| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2405006911649 |
| Дугаар | 2025/ДШМ/806 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/806
2025 07 01 2025/ДШМ/806
Э.Дт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1082 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Дт холбогдох эрүүгийн 2405006911649 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Аийн биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Э.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Дээс хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 5,693,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ат олгож, хохирогч Н.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Аийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэх прокурорын эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “СD” бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно”, 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2, 1.5 ... хэм хэмжээ зэрэг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн хэргийн бодит байдлыг тогтоох заалтын 1.2 дахь заалтыг зөрчиж, шүүгдэгч Э.Д нь хохирогч Н.Аийн шүд рүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хийсэн гэх байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна.
Э.Д хөнгөн гэмтэл учруулсан гэх байдал дараах нотлох баримтуудаар үгүйсгэгддэг болно. Тухайлбал:
- Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд “Э.Д гэнэт агсарч уруул руу цохиж, үүдэн 3 шүд унагаасан нэг шүдний үзүүр хэсэг гэмтсэн” гэх баримтаар 3 шүд нь бүрэн унаж нэг шүдний үзүүр хэсэг гэмтэж 4 шүд унаж гэмтсэн байдал тогтоогддог”.
- хохирогчоор: “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 цаг 30 минутын үед .... Вард ороод Э.Д, Т гэх Залуустай таарсан Э.Д Х.Гтой маргаад заамдахад нь баарны хамгаалагч нар Э.Дийг авч гарсан. Би хувцсаа авах гэж гарчихаад бааранд буцаж ороход үүдний ширээн дээрээс Э.Д дуудахаар нь очиход шууд уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед амнаас цус гараад үүдэн 3 шүд хөдөлсөн хамгаалагч нар ирээд салгасан. Би такси бариад гэртээ хариад унтаад сэрсэн чинь үүдэн дээд 3 шүд уначихсан байсан” гэх мэдүүлгүүд өгсөн байдаг.
Гэтэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр 3 шүд унагаасан цус гарсан, гэртээ харьж унтаад босоход 3 шүд уначихсан байсан гэдэг мэдүүлэг нь дор дурдсан баримтуудаар үгүйсгэдэг юм.
Гэрч Х.Гын “...Э.Д нь Аийг цохиж байхыг хараагүй”,
М.Тын “...Э.Дийг Х.Г, Б.Ц хоёр дараад суучихсан, хоорондоо барьцалдаж аваад байсан. Би 00 өрөө орчихоод баарны үүд руу гарч байхад Э.Д, Х.Г, Ц, А нар зогсож байсан. Баарнаас гарах гэхэд хамгаалагч нар цагдаа дуудсан гээд гаргаагүй. Б.Ц, А, Э.Д бид 4-ийг цагдаагийн хэсгийн байранд аваачихад бид нараас гомдолтой юу, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байна уу гэхэд бид байхгүй гээд гарсан. А нь бааранд байхад болон 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэг дээр байхад, маргааш нь буудалд байхад ч гэсэн тийм зүйл яриагүй”,
Б.Цийн “...10 дугаар хорооллын цагдаагийн газраас гомдолгүй гээд гараад А манайд очих уу гэхээр нь буудалд очиж хоноё гээд буудалд ороод унтаад өгсөн. Маргааш нь манай ажлын Г дараа нь Э.Д, М.Тын хамт нэг шил виски барьсан бариад ирсэн”,
Б.М “...Би тухайн өдөр ахлагч С.Б хамт Бугат-66 хэсэгт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 2-оос 3 цагт ... баарт дуудлагын дагуу очиж шалгахад 4-5 залуучууд шууд маргасан байдалтай байсан. Нэг залуугийнх нь нүд хавдсан байсан. Бусад нь зүгээр харагдаж байсан. Миний шүд хугарчихсан, намайг хүн цохиж зодсон гэсэн хүн байгаагүй, амнаас нь цус гарсан байдалтай болон гэмтсэн хүн байгаагүй”,
Шүүх хуралдааны үед нотлох баримтуудаар гарган өгсөн “...” ХХК-ийн тодорхойлолтоор “Хохирогч Н.А нь хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ гэртээ харьж хоноод сэрэхэд 3 шүд нь унасан байсан гэх мэдүүлэг өгснийг худал болохыг “...” ХХК-ийн Зочид буудалд А нь 2023 оны 12 дугаар сарын 21-нд хоносон” гэдгийг тодорхойлсон баримт нотолдог. Дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр Н.Аийн үүдэн 3 шүд унасан цус гарсан үйл баримт нотлогдож чаддаггүйг анхаарч үзнэ үү.
Гэмтлийн зэрэг тогтоох үндэслэл болгосон нүүр амны их эмч Э.Мөнхжингийн тодорхойлолтод “үүдэн 3 шүдний цогц хугарсан, 11, 12 дугаар шүд хугарлын улмаас авсан, 13 дугаар шүд сувгийн эмчилгээ хийж сэргэсэн, 21 шүд хугарсан” гэх баримтаар 7 шүдний гэмтэл авагдсан.
Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1435 дугаартай дүгнэлтэд “А.Ат баруун дээд 1, 2 шүдний булгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн байдаг бөгөөд шинжээчээс мэдүүлэг авахад уруул хэсэгт цохих нэг удаагийн үйлдлээр унах боломжтой” гэх баримтаар А.Ат учирсан шүдний хугарал булгаралт нь Э.Дийн зүгээс хохирогч этгээдийн уруул хэсэгт цохих үйлдлийн улмаас учирсан байхыг тогтоожээ.
Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан камерын бичлэгт “Э.Д нь хохирогчийн баруун шанаанд буюу хацрын төвгөр хэсэг руу цохиж байгаа нь хуралд оролцогчдод тодорхой харагдсан болно. Гэтэл шүүх баруун шанаа хацрын товгор хэсэгт цохиж байгаа нэг удаагийн үйлдэл, гэрч нарын мэдүүлгүүд, илтэд зөрүүтэй өгөгдсөн хохирогчийн мэдүүлэг, эмчийн тодорхойлолт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн мэдүүлэг, камерын бичлэгт авагдсан үйл баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн, үнэлэлт дүгнэлт өгөөгүй талаараа дурдалгүй. Э.Дийг гэм буруутайд тооцож 5,693,000 төгрөг хохиролд гаргуулж 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оноосонд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогчийн шүд рүү нь цохиогүй, хацар хэсэгт нь цохисон. Тэгээд баарнаас гарахад Н.А “чи хөгшнийхөө энэ рүү цохисон шүү” гэж хэлсэн. 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө буудлаас гарлаа гээд ирэхдээ “чи цохисон чинь шүд ингэчихлээ гэхээр нь би шүд рүү чинь цохиогүй ш дээ гэхэд чи цохиод би гаргасан чинь шүд хөдөлчихлөө гээд надад шүдний нүх үзүүлсэн юм. Намайг үүдэн шүд рүү, уруул руу цохисон гээд байгаа. Бид хоёр 24 жил хамт ажилласан. Н.Аийн үүдэн шүд өмнө нь имплант хийлгэсэн, хөдөлсөн шүдэнд эмчилгээ хийлгэсэн дээр эмчийн тодорхойлолт хийгдсэн. Энэ эмчийн тодорхойлолтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өмнө нь гэмтсэн шүдийг анхаарч үзээгүй ийм асуудал үүсээд байгаа юм. Бид хамт ажилладаг найз нөхдийн хүрээнд хоёулаа шүд муутай шүдээ янзлуулна гэж ярьж байсан. Бид нэгнийгээ сайн мэднэ. ...” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д Н.Аийн баруун шанаа хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч “тухайн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” дүгнэсэн. Камерын бичлэгээс харахад шүүгдэгч хохирогчийн баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон нь харагддаг. Хэрэг учрал 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө болсон боловч 2024 оны 01 дүгээр сард гэмт хэргийн талаар гомдол гаргаад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн баримтуудад үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Э.Д, хохирогч Н.А нар нэг байгууллагад 20 гаруй жил ажилласан, нэгнийгээ мэддэг гэх шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаагүй байсан талаар хохирогч мэдүүлдэг. Э.Д хохирогчийн баруун шанаа хэсэгт цохих үед хоёулхнаа байсан нь камерын бичлэгээс харагддаг. Энэ талаар гэрч н.Ц “Н.А Э.Д миний шанаа руу цохичихлоо, шүд эвгүй болчихлоо, цус гараад угаачхаад ирлээ гэсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч Н.А “тухайн үед баарнаас гараад н.Ц хамт түүний гэрт очсон боловч гэрийн түлхүүр нь байгаагүй тул “Б..” зочид буудалд хамт хоносон. Тэгээд маргааш нь өглөө босоод юм идэж болохгүй, шүдээ үзүүлэхэд хөдөлсөн байсан” гэж мэдүүлсэн. Улмаар маргааш нь Э.Д ирээд шүд ийм болгосон байна гэх асуудлын талаар хоорондоо ярьсан байдаг. Тухайн үед Э.Д хохирогчид эмчилгээндээ зарцуул гэж 2.000.000 төгрөг өгсөн. Мөн Н.Аийн дүү утсаар ярьсан буюу үл ойлголцлын улмаас өгсөн 5.000.000 төгрөгийг хохирогчийн зүгээс Э.Дт буцааж өгсөн. Э.Д хохирогчид нийт 7.000.000 төгрөг дансаар шилжүүлээд 5.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн нөхцөл байдал байгаа. Мөн шинжээч эмч нэг талд байрлах 1, 2 дугаар шүд гэдэг талаар мэдүүлсэн. Э.Дийн хувьд хохирогчийн шүд рүү нь цохиогүй, шанаа тус газарт цохисон гэж мэдүүлдэг боловч нэг удаагийн үйлчлэлээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Дт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал;
Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Аийн биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Н.А нь тухайн үйл явдал болсноос хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан байх ба улмаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1435 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Н.Аийн биед баруун дээд 1, 2-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол” тогтоогдсон гэх дүгнэлтээ “Platinum” шүдний эмнэлгийн Э.Мөнхжин гэх эмчийн үзлэгт үндэслэж гаргасан гэх боловч тус эмнэлэгт ямар эмчилгээ хийгдсэн, өвчний түүх зэрэг бичгийн баримтгүй байхад дүгнэлт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн “Platinum” шүдний эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн их эмч О.Сувд-Эрдэнийн тодорхойлолт болон хэнийх болох нь тогтоогдохгүй рентген зураг нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тодруулбал, хохирогч Н.Аийн анх тус эмнэлэгт үзлэг хийлгэсэн эсэх, ямар эмчид үзүүлсэн, ямар эмчилгээ хийлгэсэн, өвчний түүх зэрэг шинжээчийн дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий баримтуудыг хэрэгт хавсаргасны эцэст шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах нь хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоох, хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”; шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1082 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1082 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ