Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

хохирогч Д.Цэвээнжав,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас С овогт Б-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0071 01193 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн С овогт Б-ийн О, 1981 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сан 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 01 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЦД81041160/,

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвийн 203 дугаартай лангуунаас иргэн Д.Цэвээнжавын цүнхтэй бэлэн 3.320.000 төгрөг, самсунг Ж-7 маркийн гар утсыг хулгайлж 3.896.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Д.Цэвээнжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Нарантуул худалдааны төвд Монгол дээл хийгээд 20 гаруй жил ажиллаж байна. Тухайн өдөр нөхөр бид 2 юм хийгээд байж байтал нэг харсан чинь миний цүнх байхгүй болчихсон байсан. Тэгээд араас нь шат руу гүйгээд олж чадаагүй. Тэр үед шууд цагдаад мэдэгдээд камер шүүлгэж үзэхэд нэг хүн лифтэнд суусан байсан. Би миний цүнхийг хулгайлсан хүнийг алхаагаар нь танисан. Одоо би 3.320.000 төгрөгөө авмаар байна” гэв.

Яллагдагч Б.О мэдүүлэхдээ: “…Би он сар цагаа сайн санахгүй байна, өвөл байсан би Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 юм уу 3 давхарт явж байгаад үндэсний дээл зардаг лангуу байхаар нь хүүхэддээ дээл сонирхоод үнийг нь асуутал хэлэхгүй байсан. Тэгтэл хажууд нь сандал дээр хар өнгийн гар цүнх байхаар нь би аваад шууд цахилгаан шатаар буугаад Баялаг-Ундраа төвийн арын хаалгаар гараад хөдөө явдаг машинуудын тэр хавьд очоод цүнхийг онгойлгож үзэхэд их хэмжээний боодолтой мөнгө байхаар нь шууд аваад халаасандаа хийгээд цүнхээ чингэлэгнүүдийн завсраар хаячихсан юм. Цүнхэн дотор яг хэдэн төгрөг байсныг мэдээгүй, боодолтой их мөнгө байсан. Тэгээд авсан мөнгөөрөө хүүхдүүддээ хувцас, хоол ундны зүйл, өөртөө бас хувцас авсан, би мөнгөн дэвсгэртүүдийг мэднэ, их хэмжээний мөнгө байсан болохоор яг хэдэн төгрөгөөр юу юу авсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр манай нөхөр Батнасан надаас юун мөнгө хаанаас олсон юм гэж асуухаар нь би мөнгө олсон, тэгээд хүүхдүүддээ хувцас, хоол унд авсан гэж хэлээд яг тийм их хэмжээний мөнгө олсон гэдгээ хэлээгүй нуучихсан, Дараа нь би 2-3 хоног гэртээ очоогүй хулгайлсан мөнгөөрөө архи уусан сайн танихгүй хүмүүстэй уусан, би хэд хоног гэртээ хариагүй гадуур ууж байгаад гэртээ харьтал манай нөхөр чи хаагуур хэнтэй, ямар мөнгөөрөө уусан талаар асуухад нь би цүнхтэй мөнгө хулгайлсан гэдгээ хэлсэн юм…” гэв. /хх84-85/

Хохирогч Д.Цэвээнжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нарантуулын цагдаагийн хэлтэст мэдэгдээд хяналтын камер шүүж үзтэл ногоон эрээн малгайтай куртиктай эмэгтэй хүн мөрлөөд авч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн өдөр би Хас банкинд зээл төлөх гээд 3.320.000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, самсунг жи 7 маркийн гар утас зэрэг эд зүйл байсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цэвэрлэгч эмэгтэй манай хамаатны эмэгтэй рүү залгаад миний нэрийг хэлээд хогийн саван дотор бичиг баримттай хар цүнх байна өгөх гэсэн юм гээд залгасан байсан...” гэх мэдүүлэг. /хх35-36/, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Баялаг-Ундраа” төвийн 203 дугаартай лангуунаас иргэн Д.Цэвээнжавын цүнхтэй бэлэн 3.320.000 төгрөг, самсунг жи-7 маркийн гар утсыг хулгайлж 3.896.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэм буруутай этгээдээс Б.О-гаас 3.320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэвээнжавт олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирлоо сайн дураар нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О-д шүүх хорих ял оногдуулсантай холбоотойгоор мөн насанд хүрээгүй хүүхдүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж, эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй нөхцөл байдлыг харгалзан Б.О-ыг хорих ял эдэлж байх хугацаанд түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудыг эрх бүхий албан тушаалтанд даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10 дах хэсэгт зааснаар түүний хүүхдүүд болох насанд хүрээгүй 2008.01.05-ны өдөр төрсөн хүү Б.Насанбат, 2011.11.21-ний өдөр төрсөн охин Б.Алтанзул, 2015.10.23-ны өдөр төрсөн хүү Б.Жавхлан нарт асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Б-ийн О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.О-аас 3.320.000 /гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэвээнжавт олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10 дахь хэсэгт зааснаар Б.О-ын хүүхдүүд болох 2008.01.05-ны өдөр төрсөн хүү Б.Насанбат, 2011.11.21-ний өдөр төрсөн охин Б.Алтанзул, 2015.10.23-ны өдөр төрсөн хүү Б.Жавхлан нарт асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР