Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/780

 

 

 

 

    2025            06           25                                         2025/ДШМ/780

 

З.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Сд холбогдох 2503001070330 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.1, 89.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч З.С нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00:06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хажуу замд “Тоёота приүс” загварын ....УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;” мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана;” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: З.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Сг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Сгаас 9,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.С давж заалдах гомдолдоо: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний эмчилгээний зардал болон зарим зардалд 2,200,000 төгрөг төлсөн. Хохирогчид учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж, уучлалт гуйж байна. Би үе мөчний хэрх өвчний оношоор группэд байдаг бөгөөд 6 дугаар сард цус харван тархины хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар халдаж, сард 570,000 төгрөг авдаг. Нөхөр маань арван жилийн өмнө гэмтлийн улмаас баруун нүдний хараагаа 60 хувиар алдаж мөн группэд орж сард 690,000 төгрөг авдаг. Иймд дээрх миний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Сгийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч санамсар болгоомжгүй хайнга хандан уг хэргийг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, бодит хохирлыг бололцоогоороо төлөөд явж байгаа, урьд өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байгаагүй, тэрээр тархины хүнд хагалгаанд орж хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдсан группэд байдаг тэтгэврийн хүн, тодорхой оршин суух хаягтай, гэм буруугаа хүлээн зөшөөрсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлээд байгаа. З.Сгийн хувийн байдлыг нь харгалзан үзээд сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу хамгийн бага 9 хувиар багасгаж, мөн торгох шийтгэлийг хамгийн бага хэмжээгээр өөрчилж өгнө үү. Ар гэрийнхэн буюу нөхөр нь мөн эмчийн хяналтанд байдаг, өөрөө тархины хүнд хагалгаанд орж, байнга эмчийн хяналтанд байдаг зэрэг хувийн аргагүй байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ял болох 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл нь үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Мөн шүүхээс хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан хүснэгтээр тогтоосныг шүүх үнэлж, арван тав дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Прокуророос тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч З.Сд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч З.С нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00:06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хажуу замд Toyota Prius маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг дулаалгаар хучихдаа хучлагын буланг тээврийн хэрэгслийн дугуйгаар даруулахын тулд тээврийн хэрэгслийг хөдөлгөж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Нгийн “... “...." телевизийн зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чиглэлд явж байтал зогсоол дээр зогсож байсан хучлагатай машин гэнэт хөдөлгөөн эхлүүлээд намайг мөргөөд унагасан. Би тэр машины урд гупрын зүүн буланд мөргөгдөөд машины зүүн талд газарт унасан. Гэтэл машин зогсохгүй “...” телевизийн хаалгыг мөргөөд дараа нь ухраад зогссон. Тэгээд нэг мэдэхэд баахан хүмүүс гадаа гараад ирсэн байсан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2293 дугаартай “...Д.Нгийн биед зүүн өвдөгний үений дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, гадна коллатерал холбоосны суналт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дээрх ослын үед үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 37-38/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 4/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 8-10/, өвчний түүх /хх 39-40/, Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт /хх 47-54/, үнэлгээний тайлан /хх 61-67/, Мөрдөгчийн магадалгаа /хх 70/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Прокуророос З.Сг яллахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн талаар зөв дүгнэсэн боловч хэргийн үйл баримтыг “тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд залруулан дүгнэж, шүүгдэгч З.Сг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;” мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана;” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч З.Сг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хүний эрүүл мэндэд тус хүндэвтэр гэмтэл учруулсан хэр хэмжээнд тохирсон байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч З.С болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын “оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч Д.Нгийн гэмт хэргээс шалтгаантайгаар сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учирсан эсэхийг сэтгэцийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоогоогүй байхад түүний бие махбодод учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээр түүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж анхан шатны шүүх дүгнэж, сэтгэцийн хор уршигт нь нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,

“...”Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд бус хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн мэргэжилтэн тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.

Иймд дээрх үндэслэлээр, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогч Д.Нд сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн /хх 77/ хохирол учирсан гэж мөрдөгчийн тогтоосноор сэтгэцийн хохиролд нөхөн төлбөр гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сгаас 9,900,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Нд олгох” хэсгийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан “Хохирогч Д.Н цаашид гарах эмчилгээ зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн заалтад хохирогч Д.Нгийн сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь мөн орж байгаа болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...хохирогч Д.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг “...хохирогч Д.Н нь хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ