Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1138

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогч А.Баяржаргал,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э-ын Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0038 40237 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Э-ын Э, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1428 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:НЬ92111600/,

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх хотхоны баруун замд Gruze маркийн 35-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч А.Баяржаргалыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Шүүх хуралд мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Хохирогчид эмчилгээний зардал гэж нийт 1.800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид төлбөрийг төлнө, торгуулын ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч А.Баяржаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд ганцаараа автобусанд суух гээд Баянзүрх хотхоны баруун замд байдаг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарч явахад, миний зүүн гар талаас хар өнгийн автомашин мөргөөд унагасан. Би ухаан алдсан. Жолооч эмэгтэй би тоормос гишгээд барьсангүй гээд хэлж байсан. Манай хүү ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Би өөрийн эмчилгээнд нийт 1.8 сая төгрөгийг авсан. Өмнө гарсан эмчилгээний зардал 1.761.209 төгрөг гарсан. Үүнээс хойш эмчилгээнд зарцуулсан 839.760 төгрөгийг нэхэмжилж байна. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэв.

Хохирогч А.Баяржаргал мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “… 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд ганцаараа автобусанд суух гээд Баянзүрх хотхоны баруун замд байдаг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарч явахад, миний зүүн гар талаас хар өнгийн автомашин мөргөөд унагасан. Би ухаан алдсан. Жолооч эмэгтэй би тоормос гишгээд барьсангүй гээд хэлж байсан. Манай хүү ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэрэл дохио байгаагүй. Хэвтээ тэмдэг байдаг. Машины хөдөлгөөн дунд зэрэг байсан. Цагдаа хэмжилт хийхэд би байсан. Жолооч ганцаараа…эрүүл байсан...” гэх мэдүүлэг. /хх-19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5705 дугаартай дүгнэлт:

1.А.Баяржаргалын биед зүүн далны ясны их биеийн бяцарсан далд хугарал, зүүн шууны ясны доод булууны далд хугарал, тархины зүүн зулайн дэлбэнгийн эд доторх цусан хураа, зүүн чамархайн, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн дал, мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх47-48/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх хотхоны баруун замд Gruze маркийн 35-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 13.1-дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч А.Баяржаргалыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон гэж үзлээ.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчид баримтаар учирсан 1.761.209 төгрөгийн хохирлоос 1.8 сая төгрөгийг нөхөн төлсөн ба илүү төлсөн 38.791 төгрөгийг сүүлд шинээр гаргаж өгсөн нотлох баримт бүхий хохирол болох 839.760 төгрөгөөс хасч, үлдэх 800.969 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч А.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Э-ын Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-г 460 нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн Э.Э-ын ¹719243 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-аас 800.969 /найман зуун мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Баяржаргалд олгосугай.
  7. Хохирогч А.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм  буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  8.            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Т.ШИНЭБАЯР