Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/839

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

      2025          07             09                                        2025/ДШМ/839

 

Б.Гт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хгийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ч.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ч.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  Б.Гт  холбогдох 2310000000670 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ө хороолол, .... дугаар гудамжинд Hyundai Porter маркийн .... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Л.Зыг дайрч эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, толгойн хуйх, хатуу хальс урагдал гавал, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын яснууд, гавлын орой ба суурь яс, баруун нүдний ухархайн дээд, доод, дотор хана, хамар яс, нүүрний яснуудын хэлбэр алдагдал, баруун, зүүн чамархай, зулайн, дагзны яснууд их хэмжээний үйрч бяцарсан хугарал, суурь ясны салсан хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугарал, тархины эдүүд цөмөрсөн ясанд наалдсан, хэлбэр алдагдал, эдийн няцрал бүхий амьдрах боломжгүй гавал тархины гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Гийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 9 жил 3 сар хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 9 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс амь хохирогчийн оршуулгын зардалд 37,230,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хд нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хгийн сэтгэцэд учирсан хор уршигт 54,450,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан Б.Гийн эзэмшлийн Hyundai Porter маркийн .... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн найз Л.Зы амь насыг санаатайгаар хөнөөгөөгүй, харин миний болгоомжгүй байдлаас болж найз маань нас барсанд  маш их харамсаж байна. Учир нь, талийгаач бид нэг ч удаа муудалцаж байгаагүй, би талийгаачийн амь насыг санаатайгаар хохироох бодол, сэжүүр, шалтаг, өш хонзон санах зүйл надад огт байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талийгаач Л.Зы гэрт байхад түүний эхнэр Хгийн найзууд ирж согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар талийгаачийн эхнэр Х согтоод гэрт байсан хүмүүст агсам тавьж, Э гэдэг эмэгтэйг 2 нялх хүүхдийнх нь хамт гэрээсээ хөөж эхэлсэн. Дараа нь надад хамт агсан тавьж элдвээр харааж манай нутгийн уяач хүүхэд С бид хоёрыг пизда нар, гичийнүүд манайхаас одоо зайл гээд агсан тавьж гэрээсээ хөөсөн. Тэгэхээс тухайн үед талийгаач Л.З бид 2 огт маргалдаж муудалцаагүй, өмнө нь ч гэсэн талийгаач Л.З бид 2 нэг ч удаа муудалцаж байгаагүй. Тухайн шөнө тэднийхээс явах болсон шалтгаан бол Х агсан тавьж гэрээсээ хөөж, муухай үг болгоноор С бид хоёрыг доромжилсноос болж явах болсныг  тухайн үед байсан Банзрагч, Сарангэрэл, Э нар нотолно.

Намайг Сын хамт машинаа асаагаад хашаанаас нь гарах үед талийгаач гүйж ирээд машины жолооч талын хаалганы харалдаа ирээд хаалга, цонх нүдээд битгий яваач, чи Хгийн аашийг мэднэ шүү дээ, удахгүй зүгээр болчихно гээд байсан. Тэр үед би анх удаа биш олон удаа Хд хөөгдөж байсан учраас эндээс явъя гэж  бодоод чи эхнэртэйгээ үлд, бид 2 явлаа гэж хэлээд чигээрээ жигд хурдаар зөөлөн явж өнгөрсөн. Тэгэхээс талийгаачийг миний машины урд талд зогсож байхад нь машинаараа дайрч мөргөж яваагүй. Тухайн үед би бага зэргийн, талийгаач Л.З дунд зэргийн согтолттой хэн аль нь согтууралтай байсан хэдий ч миний хувьд орчиндоо болж байгаа зүйлсийг мэдэж өөрийгөө удирдах чадвартай байсан, уяач хүүхэд С миний  хажуу талаас бүгдийг харж байсан. Хэрэв би талийгаачийн амь насыг санаатайгаар хөнөөсөн бол тэдний гэрийн ойрхон зогсоод юу ч болоогүй юм шиг унтаж чадахгүй байх болов уу. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн бичсэн шиг гэмт хэргийг хүсэж санаатайгаар хүн алсан бол би талийгаачийн гэрийн ойрхон тайван унтаад байж чадахгүй. Учир нь, тухайн үед миний машинд талийгаач дайрагдсаныг би огт мэдээгүй, харин бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор замын хөдөлгөөнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оролцохгүйн тулд талийгаачийн гудамжнаас гармагцаа ойролцоо харалдаа байх дэлгүүрийн гадна зогсоолд машинаа тавиад Сын хамт машиндаа унтаж байсан. Тухайн үед уяач хүүхэд С ч гэсэн хүн дайрагдсан талаар ямар нэгэн зүйл надад яриагүй мэдээгүй байсан. Б.Г би хэрэг гарсан өдрөөс өнөөдрийн хүртэлх хугацаанд хэрэг гарсан өдрийн талаар байнга бодож харамсаж явдаг бөгөөд согтуурсан үедээ тодорхой хэмжээгээр анхаарал сарнисан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож, санамсар болгоомжгүй байдлаасаа болж талийгаачийн амь насыг хохироосондоо маш их харамсаж, өөрийгөө буруутгадаг. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад шалгагдах хугацаандаа өөрийн бүх л боломж бололцоогоо дайчлан талийгаачийн ар гэр үр хүүхэд тусалж, учирсан бодит хохиролд 37,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашдаа ч талийгаачийн хүүхдүүдийг 18 нас хүртэл чадлаараа тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Анхан шатны шүүхээс талийгаач Л.Зы амь насыг санаатайгаар хохироох болсон шалтаг шалтгаан огт байхгүй өш хонзон болон таарамжгүй харилцаа огт бий болоогүй гэдэг нь шүүх хуралдаанаар нотлогдсоор байхад санаатайгаар алсан гэж буруутгасанд маш их гомдолтой байна.

Та бүхэнд дахин хэлэхэд миний боломжгүйн улмаас талийгаач Л.Зы амь насаа алдсан гэдгийг хэрэг гарсан үеэс хүлээн зөвшөөрдөг харин санаатайгаар амь насыг нь хохироосон зүйл байхгүй. Иймд эрхэм шүүгчээ амь насыг болгоомжгүйгээр хохироосон миний хэргийг бодитоор тогтоож, хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан арга хэрэгслийн дагуу авагдсан нотлох баримтууд буюу шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь бүхэлдээ гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэх байдлыг нотлох шинж огт байхгүй, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг бүрэн агуулж байхад шүүх хүнийг алах санаатай гэмт хэрэг хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, М.Б дахин өгсөн мэдүүлэг “...шөнө 00:00 цагийн үед амь хохирогчийн эхнэр Х Г гэх эрэгтэй рүү уурлаад байсан. Тэгээд амь хохирогчийн эхнэр гэртэй байсан эд зүйлийг Г рүү авч шидээд байсан. ...би хашааны буланд бие засаж байтал Г гэнэт машинаа асаагаад тэгээд хашаанаас гараад явсан. Тэгтэл түүнтэй зэрэгцээд амь хохирогч хашаанаас гүйгээд гарсан. Намайг харж байхад амь хохирогч З нь Г машины жолооч талын цонхыг гараараа цохиж харагдсан. ...Амь хохирогч З нь Г машинаас зүүгдэж чирэгдсэн зүйл байхгүй. Ямар ч байсан намайг харж байхад машины цонхыг нь цохиж харагдсан. Өөр зүйлийг бид нар ерөөсөө харж чадаагүй. Тухайн асуудал хашааны гадаа байсан учраас энэ талаар унаач хүүхэд С, Г нар сайн мэдэж байгаа. Тэнд байсан хүмүүс энэ талаар хараагүй бид нар бүгдээрээ хашаан дотор үлдсэн.” /1хх 37/, гэрч С дахин өгсөн мэдүүлэг “...Амь хохирогч З нь Г машинаас зүүгдэж чирэгдсэн зүйл байхгүй. Ямар ч байсан намайг харж байхад Г унаж байсан цагаан өнгийн портер машины хажууд зэрэгцээд гарсан. Өөр зүйлийг бид нар ерөөсөө харж чадаагүй. Тухайн асуудал хашааны гадаа байсан учраас энэ талаар унаач хүүхэд С Г нар сайн мэдэж байгаа. Тэнд байсан хүмүүс энэ талаар хараагүй. Бид нар бүгдээрээ хашаан дотор үлдсэн. /1хх 40/, гэрч А.Б мэдүүлэг “Хувийн байдал: З Г хоёрт хоорондоо маргалдах шалтгаан байгаагүй гэж бодож байна. Г тайван дөлгөөн залуу, архи ууж байгаагүй.” /11хх 42/, насанд хүрээгүй гэрч О.Сын дахин өгсөн мэдүүлэг “... Надад өөрийн нагац эгч Д.О хамт мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнөх мэдүүлэг танихгүй эгчтэй хамт Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгөхөд эвгүй байсан. Би мэдүүлэг өгөхдөө өөрийн эгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна. ...Тухайн үед намайг машин дотроос харах үед З ах А ахын машины жолооч талын хаалганы харалдаа цаад талд үлдэх шиг болсон. Тэгээд бид 2 цаашаа явсан. ...Тухайн үед А ахын машины жолооч талын цонхыг З ах зогсож бай гэж цохиод байсан. Тэрнээс бол зүүгдэж байгаа зүйл байхгүй. Харин намайг машин дотроос харах үед З ах А ахын машины жолооч талын хаалганы цаад талд нь машинаас зайтай зогсож байсан. ... Тухайн үед А ах машинаа унаад хашаанаас гарах үед З ах машины жолооч талын хаалга буюу А ахын талд байсан хаалганы цонхыг цохиод байсан. А ах З ахыг машинаараа яг дайрсан зүйл байхгүй. Би тийм зүйл хараагүй. Харин намайг харах үед З ах А ахын машины хажуу талд зогсож байсан гэдгийг би санаж байна. Тэгээд А ах машинаа унаад цааш явсан. ....А ах бид хоёрыг машинаа унаад З ахын хашаанаас гарах үед З ах машины жолооч талд буюу А ахын талд гараад ирсэн. Тэгээд хаалганы цонхыг гараараа цохисон. Тэрнээс бол З ах машины урд гарч ирсэн удаа байхгүй. Би тийм зүйл хараагүй. ...би З ахыг машин доогуур орж байхыг хараагүй...” /1хх 62/  гэх мэдүүлгүүдээр тухайн гэмт хэрэг нь санаатай бус харин болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн болохыг нотолж байна.

Насанд хүрээгүй гэрч Н.Сын дахин өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд би А ахын хамт машиндаа суугаад З ахын хашаагаар гарах үед З ах машины хажуу талд гүйгээд гараад ирсэн. Тухайн үед З ах машины жолооч талын хаалганы цонхыг нь цохиод чи битгий яваач ээ яагаад явах гээд байгаа юм бэ гээд орилоод байсан. ...Тухайн үед намайг машин дотроос харах үед З ах А ахын машины цаад талд үлдэх шиг болсон. Тэгээд бид 2 цааш явсан. Мөрдөгчөөс Тухайн үед Б.Гийн машинаас амь хохирогч Л.З зүүгдэж байсан уу гэхэд, ....Тухайн үед А ахын машины жолооч талын цонхыг З ах зогсож бай гэж цохиод байсан. ...Тэрнээс бол зүүгдэж байгаа зүйл байхгүй, ...Харин намайг машин дотроос харах үед З ах А ахын машины жолооч талын хаалганы цаад талд нь машинаас зайтай зогсож байсан. ...А ах З ахын машинаараа яг дайрсан эсэхийг би хараагүй. З ах намайг харахад А ахын машины жолооч талд байсан. Би тэр хэсгийг л санаж байна. ... Миний санаж байгаагаар А ах машинаа зөөлхөн хөдөлгөж байсан. Хурдтай явсан зүйл байхгүй...”  /2xx 130/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1155 дугаар дүгнэлтээр: “...амь хохирогч нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, ... гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой.” гэж дүгнэсэн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Талийгаачийн цогцост үүссэн гэх дээрх гэмтлүүд нь хэвтээ байдалд байхад нь үүсэх боломжтой гэмтэл учир дайрагдах үед үүснэ. Хэрэв мөргөсөн бол автомашины хэмжээнээс шалтгаалж дунд чөмөг болон шилбэний ясны гурвалжин хэлбэрийн хугарал үүсдэг, мөн мөргөгдөөд шидэгдэх үед дотор эрхтэнд гэмтэл болон хальсан дор цус хуралт буюу доргилт үүсдэг. Талийгаачид дээрх доргилтын шинж илрээгүй, цээж хэвлий, хөндийн эрхтнүүдийн гэмтэл, мөчдийн гэмтэл тогтоогдоогүй бөгөөд гавал тархины гэмтэл учирсан нь дайрагдах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтлүүд нь түүний хүзүүнээс дээш буюу бүхэлдээ толгойн хэсэгт учирсан байдаг ба харин портер маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж дайрагдсан унасан тохиолдолд түүний хөлийн дунд чөмөг гэх мэт газарт мөргөлтийн улмаас гэмтлийн ул мөр үлдэх магадлал өндөр боловч тийм ул мөр огт байхгүй болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр нотлогдож байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Насанд хүрээгүй гэрч Н.Сыг машинд суухад талийгаач машины жолооч талын цонхон дээр ирээд битгий яваач гэж хэлэхэд машин хөдөлж хашаанаас гарсан. Хашаанаас гараад хол яваагүй байхад З ах талийгаач машины урд зогсоод битгий яваач гэж хэлээд 2 гараа өргөсний дараа нь жолооч талын цонхон дээр ирээд битгий яваач гээд хэлэхэд А ах Г шууд урагшаа явсан. Миний харснаар хамгийн сүүлд З ах талийгаач жолооч талын цонхон дээр ирээд Алгаа ах Г бид хоёрыг битгий яваач гэж хэлээд үлдсэн...” /3хх 5/ гэж мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтуудыг шүүх тогтоолынхоо үндэслэл болгосон байдаг боловч тухайн баримтуудаар амь хохирогч нь тээврийн хэрэгслийн хажуу талд байсныг буюу тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь насаа алдсан болохыг нотолдог. Гэтэл анхан шатны шүүхээс амь хохирогч тээврийн хэрэгслийн урд талд байхад нь дайрч алсан гэж дээрх нотлох баримтуудыг дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь урьдаас үүссэн хувийн таарамжгүй харилцаа буюу өш хонзонгийн, шунахайн гэх мэт сэдлийн үндсэн дээр өөрийн объектив үйлдлийг мэдсээр байж зориудаар хүсэж үйлддэг гэмт хэрэг буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хүнийг алах гэмт хэргийн сэдэл, зорилго огт тогтоогдоогүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх баримт огт авагдаагүй байхад шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт зүйлчилж буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. /3хх-ийн 05х/ Сэдэл, зорилго буюу гэмт санааг агуулсан эсэхийг нь тогтоогдоогүй байхад гэм буруугийн хэлбэрийг “санаатай” гэж дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Мөрдөгчөөр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр насанд хүрээгүй гэрч Н.Саас гэрчийн мэдүүлэг авахдаа /хх 58-59/ Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын хэлтсийн мэргэжилтэн С.Баярбилэгийг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй, томилсон мөрдөгчийн тогтоолгүйгээр оролцуулсан байдаг. Мөн С.Баярбилэгээс тухайн мэдүүлэгт оролцсонтой нь холбогдуулан хууль ёсны төлөөлөгчөөр бус харин гэрчийн мэдүүлэг /3хх 2/ авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу бэхжүүлсэн, цугларсан баримтыг нотлох баримтаар үнэлнэ гэсэн шаардлагыг хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байх тул насанд хүрээгүй гэрч Н.Сын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлэг, С.Баярбилэгийн гэрчийн мэдүүлгийг тус бүрийг баримтаас хасуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн хүсэлтийг гаргасан.

Анхан шатны шүүхээс хүсэлтийг хэлэлцээд “нотлох баримтыг шинжлэн судалсны дараагаар нотлох баримтаас хасах эсэхийг шийдвэрлэнэ” гэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Улмаар нотлох баримт шинжлэн судлах шат дууссаны дараа өмгөөлөгч нарын зүгээс дахин дээрх хүсэлтийг гаргахад шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд зөвлөлгүйгээр танхимд шууд байдлаар “гэм буруугийн дүгнэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхдээ хамтад нь дүгнэнэ” гэж хариуг өгсөн.

Улмаар гэм буруугийн дүгнэлт гаргахдаа насанд хүрээгүй гэрч Н.Сын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн. Харин эх сурвалж нь хууль бус, нөгөө талаас тухай хэргийн үйл баримтын талаар бус мөрдөн шалгах ажиллагааны талаар өгсөн С.Баярбилэгийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах эрхтэй” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шийдвэрлэгдэхээр хуульчлагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д: “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина.” гэж хуульчлагдсаныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх бүгдийг дүгнэн үзвэл хуульд заасан арга хэрэгслийн дагуу хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс Б.Гийн үйлдэл амь хохирогчийн үхэлд шалтгаант холбоотой байна гэж дүгнэн хүнийг алах санаатай гэмт хэрэгт буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч нарын зүгээс шалтгаант холбоо дээр маргаагүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдэгдэхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж маргасан. Өөрөөр хэлбэл санаатай гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дэнслэх бус харин яллах чиг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1300 тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт буруутайд тооцсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон, хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ө хороолол, .... дугаар гудамжинд өөрийн эзэмшлийн Hyundai Porter маркийн .... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Л.Зыг дайрч амь насыг нь хохироосон гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулахдаа дараах зөрчил гаргалаа. Тухайлбал, анхан шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.Г нь хохирогч Зыг дайрч амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Насанд хүрээгүй гэрч Сын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлгийг /хх 58-59/ хууль зөрчиж мэдүүлэг авсан байх тул  ..шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нотлох баримтаар тооцохгүй гэж шийдвэрлэснээ түүний байцаалтад орсон хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэгийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мэдүүлэг хооронд зөрчил үүсгэж байна. Учир нь, хууль бус гэж үзсэн нотлох баримтаас эх сурвалжтай гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй болно.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл... насанд хүрээгүй гэрч Сосорбарам миний харснаар хамгийн сүүлд З ах жолооч талын цонхон дээр ирээд бид хоёрыг битгий яваач гэж хэлээд үлдсэн гэж хэлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. ...гэрч Банзрагчийн мэдүүлэгт машины цонх цохиж байгаа харагдсан., ...гэрч Сарангэрэл ...Гийг машинаараа дайрч байхыг хараагүй... /1хх 40/ гэх мэдүүлгүүд, шинжээч эмч Оюун Эрдэнэ мэдүүлэхдээ “...Учирсан гэмтлүүд нь хэвтээ байдалд байхад нь үүссэн байх боломжтой, хэрэв мөргөсөн бол авто машины хэмжээнээс хамаараад дунд чөмөг болон шилбэний ясанд гурвалжин хэлбэрийн хугарал үүсдэг, мөн мөргөлдөөд шидэгдэх үед дотор эрхтэнд гэмтэл болон хальсан доор цусан хураа буюу доргилт үүснэ иймд доргилтын шинж илрээгүй. Цээж хэвлийн хөндийн эрхтнүүдийн гэмтэл тогтоогдоогүй зөвхөн тархины гэмтэл учирсан нь авто машинд дайрагдах үед үүсэх боломжтой гэжээ.

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдлийн талаар заавал нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар ... эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоосон эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч ... эргэлзээ гарсан бол шүүхээс шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаараа бус нэг нь нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2025/ШЦТ/1300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгож Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар өөрчлөн зүйлчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хгийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид давж заалдах гомдол гаргаагүй, анхан шатны шүүх үнэн, зөв дүгнэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Уг хэрэг удаа дараа прокурорт буцаж байсан. Шүүгдэгч Б.Г нь тухайн үед маргалдсан зүйл байхгүй гэх боловч талийгаач шүүгдэгч Б.Гийг “согтуу байна, битгий яв” гээд машины цонхыг нь цохисон байдаг. Шүүгдэгч үүнийг мэдсээр атлаа талийгаачийг дайраад явсан байдаг. Уг хэргийг анхан шатны шүүх үнэн, зөв шийдвэрлэсэн. Шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгч Б.Г нь амь хохирогч өөрийнх нь машины цонхыг цохиод байгааг мэдсэн атлаа талийгаачийг дайрч байгаа үйлдэл нь шууд санаатай үйлдэл гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасах асуудлыг анхан шатны шүүх дурдсан. Насанд хүрээгүй гэрч болсон үйл явдлын талаар ярьж өгдөг. Үүнийг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэх боловч ямар хуулийн заалтыг зөрчсөн юм бэ. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, үнэлэхгүй асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Шүүгдэгч Б.Г нь хохирогчийг дайрсан үйлдэл гаргасан нь бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Амь хохирогч босож ирээд “намайг дайрч алсан” гэж хэлэхгүй ч гэсэн хэрэгт цугларсан баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх байсан талаар Нийслэлийн прокурор, Улсын ерөнхий прокурорт хандсан бөгөөд хэргийн зүйлчлэлд үнэлэлт, дүгнэлт өгөөд шийдвэрлэсэн. Ингээд зүйлчлэл дээр ямар нэгэн байдлаар хэргийн оролцогч нараас дахин маргаагүй. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Шууд чиглэсэн үйлдэл үзүүлж байгаа нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Гэрч Баярбилэгийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөд авсан эсхүл мэдүүлэг өгөх ёсгүй байсан хүн мэтээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар яриад байна. Шууд гэрч Баярбилэгийн мэдүүлгийг үндэслээд шүүгдэгч Б.Гийг буруутгаагүй, өөр бусад баримтуудаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Учир нь, прокуророос шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Г нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ө хороолол, .... дугаар гудамжинд Hyundai Porter маркийн .... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Л.Зыг дайрч эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, толгойн хуйх, хатуу хальс урагдал гавал, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын яснууд, гавлын орой ба суурь яс, баруун нүдний ухархайн дээд, доод, дотор хана, хамар яс, нүүрний яснуудын хэлбэр алдагдал, баруун, зүүн чамархай, зулайн, дагзны яснууд их хэмжээний үйрч бяцарсан хугарал, суурь ясны салсан хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугарал, тархины эдүүд цөмөрсөн ясанд наалдсан, хэлбэр алдагдал, эдийн няцрал бүхий амьдрах боломжгүй гавал тархины гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Гт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримт хангалттай биш, хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримт цуглаагүй байхад хүнийг алах гэмт хэргийг нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурор, шүүхээс хэргийн бодит байдал, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн урьд анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа, бодит байдалтай нийцэхүйц Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар өрсөлдөх хэм хэмжээ байгаа талаар шалгаж тогтоо гэсэн байхад энэ талаар тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа зүйлчлэлийг хүндрүүлж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, шүүхээс эхний ээлжид хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоо, дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар хэм хэмжээ шүүгдэгчийн үйлдэлд тохирох эсэхийг өрсөлдөхүйц хэм хэмжээг дүгнэж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг зөрчигдсөн, бодит байдлыг хэрхэн тогтоосноор зүйлчлэл яаж өөрчлөгдөх вэ гэдгийг шалгаж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосноор автомашинаар мөргөсөн үү, эсхүл санаатайгаар дайрсан уу, дайрсан бол тээврийн хэрэгслийн аль хэсгээр хэрхэн яаж, аль дугуйгаар дайрсан, энэ нь санаатай үйлдэл байсан уу, болгоомжгүй үйлдэл байсан уу, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл үү гэдгийг эргэлзээгүй тогтоосноор шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тодорч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм.

Гэтэл дээрх ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүйгээр шүүхэд шилжүүлсэн, шүүх нотлох баримт дутуу, хүрэлцээгүй байхад шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ч.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ