Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2019/00029

 

Баянхонгор аймгийн Нэгдсэн

эмнэлэгт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 дугаар баг Галсанваанчигийн *******ы нэхэмжлэлтэй

 Хариуцагч Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлэгт холбогдох

Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 640.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байр 9 тоот оршин суух Г.*******ы давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 дугаар баг 40 дүгээр байр 9 тоотод оршин суух Галсанваанчигийн *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр их эмчээр анх ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тус эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдсон. Ингээд ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж, ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байгаагүй. Би 2017 оны 10 дугаар сараас нарийн мэргэжил олгох резидэнтур сургалтад 2 жилийн хугацаанд улсын 3 дугаар төв эмнэлэгт суралцаж, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс цалин хөлсөө авч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Суралцахын хажуугаар Баянхонгор аймагтаа ирэхдээ ажлаа хийдэг. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цогцост хийх задлан шинжилгээнд орсон. Тухайн үед задлан шинжилгээнд орохоор цохогдсон эмч Ц.******* нь даралт ихсээд бие тааруу байгаа учраас задлан шинжилгээнд чи ороод өгөөч гэсэн. Би цохолтоор задлан шинжилгээнд байнга ордог байсан тул Ц.*******ийн гуйлтыг зөвшөөрч иргэн Г.******* гэх хүний задлан шинжилгээнд орсон бусад эмч нар задлан шинжилгээ хийх үед байлцсан.

Шинжилгээний үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надад эмнэлгийн ажилтны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн тул удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд эмгэг судлаач их эмч нэг л байдаг бөгөөд би тус орон тоон дээр ажилладаг, ажиллах эрхийг ч миний ажлын байрны тодорхойлолтоор надад олгосон бөгөөд тус шинжилгээ нь миний хийх ёстой ажил юм. Гэтэл намайг шалтаг гарган ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Би ямар ч ёс зүй зөрчөөгүй, ажилдаа хайнга хандаагүй. Би хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хохирлоо. Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Жавзан нь сүүлийн жилд намайг байнга шахаж хавчин ажлаас чөлөөлөх асуудлыг байнга ярьдаг болсон. Урьд өмнө суралцаж байх хугацааныхаа авсан цалингаа төл гэж мэдэгдэл хүргүүлж байсан удаатай. Хувийн таарамжгүй харилцаанаас болж миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан нийт хугацааны цапин 640.000 төгрөгийг гаргуулан надад олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эвлэрэх ямар нэг санал байхгүй, нэхэмжлэлээ дэмжиж байна. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б/254 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгосон байсан. Эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан. Дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэсэн байсан. Би Баянхонгор аймагт эмгэг судлалын задлан шинжилгээ хийх эрхтэй мэргэшсэн ганц хүн байгаа. Ц.******* эмч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сувилагч Нандинцэцэгээр над руу утсаар яриулсан, миний даралт ихсээд байгаа учраас чи энэ задлан шинжилгээнд ороод өгөөч гэж намайг гуйсан юм. Би хичээлийн зав зайгаар Баянхонгор аймагт ирэхдээ задлан шинжилгээнд байнга оролцдог. Задлан шинжилгээний дуудлаганд хөдөө сумдад явдаг байсан. Энэ дээр ажилдаа хариуцлагагүй хандсан ёс зүйн зөрчлийг ноцтой зөрчсөн гэсэн байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Оношийг задлан шинжилгээ хийсний дараа макро түвшинд эхний оношийг тавьдаг. Эд эсийн шинжилгээний дүгнэлт гарснаар энэ хоёр оношийг нийлүүлж эцсийн оношийг тавьдаг. Эмгэг судлаач эмч задлан шинжилгээнд орсоны дараа эмч нар оношийг урьдчилсан байдлаар танилцуулдаг байх ёстой. Ийм учраас би эмч нарт энэ хүн бүдүүн гэдэснээсээ цус алдсан байна гэдгийг хэлсэн байгаа. Бөөрний хавдартай гэж огт хэлээгүй байгаа. Нойр булчирхай харласан байгааг баталгаажуулсан байгаа. Ц.Насанбаяртай задлан хийхэд цуг ороогүй тийм эрх байхгүй. Задлан шинжилгээнд ар гэрээс хүн орох тохиолдол байдаг. Эмгэг судлалын алба нэг үйлчлэгч, нэг туслах ажилтантай энэ шарил хүнд байсан учраас би ар гэрийн 4 залууг гуйж задлан шинжилгээний ширээн дээр гаргуулсан байгаа. Нойр булчирхайн онош зөрсөн дээр би гайхаж байна. Бүдүүн гэдсэндээ маш олон шархтай байсныг би хэлсэн. Нойр булчирхайн шүүрэл ялгарч хэвлийд литр гаран өмхий ногоон өнгөтөй шингэн байсан. Энэ нойр булчирхайн шүүрэл гэж эмч нарт тайлбарлаж хэлсэн байгаа гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлгийг төлөөлж тус эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзангаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Их эмч Г.******* нь 2012 оны 5 сарын 21-ний өдөр тус эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдож улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, материал байхгүй байж байгаад 2015 онд нэгдсэн эмнэлгийн дарга байсан Д.Бямбасүрэн нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл тус эмнэлгийн эмгэг судлаачаар Ц.******* ажиллаж байна. Эмгэг судлаач Ц.******* нь эмнэлэгт нас барсан өвчтөнд задлан шинжилгээ хийж тэмдэглэл үйлдэн, зохих эд эсийг авч зөвлөх их эмч Б.Уранчимэг рүү явуулж Б.Уранчимэг эмч эцсийн дүгнэлтийг гаргаж явж байна.

Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Г.******* гэх өвчтөн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүний биеийн байдал засрал авахгүй байсаар 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барсан юм. Ингээд нас барсан өвчтөний нас баралтын шалтгаан оношийг тодруулах зорилгоор их эмч Ц.*******өөр задлан шинжилгээг хийлгүүлэхээр чанарын албаны дарга Л.Батцэцэг, их эмч Л.Алтанзаяа, Н.Эрчулуун, Б.Лхамсүрэн, Г.Болороо, бага эмч Л.Хандсүрэн нарыг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд миний бие томилж энэ талаар өвчтөний сторт цохолтыг хийсэн юм. Гэтэл их эмч Г.******* нь энэ өдрийн 10 цагт миний 99449108 дугаарын утасруу 88016311 дугаарын утсаар залгаж манай найзын хамаатан нас барсан байна би задлан шинжилгээ хийе гэхээр нь би эмч нар томилогдсон та орохгүй гэж хэлсэн юм. Ингээд байж байтал чанарын албаны дарга Л.Батцэцэг манай өрөөнд орж ирээд Г.******* задлан шинжилгээ хийгээд байна. Гадны хүн хамт байна гэж хэлж орж ирсэн.

Миний бие Л.Батцэцэгийн хамт шинжилгээ хийх өрөөнд очиход Г.******* Г.*******гийн цогцост дур мэдэн задлан шинжилгээ хийж бараг дуусаж байсан бөгөөд манай эмч нараас гадна ямар ч шаардлагагүй сумын тамгын газрын дарга Ц.Насанбаяр зураг аваад байж байсан. Ингээд эмнэлгийн удирдах зөвлөлийг хуралдуулж их эмч Г.*******г төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн 2019 оны 33 дугаар тогтоолын 3.1.1-д заасан бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж саад болсон. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ингээд зөвлөлийн хурлын дараа их эмч Г.*******д 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлж 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 207 тоотод ирж уулзах талаар бичгээр хүргүүлсэн боловч Г.******* нь өөрийн гараар очиж уулзахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг ирүүлсэн байсан. Их эмч Г.******* нь 2017 оноос хойш курст явсан бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэтэл хувийн ашиг сонирхол гаргаж зөвшөөрөлгүйгээр гадны хүний хамт дур мэдэн өвчтөний цогцост задлан шинжилгээ хийж, улмаар түүний цогцосны задлан шинжилгээний үйл баримтыг утсан дээрээ бичиж авч байгаа нь ёс зүйн ноцтой зөрчил юм гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлгийг төлөөлж тус эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзангаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай эмнэлэгт Г.******* гэж 43 настай эрэгтэй хэвтсэн. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эмчилгээ авалгүйгээр нас барсан. Өглөө 10 цагийн үед Г.******* эмч залгаад *******гийн задлан шинжилгээнд орьё, миний найзын хамаатан юм байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмч нарын баг томилогдсон байгаа гэж хэлсэн. Ц.******* эмч нь эмгэг судлалын эмчийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хавсаран гүйцэтгэж байгаа. Гаргасан тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг гэж заасан байгаа. Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Энэ хүн одоо эмгэг судлалын эмч биш. Эмчлэгч эмч ирсний дараа задлан шинжилгээ эхлэх ёстой байдаг. Стортой танилцчихаад орох ёстой байсан. Эмгэг судлаач эмчид бүртгүүлнэ. Гэтэл энэ хүн шууд дайрч орсон байгаа. Санамсаргүй буюу санаатайгаар хүний өвчний нууцыг хөндлөнгийн хүмүүст дэлгэж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэдэг дээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технологийн алдаа гаргасан гэдгийг үндэслэсэн. Задлан шинжилгээний эхний хэсэг дээр алдаа гаргасан. Эмгэг судлалын эмч гэдэг нь тодорхой байгаа. Гэрээнд заасан ажил мөн үү гэвэл мөн. Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь Эрүүл мэндийн яамны сайдын тушаалын заалтуудыг зөрчсөн. Г.*******г орж ирээд ёс журмаар явсан бол оруулах байсан. Түрэмгийлэн дайрч орсон нь ёс зүйн зөрчил гаргасан. Захирах захирагдах ёс мэддэггүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдох Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 640000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эруүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр их эмчээр анх ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тус эмнэлэгт эмгэг судлаач эмчээр томилогдсон. Ингээд ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж, ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байгаагүй. Би 2017 оны 10 сараас өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нарийн мэргэжил олгох резидэнтур сургалтад 2 жилийн хугацаанд улсын 3 дугаар төв эмнэлэгт суралцаж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгээс цалин хөлсөө авч, суралцаж буй хугацаандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Суралцахын хажуугаар Баянхонгор аймагтаа ирэхдээ ажлаа хийдэг.

Ингээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цогцост хийх задлан шинжилгээнд орсон. Тухайн үед задлан шинжилгээнд орохдоо цохогдсон эмч Ц.******* нь даралт ихсээд бие тааруу байгаа учраас задлан шинжилгээнд чи ороод өгөөч гэсэн. Би цохолтоор задлан шинжилгээнд байнга ордог байсан тул Ц.Баямөнхийн гуйлтыг зөвшөөрч иргэн Г.******* гэх хүний задлан шинжилгээнд орсон. Бусад эмч нар болох Л.Алтанзаяа, Н.Эрчулуун гэх мэт хүмүүс задлан шинжилгээ хийх үед байлцсан. Шинжилгээний үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр надад эмнэлгийн ажилтны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн тул удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн.

Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус гэж үзэж байна. Учир нь тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдах зөвлөлийн шийдвэртэйгээ үндэслэл болгосон байсан. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд эмгэг судлаач их эмч нэг л байдаг бөгөөд би тус орон тоон дээр ажилладаг ажиллах эрхийг ч миний ажлын байрны тодорхойлолтоор надад олгосон бөгөөд тус шинжилгээ нь миний хийх ёстой ажил юм. Өөрөөр хэлбэл миний ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан ажил үүрэг юм.

Гэтэл намайг шалтаг гарган ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Би ямар ч ёс зүй зөрчөөгүй, ажилдаа хайнга хандаагүй. Би хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хохирлоо. Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Жавзан нь сүүлийн жилд намайг байнга шахаж хавчин ажлаас чөлөөлөх асуудлыг байнга ярьдаг болсон. Урд өмнө суралцаж байх хугацааныхаа авсан цалингаа төл гэж мэдэгдэл ч хүргүүлж байсан удаатай. Хувийн таарамжгүй харилцаанаас болж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж миний хувьд үздэг.

Ингэхдээ шүүхийн шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн захирах захирагдах ёсыг баримтлах нийтлэг журмыг зөрчсөн, мөн ажилдаа хариуцлагагүй хандсан ёс зүй зөрчсөн үйлдлээс шалтгаалж эмнэлгийн байгууллага, эмнэлгийн ажилтны нэр хүнд унах, бусдад буруу ойлголт төрүүлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд эмх замбараагүй, дур зоргоор авирлах үйлдэл газар авах зэрэг сөрөг үр дагавар учирсан, учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжтой байна хэмээн огт болоогүй үйл явдал хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтыг урьдчилан дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Галсанваанчигийн *******гаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 640.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалаар Г.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн, хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсгийг зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

Г.******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар тус нэгдсэн эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

Болсон үйл баримтын тухайд гэвэл Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан, өвчтөн Г.******* нас барсан тул түүний цогцост задлан шинжилгээ хийх нөхцөл байдал үүссэн байна. Цогцост задлан шинжилгээ хийхдээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн а/55 дугаар тушаалаар батлагдсан /39-46 дугаар тал/ Эмгэг судлалын шинжилгээ хийх журмын 2.5.4-д зааснаар цогцост эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр, зөвшөөрөлд тухайн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий эмч, эмчлэгч эмч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна гэж зааснаар цогцост задлан шинжилгээ хийх эмчээр эмгэг судлалын их эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан эмч Ц.******* болон нэр бүхий 5 эмчийг Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр томилж, өвчтөний түүхэнд цохолт хийж зөвшөөрөл олгосон байна. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн даргын шийдвэрийг Г.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, ямар нэгэн цохолт зөвшөөрөлгүйгээр талийгаач Г.******* гэх хүний цогцост задлан шинжилгээ хийж ноцтой зөрчил гаргажээ.

Нэхэмжлэгч Г.*******гаас давж заалдсан гомдолдоо “..Баянхонгор аймгийн хэмжээнд эмгэг судлаач их эмч нэг л байдаг бөгөөд би тус орон тоон дээр ажилладаг, ажиллах эрхийг ч миний ажлын байрны тодорхойлолтоор надад олгосон бөгөөд тус задлан шинжилгээ нь миний хийх ёстой ажил юм. Өөрөөр хэлбэл миний ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан ажил үүрэг юм..” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь доорх үйл баримтуудаар няцаагдаж байна.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/95 дугаар тушаалд эмгэг судлаач их эмч Г.******* нь дүрс оношилгооны их эмчээр суралцах болсон тул эмгэг судлалын их эмч Ц.Батболдтой хөдөлмөрийн түр гэрээ /хх-ийн 48 дугаар тал/ байгуулжээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/64 дүгээр тушаалд Халдвар сүрьеэгийн тасгийн эрхлэгч эмч Ц.*******өд эмгэг судлалын их эмчийн ажлыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлсүгэй гэсэн тушаал гарсан байгаа нь дээрх хугацаанд Г.******* нь дүрс оношлогооны их эмчээр суралцаж захиргааны чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд Г.*******ы ажлын байрны тодорхойлолтод заасан эмгэг судлаач их эмчийн ажлыг эмч Ц.Батболд, дараа нь эмч Ц.Баямөнх нарт хариуцуулжээ. Дээрх тушаалууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэж үзвэл Г.*******г ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй бөгөөд захиргааны чөлөөтэй байх хугацаандаа эрх олгогдоогүй ажлыг дур мэдэн гүйцэтгэж, удирдлагын зүгээс өгсөн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Г.******* гэгч нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийж ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс Г.*******ы захиргааны чөлөөг цуцалж, эмгэг судлаач их эмчийн ажилд буцаан томилсон шийдвэр гараагүй байна.

Г.******* нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн а/55 дугаар тушаалаар баталсан цогцост эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэх журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг зэргийг зөрчиж, тухайн байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэн, өөрийнхөө дураар цогцост задлан шинжилгээ хийж зөрчил гаргажээ.

Г.******* гэх нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийлгэхээр 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзангаас эмгэг судлалын их эмч Ц.******* болон нэр бүхий 5 эмчийг томилж өвчтөний түүхэнд цохолт хийж зөвшөөрөл олгосон байдаг /хх-ийн 150 дугаар тал/. Гэтэл Г.******* нь даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзантай утсаар ярьж “..манай найзын хамаатан нас барсан байна. Би задлан шинжилгээ хийе..” гэсэн хүсэлт илэрхийлсэн боловч Ч.Жавзангаас “..эмч нар томилогдсон та орж болохгүй...” гэсэн хариуг өгсөөр байтал Г.******* нь удирдлагын шийдвэрийг санаатай зөрчиж, талийгаач Г.******* гэх хүний цогцост задлан шинжилгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ажилтан ажил олгогч нарын хооронд 2015 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд /хх-ийн 151-153 дугаар тал/ ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай заалтанд нас барсан хүний цогцост удирдлагын шийдвэргүйгээр дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэж томьёолол ороогүй байгаа боловч Г.*******ы гаргасан зөрчил нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай заалтад хамаарахаар ноцтой зөрчил гаргасан байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэлүүдийн “..Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технолгийн алдаа гаргаж, эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон...” гэсэн ноцтой зөрчилд Г.*******ы гаргасан зөрчлийг хамааруулж хэрэглэх үндэстэй байна. Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******ы давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 Г.УЛАМБАЯР