| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0674/э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 695
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808012740761 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х Б овогт Д.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2а хэсэг Баатархайрхан гудамжны 759 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 4:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Шөлөндөө” хоолны газарт иргэн Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03-р сарын 03-ны орой 20:00 цагийн үед найз Б-ий төрсөн өдрийг тэмдэглээд манай найзууд Баянгол дүүрэг, модны хоёрын тэнд байрлах кароакед орж дуулж архи ууж байгаад тэндээсээ шөнийн 00:00 цагийн үед гараад 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах "Коко" баар орж архи ууж бүжиглэж байгаад тэндээсээ шөнийн 03:00 цагийн үед гараад СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт найз Б, Б-ий хамтаар орж бид 3 хоол идсэн. Би тухайн үед бид 3 архи уусан согтуу байсан гэхдээ би юмаа санаж байна. Тэгээд Б бид хоёр хоорондоо гэр бүлийнхээ талаар яриад байж байхад Б гараараа миний ам руу нэг удаа цохиход, дээд үүдэн шүд угаараа мултраад уначихлаар нь Б-д хандан уурлаад чи миний шүдийг унагачихлаа гээд маргалдахад хамгаалагч залуу хүрч ирсэн. Тэгээд Б-тэй маргалдаад зогсож байхад манай эхнэр Б намайг авах гээд ирэхээр нь эхнэртэйтээ болсон асуудлыг хэлээд цагдаад дуудна гэтэл хамт явж байсан найзтайгаа зугтаад яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл гаргасан юм. Тэгээд би шүдээ эмнэлэгт үзүүлэхэд зүүн дээд шүд суларч хөдөлсөн эмчилгээ хийгээд болохгүй бол өөр шүд суулган гэж хэлсэн одоо миний шүд хөдөлгөөнтэй хэвээрээ байгаа. Эмчилгээ хийлгээд үр дүнгүй болсон ба өөр шүд суулгах шаардлагатай болсон. Эмчилгээний зардал 2 сая орчим төгрөг болно гэсэн гэхдээ Би Б-с 1 сая төгрөгийн эмчилгээнийхээ зардалд нэхэмжилж байна. Кароакед Б-н олон найзууд ирсэн байсан караокед архи нилээн суусан. Караокегоос гараад бааранд 75 граммын нэг шил архи уугаад тэндээсээ Б Б-н найз бид 3 шууд Шөлөндөө орсон юм. Тухайн үед нилээн согтуу байсан. Шөлөндөө цайны газарт Б, Б-н найз гэх нэг залуу бид 3 байсан. Би Б-н найзыг танихгүй тэр өдөр л танилцсан одоо нэр усыг нь санахгүй байна. Б бид хоёр гэр бүлийнхээ талаар буюу эхнэрээ ярьж байсан. Тэгээд Б намайг цохисон. Ямар шалтгааны улмаас намайг цохисонг мэдэхгүй байна. Би Б-н эхнэрийг харааж доромжилсон асуудал байхгүй. Шөлөндөө хоолны газарт хяналтын камер байсан боловч бичлэг нь ажлын 5 хоног хадгалагдаг бичлэг нь устсан байсан. Би өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэг дээрээ найз Б-с хохиролын нэг сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн цаашдаа надад нэг сая төгрөгийг нэхэмжлэх шаардлага байхгүй болсон би найзтайгаа эвлэрч хохиролын 500,000 төгрөгийг 2018.05.17-ний өдөр хүлээн авсан. Иймд надад цаашид нэхэмжлэх эд зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн энэ хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-20/,
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 03-р сарын 03-наас 04-нд шилжих шөнө СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” цайны газарт хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд ажлаа хийгээд байж байхад шөнийн 04:00 цагийн үед 3 залуу орж ирсэн. Тэгээд тэр 3 хоол захиалж идээд 30 орчим минут сууж байгаад Э, Б хоёр хоорондоо муудалцаад маргалдаад байхаар нь очиж маргалдахаа боль гэж хэлэхэд бид нар найзууд нэг нэгээ мэдэж байна зодоон цохион гаргахгүй гэж хэлэхээр нь найзууд юм чинь гайгүй байлгүй гэж болоод заалаа ажиглаад зогсож байхад дахиад тэр хоёр хоорондоо муудалцахаар нь яваад очтол Э нь миний шүд рүү Б цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд хоёр дахиад хоорондоо маргалдаад байхаар нь гаргах гээд зогсож байхад Э-н эхнэр нь гэх эмэгтэй ирээд Э-г аваад явсан Б-г нөгөө хамт орж ирсэн найз аваад явсан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй. Э-н амнаас цус гараагүй байсан. Э миний шүд хөдөлчихлөө гээд амаа дараад яваад байсан. Учир нь би зааланд Б Энарын суусан газраас өөр газар зогсож байсан юм. Тэгээд тэр хоёр маргалдаад шуугаан тариад байхаар нь яваад очтол Э, Б миний шүд рүү цохисон гэж хэлсэн..”гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 8 сарын 14-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3383 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд 1-р шүд 4-н тийш хөдөлгөөнтэй, шүдний өнгө доод хэсгээр хөхөлбөр өнгөтэй болсон.
2018.03.07-ны өдөр Эрүүний дэлгэмэл рентген зурагт: доод эрүүний ясанд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, 11-р шүд суларсан, ШШҮХ-н ШЭШГ-н дүрс оношилгоо.
ДҮГНЭЛТ
1. Э-н биед 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-26/,
Шүүгдэгч Д.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны миний төрсөн өдрийн манай найзууд Баянгол дүүрэг, модны хоёрын тэр хавьд байрлах нэрийн нь мэдэхгүй кароакед тэмдэглэсэн юм. Тэгээд кароакегоос шөнийн 00:00 цагийн үед гараад 25 дугаар эмийн сангийн хавьцаа "Коко" бааранд найз Э, У хоёртой орж архи ууж бүжиглэж байгаад тэндээсээ шөнийн 03:00 цагийн үед найз бид 3 гараад Сонгинохайран дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө цайны газар орж хоол авч идсэн юм. Тухайн үед бид бид 3 нэлээн согтуу байсан. Э бид хоёр гэр бүлээ буюу эхнэрүүдээ ярьж байгаад хоорондоо маргалдахад Э намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулах гэж байгаад тохойгоороо ам руун цохиод Э амаа дараад шүд хөдөлчихлөө гээд байсан. Тухайн үед Э-н амнаас цус гараагүй болохоор би тоогоогүй маргалдаж байгаад У-тай хамт яваад өгчихсөн юм. Би Э-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би Э-д эмчилгээний 500,000 төгрөг өгсөн...”гэх мэдүүлэг /хх-35-36/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Б- нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 4:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Шөлөндөө” хоолны газарт иргэн Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнийн 00:00 цагийн үед гараад 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах "Коко" баар орж архи ууж бүжиглэж байгаад тэндээсээ шөнийн 03:00 цагийн үед гараад СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт найз Б, Б-ий хамтаар орж бид 3 хоол идсэн. Би тухайн үед бид 3 архи уусан согтуу байсан гэхдээ би юмаа санаж байна. Тэгээд Б бид хоёр хоорондоо гэр бүлийнхээ талаар яриад байж байхад Б гараараа миний ам руу нэг удаа цохиход, дээд үүдэн шүд угаараа мултраад уначихлаар нь Б-д хандан уурлаад чи миний шүдийг унагачихлаа гээд маргалдахад хамгаалагч залуу хүрч ирсэн. би найзтайгаа эвлэрч хохиролын 500,000 төгрөгийг 2018.05.17-ний өдөр хүлээн авсан. Иймд надад цаашид нэхэмжлэх эд зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн энэ хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-20/,
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнийн 04:00 цагийн үед 3 залуу орж ирсэн. Тэгээд тэр 3 хоол захиалж идээд 30 орчим минут сууж байгаад Э, Б хоёр хоорондоо муудалцаад маргалдаад байхаар нь очиж маргалдахаа боль гэж хэлэхэд бид нар найзууд нэг нэгээ мэдэж байна зодоон цохион гаргахгүй гэж хэлэхээр нь найзууд юм чинь гайгүй байлгүй гэж болоод заалаа ажиглаад зогсож байхад дахиад тэр хоёр хоорондоо муудалцахаар нь яваад очтол Э нь миний шүд рүү Б цохичихлоо гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 8 сарын 14-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3383 дугаар дүгнэлт, ял шалгах хуудас /хх-41/, хохиролын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн /хх-60-61/, гомдол саналгүй /хх-64/, шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э:“... Б бид хоёр хоорондоо гэр бүлийнхээ талаар яриад байж байхад Б гараараа миний ам руу нэг удаа цохиход, дээд үүдэн шүд угаараа мултраад уначихлаар нь Б-д хандан уурлаад чи миний шүдийг унагачихлаа гээд маргалдахад хамгаалагч залуу хүрч ирсэн...”, гэрч Ж.О-н “...тэр хоёр хоорондоо муудалцахаар нь яваад очтол Э нь миний шүд рүү Б цохичихлоо гэж хэлсэн..” гэх мэдүүлгүүдээр хохирогч Ц.Э-н нүүрэн тус газар нь цохиж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирлын баримтаар нэхэмжилээгүй боловч шүүгдэгч хохирогчид 500.000 төгрөг төлсөн, одоо хохирогч Ц.Э нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-г дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.Б-г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.