| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0860/Э |
| Дугаар | 1214 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Д.Уянга,
Хохирогч Э.Чулуунчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Алдармаа,
Шинжээч Ц.Түвшинцэнгэл,
Гэрч Н.Мөнгөнтуяа,
Хохирогч, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ҮД:0356/,
Хохирогч, шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням /ҮД:0897/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 00444 0141 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Б дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, М.М /РД:
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Б дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, У.Т /РД:
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.М нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сити авто кар вош” угаалгын газрын орчимд У.Ттэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
У.Т нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сити авто кар вош” угаалгын газрын орчимд М.Мтэй маргалдан улмаар түүний унаж явсан иргэн Э.Чулуунчимэгийн эзэмшлийн “Тоёота камри” маркийн 74-84 УНЭ улсын дугаартай автомашиныг цохин толь, гупер зэргийг санаатайгаар гэмтээж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М өгсөн: “... Тухайн өдөр би Мөнгөнтуяатай машин угаалгын газрын үүдэнд уулзах гээд явж байсан. Хүний машин унаж явж байгаад эргэлтэн дээр зогсож байсан мотоциклийг хойд дугуй руу нь шүргээд унагаасан. Тэгээд тэнд хөдөлгөөн их байсан болохоор замаа чөлөөлье гээд ойролцоо байсан зогсоолд машинаа байрлуулж тавьчихаад буцаж ирээд уучлалт гуйхад У.Т чи төлж чадах юм уу гээд над руу дайраад байсан. Миний мотоцикл 2,500 долларын үнэтэй мотоцикл, чи төлж чадахгүй гэсэн. Би У.Тээс олон удаа уучлалт гуйсан, тэгээд маргалдаад байж байхад У.Т эвхдэг хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би зугатаад, биеэ хамгаалах гээд эргэж хараад У.Т цохьсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Тийн өгсөн: “... Тухайн үед Б.Мөнх-Эрдэнэ миний мотоциклийг шүргэчихээд зогсохгүй 200 метр орчим яваад нэг цэг дээр очиж зогссон. Авто осол хийчихээд зогсох ёстой байсан боловч миний шаардлагыг хүлээж авахгүйгээр явсан. Мөнх-Эрдэнийн зогссон газар нь би явж очоод бид хоёр муудалцсан. Би Б.Мөнх-Эрдэнийн унаж явсан машины толийг өшиглөсөн. Харин гуперийг эвдсэн гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа. Б.Мөнх-Эрдэнийн унаж явсан машины толийг өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна, би тухайн машинд болон Б.Мөнх-Эрдэнийн биед ямар нэгэн хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Чулуунчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Алдармаагийн өгсөн: “... Э.Чулуунчимэг нь 74-84 УНЭ улсын дугаартай Тоёота Камри маркийн машинтай байсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.Мөнх-Эрдэнэтэй машинаа сольж унаад, 2017 оны 07 дугаар сарын 21-ны шөнө Б.Мөнх-Эрдэнэ машиныг нь авчирч өгсөн байдаг. Авч ирэхдээ нэг талын толийг нь хугалсан, гуперийг нь цөмөлсөн байдалтай авч ирсэн байдаг. Б.Мөнх-Эрдэнээс чи яагаад машин ийм болгочихож байгаа юм бэ гэж асуухад би ингээгүй, хүнтэй муудалцаад таны машиныг ийм болгочихлоо, тэр хүн хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлсэн байдаг. Толио таньдаг хүнээсээ хямдруулаад 450,000 төгрөгөөр авсан, гуперээ машинаа зарахдаа машин зарах үнэнээс 1,000,000 төгрөг хасаад өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М өгсөн: “... Би хэрэг гарах үед эгчийнхээ машиныг унаад явж байсан. Тухайн мотоциклийг санаатай мөргөөгүй. Тэгээд надад чи миний мотоциклийг мөргөсөн юм чинь би бас машиныг чинь цохино гэж хэлээд гупер, толь хоёрыг цохисон. Мөн би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан чамайг доошоо хийчихэж чадна гэж хэлээд намайг доромжилсон. Би эргээд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Харин чамд ямар нэгэн хохирол учруулсан бол эргээд төлөөд өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Тийн өгсөн: “... Би эд хөрөнгөөс илүү бие махбодийн хохирол авсан гэж бодож байна. Биеийн эрүүл мэндийн байдлынхаа талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдэн хавсаргасан. Миний нүүрний хагас нь мэдээгүй. Би ийм байдалтай 1 жил 3 сар явж байна. Бага зэрэг ядрахаар нүүр унждаг. Хамар хугарч, хацрын хэсэг цөмөрсөн, шүд мэдээгүй болсон. Надад бодитоор учирсан бүх хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилж байна. Мөн энэ осол нь энгийн нэг осол биш санаатай өс хонзонгийн шинжтэй үйлдэгдсэн хэрэг гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... Тэмүүлэн бид хоёр салхилаад явж байсан. Тэгээд явж байхад Мөнх-Эрдэнэ над руу залгаад хаана байна гэхээр нь би “Car wash” дээр байна гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ одоо очлоо гэсэн. Тэгээд Тэмүүлэн бид хоёр “Car wash” дээр очоод шатаар дээшээ гарах гэж байхад нэг машин ирээд Тэмүүлэнгийн мотоциклийг шүргэсэн. Тухайн машин дотроос Мөнх-Эрдэнэ бууж ирсэн. Тэгээд хойноос нь олон машин сигналдаад байсан болохоор хөдлөөд явсан. Тэмүүлэн араас нь зугатаачихлаа гээд орилоод байсан... Тэмүүлэн уурлаад Мөнх-Эрдэнийг хойноос нь хөөгөөд байсан... Тэмүүлэн буцаж ирэхдээ хамраас нь цус гарсан байсан... Тэмүүлэн уурлаад Мөнх-Эрдэнийн машины гуперийг цохиод толийг нь өшиглсөсөн. Эхлээд толийг нь өшиглөж хагалсан, дараа нь гуперийг нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Түвшинцэнгэлийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсээс хөрөнгө орлогын үнэлгээний “Дамно” ХХК-д шинжээч томилох тогтоол ирсэн. Үүний дагуу манайхаас 12 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэшсэн үнэлгээчнээр миний бие болон туслах үнэлгээчин Гантуул, Нямцацрал гэсэн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр 247,363 төгрөг гарсан. Энэ мөнгөн дүн гарах болсон шалтгаан нь тухайн мотоциклийн урд, хойд талын хоёр талын амортизатор байдаг. Мотоциклийн урд уу, хойд уу гэдгийг тогтоох талаар бид бүхэнд тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн байцаагчид гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Харин надад дүгнэлт гаргах хугацаа дууслаа. Дүгнэлтээ хурдан гаргаж өг гэж хэлсэн. Иймд бид хойд талын амортизатор хямд, урд талынх нь үнэтэй байдаг болохоор бага үнийн дүнтэй хойд амортизаторын дүгнэлтээр гаргасан. Тухайн мотоцикль 2010 онд үйлдвэрлэгдсэн байсан. Бид ажил үүргийнхээ дагуу элэгдэлтийг дүгнээд хохирлын хэмжээг тогтоосон. Тэгээд тогтоолын биелэлтийн 3 хоногийн дотор дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн. Мөн машины үнэлгээний хувьд тогтоол нь өөр цаг, он дээрээс үнэлэгдэж ирсэн. Тухайн мотоциклоос өмнө 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тогтоол үйлдэгдээд, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлт хүргүүлсэн. Мөн адил Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс шинжээч томилох тогтоол ирсэний дагуу шинжээч томилсон. Бид бүхний зүгээс тухайн толь, гупер хоёрын борлогдох үнээр үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үнэлэгдэж байгаа үнийн хуучин сэлбэгийн үнээр тавигдсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Тийн өгсөн: “... Тоёота камри маркийн автомашин ирж мөргөөд миний мотоциклыг унагаасан би мотоциклийнхаа хажууд байсан болохоор жолооч залууг чи наанаа зогсож бай, бичиг баримтаа аваад ир гэсэн... жолооч залуу бууж ирж байх шиг байсан... надтай маргалдаж хоорондоо заамдалцан маргалдаж байгаад би уурандаа машины толийг өшиглөтөл хажуугаас тэр залуу намайг толгой руу цохиж зодоод байсан, би арын халааснаасаа асаагуур гаргаж ирээд цохих гэтэл миний хамраас цус гараад байхаар нь тэр залууг нэг ч цохиогүй, тэгээд би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.9-11/,
Цагдаагийн байгууллагад М.М гаргасан өргөдөл, тайлбар /хх.12,56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М хохирогч болон гэрчээр өгсөн: “... над руу дайрч байснаа машины их гэрэл рүү өшиглөснөө дараа нь баруун талын толь руу өшиглөөд хугалчихсан юм. Тэгэхээр нь би очоод барьцалдаад авсан чинь арын халааснаасаа жижиг эвхдэг хутга гаргаад ирэхээр нь хойшоо жаахан зугатаж байгаад би эргэж ирээд дахиад хутгатай дайраад байхаар нь би сандарсандаа зүүн талынх нь хацар луу нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гараад тэгээд л салаад тэр залуу цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.15-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Чулуунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... уулзвар огцом эргэдэг учраас Мөнх-Эрдэнэ мотоциклийг нь санамсаргүй машинаараа шүргэхэд мотоцикль нь унасан... Тэгээд шууд Мөнх-Эрдэнийг заамдаж аваад чи бацаан минь албаар мөргөж байна уу Монголд ганцхан байдаг 2,000,000 ам.долларын үнэтэй BMW мотоцикль чи төлж чадах юм уу... гээд орилоод байсан. Тэмүүлэн мотоциклоо үнэтэйгээр нь хэлээд мөргөчихлөө, чи миний мотоцкпыг унагаасан юм чинь би чиний гэрлийг хагална, чи эр хүн юм бол хагалуулчих гэсэн. Тэгээд машин дээр очоод машины гэрэл рүү 4, 5 удаа Тэмүүлэн өшиглөхөд зүгээр байсан... нөгөө талд нь очоод толийг 2, 3 удаа өшиглөчихөөд толийг нь салгачихсан... Тэмүүлэн халааснаасаа нэг юм гаргаад ирсэн шууд Мөнх-Эрдэнэ рүү дайрсан... Мөнх-Эрдэнэ зугатаасан. Ганц хоёр алхаад нөгөө хоёр руу явтал Тэмүүлэн хамраа гараараа дарчихсан зогсож байхаар нь “яасан юу болов” гээд очтол Тэмүүлэнгийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд танай найз залуу намайг зодчихлоо гэсэн. Цагдаа нар ирсэн... ” гэх мэдүүлэг /хх.21-22/,
“... ямар ч байсан Мөнх-Эрдэнийн унаж явсан машины толийг хөлөөрөө өшиглөн салгаж унагаасан. Тэгээд бас урд гупер лүү нь өшиглөн хонхойлгож цөмөлсөн” гэх мэдүүлэг /хх.147/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Лувсанренчингийн өгсөн мэдүүлэг /хх.23/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолууд /хх.24,29,34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шазрын шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 9320 дугаартай дүгнэлт /хх.25/,
“Дамно” ХХК-й гаргасан мотоциклийн эвдрэл, гэмтэлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30/,
“Дамно” ХХК-й гаргасан автомашины эвдрэл, гэмтэлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.35/,
Шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэлүүд /хх.27,28,32,33,37,38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед найз охин Мөнгөнтуяатай уулзахаар гэр лүү нь явж байсан юм. Ингээд “Сити кар вош” угаалгын газрын орчимд замын эргүүлэг дээр замын хажууд байсан мотоциклыг санаандгүй мөргөж унагаасан. Тэгтэл Тэмүүлэн гэдэг залуу хажууд ирээд над руу уурлаад унаж явсан “Камри” машины баруун талын толийг шууд өшиглөж хугалаад, тэгээд урд гупер руу өшиглөж цөмөлсөн...” гэх мэдүүлэг /хх.57-58/,
“... Тэгээд би ... уучлалт гуйхад урдаас шууд дайраад арынхаа халааснаас хутга гаргаж ирээд дайрсан. Тэгээд би сандарсандаа нүүрэн тус газар нь цохьсон” гэх мэдүүлэг /хх.151-152/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.63,80/,
Техникийн тодорхойлолт /хх.66/,
М.М хувийн байдлын талаарх тодорхойлолтууд /хх.67,68/,
Албан бичиг, лавлагаа /хх.79,82/,
У.Тийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, томографийн шинжилгээ, хохирлын баримт /хх.26,86-94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Чулуунчимэгийн өгсөн: “... Мөнх-Эрдэнэтэй машинаа сольж унах хэрэг гарсан юм. Тэгтэл Мөнх-Эрдэнэ унаж яваад хүнтэй маргалдаад, тэр маргасан залуу нь машины нэг талын толийг хугалж, урд гуперыг нь цөмөлж хонхойлгож гэмтээсэн байсан... машины толь, гуперыг нийлүүлээд янзалсан... мөнгөө Мөнх-Эрдэнээс гаргуулсан...” гэх мэдүүлэг /хх.145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Хулангийн өгсөн: “... Мөнх-Эрдэнэ нэг залуутай маргалдаад Мөнх-Эрдэнийн машины толийг хугалсан бололтой толь хугалчихлаа гэж маргалдаад байсан... Мөнх-Эрдэнэтэй маргаж байсан залуу гэнэт түлхүүрүүдтэй холбоотой гялтгар хээтэй ч юм шиг эвхдэг хутга гаргаж иртэл Мөнх-Эрдэнэ “Сити кар вош” тал руу зугатаж гүйхэд нөгөө залуу араас нь гүйсэн юм. Тэгтэл хоёулаа хувцас, нүүр, ам нь цус болсон ирсэн...” гэх мэдүүлэг /хх.148-150/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
М.М нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сити авто кар вош” угаалгын газрын орчимд У.Ттэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Тийн өгсөн: “... надтай маргалдаж хоорондоо заамдалцан маргалдаж байгаад би уурандаа машины толийг өшиглөтөл хажуугаас тэр залуу намайг толгой руу цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх.10,11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... Тэмүүлэн халааснаасаа нэг юм гаргаад ирсэн шууд Мөнх-Эрдэнэ рүү дайрсан... Мөнх-Эрдэнэ зугатаасан. Ганц хоёр алхаад нөгөө хоёр руу явтал Тэмүүлэн хамраа гараараа дарчихсан зогсож байхаар нь “яасан юу болов” гээд очтол Тэмүүлэнгийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд танай найз залуу намайг зодчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шазрын шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 9320 дугаартай дүгнэлт /хх.25/,
“Дамно” ХХК-й гаргасан мотоциклийн эвдрэл, гэмтэлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би ... уучлалт гуйхад урдаас шууд дайраад арынхаа халааснаас хутга гаргаж ирээд дайрсан. Тэгээд би сандарсандаа нүүрэн тус газар нь цохьсон” гэх мэдүүлэг /хх.58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Хулангийн өгсөн: “... Мөнх-Эрдэнэтэй маргаж байсан залуу гэнэт түлхүүрүүдтэй холбоотой гялтгар хээтэй ч юм шиг эвхдэг хутга гаргаж иртэл Мөнх-Эрдэнэ “Сити кар вош” тал руу зугатаж гүйхэд нөгөө залуу араас нь гүйсэн юм. Тэгтэл хоёулаа хувцас, нүүр, ам нь цус болсон ирсэн...” гэх мэдүүлэг /хх.150/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Тийн өгсөн: “... Хамар хугарч, хацрын хэсэг цөмөрсөн, шүд мэдээгүй болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... Тэгээд Тэмүүлэн бид хоёр “Car wash” дээр очоод шатаар дээшээ гарах гэж байхад нэг машин ирээд Тэмүүлэнгийн мотоциклийг шүргэсэн. Тухайн машин дотроос Мөнх-Эрдэнэ бууж ирсэн. Тэгээд хойноос нь олон машин сигналдаад байсан болохоор хөдлөөд явсан... Тэмүүлэн уурлаад Мөнх-Эрдэнийг хойноос нь хөөгөөд байсан... Тэмүүлэн буцаж ирэхдээ хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Түвшинцэнгэлийн өгсөн: “... Иймд бид хойд талын амортизатор хямд, урд талынх нь үнэтэй байдаг болохоор бага үнийн дүнтэй хойд амортизаторын дүгнэлтээр гаргасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
У.Т нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сити авто кар вош” угаалгын газрын орчимд М.Мтэй маргалдан улмаар түүний унаж явсан Э.Чулуунчимэгийн эзэмшлийн “Тоёота камри” маркийн 74-84 УНЭ улсын дугаартай автомашиныг цохин толь, гупер зэргийг санаатайгаар гэмтээж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М хохирогч болон гэрчээр өгсөн: “... над руу дайрч байснаа машины их гэрэл рүү өшиглөснөө дараа нь баруун талын толь руу өшиглөөд хугалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.15-18/,
“Дамно” ХХК-й гаргасан автомашины эвдрэл, гэмтэлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М яллагдагчаар өгсөн: “... Ингээд “Сити кар вош” угаалгын газрын орчимд замын эргүүлэг дээр замын хажууд байсан мотоциклыг санаандгүй мөргөж унагаасан. Тэгтэл Тэмүүлэн гэдэг залуу хажууд ирээд над руу уурлаад унаж явсан “Камри” машины баруун талын толийг шууд өшиглөж хугалаад, тэгээд урд гупер руу өшиглөж цөмөлсөн” гэх мэдүүлэг /хх.58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Чулуунчимэгийн өгсөн: “... Тэгтэл Мөнх-Эрдэнэ унаж яваад хүнтэй маргалдаад, тэр маргасан залуу нь машины нэг талын толийг хугалж, урд гуперыг нь цөмөлж хонхойлгож гэмтээсэн байсан... машины толь, гуперыг нийлүүлээд янзалсан... мөнгөө Мөнх-Эрдэнээс гаргуулсан...” гэх мэдүүлэг /хх.145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... ямар ч байсан Мөнх-Эрдэнийн унаж явсан машины толийг хөлөөрөө өшиглөн салгаж унагаасан. Тэгээд бас урд гупер лүү нь өшиглөн хонхойлгож цөмөлсөн” гэх мэдүүлэг /хх. 21-22, 147/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Хулангийн өгсөн: “... Мөнх-Эрдэнэ нэг залуутай маргалдаад Мөнх-Эрдэнийн машины толийг хугалсан бололтой толь хугалчихлаа гэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.150/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М өгсөн: “... Тэгээд надад чи миний мотоциклийг мөргөсөн юм чинь би бас машиныг чинь цохино гэж хэлээд гупер, толь хоёрыг цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Мөнгөнтуяагийн өгсөн: “... Тэмүүлэн уурлаад Мөнх-Эрдэнийн машины гуперийг цохиод толийг нь өшиглсөсөн. Эхлээд толийг нь өшиглөж хагалсан, дараа нь гуперийг нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Түвшинцэнгэлийн өгсөн: “... Бид бүхний зүгээс тухайн толь, гупер хоёрын борлогдох үнээр үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үнэлэгдэж байгаа үнийн хуучин сэлбэгийн үнээр тавигдсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
М.М, У.Т нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
У.Т хутга гарган дайрч хөөхөд М.М нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахыг тухайн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч У.Т цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан М.М үйлдэлд аргагүй хамгаалалтын байдал буюу уг довтолгоон бодитой байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэв.
М.М эр эмийн хардалт, өс хонзонгийн сэдэлтээр, У.Тийн мотоциклийн амортизаторыг эвдэлж гэмтээн, улмаар хэргийн газраас зугатааж гэмт хэрэг үйлдсэн, У.Т автомашины гуперийг эвдээгүй, эд зүйлсийн үнэлгээ бодитой биш гэсэн тухайн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч тайлбарлан мэтгэлзэж байна.
Гэвч М.М бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, У.Т автомашины гуперийг цохиж гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн эд зүйлсийн эвдэрч гэмтсэн байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлж аваагүй учир тэдгээр эд зүйлсийн үнийг зах зээлийн ханшаар тогтоосон үнэлгээгээр хохирол, нэхэмжлэлийн хэмжээг тогтоох нь зүйд нийцэх бөгөөд хохирогч Э.Чулуунчимэгийн автомашины эвдэрсэн толь, гуперийг дахин ашиглах боломжгүй болсон талаар хохирогч Э.Чулуунчимэгийн хууль ёсны төлөөлөгч С.Алдармаа, шүүгдэгч М.М нар мэдүүлж байх ба гэмтсэн эд зүйлсээ дахин хэрэглэж ашиглах эсэх нь тухайн эзэмшигчийн эрхийн асуудал юм.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь, У.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцлоо.
Хохирогч У.Т нь эмчилгээний зардалд 1,654,970 төгрөг, мотоциклийн хохиролд 247,363 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдсон томографийн шинжилгээний үнэ 120,000 төгрөг, толгойн бүрэн зурагны үнэ 110,000 төгрөг /хх.90/, мэс заслын төлбөр 507,960 төгрөг, эм тариа хэрэгсэлийн үнэ 9,500 төгрөг болон 10,200 төгрөг /хх.91/, шинжилгээний төлбөр 87,000 төгрөг /хх.94/, нийт 944,660 төгрөг, эд хөрөнгийн хохирол 247,363 төгрөг, бүгд 1,192,023 төгрөгийг шүүгдэгч М.Мэс гаргуулж хохирогч У.Тд, шүүгдэгч У.Тээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Чулуунчимэгт тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч У.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох М.Мэс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.М “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, У.Тийн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хөнгөн гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өнгөрсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
М.М, У.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, У.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 00444 0141 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
3. М.М, У.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэс 1,192,023 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Тд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Чулуунчимэгт тус тус олгосугай.
5. Хохирогч У.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Мэс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М, У.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР