Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/740

 

 

 

 

    2025          06             12                                      2025/ДШМ/740

 

Д.Ц, Д.Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дашням,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цын өмгөөлөгч Ч.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, С.Э нарын өмгөөлөгч Б.Лхагвадорж,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ц, Д.Г нарт холбогдох 2108001381650 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Д.Ц нь “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк сайтад “барилгын ажлын үнэ хямдарсан, урамшуулал зарлалаа, хувийн орон сууц барьж өгнө, хөнгөлөлтэй үнээр, хямдралтай, урамшуулалтай үнээр хувийн байшин барих, өөрийн эзэмшлийн газар дээр ОХУ-ын дүнзэн торхоор амины орон сууц барьж өгье. төлбөрөө 100% төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ, амины орон сууц барина” гэсэн заруудыг байршуулж, улмаар уг заруудын дагуу амины орон сууц бариулахаар хандсан иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар гэрээ байгуулан төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр,

- хохирогч С.Дгаас урьдчилгаа болгож 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 166.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч нийт 186.000.000 төгрөгийг,

- хохирогч Л.Сос 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 153.600.000 төгрөгийг,

- хохирогч Б.Эгээс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ...1 дугаартай дансаар 9.523.500 төгрөгийг,

- хохирогч Ч.Тээс 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн “Голомт банк”-ны .... дугаарын дансаар 61.400.000 төргрөгийг,

- хохирогч М.Эаас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн хаан банкны ...1 дугаартай дансаар 91.500.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Гын Хаан банкны ... дугаартай дансаар 13.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Гын Хаан банкны ... дугаарын дансаар 90.000. 000 төгрөг, нийт 194.500.000 төгрөгийг,

- хохирогч Г.Доос 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймагт байхдаа өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ... тоот дансаар 32.580.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000. 000 төгрөг, нийт 332.580.000 төгрөгийг,

- хохирогч Б.Оээс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ... дугаартай дансаар 25.200.000 төгрөгийг,

- хохирогч М.Оээс 2017 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаартай дансаар 19.200.000 төгрөгийг,

- хохирогч С.Эгаас 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12.000. 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 138.172.500 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150.172.500 төгрөгийг,

- хохирогч Ц.Сос 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа төрсөн хүү Н.Гын ... тоот дансаар урьдчилгаа 18.000.000 төгрөг, “самсунг жи 6” загварын гар утсыг 2.000.000 төгрөгт тооцож нийт 20.000.000 төгрөгийг, нийт нэр бүхий 10 хохирогчоос 1.152.176.000 төгрөгийг залилан авсан,

- мөн шүүгдэгч Д.Гтай бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Оросын наамал дүнзэн байшин 2 сарын хугацаанд барина, төлбөрт орон сууц оролцуулж болно” гэсэн зар байршуулж, улмаар уг зарын дагуу байшин бариулахаар ирсэн хохирогч П.Оийг хуурч, байшин баригдах боломжгүй, санхүүгийн асуудалтай байдлаа мэдсээр байж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 302.100.000 төгрөгийн гэрээ байгуулж, 45.060.000 төгрөгийг “...” ХХК-ийн “Голомт банк” ХХК-ийн .... тоот дансаар шилжүүлж авсан, мөн хохирогчийн нэр дээрх орон сууцыг бусдын нэр дээр шилжүүлэн авч 302.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь Д.Цтой бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Оросын наамал дүнзэн байшин 2 сарын хугацаанд барина, төлбөрт орон сууц оролцуулж болно” гэсэн зар байршуулж, улмаар уг зарын дагуу байшин бариулахаар ирсэн хохирогч П.Оийг хуурч, байшин баригдах боломжгүй, санхүүгийн асуудалтай байдлаа мэдсээр байж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 302.100.000 төгрөгийн гэрээ байгуулж, 45.060.000 төгрөгийг “...” ХХК-ийн “Голомт банк” ХХК-ийн .... тоот дансаар шилжүүлж авсан, хохирогчийн нэр дээрх орон сууцыг шилжүүлэн авч 302.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25.000 /хорин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ц, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ггийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 08 дугаарь сарын 21-ний өдрийн 1174 дугаартай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ггийн /РД:МЮ85070564/ өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м/к талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... орон сууцыг хохирогч П.Оийн /.../ нэр дээр шилжүүлэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Д.Г, Д.Ц нарт Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1157 дугаар шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 онд “...” ХХК-д ажилд олж захирал болон удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж ажиллсан. Хохирогч гэх П.О нь хаус бариулах гэрээ байгуулан төлбөрт өөрийн орон сууцын оролцуулахаар тохиролцсон быайсан. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнд компанийн захирлын үгэнд орж “байрыг аваад өөрийн нэр дээр шийлжүүлж ав” гэсэн үүргийг л гүйцэтгэсэн. Түүнээс “...” ХХК-ийн гэрээгээр хохирогч ... хуурч мэхлэх, тэр байрыг өөрийн болгох, буцааж өгөхгүй байх санаа зорилго надад байгаагүй.

“...” ХХК нь тухайн үед хаус барьдаг байсан бөгөөд миний бие борлуулалтын менежерийн үүрэг ажилтай, түүнийхээ дагуу л мэдээлэл өгч хаусны захиалга авч, гэрээ байгуулсан. Түүнээс би өөрөө хаус барина, би байрыг өөрөө авна гэсэн зүйл огтхон ч байгаагүй. Тухайн үед хаус компанийн хаус барих эдийн засгийн боломжгүй байсан гэж байгаа нь худлаа, хангалттай боломжтой, эргэлттэй, байшин баригдаад явж байсан цаг үе билээ. Олон ч барилга баригдаж ашиглалтад орж хүлээлгэн өгч байсан.

Компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалан бусдын эд хөрөнгө, эсвэл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй, өгөхгүй байх гэмт санаа төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг хэмээн шүүх тодорхойлжээ.

Д.Г би гэрээ байгуулах үед эсвэл гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн гэм буруутай үйлдэл огт хийгээгүй гэж үзэж байна. Миний буруутай үйлдэл гэвэл тэр орон сууцыг өөрийн нэр дээр юу ч бодолгүй “за” гэж зөвшөөрч шилжүүлсэн нь л байна. Өөрөөр хэлбэл бартерт орж ирсэн тэр байрыг удирдлагын өгсөн үүргийн дагуу өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан явдал юм. Түүнээс энэ байрыг анхнаасаа би аваад залилаад өөрөө эзэмшээд байшинг нь бариад алга болох санаа зорилго байгаагүй билээ. Шилжүүлэн авсныхаа дараагаар П.Оийн байшинд мөнгийг нь зарцуулахын тулд зар тавьж зарах гэж олон удаа оролдсон боловч зарагдахгүй байсан. Зарагдахгүй байсан болохоор захирал угаасаа банкны зээл авахаар материалаа бүрдүүлсэн байсан, дотроо оруулж барьцаа бүртгүүлж Голомт банкнаас зээл авсан. Би энэ зээлийн мөнгөнөөс нэг төгрөг, нэг мянган төгрөг ч авч хэрэглэж өөртөө хувьдаа зарцуулаагүй. Миний нэр дээр байсан болохоор банкны зээлийн үйл ажиллагаанд оролцохоос өөр арга байгаагүй. Сүүлд зээлийн барьцаанд оруулсаны дараагаар энэхүү байрыг түрээсэлсэн. Гэхдээ энэхүү түрээсийг би дур мэдэн түрээсэлж, би дур мэдэн мөнгийг нь хэрэглээгүй. Энэ компанийн удирдлага түрээсийн төлбөрийг авдаг байсан. Яагаад гэвэл энэ миний орон сууц биш шүү дээ, минийх болно ч гэж би хэзээ ч зүтгээгүй зүтгэж хэн нэгэнтэй булаалцалдаж ч байгаагүй. Байшин нь баригдаагүй юм чинь буцааж шилжүүлж өгье л гэдэг байсан. Хохирогч гэх хүмүүс өөрсдөө мэдэж байгаа. Гол асууудал нь “...” ХХК-ийн зээлийн барьцаанд Голомт банкинд байсан. Ийм байхад би яаж шилжүүлж өгөх вэ дээ, энэ маргаануудад би өөрөө ч цаг заваа бараад иргэний маргаанд нь оролцож л явсан. Мэдээж хүний орон сууцыг банкны барьцаанд алдахгүй тулд.

Зээлийн барьцаанд тэр орон сууцыг тавих мөн түрээслүүлж мөнгө авах зэрэг нь ер нь бол надад огт хамааралгүй зүйл. Үр шимийг нь хүртээд би өнөөдөр энд тэр орон сууцыг булаацалдаад маргаан үүсгэсэн зүйл надад огт байдаггүй. Иймээс би хохирогчийг төөрөгдүүлэх хуурч мэхлэх ямар ч шаардлага байхгүй. Шүүх эхлээд гэрээ байгуулсны дараа биелэгдэх боломжгүй болмогц гээд дараа нь иргэдийг төөрөгдөлд оруулан хуурч гэрээ байгуулсан гэж байна. Шүүхийн дүгнэсэн шиг цахим хэрэгслээр зар тавиагүй, энэ миний ажил үүргийн хуваарьт байдаггүй. “...” ХХК-д зар сурталчилгаа, фэйсбүүк хуудсыг хөтлөн явуулдаг хүмүүс ажилладаг байсан.

Би ямар ч эрх мэдэлгүй зөвхөн цалингаа авдаг ажилтан, надад тэр мөнгө зээл санхүү зэргийг мэдэх боломж ч байхгүй мэдэх шаардлага ч байхгүй. Би эсвэл энэ ажлыг хийхгүй байсан ч болно. Надад залилах санаа төрөөд би энэ ажилтай зууралдаад байх шаардлага байхүй байсан. Гэхдээ би эхлүүлсэн ажлаа захиалга өгсөн захиалагчиддаа ажлыг нь хийж хүлээлгэн өгч ахиж дэвшиж, барилгын талаар мэдлэг мэдээлэл олж авах өсч дэвжих зэрэг хүсэлтэй байсан болохоос хэн нэгнийг мэхлэх залилах санаа гаргаж ажил хийнэ гэж миний хувьд, миний хүмүүжилд тийм зүйл байхгүй. Би 4 хүүхдээ өөрийн хөдөлмөрийн үр шимээрээ хөгшин настай тэтгэвэрт байдаг аав, ээжийнхээ тэтгэвэр зэргээр тэжэээн амьдралаа авч яваа өрх толгойлсон ээж билээ. Надад сурсан мэдсэн хийж хэрэгжүүлсэн ажлууд байгаа учраас би хүн залилж амьдралаа залгуулах шаардлага байхгүй.

Шүүх шударга байж чадсангүй, улсын яллагч саналаа эхлээд 10.000.000 төгрөгөөр шийтгэх санал гаргаж байснаа удалгүй 25.000.000 төгрөг болгож өгсөн. Шүүх түүгээр нь ялласан. Гэмт үйлдлийн тоо, хэмжээ, хохирлын хэмжээ хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл яагаад миний хувьд ийм өндөр ялгаагүй байгаа вэ. Компанийн захирал гээд олон үйлдэлтэй гээд шүүх дүгнээд байгаа үйлдэлд 30.000.000 төгрөг надад 25.000.000 төгрөг байгаа юм. Энэ нь зохистой харьцаа мөн үү. Шүүх хувийн байдлыг маань огт судлаагүй, учир нь намайг 2 хүүхэдтэй нөхөртэй гэжээ. Би шүүхэд 4 хүүхдийнхээ төрсний гэрчилгээг гаргаж өгсөн. Нөхөр маань хаяад явсан нөхөргүй гэж мэдүүлээд байхад ямар үндэслэлээр хоёр хүүхэдтэй нөхөртэй гээд байгаа вэ.

Шүүхийн оногдуулж байгаа ял нь шударга ёсны зарчмын агуулга гэжээ. Гэтэл энд ямар ч шударга зүйл алга. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй байх тул намайг цагаатгаж өгнө үү. ....” гэв.   

Шүүгдэгчийн Д.Ггийн өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэрэгт анхнаасаа “эрүүгийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаантай холбоотой хэрэг” гэсэн байр суурийг баримталж ирсэн. Юуны өмнө хэлэхэд, энэхүү хавтаст хэрэг нь нийтдээ 16 хавтастай, тухайн компанийн 2011 оноос хойших буюу байгуулагдсан цагаасаа хойших үйл ажиллагаа, санхүү, барилгын захиалгийн гэрээнүүд, гүйцэтгэл, төлбөрийн баримтууд зэрэг хангалттай тооны баримтуудыг агуулсан. Эдгээр баримтаас харахад компанийн үндсэн үйл ажиллагаа нь хаус барих, борлуулах чиглэлтэй байсныг шүүх бодитоор үнэлэх шаардлагатай байсан. 2019 оноос тус компанийн санхүүгийн байдал муудаж, 2020 оноос улам дордсон нь хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан. Би тухайн үед компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэхүү санхүүгийн хүндрэлийг үндэслэн дампуурлын хэрэг үүсгэх талаар компанид сануулж, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөсөн. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь бизнесийн эрсдэлтэй нөхцөлд захиалга авч үргэлжлүүлэн ажиллавал хожим үүсэх хохирлын цар хүрээ улам нэмэгдэх нь гарцаагүй байсан. Өнөөдөр энэхүү нөхцөл байдлаас үүдэн хохирогчид үүссэн бөгөөд энэ нь эдийн засгийн эргэлттэй холбоотой, дампуурлын шалтгаант иргэний харилцаанаас үүдэлтэй асуудал юм. Хэрэв шүүх энэ хэргийг цогц байдлаар үнэлсэн бол уг компани барилга барьж, захиалгаар ажил гүйцэтгэж байсан нь илт харагдах байсан. Гэтэл хэргийг эрүүгийн хэрэг гэж үзсэн үндэслэл нь "хохирогчийг төөрөгдүүлсэн, бодит байдлыг нуусан" гэх агуулгатай байгааг бид эс зөвшөөрч байна. Хуулийн агуулгаар энэ бол иргэний гэрээний биелэлттэй холбоотой маргаан бөгөөд эрүүгийн гэмт хэрэгт хамаарах нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Хохирогчийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлд үндэслэн шүүгдэгч Д.Ц болон Д.Гг "бүлэглэн, фейсбүүк хуудсаар дамжуулан залилсан" гэж үзсэн нь зохих баримт, логик үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн фейсбүүк хуудас нь ... компанийн албан ёсны мэдээллийн суваг бөгөөд тухайн хуудсыг ашиглах, түүнд зар нийтлэх, хэрэглэгчтэй харилцах ажиллагаа нь тухайн ажилтны үүргийн хүрээнд, компанийн нэрийн өмнөөс хэрэгжиж байсан нь баримтаар нотлогдож байгаа. Ийм байхад, албан тушаалаа урвуулан ашигласан, эсвэл компанийн мэдээллийн хэрэгслийг хувийн зорилгоор ашигласан гэх үндэслэл нь хангалттай нотлогдоогүй, таамаглалын түвшинд үнэлэгдсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан хэдий ч, уг хэрэгт хохирогчоор тогтоогдоод буй иргэдийн ихэнх нь ижил нөхцөл байдалтай иргэний хэрэг дээр мөн адил хохирогчоор оролцож, тэдгээр хэрэг шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн, зарим нь шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд шилжээд явж байгаа нь баримтаар нотлогдож байгаа. Жишээлбэл, иргэн С.Эгийн байшин баригдсан, түүнтэй байгуулсан гэрээний доголдолтой холбоотой асуудал иргэний хэрэг хэлбэрээр шүүхэд шийдвэрлэгдсэн байдаг. Иймд дээрх бүх нөхцөл байдлыг үндэслэн энэхүү хэрэг нь цэвэр иргэний эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн маргаан бөгөөд эрүүгийн хэрэгт хамаарахгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн шүүх хуралдаанд миний зүгээс гаргасан саналууд, тайлбаруудыг шүүх шийдвэр гаргахдаа хангалттай үнэлээгүй, шийтгэх тогтоолд тусгагдаагүй, бодитой үндэслэлээр дүгнээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг хангасан, бодит байдлыг бүх талаас үнэлсэн, шударга шийдвэр гаргахыг шүүхээс хүсэн шаардаж байна. Тиймээс дүгнэж хэлэхэд энэ бол иргэний хэрэг бөгөөд Оийн хувьд 2019 оноос эхлэн иргэний журмаар хэргийг шийдвэрлүүлэхийн тулд Улсын дээд шүүх хүртэл маргалдсан. Хэргийн хувьд гэмт хэргийн шинж болон гэм буруу, бодит байдлаас дүгнэж, эрүүгийн хэрэг биш тул шүүгдэгч Д.Гг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол нь шүүгдэгч Д.Ггийнх тул мөн түүний гүйцэтгэх захирал байсны хувьд тодорхой тайлбарыг хэлье. Д.Г нь энэ хэргийн улмаас хохирогч болж байгаа, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь түүний эзэмшилд огт очоогүй. Нэр төдий байсан болохоос биш ... ХХК-д шилжиж ирсэн өмч байсан бөгөөд компанийн зүгээс банканд барьцаанд тавьсан. Одоог хүртэл ч энэ байр “...” компанийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд банкны барьцаанд байсан байрыг “...” компани өөрөө төлбөрөө хийж байж сулласан. Ийм нөхцөлд шүүгдэгч Д.Гг уг байртай холбоотойгоор ашиг олсон, санаатайгаар бусдыг мэхэлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд уг асуудлыг залилангийн гэмт хэрэг гэж үзэхэд заавал тухайн этгээд өөр дээрээ ашиг авч, бодит хохирлыг санаатайгаар бий болгосон нь нотлогдох ёстой. Харин Д.Г дээр ийм агуулгатай баримт, нотолгоо огт тогтоогдоогүй байна. Д.Г нь өнөөдөр дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй хүн. Ийм нөхцөлд түүнд эрүүгийн хэрэгт холбогдуулж, өндөр хэмжээний торгуулийн ял оноосон нь миний хувьд ч шударга бус шийдвэр гэж үзэж байна. Энэ хэрэгт бид хоёрт холбогдуулан нийт 11 хохирогчийн асуудлыг хамруулсан. Сонсоход олон хохирогчтой, асар их хэмжээний мөнгө залилсан мэт сэтгэгдэл төрүүлж болох ч бодит байдал дээр бол нийт 11 захиалагчийн асуудал л яригдаж байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд бүх захиалагчдын мөнгөн гүйлгээ Д.Цгийн дансаар хийгдсэн мэтээр бичсэн боловч үүнийг бодит байдалтай тулгаж харвал тэдгээрийн 7 нь “...” компанитай өөрсдөө биечлэн гэрээ байгуулж, тухайн гэрээний үндсэн дээр барилга баригдсан байдаг. Барилгын ажил ч тухайн захиалагчийн төлсөн урьдчилгааны хэмжээнд баригдсан. Жишээлбэл, зарим хохирогч 30–50 хувь хүртэл урьдчилгаа төлсөн бөгөөд түүний дагуу барилга 50–70 хувийн гүйцэтгэлтэй болсон байдаг. Гэтэл хохирогч өөрөө үлдэгдэл төлбөрөө төлөхгүй зогссон нь маргаан үүсэх шалтгаан болж байгаа. Энэ бүх тохиолдол бол барилгын гүйцэтгэлийн маргаан бөгөөд цэвэр иргэний эрх зүйн шинжтэй асуудал юм. Надад хамааруулсан эдгээр маргаануудын ихэнх нь 2017–2018 оны үед үүссэн асуудал. Би өөрөө 2016 оны 09-р сард амаржиж, төрсний дараах чөлөө авсан тул уг үед гэрээ байгуулах, барилгын захиалга авах, цахим хуудсанд мэдээлэл оруулах зэрэг үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Мөн шүүх хурал дээр ярьж буй цахим хаяг, фейсбүүк хуудас гэх мэдээлэлд хамааралгүй гэдгээ хэлмээр байна. ... компанийн цахим хуудсыг би өөрөө ч, Д.Г ч хөтөлдөггүй байсан. Тус компанид энэ үүргийг хариуцсан тусгай ажилтан байсан бөгөөд нийт дөрвөн хүн энэ хаягийг хариуцаж, албан ёсны мэдээлэл оруулдаг байсан. Өнөө үед аливаа компани бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор цахим орчинд пост оруулах нь түгээмэл үзэгдэл болсон. Манай компанийн хувьд ч ялгаагүй, барилга байшингийн борлуулалттай холбоотой постуудыг цахим хуудсаараа дамжуулан хүргэж байсан. Харин иргэд өөрсдөө тухайн мэдээллийг харж, компанид хандаж, гэрээгээ байгуулсан. Гэрээний дагуу барилга баригдаж, зарим тохиолдолд тухайн иргэдийн санхүүжилтийн тасалдлаас болж маргаан үүссэн. Гэтэл анхан шатны шүүхээс уг маргаантай асуудалд ердөө тав хоногийн хугацаа өгөөд, хэрэгт минь ял оногдуулсан. Би зургаан хүүхдийн ээж. Шүүхийн шийдвэрийн улмаас ард үлдэх зургаан хүүхдээ бодоод, надад оноосон их хэмжээний хохирлыг төлөхийн тулд ах дүү, хамаатан садныхаа өмч хөрөнгийг хүртэл зарж борлуулсан.  Тодруулбал, зарим тохиолдолд тухайн барилга бүрэн баригдаж, бидний гүйцэтгэсэн ажил тодорхой байсаар атал авлагад зогсонги байдал үүссэн. Гэсэн ч шүүхэд хохирол төлсөн байдлаа нотлохын тулд би өөрийн амьдарч байсан орон сууц, унаж хэрэглэж байсан автомашин, мөн дүүгийнхээ үл хөдлөх болон автомашиныг хүртэл зарахад хүрсэн. Барилга гэдэг чинь ганц хоёр хүн гүйцэтгээд дуусчих ажил биш. Нийт арван, хорин, бүр гуч гаруй ажилтан оролцож байж босдог. Гэтэл шүүх тэдгээр хүмүүсийн нэгийг ч байцаалтад дуудалгүй, баримт нотолгоог гүйцэд судлалгүй шийдвэр гаргасан нь шударга бус гэж үзэж байна. Зарим хохирогчдын хувьд өөрсдийн амаар “энэ төдий хохирол учирсан” гэх байдлаар тоон дүн гаргаж, тэр үндсэн дээр намайг төлбөрт оруулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт хоёрхон хохирогч дээр л гарсан байдаг. Үлдсэн хохирлын тооцоо нь баталгаагүй, баримтгүй байхад хүртэл би бүх төлбөрийг хувиасаа төлөөд хохироод үлдэж байна.  Нэг иргэн гэхэд  300,000,000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан ч 170,000,000 төгрөгийн буцаан авсан. 600,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, хоёр давхар, 280 м2 талбайтай капитал барилгыг бариулсан. Үлдсэн төлбөрөө төлөөгүй мөртөө барилгын материалын зардал, цемент, тоосгоны үнийг өөрийн тооцоогоор 150,000,000 төгрөг, үлдсэн 180,000,000 төгрөг болсон гэж үзээд буцаан авах шаардлага тавьж, улмаар шүүхээс надаар төлүүлсэн. Анхан шатны шүүх дээр энэ хэргийг буцаасан. Тэдгээр захиалагчдын дансанд яг хэн, хэдэн төгрөг шилжүүлсэн, миний данс руу хэд орсон, Д.Ггийн данс руу хэд орсон гэх зэрэг гүйлгээг нарийн тодорхойлж, миний санаатайгаар мөнгө завшсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ нь шударга ёсны зарчимд нийцсэн үйл явц байсан тул би үнэхээр их баярласан. Учир нь 11 захиалагчдын компанитай байгуулсан их дүнгийн тоо бүгд над дээр гарч ирээд маш их хохирлын төлбөр гарсан. Хохирогч нар нь тал хэртэй барилгаа бариулчихсан. Тэгсэн атлаа гомдлоо бичихдээ нийт захиалгын төлбөрөө биччихдэг. Эдгээр 11 захиалагчийн дотроос 5 нь төлбөрөө миний нэр дээрх дансаар шилжүүлсэн байдаг. Яагаад гэвэл манай компанийн гэрээнд, харилцагчийн хүсэлтээс хамааран хоёр төрлийн дансны мэдээллийг тусгасан байдаг. Тодруулбал, хэрэв захиалагч нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ төлөхгүй байх нөхцөлийг сонговол миний нэр дээрх хувь хүний данс руу шилжүүлэх заалттай. Харин НӨАТ-тай төлбөр хийхийг хүсвэл компанийн нэр дээрх албан ёсны данс руу шилжүүлдэг байсан. Энэ бол тухайн үед бизнесийн орчинд түгээмэл ашиглагддаг, татварын зохицуулалттай холбоотой бодит практик байсан. Эдгээр таван захиалагчийн хувьд миний данс руу төлбөр орсон ч би тэр мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглаагүй. Харин орсон даруйд буюу шууд маргааш нь тус бүрийг нь компанийн үндсэн данс руу шилжүүлсэн. Эдгээр гүйлгээ бүрийн баримтыг би хавтаст хэрэгт нотлох баримт байдлаар бүрэн бүрдүүлж, шүүхэд хүлээлгэж өгсөн. Гүйлгээний хуулгыг нарийвчлан авчирч, тус бүрийг хэрхэн шилжүүлсэн, ямар данс руу, ямар огноотойгоор явуулсан талаар тодорхой баримт бүрдүүлсэн. Миний дансаар орсон мөнгийг зарим тал “Д.Ц хувьдаа ашигласан, өөртөө завшсан” гэх байдлаар хардсан байж болох ч үнэн хэрэгтээ надад ямар нэгэн эд хөрөнгө жишээлбэл, нэг ч ширхэг гутал, нэг ч ширхэг хувцас дээрх мөнгөөр худалдан аваагүй. Цагдаагийн байгууллагад тайлбар өгөх үеэр хүртэл мөрдөн байцаагч өөрөө “энэ чинь угаасаа л иргэний эрх зүйн маргаан шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үед хэрэг маш олон хуудас болсон байсан. Би өөрөө бүгдийг нь нэг бүрчлэн сөхөж, баримтаа хавсаргаж, уг асуудлыг анхнаасаа иргэний маргаан гэдгийг тайлбарлаж байсан. Миний дансаар төлбөр шилжүүлсэн гэх 5 иргэний 4 нь ... ХХК-тай иргэний шүүхээр маргалдаж, төлбөрөө гаргуулж авсан бөгөөд тэдгээр төлбөр нь миний нэр дээрхээс хасагдахгүй байна. Тиймээс энэ нэг хуудас баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлд “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” заасныг баримтлан оролцож байна. Нэгдүгээрт, шүүх шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл залилах гэмт хэргийг үндэслэл болгосон боловч уг зүйл ангийн шинжид шүүгдэгч Д.Цгийн үйлдэл хэрхэн, яг аль хэсэгт нь хамаарч байгааг нарийн тодорхойлон дүгнэсэн. Шүүх уг тогтоолдоо Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тайлбар өгч, гэрээний маргаантай харилцааг иргэний эрх зүйн үүсэлтэй бөгөөд талууд гэрээний биелэлттэй холбоотойгоор харилцан мэдээлэл солилцож, гомдлын шаардлага тавьж, улмаар эрсдэлийн нөхцөл үүссэний улмаас маргаан үүссэн гэж үзсэн. Энэ нь өөрөө уг маргаан нь залилах гэмт хэргийн биш, харин гэрээний зөрчлийн шинжтэй иргэний эрх зүйн маргаан болохыг шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн байдал юм. Гэсэн хэдий ч, шүүх дүгнэхдээ нэр бүхий хоёр шүүгдэгчийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзсэн боловч яг аль үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болох, ялангуяа шүүгдэгч Д.Цгийн хувьд ямар үйлдлийг нь уг гэмт хэрэгт хамааруулж байгаа талаар тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Цгийн гэм буруутай үйлдэл хэрхэн тогтоогдсон, тэр нь яг ямар баримтаар нотлогдсон талаарх тайлбар хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 20.1 дүгээр зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг хангаж, шүүх уг хэрэгт үнэн зөв, бүрэн дүгнэлт хийх ёстой ч энэ шаардлага хангагдаагүй. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Д.Ц нь хэн хэнийг, ямар үйлдлээр, ямар хэмжээнд хохироосон болохыг тодорхой дурдалгүй ерөнхийд нь гэм буруутайд тооцсон. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар хэн нь хэнийг хохироосон, Д.Ц яг ямар санаатайгаар ямар үйлдэл хийсэн талаарх дүгнэлт байхгүй. Хоёрдугаарт, анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан нь иргэний эрх зүйн харилцаанаас үүдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа атал, шүүх нь энэхүү маргааныг "эрүүгийн шинжтэй байж болзошгүй" гэж төсөөтэй байдлаар дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг үндэслэлгүйгээр хэрэглэсэн ноцтой зөрчил мөн. Үүний үр дүнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Гуравдугаарт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдсан. Тус зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд л эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой бөгөөд гэмт хэрэг үйлдээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж хуульчилсан байдаг. Хэрвээ уг хэрэг нь үнэхээр залилах гэмт хэрэг мөн юм бол шүүгдэгч Д.Ц яг ямар үйлдлийг өөрийн биеэр хийсэн, ямар санаатайгаар хийсэн, хэнийг, яаж хохироосон гэдгийг нотлох ёстой.  Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар харахад шүүгдэгч Д.Ц зөвхөн нэг иргэнтэй гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Гэвч нэр бүхий арван нэгэн хохирогчоос 4, 5 иргэний мөнгө шүүгдэгчийн дансаар орж ирсэн нь баримттай. Гэхдээ эдгээр мөнгө орж ирснээс хойш 2–3 цагийн дотор буюу зарим тохиолдолд хэдхэн минутын дотор шууд ... компанийн данс руу шилжүүлэгдсэн нь мөн баримтаар нотлогдож байна. Шүүгдэгчийн хувьд дээрх мөнгөнүүдийг хувьдаа ашиглаагүй, мөн аливаа гэрээ байгуулахдаа хуурч мэхлэх, залилангийн санаа агуулаагүй, харин ... компанийн барилга уг гэрээний дагуу бүрэн баригдаж, захиалагч талд хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн дээрх арван нэгэн иргэний аль нэг нь ч "би хохирсон" гэх үндэслэлтэй, бодит хохирол учирсан талаарх нотолгоотой баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин эсрэгээрээ, захиалагчийн зүгээс “гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд урьдчилгаа 30 хувиа төлөөд, тухайн ажил хийгдсэн” гэж өөрсдөө тайлбарласан. Мөн шүүгдэгчийн зүгээс уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үеэр Улсын Ерөнхий Прокурорын газарт хандсан бөгөөд тэндээс “яллах дүгнэлт үйлдсэн асуудлыг дахин шалгах хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд шүүхэд дахин мэдэгдэх боломжтой” гэсэн хариу ирсэн. Иймд өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргаж, уг асуудлыг бодитой, хуулийн дагуу үнэлэхийг шаардсан болно. Анхан шатны шүүх хуралдааны өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч миний бие дараах агуулгатай хүсэлт гаргасан юм. Үүнд шүүгдэгч Д.Цгийн хувийн дансаар орсон төлбөрүүдийг нотлох баримт, тооцоог бүрэн бүрдүүлэн, ... компанийн баримтуудтай харьцуулан хэн, хэдэн төгрөгийн төлбөр төлсөн, уг төлбөрийн хүрээнд тухайн иргэдэд хэдий хэмжээний байшин, барилга барьж өгсөн, барилгын бодит өртөг, зардал хэд байсан, улмаар тухайн орсон төлбөрүүдийн зарцуулалт хэрхэн хийгдсэн талаарх санхүүгийн дүн шинжилгээ, харьцуулсан үзүүлэлтүүдийг гаргуулах хүсэлтийг гаргасан. Жишээ нь С.Э гэх иргэний хувьд хэдэн төгрөгийг захиалгаар төлсөн, энэ мөнгөний хэдэн хувьд нь тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсан гэдэг дээр баримт, тооцоотой тайлбар шаардсан болно. Үүнчлэн, уг захиалагчдаас орж ирсэн төлбөрүүдээс Д.Ц хувьдаа ямар нэг хэмжээний ашиг олсон эсэх, эсвэл бүх мөнгийг шууд ... компанид шилжүүлсэн эсэхийг шалгуулах шаардлага бүхий хүсэлтийг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс "энэхүү үйлдэлд эрүүгийн шинж буй эсэх"-ийг тогтоохын тулд шинжээч томилуулж, мөнгөн гүйлгээ, санхүүгийн баримтад дүн шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна, нотолбол зохих байдал байна гэж үзсэн. Бидний зүгээс өөрсдөд байгаа бүх баримт, бичгүүдээ бүрдүүлэн өгсөн. Шинжээч томилж өгөөч гэж гуйтал " захирамжид заасан ажиллагааны хүрээнд байгаа зүйлсийг л шийдвэрлэнэ, нэмэлт ажиллагаа хийхгүй" гэсэн хариу өгснөөр 60 хоног дууссан. Дараагийн чухал асуудал бол хэрвээ санхүүгийн баримт, тайланд мэргэжлийн дүгнэлт хийж, компанийн нийт гүйцэтгэл, барилгын төлөвлөгөө, өртөг, орсон төлбөрүүдийг харьцуулж дүн шинжилгээ хийх юм бол, энэхүү үйл ажиллагаа нь ... компанийн зүгээс тодорхой хугацаанд гэрээг биелүүлээгүй буюу цаг хугацааны хоцрогдолтой байснаас үүдэлтэй иргэний эрх зүйн маргаан болох нь шууд харагдаж байна. Эцэст нь, хэрвээ энэ 11 иргэн үнэхээр хохирсон гэж үзэж байгаа бол хэн, яг яаж хохирсон нь баримтаар нотлогдох ёстой. Гэтэл зарим иргэд өөрсдийн тайлбартаа “гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн, үүний дагуу байраа авсан” гэх тайлбар өгсөн. Хэн нь хохирсон, хэн нь үүргээ биелүүлээгүйг зааглаж гэрээний үүрэг зөрчсөн этгээдэд л хариуцлага ногдуулах ёстой атал, шүүгдэгч Д.Ц, мөн хамт шүүгдэж буй өөр нэгэн иргэн өнөөдөр өөрсдөө хохирсон байдалтай, компанийн өмнөөс хариуцлага хүлээгээд сууж байгаа нь эрх зүйн хувьд ноцтой зөрчил юм. ...” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, С.Э нарын өмгөөлөгч Б.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тайлбарлаж байгаагаар энэ хэрэг нь гэрээний эрх зүйн маргаантай холбоотой. Гэхдээ мөн хэлж байгаагаар талууд гэрээний эрсдэлд орсон тохиолдолд хоорондоо тохиролцож, мэдээллээ солилцох боломжтой. Гэтэл миний үйлчлүүлэгчид 2018 онд гэрээ байгуулсан атал 2025 он гэхэд хохирлоо барагдуулж чадаагүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тухайн компани болон шүүгдэгч талаас аливаа эвлэрэл, тохиролцоо хийх оролдлого хийгдээгүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарыг залилуулсан, хохироосон гэх шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй, хууль ёсны гэж үзэх үндэслэл болж байна. Мөн гэрээний маргааныг залилах гэмт хэргээс ялгах гол онцлог нь тухайн үүргийг анхнаасаа биелүүлэх үүргийн гүйцэтгэлийг анхнаасаа биелүүлэх бодит боломжтой эсэх асуудал юм. Анхан шатны шүүх дээр энэ талаар мэтгэлцээн өрнөж, тодруулга авсан. Жишээлбэл, С.Эгийн хувьд баригдах ёстой байшингийн талаарх бодит зураг, төлөвлөлт, байршил, бүтээн байгуулалтын мэдээллийг танилцуулсан ч тухайн шүүгдэгчид очиж үзээгүй, шалгаж баталгаажуулаагүй байсан. Харин төлбөрөө авсан даруйд гэрээний үүргээ хэрэгжүүлэлгүй орхисон. Ийм нөхцөл байдалд гэрээ байгуулах нь төөрөгдөлд оруулж, санаатай залилан үйлдсэн хэрэг гэж шүүх үндэслэлтэйгээр дүгнэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн, миний үйлчлүүлэгч Г.Ды тухайд, тухайн үед үнэлгээний байгууллагаар дамжуулан хохирлын хэмжээг тогтоолгосон. Шүүх ч энэ үндэслэл дээр тулгуурлан өгсөн төлбөрөөс хасалт хийж, үлдэгдэл дүнг хүлээн зөвшөөрч тооцсон байдаг. С.Эгийн хувьд ч мөн адил тухайн барилгын төсөв, зардлын талаар шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн. Ингэснээр шүүх өгсөн мөнгө, мөнгөнүүдийг хасаж, тооцохоор гаргаж өгсөн. Үүнд хууль ёсны бүрэн эрх зүйн томилолт байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гол зарчим болох хүний болон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагын хүрээнд байх ёстой. Энэ дунд Г.Ды хувьд хохирол төлбөрөө бүрэн авсан. С.Э, төлөөлөгч Жавхлант, Солонго нарт итгэл хүлээлгэсэн. Улмаар тайлбараа бичиж өгсөн. Нийт 150,175,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах тухай тохиролцоонд хүрсэн. Үүнээс 106,000,000 төгрөгт автомашин болон эд хөрөнгөөр тооцуулахаар, 20,000,000 саяыг шилжүүлж авсан, үлдэгдэл 24,172,500 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор барагдуулах үүргийг хүлээсэн талаар тогтоолын хавсралтад тэмдэглэгдсэн. Гэсэн ч өнөөдрийн байдлаар итгэл хүлээлгэсэн талуудын гомдол, хүлээлт биелэлгүй үлдэж, хохирол бүрэн барагдуулалгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цын өмгөөлөгч Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Ггийн хувьд оногдуулсан ял, шийтгэлдээ сэтгэл хангалуун бус, шүүх шударга байж чадсангүй, хатуу шийтгэл оноосон гэж гомдол гаргажээ. Тус гомдлыг хохирогч талаас хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ц, Д.Г нар нь үйлдлээ нуун далдлах замаар бодит байдлыг гуйвуулж, хохирогчдыг төөрөгдүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, гэм буруутай нь шүүхээс үнэлэгдсэн. Шүүхийн гаргасан энэхүү шийдвэрийг бид шударга ёсонд нийцсэн гэж үзэж байна. Хэдийгээр Д.Г, Д.Ц нарт өөр төрлийн асуудал холбогдсон байж болох ч хохирогч нарын зүгээс энэ талаарх гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг анхааралтай судалж үзсэн. Шүүх хуралдааны үеэр тэд өөрсдийгөө өрх толгойлсон, олон хүүхэдтэй гэх мэт шалтгаануудыг урдаа барин өрөвдүүлэхийг оролдсон. Гэсэн ч миний хувьд хорих ял оноох нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар шүүхээс оноосон ял нь хөнгөн туссан мэт харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчимд үндэслэвэл, гэмт хэргийн шинж чанарт тохирсон ял байх учиртай. Харамсалтай нь тэд өөрсдийгөө гэм буруугүй мэтээр, бүр шударга иргэн мэтээр олон нийтийн өмнө харуулж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх аястайгаар ярьсаар байна. Шүүгч нарын тавьсан асуултуудтай холбоотой нэг чухал зүйлийг нэмж хэлэхэд, хэрэгт хамааралтай “...” гэх компани 2011 онд өөр эзэмшилтэй байснаа 2015 онд Гын нэр дээр шилжсэн байдаг. Харин уг компанийн захирлаар Д.Ц хэзээ ч албан ёсоор бүртгэгдэж байгаагүй. Гэтэл Д.Ц, Д.Г нар компанийн нэрийг ашиглаж, аливаа гэрээ хэлцэл хийж байсан нь баримтаар тогтоогддог. Д.Ц нь компанийг өдөр тутам удирдан явуулж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр ч батлагддаг. Тухайлбал, тэдний хүүхдүүд мэдүүлэгтээ “Манай ээж компаниа удирдаж, сургуулийн төлбөрийг маань төлдөг байсан” хэмээсэн байдаг. 2010 онд хохирогч О нь “...” компанид 45,000,000 төгрөгөө байр худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн боловч байр авч чадаагүй. 2018 оны 06 дугаар сард байгуулсан энэ гэрээ тухайн үед компанид барилга барих ямар ч санхүү, ажиллах хүчний нөөц байгаагүй нөхцөлд хийгдсэн байдаг. Компани өмнө нь өөр төсөл дээр дампуурсан байж болзошгүй бөгөөд тэр үед Голомт банкаар дамжуулан валютын зээл авсан. Уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь тулж ирэх үед дахин зээл авах шаардлагын улмаас зар явуулах арга хэмжээ авч, түүний дагуу хохирогч гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн байдаг. Үнэндээ энэ бол хөрөнгө шилжээгүй, дүр үзүүлсэн гэрээ байсан. Д.Г гэрээгээр байр авч байгаа мэт харагдсан ч түүнээс ямар ч төлбөр хийгдээгүй. Иймд энэ хүмүүс бол бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой. Өнөөдрийг хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан хэдий ч энэ байрны үр шимийг хүртэж Д.Г хүртэж л байгаа. Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр ч өөрөө “би энэ байрыг 2017–2018 оноос хойш түрээсэлж, энэ орлогоор амьдарч ирсэн” гэж давтан мэдүүлсэн байдаг. Гэвч давж заалдах шатанд “Бүх мөнгөө Д.Цд өгдөг байсан, би юу ч аваагүй” хэмээн өөрийгөө хамгаалсан өнгө аястай мэдүүлэг өгсөн нь зөрчилтэй байна. Гэвч бодит байдал дээр өнөөдөр ч энэ байрыг түрээсэлж, ашиг орлогыг нь хүртсээр байгаа. Бид анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Байрны түлхүүрийг буцааж өгөөч, бид байраа авъя” гэж удаа дараа хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа өмчлөх эрх, гэрчилгээ зэргийг авах бүрэн боломжтой. Гэсэн ч өнөөдрийг хүртэл Д.Г, түүний ойр орчмын хүмүүс үр шимийг нь эдэлсээр байна. Харин хохирогчийн хувьд долоон жилийн турш амьдралынхаа хамгийн хүнд цаг үеийг туулсан. Үнэнээр, зовлонгоор, нус нулимсаар хооллосон энэ олон жил тэр хүнд өнгөрсөн. Үүний хажууд тэд өөрсдөө ихэнх хохирогчдыг дампуурлын хэрэг рүү, иргэний хэрэг рүү түлхэж, өөрсдийгөө авч үлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирол бараг огт төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр гарах дөхөх үед зарим нэгэн завсарлага авч хэдэн төгрөг өгсөн болж жүжиг тавьсан. Зарим хохирогчид юу ч аваагүй. Ийм маягаар хулхидан явж ирээд, өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсоны дараа “торгуулийн ялтай гарна” гээд л ярьж явсан улсууд шүү дээ. Ийм байхад тэд бол мэдээж мөнгөтэй хүмүүс. Шүүх хурлын өмнөх завсарлага бүрд хэн нэгний хохирол төлбөрийг төлөх хэмжээний санхүүгийн боломж тэдэнд байсан. Яагаад гэвэл тэд долоон, найман жилийн турш олон хүний хөрөнгийг ямар ч хүүгүйгээр ашиглаж, орлогыг нь өөрсдөө хүртэж ирсэн. Ийм хэмжээний санхүүгийн нөөцтэй хүмүүсийн хувьд энэ торгуулийг төлөх бүрэн боломжтой. Тийм учраас, өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зорилгод нийцэхүйц байдлаар ял оноосон мэт боловч угтаа бол энэ ял нь хөнгөнд тооцогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ггаас гаргасан гомдлын тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Д.Г болон “...” гэх компанийн цахим хуудсыг ашиглан, “Хөнгөлөлттэй үнээр, хурдан шуурхай хугацаанд барилга барьж өгнө” гэсэн зар оруулж, энэ зарыг баталгаажуулсан нь тогтоогдож байгаа. Энэ зарын дагуу холбогдсон хүмүүстэй гэрээ байгуулсан байна. Гэвч яг тэр цаг хугацаанд, тухайн “...” компани нь өөрөө санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон, тухайн барилга байгууламжийг барих боломжгүй нөхцөл байдалтай байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс дээрх зарыг олон нийтэд хүргэж, улмаар хүмүүстэй гэрээ байгуулах нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэл гэж үзэх үндэстэй байна. Улмаар гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн хүмүүсээс эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь өөрөөр хэлбэл тухайн зохиомол байдлыг бий болгож, энэ нь эд хөрөнгийг шилжүүлэн авах санаа сэдлээ хэрэгжүүлсэн үйлдэл болж байна. Ингэснээрээ тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь нотлогдож байгаа юм. Тухайлбал, хохирогч Оийн хувьд гэвэл, орон сууцыг Д.Г өөрөө ашиглаагүй гэж мэдүүлдэг. Гэсэн ч тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, дараа нь “...” компанид шаардлага үүсэхэд тэр орон сууцыг Голомт банканд барьцаанд тавьсан байдаг. Иймд Д.Г нь “би өөрөө ашиглаагүй” гэж мэдүүлсэн ч тухайн эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг завшсан нь тодорхой байна. Тиймээс уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Д.Г нь өөрийн гомдолдоо “Ц захирлын хэлсний дагуу орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн, өөртөө авах ямар ч санаа байгаагүй” хэмээн дурдсан байдаг. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдаан дээр “Би өөрийнхөө орон сууцыг “...” компанид өгчихсөн байсан. Үүнийхээ зөрөөнд энэ байрыг авах ёстой байсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр анхнаасаа Д.Гд өөрийн өгсөн байрны хариуд орон сууц авах, үүнийг өөртөө завших ийм санал, сэдэл байсныг энэхүү мэдүүлгүүд харуулж байгаа юм. Тэгэхээр уг орон сууцыг барьцаанд тавьж, Голомт банкнаас авсан зээлийг Оийн барилга байгууламж барихад ашигласан гэж үзэх боломжгүй юм. Уг зээлүүдийг тухайн “...” компанийн өмнө нь авсан байсан зээлийг төлөхөд, мөн өмнөх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл үүргүүдийг биелүүлэхэд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Оийн орон сууцыг барьж өгөх бодит боломж тухайн үед огт байгаагүй нь тогтоогдож байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд гэмт хэрэгт хамтран оролцох, гэмт хэрэг үйлдэх хөдөлгөөн үүсгэх ойлголтуудыг тодорхой тусгасан. Шүүгдэгч Д.Ггийн хувьд, тухайн үед өөрийн хийж буй үйлдэл нь хууль бус бөгөөд барилга байгууламжийг барих ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч Д.Цтой хамтран ажиллаж, Оийн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, энэ үйлдлээрээ гэмт хэрэгт бүлэглэн оролцож, хамтран гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа юм. Мөн “...” компанийг Д.Г, Д.Ц нар удирдаж байгаагүй, эдгээр хүмүүс улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бичигдээгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.Ц, Д.Г нар нь хохирогч нартай гэрээ байгуулах, компанийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагааг бодитоор гүйцэтгэж байсан нь нотлогдож байна. Тухайн үед тус компанийн удирдлагын үүргийг эдгээр хоёр хүн хэрэгжүүлж байсан нь баримтаар тогтоогдож байгаа. Хэдийгээр компанийн нэр дээр гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан, төлбөрийг хариуцсан этгээд нь Г гэж байгаа боловч Г нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй, компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй, зөвхөн цаасан дээр нэр нь бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон Гын гаргасан мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа юм. Иймд “...” компани нь нэр бүхий 11 хохирогчоос авсан мөнгөөрөө анхнаасаа өөрийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор тодорхой хэмжээний ажил хийсэн боловч, авсан мөнгөөр орон сууц барьж байгуулна гэдэг анхны тохиролцоо, зорилт байснаас биш, өмнөх өрөө төлөөд, дараагийн захиалгаар байрыг барина гэдэг агуулгаар хэзээ ч тохиролцоо хийгдээгүй, энэ талаар ямар нэг хэлэлцээр байгаагүй нь тодорхой байна. Тэгэхээр энэ гэрээний үүргийг анхнаасаа гүйцэтгэхгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан нь тодорхой байна. Мөн тухайн этгээдүүдийн зүгээс ковид цар тахлын улмаас нөхцөл байдал хүндрээд, гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тухай ярьдаг боловч, хэрэв үнэхээр цар тахал нь давагдашгүй хүчин зүйл болсон бол, энэ тухайгаа Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгүүлж, албан ёсны дүгнэлт гаргуулан, холбогдох давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан болохоо тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байсан юм. Гэтэл ийм арга хэмжээг огт авч хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Д.Ц болон Д.Г нарын үйлдлийг давагдашгүй хүчин зүйл, гэрээний эрсдэлийн нөхцөл байдлаас үүдсэн гэм буруугүй, иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн хохирол, төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэрүүд гарсан тухай дурдагдаж байгаа боловч, уг шүүхийн шийдвэрүүд нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгах зорилгоор, иргэний хуулийн дагуу гарсан шийдвэрүүд бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэнэ. Эрүүгийн хуульд хохирлыг нөхөн төлүүлэх тухай шууд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Зөвхөн гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгө, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслүүдийг хураах, албадан авах арга хэмжээ авах асуудлыг зохицуулсан. Тиймээс тухайн асуудлаар иргэний хэрэг үүссэн нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн утгатай дүгнэлт хийх нөхцөл бол биш бөгөөд эсрэгээрээ, уг асуудал нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ггийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүй байна.

Чингэлтэй дүүргийн прокуророос Д.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Учир нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.   

Гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэхийг хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр заавал дүгнэсэн байх шаардлагатай, харин хийсвэрлэн шийдвэрлэх боломжгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн  дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтан цуглуулж, бэхжүүлнэ.

Харин хэргийн оролцогч нарын мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөх эрхтэй бөгөөд мөрдөгч, прокурор хүлээн авч хэрэгт хавсаргах үүрэгтэй байна. Ийнхүү хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөгч, прокурор хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу бэхжүүлэх, эх сурвалжийг магадлах, түүнчлэн тухайн баримтад агуулагдаж буй мэдээлэлтэй холбоотой шинэ нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдэх учиртай.

            Дээрх байдлаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх явцад хэргийн оролцогчийн оролцоог хангасан нь шударга ёсны зарчимд нийцэх боловч гагцхүү нотлох үүргийн хүрээнд шүүхийн өмнөх шатанд хэрэгжихээр хуульчлагдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэргийн бүхий л үйл баримтад бүрэн тулгуурлаагүй, яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу ялган зааглаж улмаар бүрэн, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлэн дүгнээгүй байх тул мэтгэлцээнд оролцогч, талуудын эсрэг тэсрэг санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн эсхүл баталсан үндэслэл бүрэн хийгдээгүй гэж үзнэ.       

Тодруулбал, анхан шатны шүүх нь яллах ба цагаатгах баримтыг холимог байдлаар, итгэл үнэмшил бүрдэхээргүйгээр яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар буюу “...” компанийн санхүүгийн баримтуудыг шинжлэн судлаагүй, тухайн барилгуудын  үнэлгээтэй холбоотой “хийсвэрлэсэн шинж”-тэй, хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.     

Тус хэрэгт цугларсан шүүгдэгч, гэрч нарын зарим мэдүүлэг зөрүүтэй, эх сурвалжаа тодорхой заагаагүй ба энэ нь нотлох баримтын эх сурвалжууд нь үгүйсгэгдэж няцаагдаагүй байх төдийгүй шинжлэн судлагдаагүй орхигдсон зэрэг нь талууд  яллах, цагаатгах нотлох баримт бүрийг ялган зааглаж шалгаагүй, нотолгооны стандарт шаардлагын дагуу үнэлж дүгнээгүй зэргээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйг илэрхийлж байна.      

Тусгай мэдлэгийн асуудалд тодорхойгүй, эх сурвалжгүй гэж үзэх үндэслэл үүссэн байхад санхүүгийн баримтууд авагдаагүй, гаргуулалгүй орхигдуулсан байх тул таамаглан шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал, барилгын үнэлгээтэй холбоотой асуудлууд, санхүүгийн баримтуудыг шинжлэн судлаагүй байгаа нь нотолбол зохих зүйлүүд бүрэн нотлогдоогүй байна.

Яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдагдсан эх сурвалжуудад заасан гэх боловч нотолгооны стандарт шаардлагад бүрэн нийцээгүй, яллах ба цагаатгах талын баримтууд ялгаа зааггүй холимог бичигдсэн, тэдгээр эх сурвалж нь өөрийн дотоодод болон өөр хоорондоо харилцан зөрүүтэй, эсрэг талын баримтыг няцаах, батлахад тодорхойгүй, итгэл үнэмшил бүрдэхээргүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.  

Өөрөөр хэлбэл, тус хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын эх сурвалжтай харьцуулан шалгаж, зөрүү, зөрчилтэй байдлыг мухарлан шалгасны эцэст хэргийн бодит байдлын хүрээнд тухайн гэмт хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлүүлэх чиг үүргээ мөрдөгч, прокурор, мөн анхан шатны шүүх хянаж, хангуулах үүргээ тус тус биелүүлэх шаардлагатай гэж үзэв.

Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоох, улмаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, зүйлчлэх зэрэг асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй харин мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавих, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд шийдвэрлэгдэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Ггийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/1157 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Г, Д.Ц нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/1157 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Д.Г, Д.Ц нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР

 

                                  ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ