Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1218

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч Ц.Уранбайгал /томилолтоор/,

          Хохирогч Д.Идэр, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул /ҮД:2278/,

          Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Л.Цэндоо /ҮД:0004/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д холбогдох 1803 04309 0263 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр, У  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өндөр ансны тэтгэвэрт байдаг, ам бүл , нөхрийн хамт  дүүргийн  дүгээр хороо,   дугаар гудамжны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан саруул гэх Ч.Д /РД:

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Ч.Д нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Намир автосэлбэгийн газрын баруун замд П.Эрдэнээгийн эзэмшлийн Хьюндай Верна маркийн 93-82 УБХ улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас машиндаа засвар хийж байсан Д.Идэрийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэж заасныг зөрчиж осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дгийн өгсөн: “Би машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь ёо ёо гээд хүн дуугарахаар нь яасан юм бол гээд харсан чинь хэн ч байхгүй байсан. Тэгэхээр нь буугаад машиныхаа урд талаар тойрооод харсан чинь миний машины урд талд нэг залуу хөлөө бариад сууж байсан. Би хөлийг нь дайраагүй, хөл нь миний машины дугуйны урд талд нь байсан. Би яасан гэсэн чинь намайг зөндөө хараагаад загнаад, машины гупер цохиод байсан. Одоо яах вэ гэж асуутал юу ч дуугарахгүй намайг л загнаад байсан. Машинаасаа гарч ирээд айгаад гайхсан. Би ерөөсөө хохь чинь гэж хэлээгүй. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Идэрийн өгсөн: “Би Намир засварын үүдэнд машинаа засаад байж байсан. Засвараас нь сэлбэг аваад машин доогуур ороод диск гэдэг юмаа сольж байсан чинь хөл дээгүүр нэг машин гарсан. Би орилоод гараад ирсэн чинь энэ эгч цонхоороо хохь чинь хэн чамайг наанаа бай гэсэн юм гэж хэлсэн, би орилсон чинь засвараас эзэн нь гараад ирсэн чинь ухраад Сансарын зүг рүү яваад өгсөн. Машинаасаа ерөөсөө гарч ирээгүй. 2018 оны 05 дугаар сарын 10-нд манай аав Дархан, Сэлэнгэ аймгийн замд зуурдаар нас барсан. Тэгээд би машинаа засаад явах гэж байсан явж чадаагүй. Мөн би шөнө унтаж чадахгүй дандаа өвчин намдаадаг эм ууж байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.13-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Идэрийн өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 12 цагаас 17 цагийн хооронд би өөрийн Старекс маркийн 99-51 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцэст байдаг Намир нэртэй машин засварын газрын үүдэнд байрлуулаад машиныхаа доогуур нь орчихсон сэлбэгийг нь сольж байсан. Тэгтэл гэнэт миний баруун хөлний шагай хэсэг дээгүүр Верна маркийн 93-82 УБХ дугаартай машин нь зүүн урд дугуйгаараа дайраад гарчихсан.Тэгэхээр нь би машин доороосоо гараад хартал нөгөө миний хөлийг дайрсан машин зогсохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах гэж байхаар нь би араас нь “ хөл дээгүүр гарчихлаа шүү дээ” гэтэл ”хохь нь, наанаа яах гэж машинаа зас гэсэн юм, хохь нь” гэж хэлчихээд цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд Сансарын колонк руу чиглээд явчихсан. Тэгээд автозасварын газрын хүн гарч ирээд тухайн машины дугаар маркийг тэмдэглэсэн. Түргэн тусламж, цагдаагийн газарт авто засварын хүн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

          Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлэгийн амбулаторийн шинжээч эмч С.Наранцэцэгийн гаргасан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Идэрт баруун хөлийн тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэх дүгнэлт /хх.38/

          Авто тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан 117 дугаартай дүгнэлтэд: “... Урд салхины шил доод хэсгээрээ бага зэрэг цууралттай, гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд зүүн талын хол, ойрын гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд буферын булангийн будаг халцарч бага зэрэг хагарсан, баруун талын крылоны хаалгатай нийлсэн ирмэгний будаг халцарч дотогш нугарсан гэмтэлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл тул осолд нөлөөлөхгүй. Тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлагаас илүү нь зам дугуйн барьцалтыг бууруулж дугуйн элэгдэлтийг ихэсгэдэг тул осолд нөлөөлөхгүй... хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй эвдрэл нь тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боломжтой... уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгахад тоормос стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх.43-51/,

          Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 405 дугаартай дүгнэлтэд: “... Х.Верна маркийн 93-82 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Доржпаламын өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд манай Намир нэртэй сэлбэгийн гадаа үүдэнд Хонда Старекс маркийн машинтай залуу машинаа байрлуулчихсан, надад хэлэхдээ “ахаа машин асах болон хөдлөх боломжгүй болчихлоо. Танд таньдаг засварын хүн байна уу гэж асуусан. Тэгээд би тэр залууг засварчинтай холбож өгсөн, удалгүй засварчин ирчихсэн нөгөө залуу машиныхаа доогуур ороод машинаа засаж байсан. Би дэлгүүр дотроо байж байтал гэнэт эрэгтэй хүн орилсон. Би гадагшаа гараад хартал нөгөө машин доор хэвтэж байсан залуу машиныхаа хажууд суугаад хөлөө барьчихсан сууж байсан. Осол болохоос өмнө Верна аксент маркийн машинтай 50-60 орчим насны эмэгтэй манай дэлгүүрээс сэлбэг аваад солиулж байсан. Машинаа нөгөө залуугийн машины хойд талд байрлуулсан байсан. Тэр эмэгтэй манай дэлгүүрээс юм худалдаж аваад гарахдаа нөгөө машин доор хэвтэж байсан залуугийн хөл дээгүүр гарчихсан юм шиг байсан. Хүмүүс манай дэлгүүрт худалдаа хийх гээд байсан учир буцаж дэлгүүр лүүгээ орж худалдаагаа хийчихээд буцаад гарч ирээд хартал нөгөө хөл дээгүүр нь гарсан Верна машин хөдлөөд зам руу ороод Сансар тал руу буцан эргэж байсан. Хөлөө дайруулсан залуу “ахаа та наад машинаа зогсоогоод өгөөч зугатаах гээд байна” гэхээр нь би нөгөө эмэгтэй жолооч руу “та зогсоочээ” гэсэн боловч зогсолгүй цааш явчихсан. Ойрхон явж байсан миний хэлсэнийг сонссон байж магадгүй юм. Тэгээд тэр залуу цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би өөрийн 98112670 дугаараасаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.58-59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дгийн яллагдагчаар өгсөн: “... тухайн үед миний машины буруу талын урд цонх онгорхой байсан. Тэгээд би машинаа зогсоон буугаад хартал машины буруу талын урд талд нэг бор гуталтай залуу зүүн хөлөө барьчихсан сууж байснаа чи миний хөл дээгүүр гэрээд явчихлаа шүү дээ гэсэн. Хөлийг нь харахад дугуйны мөр харагдаагүй, тэгэхээр нь хөл дээгүүр чинь гарсан байтал яахаараа машины урд хөл чинь байдаг юм бэ гэж хэлтэл намайг элдэвээр хараасан. Би тэгээд одоо яах вэ? гэтэл юм хэлэхгүй элдэвээр хараагаад байсан, дуудсан байсан цахилгаанчин дуудаад байхаар нь би тухайн залууг орхиод машиндаа суугаад буцаж эргээд Сансарын колонк руу чиглээд Дөлгөөн нуур луу явсан... тухайн үед цагдаа, түргэн дуудаагүй нь миний буруу, хүний машины урдуур худлаа хөл, гараа хийчихээд мөнгө нэхдэг хүн юм байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос шинээр гаргаж өгсөн:

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 52 дугаартай шийтгэх тогтоол 5 хуудас,

          Цагдаагийн байгууллагад ирсэн зам тээврийн ослын талаарх дуудлагын баримт 2 хуудас,

          Хохирхлын баримт 6 хуудас зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Ч.Д нь 2018 оны 05 дугаар сарын 10- ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Намир автосэлбэгийн газрын баруун замд П.Эрдэнээгийн эзэмшлийн Хьюндай Верна маркийн 93-82 УБХ улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас машиндаа засвар хийж байсан Д.Идэрийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэж заасныг зөрчиж осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.13-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Идэрийн өгсөн: “... Тэгтэл гэнэт миний баруун хөлний шагай хэсэг дээгүүр Верна маркийн 93-82 УБХ дугаартай машин нь зүүн урд дугуйгаараа дайраад гарчихсан. Тэгэхээр нь би машин доороосоо гараад хартал нөгөө миний хөлийг дайрсан машин зогсохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах гэж байхаар нь би араас нь “ хөл дээгүүр гарчихлаа шүү дээ” гэтэл ”хохь нь, наанаа яах гэж машинаа зас гэсэн юм, хохь нь” гэж хэлчихээд цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд Сансарын колонк руу чиглээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

          Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлэгийн амбулаторийн шинжээч эмч С.Наранцэцэгийн гаргасан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт /хх.38/,

          Авто тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан 117 дугаартай дүгнэлт /хх.43-51/,

          Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 405 дугаартай дүгнэлт /хх.55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Доржпаламын өгсөн: “... Тэр эмэгтэй манай дэлгүүрээс юм худалдаж аваад гарахдаа нөгөө машин доор хэвтэж байсан залуугийн хөл дээгүүр гарчихсан юм шиг байсан... Хөлөө дайруулсан залуу “ахаа та наад машинаа зогсоогоод өгөөч зугатаах гээд байна” гэхээр нь би нөгөө эмэгтэй жолооч руу “та зогсоочээ” гэсэн боловч зогсолгүй цааш явчихсан...” гэх мэдүүлэг /хх.58-59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би машинаа зогсоон буугаад хартал машины буруу талын урд талд нэг бор гуталтай залуу зүүн хөлөө барьчихсан сууж байснаа чи миний хөл дээгүүр гэрээд явчихлаа шүү дээ гэсэн... би тухайн залууг орхиод машиндаа суугаад буцаж эргээд Сансарын колонк руу чиглээд Дөлгөөн нуур луу явсан... тухайн үед цагдаа, түргэн дуудаагүй нь миний буруу, хүний машины урдуур худлаа хөл, гараа хийчихээд мөнгө нэхдэг хүн юм байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Идэрийн өгсөн: “... Засвараас нь сэлбэг аваад машин доогуур ороод диск гэдэг юмаа сольж байсан чинь хөл дээгүүр нэг машин гарсан...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Ч.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Ч.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ч.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Хохирогч Д.Идэр нь бензиний зардал 1,036,900 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, сэтгэл санааны хохирлын хамт нийт 3,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч бензиний зардалын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, харин шүүгдэгч нь эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгөхийг зөвшөөрч бэлнээр авчирсан байх тул  өмгөөллийн хөлс 700,000 төгрөгийн хамт нийт 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Дгээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

          Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан учир сэтгэл санааны хохирол гаргуулах боломжгүй юм.

          Хохирогч Д.Идэр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ч.Дгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ч.Дгийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан, Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоолоо.

          Ч.Д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар огт арга хэмжээ аваагүй гэж шүүгдэгчид хүнд ял оногдуулахыг хохирогчийн өмгөөлөгч хүсч байх боловч хохирогч болон түүний өмгөөлөгч нь хохирлын баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнөхөн гаргаж өгсөн учир дээрх үндэслэл нь ял хүндрүүлэх нөхцөл болохгүй гэж үзэв.

          Шүүгдэгч Ч.Д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн ВС ангиллын 158750 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олговол зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ч.Д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Ч.Д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          6. Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн ВС ангиллын 158750 дугаартай үнэмлэхийг Ч.Д буцаан олгосугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Дгээс 1,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Идэрт олгосугай.

          9. Хохирогч Д.Идэр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ч.Дгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР