| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1205/Э |
| Дугаар | 1250 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч, шүүгдэгч Л.Н, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Н, Б.У нарт холбогдох 1806 03650 1446 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, суурь машины инженер мэргэжилтэй, “Сандэй плаза” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 241 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Л.Н /РД:ХК69082501/,
2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан суманд 1970 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Сандэй плаза худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 91 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Б.У /РД:ЙИ70022201/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Н, Б.У нар нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандей плаза” худалдааны төвд хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нийн өгсөн: “...Тухайн үед буруу ойлгоцсоны улмаас хэрүүл маргаан гарах болсон. Одоо нэхэмжилэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уын өгсөн: “...Наранцэцэг бид хоёр буруу ойлголцсоны улмаас хэрүүл маргаан гарах болсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ням гарагийн амралтын өдөр байсан. Би бараагаа хурааж байтал өөдөөс харсан лангууны Наранцэцэг нь манай лангуу руу шүлсээ үсэргээд нулимсан. Би түүнд Нараа чи наад нулимдагаа болиоч ээ гэсэн чинь “миний хоолой сэрвэгнээд би шүлсээ хаяж байна” гэсэн, тэгэхээр нь би “гудамжинд ч шүлсээ хаявал торгуулдаг юм билээ” гэж хэлсэн чинь намайг элдэв янзаар хэлж, хэл амаар доромжлон дайрч давшлаад урдаа төмөр ацтай бараа өлгөдөг урт гараараа над руу чичлээд зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн гарын булчин, зүүн бөөрөнд чичиж хатгасан. Би тэр гарыг нь барьж авах гэтэл зүүн гарын эрхий хурууны хумсыг цохиод ярчихсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нийн өгсөн: “... Уламбаяр намайг чи лангуу руу шүлсээ цацлаа гээд гэнэт хэлэхээр нь “юу яриад байгаа юм, өчнөөн сар ханиадтай ханиалгаад боогдчих гээд байгааг мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгсэн чинь л Уламбаяр лангуунаас үзүүртэй хувцас өлгөдөг гараараа миний баруун мөр, бугалга руу цохисон, тэгэхэд нь би яаж байнаа гээд эргүүлээд өөрийнхөө модон гараар цохих гэсэн боловч миний гарыг барьж цохиулаад, би түүнийг цохиж ч чадаагүй бултаад холдоод байсан. Миний баруун гарын бугалганд Уламбаяр модон гараараа төмөр үзүүртэй хэсгээр цохиод цоорч, цус гарсан. Мөн намайг тэр модон гараараа толгой тархи руу цохисноос болж 2 өдөр бариачид очиж бариулсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Заяагийн өгсөн: “... Лангууны эзэн Наранцэцэг нь Уламбаяр эгч бид нар руу шүлсээ нулимаад нэг прус мод барьчихсан Уламбаяр эгчийг цохих гээд дайраад байсан ба би Наранцэцэгийг хориглоод модыг авч цааш нь тавьсан. Намайг очиход Уламбаяр эгчийг зодсон гэж байсан бөгөөд би тэрийг нь хараагүй, гэхдээ намайг очиход Уламбаяр эгчийн гарын хумс нь ярагдчихсан, цээж, гар гээд энд тэндгүй улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4721 дугаартай “... Б.Уын биед зүүн мөр, зүүн бугалга, зүүн бөөрний түвшинд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн эрхий хурууны хумс ханзарч урагдсан гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгт гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэг болно” гэх дүгнэлт /хх.33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Жадамбын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4849 дугаартай “... Л.Нийн биед тархины доргилт, баруун бугалга, зүүн гарын 2-р хурууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би хажуу лангуу түрээсэлдэг Б.Уын биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би шүүхээр торгуулийн шийтгэл оногдуулах юм бол төлж барагдуулах бүрэн боломжтой юм” гэх мэдүүлэг /хх.75-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уын яллагдагчаар өгсөн: “... Би хажуу лангуу түрээсэлдэг Л.Нийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би шүүхээр торгуулийн шийтгэл оногдуулах юм бол төлж барагдуулах бүрэн боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх.81-83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Л.Н, Б.У нар нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандей плаза” худалдааны төвд хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уын өгсөн: “... тэгэхээр нь би “гудамжинд ч шүлсээ хаявал торгуулдаг юм билээ” гэж хэлсэн чинь намайг элдэв янзаар хэлж, хэл амаар доромжлон дайрч давшлаад урдаа төмөр ацтай бараа өлгөдөг урт гараараа над руу чичлээд зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн гарын булчин, зүүн бөөрөнд чичиж хатгасан. Би тэр гарыг нь барьж авах гэтэл зүүн гарын эрхий хурууны хумсыг цохиод ярчихсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Заяагийн өгсөн: “... Намайг очиход Уламбаяр эгчийг зодсон гэж байсан бөгөөд би тэрийг нь хараагүй, гэхдээ намайг очиход Уламбаяр эгчийн гарын хумс нь ярагдчихсан, цээж, гар гээд энд тэндгүй улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нийн өгсөн: “... Тэгсэн чинь л Уламбаяр лангуунаас үзүүртэй хувцас өлгөдөг гараараа миний баруун мөр, бугалга руу цохисон... Миний баруун гарын бугалганд Уламбаяр модон гараараа төмөр үзүүртэй хэсгээр цохиод цоорч, цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4721 дугаартай дүгнэлт /хх.33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Жадамбын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4849 дугаартай дүгнэлт /хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би хажуу лангуу түрээсэлдэг Б.Уын биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.75-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уын яллагдагчаар өгсөн: “... Би хажуу лангуу түрээсэлдэг Л.Нийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-83/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Л.Н, Б.У нарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Л.Н, Б.У нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Н, Б.У нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Л.Н, Б.У нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Л.Н, Б.У нар нь харилцан эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир тэдгээрийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Н, Б.У нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Н, Б.У нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Н, Б.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Н, Б.У нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Л.Н, Б.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Б.У нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Л.Н, Б.У нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Л.Н, Б.У нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. Л.Н, Б.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Н, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР