| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2508000000397 |
| Дугаар | 2025/ДШМ/807 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/807
2025 07 01 2025/ДШМ/807
Н.Хад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Г.Т,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Хад холбогдох эрүүгийн 2508000000397 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Н.Х нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “...” хороолол дотор хохирогч Г.Тийг “хотхон дотор сигналдаж болохгүй” гэж хэлсний төлөө маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 6 дугаар шүдний хугарал, сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.Хийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хад 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Н.Х шүүхээс оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, Н.Х хохирогчийн эмчилгээний зардалд 2,513,110 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс хүнсний бараа бүтээгдэхүүн муудаж устсан, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 6,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Тийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ямар учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа юу, үгүй юу гэдгээ шийтгэх тогтоолд тусгаагүй, хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон баримтаас үзвэл Н.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан тал дээр ерөөсөө дүгнэлт хийгээгүй. Н.Х нь хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг байнга давтан үйлдэж, торгуулсан болоод салж байгаа, засрал хүмүүжил ерөөсөө олоогүй тал дээр шүүх огт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Энэ хүн цаашид хэдэн төгрөгөөр торгуулаад л эсхүл нийтэд тусгай ажил хийгээд л хүн зодож гэмтэл учруулаад яваад байх уу.
Шүүх шийдвэрлэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулахаар хуульчилсан байтал шүүх ерөөсөө анзаарч үзээгүй.
Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх дээр өмгөөлөгчтэй оролцох эрхээр ерөөсөө хангаагүй, миний бие шүүх дээр хэрэг очиход “хөнгөн хэрэг юм чинь өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр өг” гэж хэлээд өмгөөлөгч аваагүй. Миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болоод өөрийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадалгүйгээр шүүх хуралдааныг хийлгэсэн үзэж байна. Мөн Н.Х нь хохирогч Г.Тт эмчилгээний зардалд 2,513,110 төгрөг төлсөн нь үнэн байна гэж дүгнэсэн боловч учруулсан гэмтэл нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод 6-р шүдний хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Энэхүү учруулаад байгаа гэмтлүүдийг цаашид эмчлүүлэх зардал дутмаг учраас яаж хохирлоо тооцож авах талаар зөвхөн Иргэний журмаар жич нэхэмжилж ав гэж байгаа нь миний эрхийг ноцтой хохироож байна.
Мөн миний биед учирсан сэтгэцэд учирсан хохирлыг ерөөсөө шийдвэрлээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд яагаад шийдвэрлээгүй талаар ерөөсөө дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуульд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоож энэхүү хохирлыг буруутай этгээдээс холбогдох журмын дагуу гаргуулахыг хуульчилсан байтал мөрдөн байцаагч энэхүү ажиллагааг ерөөсөө хийгээгүйг миний бие өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байж мэдсэн болно. Иймд миний бие сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгож, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулж, учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1191 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад хохирогчоос 6.000.000 төгрөг /Өвөрхангайн аймагт үйл ажиллагаа явуулж байсан пиццаны газрын зардал/, 3.500.000 төгрөг /шүдний зардал/ зэргийг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул шүүх Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хад 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Н.Х нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “...” хороолол дотор хохирогч Г.Тийг “хотхон дотор сигналдаж болохгүй” гэж хэлсний төлөө маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 6 дугаар шүдний хугарал, сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Тийн "... 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “...” хороолол дотор ах ... зогсоол хайж байна, ирээд эмээгээ аваад гэр лүү нь оруулчих гэхээр нь би алхаад очсон чинь манай ахын хойд талын машин тасралтгүй сигналдаад байхаар нь би тухайн машин руу очоод хотхон хороолол дотор ингэж сигналдаж болохгүй гэж хэлсэн чинь өөдөөс жолоочийн эсрэг талд сууж байсан эмэгтэй би сигнал дарсан юм, чи яахын гээд би уурлаад салаавч гаргасан чинь машин дотроосоо эрэгтэй нь гараа гаргаж ирээд намайг боохоор нь би зөрүүлээд боосон чинь тухайн залуу бууж ирээд нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон ба хамар луу мөргөөд тэгээд зугтаад яваад өгсөн. Би тэр хүнийг цохиж зодож чадаагүй. Миний хамар хавдсан, баруун хацар хавдаад баруун доод шүд хугарсан. Машины жолооч эрэгтэй намайг ганцаараа зодсон. Тухайн хүнд зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Би “Гурван гал” эмнэлэгт хамрын хагалгаанд орж 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Надад эмчилгээ хийлгэсэн, эм тарианы баримтууд байгаа. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ зардлаа нэхэмжилмээр байна. Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй” /хх 5-8/,
гэрч Г.Б "... 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “... хорооллын 116 дугаар байрны 7 тоотод гэртээ орох гээд автомашины зогсоол байхгүй байхаар нь зогсоол хайгаад 106 дугаар байрны хажууд зам дээр явж байхдаа дүү Т рүү утсаар залгаад эмээгээ аваад гэртээ орж бай, машинаа зогсоол дээр байрлуулчхаад оръё гэж хэлээд байж байтал миний яг хойд талын машин учир зүггүй сигналдаад байсан ба нэг мэдсэн чинь Т ирчихсэн хойд талын машины жолоочтой муудалцаад байхаар нь машинаасаа буугаад очсон чинь жолооч нь гээд залуу Тийг заамдаад боож байгаад машинаасаа бууж ирээд хамар, нүүр хэсэг рүү нь 1 удаа мөргөөд, гараараа 2-3 удаа цохиод авсан. Удалгүй тэр машины жолооч машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд манай дүүгийн хамар нь шалбараад цус гараад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” /хх 10/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3883 тоот “... Г.Тийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 6-р шүдний хугарал, сулрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх 28-29/ гэсэн дүгнэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 18 цаг 37 минут 37 секундэд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ... хороолол 104 дүгээр байрны голын зам дээр хохирогч Т ....УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой машины цонхон дээр очиж маргалдаж байгаа хэсгийг харуулав. ... жолооч Х машин дотроос хохирогч Тийн нүүр орчим гараараа 1 удаа цохиж байгааг харуулав....18 цаг 38 минут 27 секундэд ... жолооч Х машинаасаа бууж ирээд цамцаа тайлж байгаа хэсгийг харуулав. ...Х хохирогч Тийн нүүр орчим гараараа 1 удаа цохиж байгаа хэсгийг харуулав. .. 18 цаг 38 минут 36 секундэд ... жолооч Х хохирогч Тийн нүүр орчим 2-3 удаа мөргөж байгааг хэсгийг харуулав” гэсэн тэмдэглэл /хх 20-23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Хыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хад 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Хохирогч Г.Төөс “... Н.Хад оногдуулсан ял хөнгөдсөн, ...хохирлоо тооцож авах талаар зөвхөн Иргэний журмаар жич нэхэмжилж ав гэж байгаа нь миний эрхийг ноцтой хохироож байна, мөн сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгож, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулж, учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Хад ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь түүнд тохирсон байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан.
Шүүх хохирогч Г.Т эмчилгээний зардалтай холбоотой 2,513,110 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Х төлж барагдуулсан талаар дурдаж, имплант шүдний зардалд 3,450,000 төгрөг, хүнсний бараа бүтээгдэхүүн устаж муудсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нийт 6,500,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн анхан шатны шүүх хохирогч Г.Тийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн ба хохирогчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, шүүх хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэдэг бөгөөд хэрэгт авагдаагүй баримтад үндэслэж хохирлыг гаргах боломжгүй болно.
3. Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.
Хохирогч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...уг гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. ...” /хх 8/ гэж мэдүүлсэн тул түүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж, шинжилгээ хийлгэх замаар гаргаагүй нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ