Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0403

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах гомдлоор, С.Д-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар  шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн б-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн “Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолыг хүчингүй болгож, Наранбулаг сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “…Хуралдаанаар авч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудал байгаагүй бөгөөд Ч.С  нь өөрийн даргалдаг “Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуйн хороогоор ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт” гаргуулж улмаар ажлыг нь үнэлэх зорилгоор санал хураалт явуулж, тухайн санал хураалтаар С.Д-ийн ажлыг хангалтгүй гэж үнэлсэн байна. ...Өнөөдөр мөрдөж байгаа хууль тогтоомжоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хуульчилсан боловч огцруулах, чөлөөлөх асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй. Гэвч нийтлэг жишиг харахад дэлхий нийтээр сонгогдсон алба хаагчийг огцруулахдаа итгэл хүлээлгэх эсэх дээр санал хураалт явуулдаг. Гэтэл С.Д-ийн хувьд ийм санал хураалт явуулаагүй бөгөөд ажлын үр дүнг хангалтгүй гэж үнэлээд ажлаас чөлөөлсөн. ...Гэтэл итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулаагүй нь төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан мөн хурлын даргыг хууль бусаар огцруулсан үйлдэл юм. Цаашлаад нутгийн өөрөө удирдлах ёсны байгууллагыг сонгох иргэн хүний эрхэд халдаж байна. гэтэл шүүх үүнийг дүгнэхдээ огцруулах талаар ярилцаж байсан байна, хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн байна гэж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/01 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 онд ажилласан үндсэн чиглэлийн үр дүнг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 65 хувийн саналаар “Хангалтгүй” гэж дүгнэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээрх төлөөлөгчдөөс гаргасан санал, хурлын хорооны “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг үндэслэн 6/01 дүгээр тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Д-ийг үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар мөн өдрийн 6/02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ч.С-ыг сонгожээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч,  нэхэмжлэгч С.Д нь “...уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 17/35 тоот тогтоолоор баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хурлын даргыг огцруулах талаар ямар нэгэн санал тусгагдаагүй. Гэтэл Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус хурлын даргын ажлыг зөвхөн хангалтгүй байна гэсэн үнэлгээ өгөөд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагчаас маргаан бүхий тогтоолуудын үндэслэлээ “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь 2 ажлын хорооны дүгнэлтээр С.Д-ийг ажлаа хангалтгүй хийсэн гэж дүгнэлт гаргасан бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэсэн, хагас жилийн 4 дүгээр хуралдаанаар ажил хангалтгүй байна итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай асуудлыг оруулах тухай сануулж жил эцсийн тайлангийн хурал хүртэл тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөөр байтал дахиад ажил хангалтгүй байсан учраас энэ хүнийг хуулийн дагуу огцруулсан” гэж тайлбарлан тус тус маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Хурлын даргыг сонгох, өөрчлөх бүрэн эрхтэй хэдий ч энэхүү бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ.

Гэтэл Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “ИТХ-ын зургаадугаар хуралдааныг товлон, хэлэлцэх асуудал батлах тухай” А/35 дугаар тогтоолоор “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 онд ажилласан үндсэн чиглэл, 2018 оны хэрэгжүүлэн ажиллах үндсэн чиглэл, сумын Засаг даргаас 2017-2020 онд хэрэгжүүлэх “Бидний нутаг” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2017 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, ...2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг хэлэлцэх батлах, Сумын газар зохион байгуулалтын бодлого, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх чиглэл, төлөвлөгөө батлах, Байгаль орчныг хамгаалж ажилласан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, “ЭйЭлЖиТи” ХХК-ийн “Харганатын төмрийн орд”-ын ашиглалт, татвар төлөлтийн байдал, суманд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн хөтөлбөрийн талаарх мэдээлэл, Төсвийн байгууллагуудын товч мэдээлэл сонсох” зэрэг нийт 7 асуудлыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр тус тус тогтоосон байхад уг хуралдаанаар “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох” зэрэг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлуудыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэсэн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авагдаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” байхаар зохицуулсан нь аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэх бүх тохиолдолд хамааралтай гэж үзэх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох материал, үндэслэл, судалгаа, шинээр нэр дэвшиж байгаа этгээдийн талаарх мэдээлэл, лавлагааг нийт төлөөлөгч нарт урьдчилан танилцуулснаар хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч С.Д-д үг хэлэх, тайлбар, санал гаргах, хурлын төлөөлөгч нарын хувьд хэлэлцэж байгаа асуудлыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох зэрэг хуульд заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Д-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлөх болсон үндэслэл болох “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 онд ажилласан үндсэн чиглэл”-д дурдсан яг ямар, ямар ажлыг, яагаад хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болох тооцоо, судалгаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодоос С.Д-ийг ажлаа ямар учраас хангалтгүй хийсэн гэж дүгнэлт гаргах болсон талаарх баримт, судалгаа мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдохоор нэр дэвшиж байгаа этгээдүүдийн талаарх танилцуулга, мэдээлэл, холбогдох шийдвэрийн төслийг, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хамт дээрх хуульд заасан журмын дагуу хурлын төлөөлөгчдөд нэг өдрийн өмнө тараах ёстой.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий тогтоолуудаар авч хэлэлцсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, шинээр сонгох асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг хуралдаанаар нэхэмжлэгч С.Д-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх, шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилох асуудлыг хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч С.Д-ийнтөрийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг хөндсөн гэж үзэхээр байх тул маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, С.Д-ийг Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

         ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН