| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2402007150108 |
| Дугаар | 2025/ДШМ/808 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/808
2025 07 01 2025/ДШМ/808
Т.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Бэд холбогдох эрүүгийн 2402007150108 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн постоор “Toyota Crown” загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” мэт зүйлийн цэвэр жин 1877,3 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т.Бийг хориглосон сэтгэцэд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа өвс мэт, цэвэр жин нь 1877.3 грамм, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн 6,752,813 /зургаан сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон зүйл заалтыг зөрчсөн, нийгэмд аюултай үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний холбогдсон хэрэг, түүний улс, нийгэмд учруулах хор уршгийн тухай гүнээ ухамсарлан ойлгож, гэмшиж байна. Цаашид Монгол Улсын хуулийг сахин, биелүүлж, улс нийгэмдээ үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөн, сурч амьдрахаа илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан нэг жилийн хорих ял шийтгэлийг хорихоос бусад ял шийтгэлээр сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэтэй хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу хадгалсан “Toyota Crown” загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6,752,813 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”. 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж энэ хуулийн тусгай ангид заасан. Гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. Мөн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна" гэсэн дүгнэлтийг гаргаж оролцсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан "улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" нь тодорхойгүй байна.
Т.Б нь бусдад учруулсан хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Т.Бийг гэмт хэрэг үйлдэхдээ “Toyota Crown” загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан, ашиглахыг завдсан үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад хэт яллах талыг барьж дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Т.Б нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай, өндөр настай эхтэйгээ хамт амьдардаг зэрэг ар гэр болон хувийн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг, зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар "Toyota Crown" загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ өмгөөлөгч Б.Тэнгистэй хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт шүүгдэгч гэм буруу дээр маргаж оролцсон мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруу дээр маргадаггүй. Гэтэл шүүхээс гэм буруу дээр маргасан мэтээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “...Т.Б нь тус хорооны Худгийн 1-5 тоотод түр оршин суудаг бөгөөд эх Дг асарч, хамт амьдардаг болох...” талаар тодорхойлолтыг гаргаж өгч байна. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо прокурорын тавьсан саналыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Иймд өөрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорихоос өөр төрлийн буюу зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх асуудлыг ярьж байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэмт хэргийн онцлог байгаа. Тухайн гэмт хэрэг нийгмийн хор аюул өндөртэй гэмт хэрэг. Хар тамхи болон хар тамхины конвенцод заасан бодисуудыг хадгалсан бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан, худалдсан зэрэг байдлыг харгалзан хэргийг зүйлчилдэг. Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Монгол улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэг буюу хар тамхины гэмт хэрэгтээ идэвхтэй тэмцдэг.
Эрүүгийн хариуцлагын хувьд, шүүхээс хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн асуудал байдаг. Албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг яллах дүгнэлтэд дурдаагүй. Анхан шатны шүүхээс албадлагын арга хэмжээг олон янзаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед уг бодисыг өдөр хоног дамнуулж хадгалсан, тээврийн хэрэгсэлдээ байлгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны зарим шүүх шийдвэрлэсэн байдаг. Улмаар шийтгэх тогтоол гарч, энэ талаар дүгнэж, тайлбарласан байдаг. Тухайн албадлагын арга хэмжээний асуудлыг шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.
Хүүхдийн асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б нь өөрийгөө “..ээжтэйгээ хамт амьдардаг, гэр бүлээ цуцлуулсан..” талаар мэдүүлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн постоор “Toyota Crown” загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” мэт зүйлийн цэвэр жин 1877,3 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн гарын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 47/,
гэрч Ц.П “...одоогоос сар гаруйн өмнө Б машинаа өгчих Төв аймгийн Жаргалант суманд байх ахындаа очоод ирье гээд аваад явсан. Маргааш, нөгөөдөр нь журмын хашаанд машин чинь орчихсон шүү, очоод аваарай гэж хэлээд Бийн утас холбогдохоо больсон. Ингээд 7 хоногийн өмнө Бээс машинаа авсан. ...” /хх 52-53/,
шүүгдэгч Т.Бийн яллагдагчаар өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хот чиглэлд явж байхад замын хажууд овоолсон эд зүйл харагдах шиг болохоор нь очиж үзэхэд хөнжил бололтой боодолтой зүйл байхаар нь аваад хойд суудал дээр тавьсан. Гэтэл 22-н товчоон дээр цагдаа зогсоож шалгаад нэгжихэд хөнжил дотроос сэжигтэй ургамал гарч ирсэн. ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...“Toyota Crown” загварын ....УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,752,813 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн дүгнэлт /хх 63-70/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5998 дугаар “...хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. Ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 2040,3 гр, цэвэр жин 1877,3 гр байна.” /хх 76-77/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Т.Бийн хориглосон сэтгэцэд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Бийг хориглосон сэтгэцэд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах ...” тухай давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,
2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасныг баримталж, шүүгдэгч Т.Бээс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэ 6,752,813 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлага хангахгүй байх энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, шүүгдэгч Т.Бийг хориглосон сэтгэцэд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газарт байлгахыг хэлдэг.
Шүүгдэгч Т.Бийн хувьд үеэл дүү Ц.П өмчлөлийн “Toyota Crown” загварын .... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” мэт зүйлийн цэвэр жин 1877,3 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж яваад цагдаа нарт баригдсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Т.Бийн бусдын тээврийн хэрэгслээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөөвөрлөсөн үйлдлийг тус тээврийн хэрэгсэлд хадгалсан гэж үзэж, түүнээс уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул тухайн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Бийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ