Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00124

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00124

 

 

Д.Г -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02339 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В.В - ХХК-д холбогдох

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 53 540 000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Засан сайжруулалтын зардалд 27 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.М

Хариуцагчийн өмгөөлөгчТ.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г -, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Веллинэс вүмэн ХХК-ийн захирал Б.Сүхээтэй тохиролцон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21б байрны 16 тоот хаягт байрлах 179.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө хөлслүүлэх гэрээг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг ажиллуулах зорилготой байсан тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг хариуцагчид хүлээлгэн өгч засвар хийх хугацаа олгон мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг эхний 6 сард 4 140 000 төгрөг, 7 дугаар сараас эхлэн 4 500 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Хариуцагч нь түрээсийн төлбөрт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 24 840 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 27 000 000 төгрөг нийт 51 840 000 төгрөг төлөх байсан боловч хариуцагч нь 18 420 000 төгрөг төлсөн. Үүнээс 2 000 000 төгрөгийг засварын зардалд тооцсон учир 16 420 000 төгрөгийг нийт төлбөрөөс хасч 35 560 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 3.4-т заасны дагуу 17 780 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас нийт 53 340 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь түрээсийн барьцаанд 4 140 000 төгрөг төлсөн боловч уг мөнгийг төлбөрөөс хасч тооцохгүй.

Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар гэрээг цуцлалж, хариуцагчаас 53 340 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 21б байрны 16 тоот хаягт байрлах 179.9 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчТ.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г -тэй 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 45 хоногийн хугацаатай засвар хийж эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулах зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Нэг том заалыг нийт 14 өрөө болгон 27 000 000 төгрөгөөр засвар хийсэн. 2018 оны 11 дүгээр сараас гадаа хүйтэрч эхлэхэд тус байр дулаан алдаж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 10 салбарт хандахад сангийн инженерүүд паарнуудын буруу холболтыг олж тогтоон холболтыг зөв болгон засварласан ч халаах хэрэгсэл цөөн байгаа учир 179 м.кв талбайг хоёрхон паар халааж дийлэхгүй, хэвийн дулаантай үйл ажиллагаа явуулахад 2000х300х100 хэмжээтэй 3 ширхэг халаах хэрэгсэл суурьлуулах шаардлагатай гэсэн. Мөн тус үл хөдлөх хөрөнгө цонхноосоо дулаан алдаж байгаа учир янзлуулах шаардлагатай гэсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмнэлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй зогссон. Энэ 3 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх, эсхүл дараа нь төлөх талаар хүсэлт гаргасан. Энэ саруудад тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан нь нотлох баримтаас харагдаж байгаа тул хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй, эд хөрөнгө доголдолтой байсан гэж үзэхээр байна.

2019 оны 6 дугаар сар хүртэл хариуцагч төлбөрт 19 140 000 төгрөг төлсөн. Мөн нэмж засвар хийсэн 2 000 000 төгрөгийн зардлыг Д.Г - хариуцахаар тохиролцсон учир нэхэмжлэгчид нийт 21 420 000 төгрөг төлсөн. Одоо төлбөрөөс үлдэх 13 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг цуцлах тохиолдолд барьцаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Мөн алданги тооцох үндэслэл үүсээгүй. Талууд гэрээг цуцлах бол 2 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн. Гэрээний 4.9-д заасныг зөрчиж нэхэмжлэгч шууд шүүхэд хандсан. Мөн доголдлыг өөрөө арилгах, хариуцах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагчид хохирол учирсан гэжээ.

 

Хариуцагчийн Веллинэс вүмэн ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Тус байранд өмнө нь ПС /PC/ тоглоомын газар ажиллуулан олон жил засвар хийгээгүй байсан. Манайх эмнэлгийн үйлчилгээ явуулах байсан тул уг байранд Сачи бэхи ХХК-аар 26 төрлийн засвар хийлгэж 27 000 000 төгрөг төлсөн. Хүйтний улирал эхлэхэд байранд маш их хүйтэн байсан учир Д.Г -ийг дуудахад ханын цаана байдаг агааржуулалтын хоолойг шалгаарай гэсэн. Үүний дагуу хариуцагчаас засвар хийж дууссаны дараа ханаа нурааж агааржуулалтын хоолой байсныг битүүлсэн. Манайх агааржуулалтын хоолойг бөглөж засварласан болон дулааны шугам буруу холболттой байсныг засварласан хөлсийг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч Д.Г - нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох доголдолгүй эд хөрөнгө хөлслүүлэх үүргээ зөрчсөн тул түүнээс засварын зардал 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Засвартай холбоотой зарим төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн төлбөрт тооцож өгсөн. Хариуцагч тал паарны асуудлыг өөрсдөө хариуцахыг зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Хариуцагч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн засвараас нэхэмжлэгчид авч үлдэх зүйл байхгүй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ хүйтэн байснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сард хүлээж авахдаа хүйтэн байна гэж хэлээгүй. Мөн өвөл буюу гадаа хүйтэн байхад үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Хариуцагчийг эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан эсэх, бодит хохирол үүссэн гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21б байрны 16 тоот хаягт байрлах, 179.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч Веллинэс вүмэн ХХК-аас 25 920 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 420 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.2, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар Д.Г -ээс хохиролд 27 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Веллинэс вүмэн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 287 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /231 450+70 200+70 200+35 200/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 293 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагчийн Веллинэс вүмэн ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй. Үл хөдлөх хөрөнгийг эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлгийн үйл ажиллагааны зориулалттай болгон тохижуулж үйл ажиллагаа явуулсан ашгаасаа түрээсээ төлөх өөрөөсөө ашгийг гаргадаг гэрээг талууд байгуулсан байтал шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа гэж үзэн 25 920 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн буюу Иргэний хуулийн 318 зүйлийн 318.1, 318.4 дэх хэсэгт заасан гэрээ хэлцэл байсаар байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус учраас үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн 27 000 000 төгрөгийн үнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гарган шаардсан ч шүүх эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад зориулж хийсэн засвар гэж үзэн мөн эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.

Веллинэс вүмэн ХХК-д халаалтын доголдсоноос олох ёстой ашиг, түрээсийн төлбөрөө олж чадаагүй төдийгүй 25 000 000 төгрөгөөр засвар хийгээд түүнийхээ ашгийг 3 жилийн хугацаанд хүртэх байтал нэг жил ч болоогүй байхад засвартай байдлаар нь өгөөд гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Шүүх хуралдаанд Д.Г -ээс шүүх халаалтыг нь янзлаад өгвөл түрээсээ үргэлжлүүлэх боломжтой гэж байна гэхэд би засаж янзалж өгөхгүй гэсэн хариултыг өгч байсан.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г - нь хариуцагч Веллинэс вүмэн ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл, алдангид 53 550 000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эд хөрөнгийн засан сайжруулалтын зардал 27 000 000 төгрөг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр хөлслүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг эмэгтэйчүүдийн мэс заслийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг 3 жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч нь эхний 6 сарын хугацаанд 1 сарын хөлсийг 4 140 000 төгрөг, 7 дахь сараас 1 сарын хөлсөнд 4 500 000 төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгч тал хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх8-10/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, харин гэрээний төрлийн талаар маргажээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн үйл баримтыг тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна.

Хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээ цуцлагдсантай холбогдуулан эд хөрөнгөд засан сайжруулсан зардлаа сөрөг нэхэмжлэл гарган шаардсан байхад шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

Учир нь талууд үл хөдлөх хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар хөлслөхөөр харилцан тохиролцож, улмаар хариуцагчаас тухайн хөрөнгөд засвар хийсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд талууд гэрээ дуусгавар болсны дараа гэрээний зүйлийг хэрхэн буцааж өгөх талаар гэрээгээр тохиролцсон бол гэрээгээр, тохиролцоогүй бол Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу шийдвэрлэх журамтай. Анхан шатны шүүх талуудыг уг маргаж буй асуудалтай холбогдуулан мэтгэлцүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн эсэх, салгах боломжгүй засан сайжруулалт, холбогдох зардлыг хэрхэн тогтоож байгаа эсэхийг тодруулж, дүгнэлт хийх ёстой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД