Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/781

 

 

 

    2025           06           25                                        2025/ДШМ/781

З.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч З.Ш, түүний өмгөөлөгч Л.Соёмбо,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр З.Шд холбогдох эрүүгийн 2409000002234 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .... дугаар зүйлийн .....1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ялаар шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дууссан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч З.Ш нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод хамтран амьдрагч Н.Нтэй хардалтын улмаас маргалдаж, толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас Н.Н биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.Ш үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Шд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар З.Шас 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Н олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Гэвч шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь мөн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн эрх зүйн суурь зарчмуудад үл нийцсэн байна.

Тодруулбал, шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шийдвэрлэх шаардлагатайгаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн харгалзан үзэж эцэст нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосны дараагаар ял шийтгэлийн зорилго бүрэн хангагддаг.

Шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу 23 насандаа Алтангадас одонгоор шагнагдаж байсан, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан, 2025 оны 07 дугаар сард олон Улсын тэмцээнд оролцох гэж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээгээр тогтоож торгох ял оногдуулав. ...” гэжээ.

Гэвч хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч З.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, харин удаа дараа буюу 4 удаагийн шийтгэх тогтоолоор “Хүний эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх” эрхэд халдсан болох нь нотлогддог.

Түүнчлэн шүүгдэгч З.Ш нь 2025 оны 07 дугаар сард олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа талаар тодорхойлсон баримт авагдаагүй байхад хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг оновчтой бус сонгон хэрэглэх үндсэн шалтгаан болсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн 225 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/368 дугаартай магадлал хүчин төгөлдөр байхад магадлалд заасан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтэд бодитой үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогдох учиртай. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч З.Ш тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь олон нийтийн дунд танигдсан, спортын амжилт гаргаж явсан, Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд гаргаж байсан нэгэн бөгөөд түүний хувийн байдлыг анхан шатны шүүх үнэлж, шийдвэртээ тусгасан байдаг. Тодруулбал, шүүгдэгч нь урьд өмнө дөрвөн удаа ял шийтгүүлж байсан боловч энэ нь тухайн үеийн тодорхой нөхцөл байдалд, бусдын өдөөн хатгалга, сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор гарсан үйлдлүүд байсан юм. Шийтгэл хүлээх ёстой нь үнэн ч, тухайн үе бүртээ хуульд заасан ял шийтгэлийг хүлээж, түүнийг хэрэгжүүлж байсан. Мөн прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг “таамгаар” үнэлсэн мэтээр илэрхийлж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс тухайн баримтуудыг бичгээр бүрдүүлж, шүүхэд албан ёсоор гаргаж өгсөн. Тухайлбал, 2025 оны 05 болон 07 дугаар сард болох олон улсын тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэл сургуулилалт хийж байсан бөгөөд 07 дугаар сарын 12-нд Бангконг хотод зохион байгуулагдах тэмцээнд оролцох албан ёсны урилга, оролцох тамирчны нэр ч тодорхой байна. Тухайн тэмцээнд дэлхийн чансаа ахиулах тоглолтод оролцохоор төлөвлөж, бэлтгэл сургуулилтаа хангасаар байгаа юм. Харин энэ удаагийн хэрэг нь шүүгдэгч болон түүний найз охин болох М.Н нарын хувийн амьдрал дахь маргаанаас үүдэлтэй, сэтгэл санааны хурцадмал байдлын үед гарсан үйлдэл байсан. Хохирогч нь шүүгдэгчийн хууль ёсны гэр бүл бөгөөд одоо ч хамт амьдарч байгаа, гэр бүлээ хадгалах сонирхолтой. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байдал, цаашид нийгэмд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор олон улсын түвшинд оролцохоор зэхэж байгаа зэрэг олон талаас харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Шд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/368 дугаар магадлалаар “шүүгдэгч З.Ш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н.Н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл”-д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Тодруулбал;

Магадлалаар шүүгдэгч З.Ш дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэсэн дүгнэлтийг хийж байжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “...шүүгдэгч З.Шд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлсэн...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ш дахин 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь буруу байна.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж,

39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж,

37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/368 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр байхад уг шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд хамаарна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ