Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1257

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч Б.Чимгээ,

          Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох 1706 01098 1337 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх,  хүүгийн хамт Б дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Б.А /РД:

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны 27 тоотод хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан У.Даваажаргалын толгойн тус газар архины аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Тэр үед ихэр маань нас бараад удаагүй, сэтгэл санаа хэцүү байсан юм... Хохирогч У.Даваажаргал нь надаас ихэр чинь яагаад нас барсан юм бэ? гэж асуухаар нь аягаар цохьчихсон. Түүний гэмтэлийг би учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Даваажаргалын өгсөн: ...“2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Саруултөгсийн гэр буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны 27 тоотод найз Лувсандорж, Халиун, Саруултөгс, Анар бид нартай архи согтууруулах ундаа хэрэглэн юм яриад сууж байтал Анар чи наад урдахаа уугаач гэхээр нь байж бай жоохон байж байгаад ууна шүү дээ гэтэл уурлаад “уугаач гичий чинь” гэсэн. Тэгэхээр нь уухаа хүрвэл ууна шүү дээ гэсэн чинь ундаа хийчихсэн байсан пивоны зузаан аягаар толгойны орой хэсэг рүү цохисон. Тэгээд шил нь үйрээд нэлээн их цус гарсан. Толгойдоо 2 оёо тавиулсан. Хагарсан шилнээс баруун хөлний өвдөгний хажууд зоогдоод 1 оёо хийлгэсэн. Би Анарыг тухайн өдөр л анх харж танилцсан юм...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10096 дугаартай дүгнэлтэд: “У.Даваажаргалын биед зулайн хуйх, баруун өвдгөнд шарх гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдлээ зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.58/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны 27 тоотод хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан У.Даваажаргалын толгойн тус газар архины аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Даваажаргалын өгсөн: “... Тэгэхээр нь уухаа хүрвэл ууна шүү дээ гэсэн чинь ундаа хийчихсэн байсан пивоны зузаан аягаар толгойны орой хэсэг рүү цохисон. Тэгээд шил нь үйрээд нэлээн их цус гарсан. Толгойдоо 2 оёо тавиулсан. Хагарсан шилнээс баруун хөлний өвдөгний хажууд зоогдоод 1 оёо хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10096 дугаартай дүгнэлт /хх.26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: ...“Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдлээ зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.58/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Хохирогч У.Даваажаргал нь нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Гэвч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өнгөрсөн байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

          Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох 1706 01098 1337 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Хохирогч У.Даваажаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР