 онуудын Байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөө байхгүй байна. Хайгуулын зөвшөөрөл олгогдсон гэх газрууд нь багын иргэдийн олон жил амьдарч, нутаглаж ирсэн газар бөгөөд энэхүү газрыг эзэмшигчдийн гэрчээр оролцуулж, хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлсэнгүй.
7. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. Ховд аймгийн Мянгад сумын “Цахир” нэртэй газарт, 11088,85 гектор талбай бүхий XV-14696 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эм Икс Си” ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгож, дээрх тусгай зөвшөөрлийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Блюгейт” ХХК-д, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК-д шилжүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 1080 тоот шийдвэрээр “А” ХХК-ийн 11081,48 гектар талбайгаас 99,28 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 10982,20 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгож, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 711 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.
10. Хариуцагчаас “малчдын малын бэлчээр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа учраас тухайн иргэдийн эрх ашгийг хөндөж байна, сумын иргэдийнхээ хүсэлт саналыг сонссон, иргэд нутаг дэвсгэртээ хайгуулын ажил явуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул ард иргэдийнхээ шаардлагад нийцүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан байгаа нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.5-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас хуульд заасан хугацаанд батлахаас татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй” гэж бус, харин хуульд байхгүй үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.
12. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн хүсэлтийг анх тусгай зөвшөөрөл олгохдоо нутгийн захиргааны байгууллага харгалзан үзэж шийдвэрлэх байсан болохоос нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй нь холбоотой шийдвэрлэх ажиллагаа явагдах байжээ.
13. Хариуцагчаас “...Ховд аймгийн Мянгад сумын байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа Ө.Хишигтогтохтой үгсэн хуйвалдаж, хийгээгүй ажлаа хийсэн болгож, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулсан байдлыг таслан зогсоохоор 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа” гэж гомдол гаргаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж зохицуулсан бөгөөд гомдлын энэ үндэслэлийн талаар хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцээгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл болгоогүй тул хяналтын шатны шүүх энэ гомдлыг хүлээн авах боломжгүй.
14. Мөн “Баянбулаг, Гахайт, Чацарганат багийн 6 иргэнд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлсэн, уг газартай давхацсан” гэх боловч иргэдэд тухайн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гараагүй тул эзэмшил газартай давхацсан гэж үзэхгүй, зарим иргэдийн өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх нь 2009 оноос хойш буюу “А” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эзэмшсэн байхын зэрэгцээ энэ нөхцөл байдал нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах эсэх үйл баримтад хамаарахгүй юм.
15. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ