Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0388

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Т.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Ц.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Майцэцэгийн давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Д, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Даваасүрэн нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын хуулийн этгээд болох "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Б.Д, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүйгээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0294 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч нар татварын хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар нэг нотлох баримтад тулгуурлаагүй болно. Тухайлбал, Гааль,Татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 дугаартай албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ц.Ц, Б.Д нар "О" ХХК-д "О" ХХК-ийн НӨАТ-ын падаантай холбогдуулан хэсэгчилсэн татварын хяналт, шалгалт явуулсан байдаг. Шүүх үндэслэх хэсэгтээ татварын хяналт, шалгалтын хүрээнд "О" ХХК нь хуурамч падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон гэж үзсэн нь нотлох баримтад үндэслээгүй, учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ц.Ц, Б.Д нар татварын ерөнхий хууль болон татварын хяналт, шалгалт явуулах журамд заасны дагуу татварын хяналт, шалгалтыг бүрэн гүйцэт гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн дээр дурдсан Гааль, Татварын Ерөнхий Газрын албан бичиг, манай компанийн нягтлан бодогч Т.Д-тай хийсэн нэг удаагийн ярилцлагад үндэслэн "О" ХХК-ийн НӨАТ-ын падаан л бол хуурамч гэсэн үзлээр хандаж, акт тавьсан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 дугаартай албан бичигт нэр бүхий аж ахуйн нэгжүүд "О" ХХК-иас худалдан авалт хийсэн байх бөгөөд хуурамч падаан худалдан авч төлөх татвараа бууруулсан байж болзошгүй тул шалгахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл "О" ХХК бодитоор худалдан авалт хийсэн гэдгийг нягтлан бодогч Т.Дулмаа ярилцлагын үед хэлсэн байхад хариуцагч нар түүнийг шалган тогтоогоогүй, шаардлагатай баримт бичгүүдийг "О" ХХК-иас гаргуулан авч үзэлгүйгээр татварын акт тавьсан байдаг.

Манай үйлчлүүлэгчийн зүгээс бодитоор худалдан авалт хийсэн гэдгээ нотолж, "О" ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, "О" ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бараа, материалын зарлагын баримт, "О" ХХК-ийн 2011 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан, НӨАТ-ын тайлан, 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 352346 дугаартай НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх уг баримтуудыг үнэлэхгүйгээр Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Бүдханд "О" ХХК-ийг хохироож, тус компанийн НӨАТ-ын падааныг бусдад худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул "О" ХХК-иас худалдан авалт хийсэн бол хуурамч падаан гэж үзнэ гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б "О" ХХК-ийг хохироож, тус компанийн НӨАТ-ын падааныг бусдад худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт тус баримтыг "О" ХХК-д худалдсан зүйл байхгүй болохыг нотлох баримтыг шинжлэн судлах шатанд тогтоосон төдийгүй шүүгч танай компани хохирсон юм байна гэхдээ эхлээд төрд учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж шүүх хуралдааны үеэр хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт үлдсэн болно. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч зориудаар хий бичилттэй падаан ашиглаж, төсөвт төлөх НӨАТ-ын хэмжээг бууруулсан зүйл байхгүй болно.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 2016 оныг хүртэл маргаан бүхий НӨАТ-ын падаануудыг хүчин төгөлдөр гэж үзэж, баталгаажуулсан атлаа 2016 онд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б өршөөлийн хуульд хамрагдмагц хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлж буй татвар төлөгчид түүний гэм буруугийн улмаас үүссэн хохирлыг төлүүлэхээр шаардаж байгаа нь илтэд татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийн хамгаалах зарчмыг зөрчсөн үйлдэл бөгөөд төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруугийн улмаас учруулсан хохирлыг хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд харшилж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан "О" ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1, 13-д заасан шинжээ алдсан буюу уг падаануудыг ашиглан төсөвт төлөх албан татвараас хасаж тооцох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Дээр дурдсан 2 ширхэг НӨАТ-ын падаанууд нь 2011 онд үйлдэгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаар тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох ёстой. 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т "нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хэлнэ" гэж заасан бөгөөд "О" ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь энэ зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн Сангийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журмын 2.2-т "НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд НӨАТ төлөгчдөд борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д хувь үйлдэж, эх хувийг өөрт хадгалан 2, 3-р хувийн худалдан авагчид өгнө. Худалдан авагч 2 дугаар хувийг тухайн сарын НӨАТ-ын тайланд худалдан авалтын дэвтэртээ хавсарган татварын албанд, 3 дугаар хувийг өөрт хадгална", мөн 4.1-д "татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна" гэж тус тус зохицуулсан.

Дээрх зохицуулалтуудын дагуу манай үйлчлүүлэгч "О" ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг НӨАТ-ын тайландаа тусгасан ба Чингэлтэй дүүргийн татварын алба татварын тайланг хүлээн авч, баталгаажуулан 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 352346 дугаартай НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар маргаан бүхий НӨАТ-ын падаануудыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс "О" ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр баримт мөн болно.

Гэтэл анхан шатны шүүх уг баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. "О" ХХК нь худалдан авалт хийсэн гэдгээ холбогдох нотлох баримтуудаар нотолсон мөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2012 болон 2013 онд тус тус "О" ХХК-д татварын иж бүрэн хяналт шалгалт хийж байсан боловч "О" ХХК-тай холбоотой зөрчил илэрч байгаагүй зэргээс харахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, татварын акт тавих эрх зүйн үндэслэл бий болоогүй байна. Тиймээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хүчин төгөлдөр бус акт мөн болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар бодитой дүгнэлт гаргаагүй, төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн гэм бурууг нэхэмжлэгчид нялзаан шийдвэрлэж байгаа нь шударга бус байх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0294 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг нэхэмжлэгч “О” ХХК нь “...хариуцагч нар нь хяналт шалгалт хийхгүйгээр акт бичиж, төлбөр тогтоосон актаа манайд танилцуулж, гардуулаагүй, 2011-2016 оны хооронд 3 удаагийн шалгалтаар тус падааныг хүчинтэй баримт гэж үзчихээд 5 жилийн дараа хуурамч баримт гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани тус падааныг зохих ёсоор тайландаа тусгаж, баталгаажуулсан, хий бичилттэй падаан ашиглаагүй тул үндэслэлгүйгээр татварын акт тогтоож буй нь илт хууль бус бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 211 дүгээр тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 211А дугаар тогтоолоор “О” ХХК нь 2011 онд ажил, үйлчилгээ явуулж байгаагүй, тус компанийн нэр дээр бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглан хуурамч бичиг, баримт үйлдсэн болохыг тогтоосон, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3-1647 тоот албан бичгээр “О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай холбогдуулан “О” ХХК нь татварын хяналт шалгалтад хамрагдсан бол хэсэгчилсэн, хамрагдаагүй бол иж бүрэн шалгалт хийх талаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст мэдэгдсэний дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргын томилолтоор татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Даваасүрэн нар нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн баримтад хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.4-т заасантай нийцсэн байх төдийгүй хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчид төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарт “О” ХХК-ийн 2011-2015 оны санхүүгийн баримтад хэсэгчилсэн шалгалт хийх эрхийг хуулиар олгосон, “О” ХХК-ийн хуурамч, хий бичилттэй падаантай холбогдох хэсэгт шалгалт хийх үндэслэл бүрдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох юм.

Гэтэл “О” ХХК нь 2011 онд огт үйл ажиллагаа явуулаагүй учир нэхэмжлэгч “О” ХХК нь “О” ХХК-иас 77 727 272 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй, тухайн компанитай эрх зүйн харилцаа үүсгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг “О” ХХК-д төлөөгүй атлаа дээрх хий бичилттэй падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогоо бууруулсан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байгаагаас гадна Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч “О” ХХК-ийг цемент болон катанг, арматур зэрэг бараа, материалыг хэн нэгнээс худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин эдгээрийг худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгчээс “...хариуцагч нар нь татварын хяналт, шалгалтыг бүрэн гүйцэт гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн дээр дурдсан Гааль, Татварын Ерөнхий Газрын албан бичиг, манай компанийн нягтлан бодогч Т.Д-тай хийсэн нэг удаагийн ярилцлагад үндэслэн "О" ХХК-ийн НӨАТ-ын падаан л бол хуурамч гэсэн үзлээр хандаж, акт тавьсан” гэж маргаж байх боловч маргаан бүхий актад “...санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, албан татварын ногдуулалт төлөлтийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримт материал”-д шалгалт хийсэн талаар тэмдэглэсэн, хэрэгт авагдсан баримтуудаар “О” ХХК нь 2011 онд ажил, үйлчилгээ явуулаагүй болох нь тогтоогдсон байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь акт хүчин төгөлдөр байх нөхцлийг заасан байх ба маргаан бүхий актыг нэхэмжлэгч “О” ХХК-д гардуулахаар очиход гардан авахаас татгалзсан байх бөгөөд өөрсдөө гардаж аваагүй эс үйлдэхүй гаргаснаас шалтгаалан актыг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа гомдол үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4 дэх заалтуудыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль гэж алдаатай бичсэн байх тул залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 47 дугаар зүйлийн  47.2, 47.4, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3[1]-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

 


[1] 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3