Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1139

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Н/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л овогт М-ийн Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0589 81375 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л овогт М-н Н, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Голден драгон ресторанд зөөгч ажилтай, Баянзүрх  дүүргийн 17-р  хороо, 38-946 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УЗ96041236 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 13-нд 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо…Луука гэж дууддаг залуу...баруун гараараа хүзүүгээр уургалж бариад байрны мухар хэсэгт чирч оруулсан. Тэгээд байран дунд ороод хөгшин чинь би биш шүү гээд баруун гараараа нүүрэн хэсэгт цохьсон...хавтгай чулуу барьж ирээд цагдаа энэ хамаагүй шүү гээд нүүр лүү цохиход нь хоёр гарынхаа шуу хэсгээр хаасан...” гэх мэдүүлэг. /хх9-10/,

Гэрч Т.Ган-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Луука Лхагвадоржийг хүзүүгээр тэврээд Банана баарны араар аркаар ороод байрны мухарт аваачиж нүүр рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хх15-16/,

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нүрзэд тэр залуугийн мөрөн дээгүүр гараа тавин цааш явж байран дундуур ороод нэг мухар харанхуй хэсэгт очоод зодолдсон...” гэх мэдүүлэг. /хх19-20/,

Яллагдагч М.Н мэдүүлэхдээ: “... би тэр залуугийн шанаа руу гараа зангидаж байгаад нэг цохьсон...” гэх мэдүүлэг. /хх21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8652 дугаартай дүгнэлт:

  1. Д.Лхагвадоржийн биед баруун зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун сарвуунд зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-12/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Лхагвадорж нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л овогт М-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Нүрзэдийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР