| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2010019011180 |
| Дугаар | 2025/ДШМ/964 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/964
2025 08 14 2025/ДШМ/964
Г.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Ё.П-, Ц.Д-, тэдгээрийн өмгөөлөгч А.Сэлэнгэ, Б.Бат-Ерөөлт,
цагаатгагдсан этгээд Г.Ц-, түүний өмгөөлөгч Б.Энхбат, Б.Ганболд, Б.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦТ/1412 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар эсэргүүцэл, хохирогч Ё.П-, Ц.Д- нарын хамтрын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ц-т холбогдох эрүүгийн 2010019011180 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ын Ц-, ..............., /РД:................./;
Г.Ц- нь “************” ХХК-ийн захирал Ё.П-г 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” оффист “********” ХХК-ийн захирал З.Ш-тэй Хан-Уул дүүргийн 15-р хороо ******* хотхоны 01-50 тоот дэх 298.47м/кв талбайтай орон сууцыг бартерлаж 656.634.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед би уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг би “********” ХХК-д нийлүүлнэ гэж худал амлан, төөрөгдүүлж өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж улмаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч цементийг “********” ХХК-д огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Ё.П-д их хэмжээний буюу 596.940.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б- овогт Г-ын Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ц-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ц-т холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 2010019011180 дугаартай хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа талаар тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдал нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруугийн хэлбэр, цагаатгах болсон үндэслэлээ бүрэн тайлбарлаж чадаагүй атал хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн санаа сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй гэсэн боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ц- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, компанийн бартераар авсан эд хөрөнгийг хуурч өөрийн нэр дээр шилжүүлж аваад бусдад худалдан борлуулсан байх төдийгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилан авах санаа зорилгыг анхнаасаа агуулсан байна. Г.Ц- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж зориуд “Залилах" гэмт хэргийг хүсэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг юм. Г.Ц- нь З.Ш- захиралтай “********” ХХК-иас бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны 01-50 тоот дэх 298.47 м/кв орон сууцыг бусдад худалдсаныхаа дараа өөрийгөө уг эд хөрөнгийг өр төлбөрт авахыг зөвшөөрсөн гэсэн баримт нөхөн үйлдүүлсэн, хохирогч Ё.П-г З.Ш-тэй гэрээ хийхээр ярилцаж байх үед “Би цементийг нийлүүлнэ” гэж худал амлан улмаар гэрээ хийж, эд хөрөнгөө өөрт нь шилжүүлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн, тэрээр З.Ш-гийн бартераар авч бетон зуурмаг өгөхөөр тохиролцсон байрыг хохирогч Ё.П-гаас “та миний нэр дээр шилжүүлчих, зуурмаг хурдан нийлүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийг чинь шилжүүлэн авч эргэлтэд оруулна” гэж хуурч төөрөгдүүлж улмаар эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр авч, бусдад зарсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа буюу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн баримтуудаар давхар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөл нь хэрэгт цугларсан баримтуудаар илэрхий болсон гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий хохирогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ц-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хохирогч Ё.П-, Ц.Д- нар Монгол Улсад бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” заалтуудыг эрх, эрх чөлөөнд халдсан, хэргийн бодит байдал нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхээс эрүүгийн эрх зүйн харилцааг иргэний эрх зүйн хэм хэмжээтэй хольж, дээр дурдсанчлан бусдын өмчлөх эрхийг тэдгээрийн хууль ёсны эрхэд хамаарахгүй талаар дүгнэж буй нь үндэслэл муутай болсон байхаас гадна дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдал нийцээгүй дүгнэлт хийж, гэм буруугийн хэлбэр, цагаатгах болсон үндэслэлээ бүрэн тайлбарлаж чадаагүй атал хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс Г.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох Г.Ц-ыг цаагаатгасан атлаа хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦТ/1412 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ё.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оноос хойш байраа шилжүүлж авах талаар асуудал үүссэн. Байрыг шилжүүлж авахын тулд ‘“********” компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулахын өмнө Г.Ц- гэдэг хүн уг компанид хувьцаа эзэмшдэг байсан тул байрыг үзэж, оролцох ёстой гэж үзсэн. Гэрээ хийгдэхээс өмнө Ц-, Ш-тэй хамт ирж, байр шилжүүлж авах ажиллагаанд оролцсон. Байрыг шилжүүлэн авахын тулд гурав хоног Ш-тэй хамт ирж банкнаас зээл авах, эргэлтэд оруулах гэж байсан. Энэ үед манай эхнэрийн нэр дээрх байрыг ашиглах зөвшөөрлийг өгөхөд би оролцож, зөвшөөрөл олгож байсан. Нотариат дээр эхлээд асуудал үүссэн ч, дараагийн нотариат болон банкны үйл ажиллагааг зохицуулж, зээл авч, байрыг шилжүүлэн авсан. Эхлээд нотариат дээр очсон чинь нөгөө нотариат нь зөвшөөрөөгүй, нэрээ оруулах гэсэн, юу нь болохгүй байсан юм мэдэхгүй. Бас нэг нотариат дээр очиход манай эхнэр, манай том охин тухайн үед ойролцоогоор хоёр настай байсан. Нэг өдөр халуунд халууцаад уйлагнаад байсан ч, дараагийн нотариат дээр очоод банкин дээр очно шүү гэж хэлсэн. Тэгээд шилжүүлээд зээлээ авчихъя гэчихээд буцаагаад зээлээ төлнө гэж толгойг нь эргүүлсэн байгаа юм. Тухайн өдөр над руу манай эхнэр хэд хэдэн удаа залгасан байсан бөгөөд би хариу өгч чадаагүй. Ш- тухайн үед байгаагүй. Манай эхнэрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ байсан бөгөөд компанийн материалуудаа өгөөд, зээлээ судлуулахад Худалдаа хөгжлийн банк зээл олгох боломжгүй гэж хариулсан. Хэрэгт авагдсан яллагдагч Г.Ц-ын хэзээ ч болж байгаагүй хуурамч хурлын тэмдэглэлийг шүүхээс үнэлж байгааг ойлгохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-ыг /5хх 226-227/ хэргийн хохирогчоор нэмж тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн боловч шинээр нэмэгдэн орж ирсэн хэргийн оролцогчийн талаар улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаагүй буюу хэрхэн яаж хохирсон, ямар хэмжээний хохирол учирсан талаар хууль зүйн дүгнэлт хийж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах ажиллагааг хийгээгүй нь яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна гэж үзэж байгаад гомдолтой байна. Манай гэр бүлийн өмч болох Хан-Уул дүүргийн 15-р хороо ******* хотхоны 1-р байр 5-р орц 50 тоот 298,47 м.кв орон сууцаа 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Г- овогтой Ц-т залилуулсанаас хойш нэг ч төгрөг олж аваагүй хуулийн байгууллагад хандаад 6 дахь жилдээ явж байна. Манай гэр бүлийн хувьд яллагдагч Г.Ц-т ямар ч өр төлбөр урьд өмнө байгаагүй, ямар ч үнэ төлбөргүйгээр 656 сая төгрөгийн байраа өгөх ёсгүй юмсан. Гэтэл байрыг шилжүүлж авах гэж үзэж байсан бөгөөд үүний үр дүнд “********” компани, Ц- нарын хооронд маргаан үүссэн нь илэрсэн. Хэрэв бид маргаан үүссэн болохыг мэдсэн бол байрыг шилжүүлэх, нэр оруулах үйлдэл хийхгүй байсан. Гэтэл анхнаасаа энэ зорилго сэдэл үүссэн байсан тул, цаг хугацааны явцад байрыг авсны дараа Ц- маргаантай болж, бетон нийлүүлэхээ зогсоосон. Үүний улмаас манай компанид хохирол учирсан тул бид үүнийг нөхөн төлүүлэхээр шаардсан. Энэ үйл явцын дүнд 2018, 2019 онд нийт 667,6 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч 2019 онд зөвхөн зарим хэсгийг шийдэж, хохирлыг барагдуулах явц удааширсан. 2020 онд би байраа авахын тулд Ц-той гэрээ байгуулж, үлдэгдэл хохирлыг төлүүлэх арга хэмжээ авч, инженер менежерүүдийг оролцуулан барьж авсан. Гэсэн ч бүх асуудал шууд шийдэгдээгүй, нэмж материал гаргах нөхцөл байдлыг тайлбарласан. Би З.Ш-гээс байраа авахын тулд хуулийн байгууллагад хандахад, тухайн үед Г.Ц- манай эхнэрээс байрыг шилжүүлээд залилсан. Үүний улмаас 6-7 жил, 647 сая төгрөгийн үнэ бүхий байрыг тэд өөрсдөө хэрэглэж, ямар ч хуулийн хариуцлага хүлээдэггүй. Бид өнөөдөр өөрсдийн хөрөнгөө алдчихаад, хохирч байхад энэ бүх хугацаанд ямар ч арга хэмжээ авдаггүйд маш их гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч Ц.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ таван жилийн хугацаанд маш их гомдолтой байна. Эд баялгийн болоод сэтгэл санааны хувьд маш ихээр хохирч байна. Дээрээс нь ганцхан би хохироогүй, миний гурван хүүхэд бас орон гэргүй, өнөөг хүртэл байр түрээсэлж амьдарч байгаа. Г.Ц- гэдэг хүн үнэхээр тухайн үед миний толгойг эргүүлээд шилжүүлсэн нь үнэн, өөрийнхөө нэр дээр болгож авсан нь үнэн. Үүнд би үнэхээр гомдолтой байна.” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу магадлалын биелэлт хангагдаагүй. Магадлалын биелэлт хангагдаагүйгээс гадна, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахдаа, өөрөөр хэлбэл тодорхой ажиллагаануудын дотор “********” ХХК болон “************” компанийн санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актыг эдийн засгийн шинжээчээр томилуулах” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “энэ ажиллагаа шаардлагагүй, улсын яллагчийн яллах дүгнэлт болон хэрэгт цугларсан баримт нь анхан шатны шүүхээр хэлэлцэхэд хангалттай үндэслэлтэй болсон. Ямар нэг байдлаар оролцогчийн эрхийг хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо, давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг биелүүлэхгүйгээр, “шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нөхцөл байдал нь эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй” гэдэг үндэслэлээр цагаатгах үндэслэлээ тогтоосон. Г.Ц-ын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, прокурорын гаргаж буй яллах дүгнэлтийг үгүйсгэх буюу няцааж байгаа нотлох баримтуудыг зайлшгүй дурдах ёстой. Гэтэл Г.Ц-ын мэдүүлэг болон өмгөөлөгчдийн гаргасан хүсэлт, тайлбар тэдгээрийг няцааж байгаа нотлох баримтууд цагаатгах тогтоолд харагдахгүй байна. Хэргийн үйл баримтууд тодорхой. Жишээлбэл, Г.Ц- нь З.Ш-тэй орон сууц бартерлах гэрээ байгуулахаар ярилцаж байх үед гуравдагч этгээд орж ирсэн нь П- юм. Энэ нь Ц.Д-ы өгсөн мэдүүлэг, Ё.П-гийн өгсөн мэдүүлгээр тогтоогдоно. Ц.Д- маргааш өглөө хүүхдээ дагуулж очоод “Би банкнаас зээл авах гэж байгаа” гээд дан өөрийн нэрээр зээл авч авсан. Гэрч Э-ын мэдүүлэгт, Ё.П-тай болон Ц.Д-той ярилцаж тохиролцсон орон сууцыг өөр хүнд, тухайлбал Э- гэх хүнд, гэрчилгээ гараагүй нөхцөлд “гараашны хамт зарна” гэж худал мэдүүлэн зарсан гэж тэмдэглэсэн байдаг. Мөн “хэрэв таньдаг мэддэг хүнтэй бол гэрчилгээгээ гаргуулж аваарай” гэж хэлсэн. Энэ нөхцөл байдал нь итгэл эвдэх болон хууран мэхлэх гэсэн хоёр хэлбэрээр үйлдэгддэг залилангийн гэмт хэргийн шинжтэй. Өмнөх бартер болон хэлцлийн агуулгаас өөр байдлаар, банканд зээлтэй гэдгийг нууж, гэрчилгээгүй үед нь бусдад зарсан үйлдэл нь итгэл эвдэх аргын шинжийг агуулж байна. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс яагаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй вэ гэхэд, цагаатгах тогтоолд “П- гэмт хэргийн талаар гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй” гэсэн ганц өгүүлбэр л байгаа. Няцааж, үгүйсгэж байгаа нотлох баримтууд цагаатгах тогтоолд байхгүй. Ё.П- анх гомдол гаргасан эсэхээс үл хамааран мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл баримтууд тогтоогдсон тул Ё.П-г хохирогчоор тогтоох нь зүйтэй. Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Нэмж хэлэхэд, залилангийн гэмт хэрэг иргэний гэрээ хэлцлээс ялгагдах гол шинж нь гэрээний явцад гуравдагч этгээд орж ирээд, орон сууцыг хагас төлбөрөө буцааж өгөхгүй байх буюу хагас төлбөрөө буцаахгүй гэсэн санаа зорилготой байх явдал юм. Энэ шинж нь энэ хэрэгт тодорхой тогтоогдсон ч, анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн орон сууцыг зарж борлуулсан талаар талууддаа мэдэгдээгүй, ямар нэгэн бичиг баримт, санал солилцсон баримт байхгүй, Ё.П- ч, Ц.Д- ч мэдээгүй. Залилах гэмт хэргийн нэг шинж нь илэрч байгаа бол, хоёрдугаарт бартерын гэрээ болон бусад иргэний гэрээ, хэлцлүүд хийгдсэн гэж үзэх боломжтой. Гэтэл эдгээр гэрээ, хэлцлийн үүргийн биелэлтийг хангаагүй талаар нөгөө талдаа мэдэгдэл хүргүүлэх, гэрээний үндэслэлийг өөрчлөх зэрэг хуульд заасан арга хэрэгслүүдийг ашиглаагүй нь анзаарагдаж байна. Бодит нөхцөл байдалд өнөөдөр орон сууц хаана байгаа нь тодорхой бус, зарагдсан, харин хэн орон сууцандаа амьдарч байгаа эсэхийг шалгахад Ц.Д-, Ё.П- нар амьдарч байхгүй байгаа нь тогтоогдож байна. Энэ нь хэргийн бодит нөхцөл байдлын нэг илрэл юм. Ийм нөхцөлд өмчлөх эрх нь хөндөгдсөн нь илт бөгөөд үүнийг хөндөж буй этгээд нь цагаатгагдсан Г.Ц- гэдэг этгээд болох нь тодорхой байна. Түүний үйлдэл нь дээрх хоёр хүнийг өнөөдөр орон сууцгүй болгосон бөгөөд энэ нь бодит нөхцөл байдал юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын биелэлтийг хангаагүй. Г.Ц-ын үйлдлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө зөвхөн объектив талаас нь авч үзэж, эд хөрөнгийг шилжүүлж авсан эсэхийг тодорхойлоогүй. Гэтэл Э-т зарсан, борлуулсан хоёр дээр хийсэн хэлцлийн агуулагч чадвар хоёр өөр байгааг харуулж байгаа юм. Үүний улмаас эд хөрөнгийг буцааж өгөхгүй байгаа санаа зорилго нь буюу залилах гэмт хэргийн гол шинж болох өөртөө эдийн болон эдийн бус давуу байдал бий болгох зорилго нь тогтоогдсон байна. Гэвч энэ талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэрээ, партнер гэх мэт хэлцлийн гаднах хэлбэрийг дурдсан байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч А.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд: “Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, иргэд болон аж ахуйн нэгж хоорондын иргэний эрх зүйн харилцаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Ийм учраас анхнаасаа хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж байсан бөгөөд яллагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь хэд хэдэн удаа хүчингүй болсон, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Мөн гэмт хэргийн сэдэл, зорилго байхгүй гэдэг нь нотлогдож, эцэст нь цагаатгагдсан. Иймээс уг хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинж нотлогдоогүй бөгөөд цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон. Байрыг шилжүүлэн авсан үйлдэл нь Г.Ц-ын сайн дурын үндсэн дээр бус, банкнаас зээл авах зорилгоор Г.Ц-ын нэр дээр шилжсэн. Харин хамтын ажиллагаа дууссаны дараа Г.Ц- анх шилжүүлсэн байрыг өөрийн нэр дээр авч, гарч явсан. Энэ үйлдэл нь компанийн удирдлагуудын шийдвэр, үр дагавраас үүдсэн бөгөөд Г.Ц- гэмт хэргийн санаа, бодолтой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл, бодит байдал байхгүй. Хэргийг мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтэд буцаасан шүүхийн шийдвэрийг прокурор хууль бус гэж үзсэн ч, хэрэг бүртгэлтэд буцаах заалт цагаатгах тогтоолд тусгагдсанаар энэ хэргийн зүйлчлэл, шийдэл, хохирол болон бусад асуудлуудад ач холбогдол өгөхгүй бөгөөд процессын хуулийн ноцтой зөрчил биш юм. Үүнийг прокурорын болон шүүхийн аль ч шатанд өөрчлөх боломжтой боловч цагаатгах тогтоолыг үндэслэлгүйгээр хүчингүй болгох боломжгүй. Хохирогч нарын гаргасан гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдаанд хангалттай хэлэлцэгдэж, хоёр тал мэтгэлцэн шийдвэрлэсэн. Онцлон дурдахад, гэрээний дагуу шилжүүлсэн байр нь “********” ХХК-ийн өмч бөгөөд гэрээний дагуу шилжсэн нь Ц.Д- болон Ё.П- нарт огт хамааралгүй. Мөн хохирогч Д- анх мэдүүлэг өгөхдөө нотариат дээр очиж гэрээ хийсэн бөгөөд хэн нэгэн хуурч, мэхэлж, төөрөгдүүлээгүй, сүрдүүлээгүй гэдэг нь нотлогдсон. Харин эсрэгээр нь худал мэдүүлэг өгсөн нь хуулийн үнэн бодит байдлыг шийдэхэд саад болсон. Хохирол нь нөхөн төлөгдсөн бөгөөд бетон зуурмаг нийлүүлэх хугацаанд хоёр компани хоорондоо тооцоогоо хийж, нийт 435 сая төгрөгийн өглөг, авлагаа бүрэн шийдвэрлэсэн. Иймээс хохирол дахин дагалдах, байрыг дахин авах оролдлого нь бодит байдлаас урган гарсан үр дагавар төдий юм. Ийм учраас хавтаст хэрэгт нотлогдсоноор гэмт хэргийн шинжгүй үйл ажиллагаа болох нь тодорхой бөгөөд прокурорын эсэргүүцлийг орхиж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт холбогдох талууд нь анх Г.Ц-, З.Ш-, Ё.П- нар “********” компани дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 474 дүгээр зүйлийн дагуу байгуулагдсан бөгөөд гурван тал нь тус бүр 33 хувийн хувьцаа эзэмшин гэсэн агуулгатай байсан. Ингэснээр гурван тал хамтран компанийн үйл ажиллагааг явуулах үүрэгтэй болсон юм. Дараа нь, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Ё.П- нь бетон зуурмаг тээвэрлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээ нь иргэний хуульд заасан арилжааны гэрээний шаардлагыг бүрэн хангадаг бөгөөд гэрээний дагуу тодорхой үйл ажиллагаа явагдсан. Тухайлбал, гэрээний үнийн дүн нь зургаан зуун тавин зургаан сая төгрөгөөр тогтоогдсон бөгөөд энэ дагуу байрыг шилжүүлэн авч, бетон зуурмагаа нийлүүлэхээр тохиролцсон байна. Анхан шатын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1446 дугаартай захирамжаар тодорхой ажиллагааг хийлгэхээр буцааж шийдвэрлэж, хурлыг хойшлуулсан. Энэ үеэр З.Ш-, Ё.П- нар өмнөх мэдүүлгээсээ өөрчлөгдөж, байрыг Г.Ц-ын нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд банкны зээл авах зорилгоор уг үйлдлийг хийсэн боловч зээл бүтэлгүйтсэн нь тогтоогдсон. Иймд, анх байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон гэрээний дагуу шилжүүлэлт, төлбөр тооцоо зэрэг үйл ажиллагаа нь хууль ёсны үндэслэлтэй, гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцааны хүрээнд явагдсан болохыг нотлон харуулж байна.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нарын гомдол 3 үндэслэлтэй байсан. Хурлын тэмдэглэлийн хувьд үнэхээр хуурамч гэж үзвэл баримтаар тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн хэргийг прокурор муу хянасан гэж үзэж байна. Учир нь хохирогчоор тогтоогдсон “************” ХХК-ийн Ё.П- гэх хүн өргөдөл гомдол гараагүй. Мөн шүүх хурлуудаар буруу ойлголт явагдаж байгаа бөгөөд энэ нь Ц.Д-, Ё.П- нар нь эхнэр нөхөр биш юм. Хэрэгт ямар нэгэн байдлаар гэрлэлтийн баталгаа авагдаагүй. Анхан шатын шүүх хуралдаанд бид нар асуулт тавьсан. “Та хоёр албан ёсны гэр бүл мөн үү, гэр бүлийн эрх зүйн үр дагаврыг аль шатанд батлуулаад байгаа вэ?” гэсэн асуултад тодруулбал, өнөөгийн байдлаар Ц.Д-, Ё.П- нар албан ёсны гэр бүл болоогүй бөгөөд хамтран амьдрагчийн статустай байсан. Тиймээс Ё.П-гийн эрх ашиг өнөөдөр хөндөгдөөгүй бөгөөд гэрээний үндсэн агуулгаар л асуудал үүссэн гэж үзэж байна. Энэхүү маргаан нь үндсэндээ “*********” компанийн болон “********” компанийн хооронд хийгдсэн гэрээний харилцаатай холбоотой юм. Г.Ц- нь “********” компанид хөрөнгө оруулсан бөгөөд компанийн дотоод эрхийн хүрээнд байрны шилжүүлэг, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, компанид зээл авах боломж байгаагүй учраас шилжүүлэг хийх замаар хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Дээрээс нь нийтдээ 435 сая төгрөгийн гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд 229 тонн бетон нийлүүлсэн зэрэг хохирлын тооцоо бүрэн хийгдсэн байна. З.Ш- нь бүх төлбөрөө төлсөн бөгөөд 54 сая төгрөгийн хохирол гарсан гэсэн байна. Гэсэн хэдий ч, гэрээний дагуу байр шилжүүлсэн нь Ё.П-гийн эрх ашгийг шууд хөндөөгүй учраас түүний гаргасан гомдол үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн мөрдөгч, татварын хяналтын байгууллага энэхүү асуудлыг шалгаж, байр сууриа хэвээр хадгалсан. Шүүхийн дүгнэлт, цагаатгах тогтоолд нотлох баримтуудыг нэг бүрчлэн дүгнэсэн бөгөөд прокурорын эсэргүүцэлд дурдсан зарим баримт нь албан ёсны байдлаар буруу дүгнэлтэд хүргэх боломжгүй юм. Иргэний нэхэмжлэгч оролцсон ч түүний эрх зүйн харилцаа өнөөдрийн байдлаар үүсээгүй, харин гэмт хэргийн шинжгүй болохыг шүүх тогтоосон. Энэ үндэслэлээр, анхан шатын шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг бүх талаас нь бодит байдалд нийцүүлэн, үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Харин мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд миний хэрэгт хэтэрхий намайг хэлмэгдүүлсэн байдлаар хандаж, үнэн зөвийг тогтоохгүйгээр намайг буруутгасан. Яг үнэндээ, худал мэдүүлэг өгсөн хүмүүсийн ярианаас өөр баримт байхгүй. Би яллах дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сард гардан авснаас хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жил энэ асуудлаар зовж ирлээ. Миний хамгийн их гомдолтой байгаа зүйл бол хууль хяналтын байгууллага үнэн бодит байдлыг тогтоож, харилцааны жинхэнэ мөн чанарыг зөвөөр шалгаж чадаагүй явдал юм. Анхан шатны шүүх энэ бүхнийг зөв ойлгон шийдвэрлэсэн гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд “*********” компани болон “********” компанийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг зөвхөн гэрч Ш-гийн мэдүүлэгт тулгуурлан намайг буруутгасан. Тэрээр “Ц- цемент өгнө гэж байсан тул би П-тай гэрээ хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр Ц-, П- нар 05 дугаар сарын 19-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээгээ байгуулсан. Энэ нь ямар нэг дарамт шахалт, миний оролцоотой холбоогүй. Прокурорын зүгээс ч Ш-гийн мэдүүлэгт хэт тулгуурласан байр суурь илэрхийлсэн. Харин П- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ, “Би Ш-гийн гарын үсгийг төлөөлж зурсан, зуун сая төгрөгийн бэлэн мөнгөөр 247 м.кв орон сууцаа 656 сая төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ гэрээнд би ямар ч оролцоогүй. Энэ болсон процесс нь 3 удаагийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд миний нэр аль нь дээр ч байдаггүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Г.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Г.Ц-т холбогдуулан “************” ХХК-ийн захирал Ё.П-г 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” оффист “********” ХХК-ийн захирал З.Ш-тэй Хан-Уул дүүргийн 15-р хороо ******* хотхоны 01-50 тоот дэх 298.47м/кв талбайтай орон сууцыг бартерлаж 656.634.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг Г.Ц- “********” ХХК-д нийлүүлнэ гэж худал амлан, төөрөгдүүлж өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж улмаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч цементийг “********” ХХК-д огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Ё.П-д их хэмжээний буюу 596.940.000 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ц-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэх, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэсэн боловч нотолбол зохих нөхцөл байдлууд хангалттай нотлогдоогүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтооход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт хангалттай бус, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Ё.П-гийн хохирогчоор өгсөн “...”********” ХХК-тай бетон зуурмагийн гэрээ байгуулан бартерт нь 298,47 мкв орон сууцыг өгөхөөр гэрээ байгуулсан ...” гэх мэдүүлэг /1хх 20/, гэрчээр Ц.Д-ы “...манай нөхөр П- “********” ХХК-тай бетон зуурмагийн гэрээ байгуулан бартерт нь 298,47 мкв орон сууцыг өгөхөөр гэрээ байгуулсан. П-гийн хэлснээр Г.Ц-той худалдах худалдан авах гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /1хх 26/, гэрч З.Ш-гийн “...”********” ХХК, “*********” ХХК хоорондоо бетон зуурмагийн 756.634.000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг бэлнээр, 656.634.000 төгрөгт нь бартераар 298,47 мкв орон сууцыг өгөхөөр гэрээ байгуулсан. 10 сая, 90 сая төгрөгийг бэлнээр авч, 217.000.000 төгрөгийн орчим бетон зуурмагийг нийлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 31, 35/, Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /1хх 49-54/, бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл /1хх 55, 65-77, /, Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний хавсралт Ё.П-, З.Ш- /1хх 80-81/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “талуудын эвлэрлийг баталсан” захирамж /1хх 82-85/, “********” ХХК-ийн хүсэлт /2хх 233/, тооцооны үлдэгдлийн баталгаа “*********” ХХК болон “********” ХХК нарын /3хх 102-104/, иргэний нэхэмжлэгч З.Ш-гийн мэдүүлэг /3хх 110-112/, “*********” ХХК-ийн “********” ХХК-нд илгээсэн бетон зуурмаг авах тухай хүсэлт /3хх 115, 117, 118-120/, мэдэгдэл /3хх 116/, гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /3хх 131-133/ зэргээр “*********” ХХК болон “********” ХХК нарын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний 2.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дотор бартерын орон сууцыг бүрэн шилжүүлж өгөхөөр “********” ХХК-ийн захирал З.Ш- болон “*********” ХХК-ийн захирал Ё.П- нарын хооронд гэрээ байгуулагдсан байна.
“********” ХХК болон “*********” ХХК-ийн хооронд байгуулсан тус гэрээгээр З.Ш-д Хан-Уул дүүргийн 15-р хороо ******* хотхоны 01-50 тоот дэх 298.47м/кв талбайтай орон сууц шилжихээр, тус Хан-Уул дүүргийн 15-р хороо ******* хотхоны 01-50 тоот дэх 298.47м/кв талбайтай орон сууц өмчлөгч Ц.Д-оос шилжигдэх байхад, З.Ш-гийн оролцоотойгоор Г.Ц-т тус байр шилжсэн эсэх, шилжих болсон нөхцөл байдал зэрэг үйл явдлуудад З.Ш-гийн үүрэг оролцоо байсан эсэх тал дээр зохих мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 09 минутад хийсэн 656.634.000 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 57-60/, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 23 минутад хийсэн 100.000.000 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 105-108/, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай 656.634.000 төгрөгийн гэрээний дагуу бартерт тооцож банкнаас зээл авахаар тохиролцож хийсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3хх 105-107/ зэрэг гэрээнүүдийг өөр өөр үнийн дүнтэйгээр байгуулсан нь З.Ш-гийн хүсэл зориг байсан талаар цагаатгагдсан этгээд Г.Ц-, гэрч Ц.Д- нар тус тус мэдүүлж байна.
Мөн цагдаагийн байгууллагад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Д- “...Г.Ц-оос байрны төлбөрт бетон зуурмаг авч, бартерлахаар тохирсон ч өнөөдрийг хүртэл бетон авч чадаагүй, ...зуурмагийг “*********” ХХК-ийн барьж байгаа барилгад авахаар төлөвлөж байсан боловч зохих хугацаанд нийлүүлээгүйгээс их хэмжээний хохирол хүлээгээд байна” гэх гомдол /1хх 11/-ыг гаргасан байхад, хэрэгт түүний нөхөр Ё.П-г хохирогчоор тогтоож /1хх 19/ мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д-ыг оролцуулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудад нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж, хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж дүгнээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦТ/1412 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦТ/1412 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ