| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403009420180 |
| Дугаар | 2025/ДШМ/738 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/738
2025 06 12 2025/ДШМ/738
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Ц,
яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/3107 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бэд холбогдох 2403009420180 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Ш хотхоны урд замд “Тоёота акуа” загварын ... УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар заалт буюу “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин, Kawasaki Nimja загварын ... УРА улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч Х.Эийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих үндсэн нөхцөлийг хуульчилсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдлоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Д.Х нь хохирогчийн эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг “...хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн талаарх шинжээчийн дүгнэлт хийгдээгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж хуульчилсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилтод нийцэх юм. Яллагдагч Б.Бэд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр ийнхүү хэлэлцэж шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж үзлээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 “заасан гомдлыг шийдвэрлэх тохиолдолд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь дээр дурдсан үндэслэлийн аль алинд нь хамаарахгүй юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.Бэд холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Б.Бийн холбогдсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бодитой тогтоох нь чухал ач холбогдолтой гэж үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтдээ: хоёр тээврийн хэрэгслийн мөргөлдсөн А цэгийг зөв тогтоолгох, энергийг хадгалагдах хуулиар тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгох дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэргэжлийн шинжээчдээр гаргуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай дурдаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мотоциклийн хурдыг тогтоох шаардлагагүй гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хүсэлтэй байна. Энэ ослын улмаас миний хүү амиа алдсан. Тухайн осол хэний буруутай үйлдлээс болсон бэ гэдгийг шүүж, хэлэлцэх болохоос өмнөх үйлдэл, хурдыг тогтоох шаардлагагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15/31 дүгээр шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон. Яллагдагчийн өмгөөлөгч шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мотоциклийн хурдыг тогтоолгох хүсэлт гаргасан. Нүхтийн замаас уруудахад осол болсон. Мотоциклийн хурд энэ хэрэгт хамааралгүй. Анхан шатны шүүхэд энэ CD-г мөн гаргаж өгсөн. Гэхдээ хаанаас авсан гэдэг нь тодорхойгүй, өөрсдөө авсан байсан. Мөрдөгч, прокурорт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй. ...” гэв.
Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Б.Бэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох, шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчигдсөн эрхийг сэргээх. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, хохирол төлбөрийг барагдуулах, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх бодитой тогтооход ач холбогдолтой.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан “2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөн А цэгийг зөв тогтоолгох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгох” тухай давж заалдах гомдол нь шүүгчийн захирамжид заасан үндэслэлд дурдагдаагүй байх боловч хэрэгт нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тухай асуудлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байх тул гомдлыг давж заалдах шатны шүүх хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/3107 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ