Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 144

 

“ЭСПСЖА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ЗТХЯ-анд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                     Б.Мөнхтуяа

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа ЗТХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг ЗТХЯ-анд даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0782 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0782 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.2.3, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, Төрийн блон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ““ЭСПСЖА”” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй хугацаа алдуулж байгаа ЗТХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлын тооцоог нийлж олгохыг ЗТХЯ-анд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалаар: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЭСПСЖА” ХХК-аас ЗТХЯ-анд холбогдуулан гаргасан “...2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажилд тавигдсан техник технологийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа ЗТХЯ-ны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох болон хянавал хэсгүүд хоорондоо утгын зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг зөв тодорхойлоод, хянахдаа тодорхойлох хэсэгт тусгагдсан үндэслэлээ эсрэгээр тайлбарласан нь магадлалыг үнэн, зөв бус болгосон байна. Иймд, буруу хянагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэртэй тохирохгүй мөртлөө шийдвэрийг нь үгүйсгэсэн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4. Учир нь, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд 2011-2015 онуудад тавигдсан техник, технологийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний ажлын хяналтын зөвлөх зардал болох 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт нь тухайн ажил хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд тогтоогдсон хугацаатай буюу 2011-2015 онуудад хамааралтай юм. Энэ санхүүжилтээс илүү зардал гарах болсон нь тухайн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүй гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой. Энэ нь мөн захиалагч яамны үйл ажиллагаатай холбоотой.

5. Тухайлбал: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын урт, барилгын ажлын хэмжээ өөрчлөгдөөгүй ч барилгын ажил гүйцэтгэгч болох “Насны зам" ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай /хуучин нэрээр/ 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх ЭТЗ-2010-05-95 дугаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажил дуусах хугацаа сунжирсаар уг авто замыг 2017 оны 12 сард л байнгын ашиглалтад оруулсан билээ. “Насны зам” ХХК-ийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх талаар яамны зүгээс хангалттай, шуурхай ажиллаагүй болно. “Насны зам” ХХК дээрх гэрээний дагуу уг авто замын барилгын ажлыг 2010 онд эхлээд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан дуусгаж байнгын ашиглалтад оруулах ёстой байсан атал гэрээний дагуу хийж гүйцэтгэхгүй, түүнийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс 4 жил хүлээж, нэр төдий шаардлага тавьсан болж хугацаа алдсаар 2016 онд “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Насны зам” ХХК-тай 42,98 км, “Хансуун зам” ХХК-тай 23,32 км, “Өвөр залаат” ХХК-тай 23,32 км, “Бадрах ойл” ХХК-тай 52,6 км авто зам барих Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажилласнаар 2017 оны 12 сард л Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулсан. Тэгээд ч “Насны зам” ХХК-тай гэрээлсэн 42,98 км авто замын 15 км-ийг “Арж капитал” ХХК, 10 км-ийг “Хансуун зам” ХХК барьсан буюу 2012 онд 143 км авто зам барьж дуусгах ёстой байсан “Насны зам” ХХК нь 8 жил орчим хугацаанд 17,98 км л авто зам барьсан болохыг дурдсан нь зүйтэй байна.

6. Яахаараа 42,98 км авто зам барьж чадахгүй, 8 жил орчим хугацаанд 17,98 км л авто зам барьсан компанийг 143 км авто зам бариулахаар шалгаруулж гэрээ байгуулдаг билээ? Байгуулсан ч гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй байхад, яагаад түүнийгээ цаг алдалгүй цуцалдаггүй билээ? Тэгээд ч тэдгээр байгууллагуудын буруугаас үүдэн гарсан хохирлыг тус компанид төлөхгүй байгаа хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүй нь хууль бус хэмээн бид үзэж байна.

7. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын урт, барилгын ажлын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй ч барилгын ажил гүйцэтгэгч болох “Насны зам” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажил дуусах хугацаа сунжирсан. Мөн дээр дурдсанаар замыг хугацаанд нь бариулах талаар авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс хангалттай, шуурхай ажиллаагүйгээс барилгын ажлын хугацаа сунгагдаж тус компани 2016, 2017 онуудад техник, технологийн хяналтыг гүйцэтгэсэн шаардлага үүссэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс үл шалтгаалах асуудлаар замын гүйцэтгэлийн ажил удааширсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргаж өгсөн тайлбарт мөн тусгагдсан байна.

8. Зам барилгын ажлын техник, технологийн хяналтын үнэлгээ нь тухайн замын баригдах хугацаатай хамааралтайгаар тогтоогддог болно. Яам, тус компани хооронд 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 41 дүгээр гэрээ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын барилгын ажил гүйцэтгэгч “Насны зам” ХХК 2011-2012 онуудад барих тохиолдолд Зөвлөхөд олгогдох санхүүжилтийг 827,192,047 төгрөг хэмээн захиалагч болон зөвлөх харилцан зөвшилцснөөр хийгдсэн. Барилгын ажлын санхүүжилт ажлын тоо хэмжээнд тулгуурлагддаг бол хяналтын зөвлөхийн санхүүжилт түүнд зарцуулагдах хугацаатай хамааруулж тогтоогддог. Жишээ нь: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “Насны зам” ХХК хоногт 1000 мкв газар шорооны ажил хийх ёстой байлаа гэхэд, тухайн ажлыг хэрэгжүүлсэн бүхий л хугацаанд техник, технологийн хяналт хийхэд шаардлагатай инженер, техникийн ажилтнууд ажиллуулна. Дээрх тоо хэмжээний ажлыг 2 дахин бага хугацаанд хэрэгжүүлсэн байлаа гэхэд хяналтын ажилд 2 дахин бага хугацаа зарцуулагдана, өөрөөр хэлбэл хяналтын байгууллагын төлөөлөгчид 2 дахин бага зардал гаргаж, байгууллага нь 2 дахин бага санхүүжилт авна. Гэхдээ барилгын ажлын гүйцэтгэл 1000 м3 л байгаа шүү дээ. Ийнхүү Гүйцэтгэгч хийсэн ажлынхаа хэмжээгээр санхүүждэг бол Хяналтын компани тухайн ажилд зарцуулагдсан хугацаатай хамааралтайгаар санхүүжигддэг. Иймд барилгын ажил гүйцэтгэгчийн зардлыг гүйцэтгэлээр нь, харин техник, технологийн хяналт хийж байгаа байгууллагын зардлыг хүн-цагаар тооцдог болно. 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41 тоот гэрээний 03 дугаар нэмэлт гэрээ нь 2014 онд зам барилгын ажлыг дуусгана хэмээн үзэж, зөвлөх үйлчилгээний зардалд 418,000,000 төгрөг олгохоор, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 147 дугаар гэрээ нь 2015 оны зам барилгын ажилд хяналт тавих ажлын үнийг л 500,000,000 төгрөгт багтаасан байхаар хийгдсэн болно.

9. Дээрх санхүүжилтийн задаргааг авч үзвэл, 2011оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр гэрээний дагуу санхүүжилт 827,192,047 төгрөг; 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай гэрээний дагуу санхүүжилт 418,000,000 төгрөг; 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай гэрээний дагуу 1 санхүүжилт 500,000,000 төгрөг. Нийт дүн 1,745,192,047 төгрөгийн санхүүжилт олгогдсоныг ЗТХЯ-тай тооцоо нийлж, баталгаажуулсан байдаг. Дээрхтэй адилхан 2016 оны санхүүжилтийн зардлыг 977,678,583 төгрөг, 2017 оны санхүүжилтийн зардлыг 347,321,430 төгрөг байхаар тооцоо нийлж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан бөгөөд үүнийг санхүүгийн ажилтан оролцоогүй гэсэн үндэслэлээр буруутгах, үгүйсгэх боломжгүй юм.

10. Энэ нь “Насны зам” ХХК-аас “яг ирэх жил барьж дуусгана” гэж амлан байж барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаа сунгуулдаг байсных юм. Гэтэл гүйцэтгэгчийн буруугаас зам барилгын ажил хугацаандаа дуусаагүй байснаас 2016 онд ЗТХЯ-наас “Насны зам” ХХК-тай 2010 онд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2016-2017 онуудад “Хансуун зам” ХХК, “Өвөр залаат” ХХК, “Бадрах ойл” ХХК, “Арж капитал” ХХК-уудын оролцоотойгоор хэсэгчлэн дуусгаж ашиглалтад оруулсан болно. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч “...нэхэмжлэгчээс үл шалтгаалах асуудлаар замын гүйцэтгэлийн ажил удааширсан...” гэсэн байна. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн атал “...мөн ажил гүйцэтгэх объект болох Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын уртын хэмжээ болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин санхүүжилт гэж 1,325,00,013 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн авах боломжгүй...” гэж зөвлөхийн санхүүжилтийн тооцоог зам барилгын ажлын тоо хэмжээгээр тооцоолдог мэтээр буруу ойлгож, тайлбарласан байна.

11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа нар зөвлөхийн санхүүжилтийг тооцоолох арга зүйг судлаагүй эсвэл албаар худал тайлбар өгсөн гэж үзэхээр байна. Ер нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд удаа дараа худал мэдүүлэг өгч байгаа бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болно. Зам барилгын хугацаа нэхэмжлэгчээс хамааралгүйгээр удааширсан гэдэг нь Зөвлөхөд санхүүжилт олгохыг зөвшөөрөхөд хүргэсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэгсэн мөртлөө санхүүжилт олгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь утгын авцалдаагүй байна.

12. “Мөн нэхэмжлэгчээс ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг хариуцагчаас тооцоо нийлж зөвшөөрсөн албан бичиг байгаа гэх боловч хариуцагчийн төлөөлөгчөөс уг албан бичиг нь эрх бүхий биш этгээдээс нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа...” гэдэг нь дээрхтэй адил хэргийн нөхцөл байдлыг буруу ойлгож, дүгнэсэн гэж үзэж байна. Тодруулбал, тус компанийн 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлыг 1,325,000.013 төгрөгөөр баталгаажуулсан ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд холбогдох мэргэжилтнүүдийг, мөн яамны Хуулийн хэлтсийнхэн “эрх бүхий биш этгээд” гэж үзэж байгаа юм бол, төрийг 1,325,000.013 төгрөгийн хохиролд оруулахыг санааширсан төрийн албан хаагчдыг яагаад хуулийн холбогдох байгууллагад шалгуулахаар хандаагүй, хандахгүй байна. Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байгааг хэрхэх болж байна.

13. Тус компанид 2016 оны 03/149 тоот албан бичгээр “...Монгол Улсын Төсвийн тухай /2016 оны/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах Зам, тээврийн хөгжлийн сайд ТЕЗА-ын багцын саналд дээрх ажлын 977.7 сая төгрөгийг санхүүжүүлтийн саналыг тусган 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн болно” гэсэн хариу ирүүлсэн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Тус компанид 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/2629 тоот албан бичгээр хяналтын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн нэмэлт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Төсвийн тухай /2016/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган Сангийн яаманд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр, 2017 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусган 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/132, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/816 тоот албан бичгээр, Монгол Улсын Төсвийн тухай /2017 оны/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичгээр төсөвт суулгахаар удаа дараа хандаж байсан бөгөөд уг санал шийдвэрлэгдээгүй” гэсэн хариу ирүүлсэн ЗТХЯ-ны БТГ-ын дарга Р.Мэргэн; Тус компанид 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/3712 тоот албан бичгээр “2016-2017 оны зөвлөхийн нэмэлт зардал 1325.0 сая төгрөг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн хариу ирүүлсэн ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нарын хэн нь тус тусын дээрх хариу өгөх “эрх бүхий биш этгээд” болж байна.

14. “Ямар нэгэн гэрээ байгуулаагүй нөхцөлд хариуцагчийг гэрээнд тусгагдаагүй зардлыг төлөхгүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж байгааг хэрхэн ойлгох вэ. Төрийн захиргааны төв байгууллагаас хувийн хэвшилд гэрээтэй, гэрээгүйн хамаагүй, албан бичгээр мэдэгдэж ажил гүйцэтгүүлэх нь хуульд нийцдэг, харин гэрээгүй атал, төрийн захиргааны төв байгууллагын албан мэдэгдлийн дагуу ажил гүйцэтгэсний хохь болох уу. Төрийн захиргааны төв байгууллагаас гэрээ байгуулалгүй, байсан гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгүүлэх нь хууль ёсны дагуу, цаашид ч гүйцэтгүүлж болох уу. Хууль зөрчин, дарамт шахалт үзүүлэн ажил гүйцэтгүүлсэн нь огт буруугүй, харин Төрийн захиргааны төв байгууллагын дарамт шахалтад орж ажил гүйцэтгэсэн нь буруутай болгохыг хэрхэх вэ.

15. “Нэхэмжлэгч хуулийн этгээд зөвлөх үйлчилгээнд 2011-2015 онд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан, энэ нь өмнө хийгдсэн гэрээний дагуу олгогдсон, гэрээнд уг зардлыг ажил дуустал хүртэл гэж оруулсан зэргээс дүгнэхэд ямар нэгэн гэрээ байгуулаагүй нөхцөлд хариуцагчийг гэрээнд тусгагдаагүй зардлыг төлөхгүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна” гэдгээс шүүх тус компанид хохирол учраагүй гэж үзээгүй байгаа бөгөөд зөвхөн ЗТХЯ-наас хохирол учруулаагүй хэмээн үзсэн байна. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын барилгын ажлын хяналт хэрэгжүүлж, 2016 болон 2017 онд ЗТХЯ-ны санхүүжилтгүйгээр, компани өөрийн зардлаар хичээнгүйлэн ажилласнаараа тус компанид үлэмж хохирол үүссэн. Тиймээс ч Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.8-д “үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцаж...” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

16. Компаниас хийсэн ажлыг он тус бүрээр нь авч үзвэл: Тус компани нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 41 дүгээр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхад буюу барилгын ажил дуусаагүй байхад гэрээний хугацаа дууссан. Тэгээд 2013 оны 4 дүгээр сард буюу гэрээний хүчинтэй хугацаа дууссан үед “Насны зам” ХХК барилгын ажлаа эхлүүлэх болсон. Тухайн үед мөн л Зам, тээврийн яамны “гэрээний хугацааг нөхөн сунгаж өгнө, одоо хяналтын ажлаа гүйцэтгэ” гэсэн хүсэлтийн дагуу 2013 онд бүтэн ажилласан ба Зам, тээврийн яамнаас үнэхээр 41 дүгээр гэрээний нэмэлт гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нөхөн байгуулж, 2013-2014 онуудад ажилласан. Бид төрийн захиргааны төв байгууллагад итгэж, хяналтын ажил үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн, тэд ч амласандаа биелүүлж гэрээгээ нөхөн байгуулж, 2013, 2014 онуудад гарсан зардлыг зохих төлбөр төлсөн. Бид 2016 оноос өнөөдрийг хүртэл ЗТХЯ-анд ажиллаж байгаа алба хаагч нарыг ийнхүү итгэл эвдэн, хуурч мэхлэн гэж бид яаж мэдэх билээ.

17. Тус компани нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 03 сарын 28-ны өдөр байгуулсан 41 дүгээр гэрээний 2014 оны 01 сарын 23-ны өдрийн 03 дугаар нэмэлт гэрээний 3-т “Нэмэлт гэрээг байгуулснаар 2013 онд төлөвлөгдсөн хяналтын Зөвлөх үйлчилгээний зардал болох 418 000 000 төгрөгийг гүйцэтгэгч “Насны зам” ХХК хариуцах ба төлбөрийг Төрийн сангийн 900028414 тоот дансанд төвлөрүүлнэ” заасан байгаагаас “Насны зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас илүү зардал гарч байгааг Зам, тээврийн яамнаас ойлгож байсан нь илт байсан юм. Бид 2016 оноос өнөөдрийг хүртэл ЗТХЯ-анд ажиллаж байгаа алба хаагч нарыг гэнэт “Насны зам” ХХК-ийн эрх ашиг хамгаална гэж бид яаж мэдэх билээ?

18. Тус компани нь дээрх 41 дүгээр гэрээ, мөн гэрээний нэмэлт гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхад буюу барилгын ажил мөн л дуусаагүй байхад гэрээний хугацаа дууссан гэж Зам, тээврийн яамнаас мэдэгдсэн. Тэгээд 2015 оны 4 дүгээр сард буюу гэрээний хүчинтэй хугацаа мөн л дууссан үед “Насны зам” ХХК барилгын ажлаа эхлүүлэх болсон. Тухайн үед мөн л Зам, тээврийн яамны “гэрээний хугацааг нөхөн сунгаж өгнө, одоо хяналтын ажлаа гүйцэтгэ” гэсэн хүсэлтийн дагуу 2015 онд бүтэн ажилласан ба Зам, тээврийн яамнаас үнэхээр Зөвлөх үйлчилгээний ажлын 147 дугаар гэрээг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нөхөн байгуулж байсан. Бид мөн л төрийн захиргааны төв байгууллагад итгэж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

19. Зам, тээврийн яамнаас 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 05/1389 тоот албан бичгээр “Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагаас 2016 оны 04 дүгээр 06-ны өдрөөс эхлүүлэх болсныг үүгээр мэдэгдье" гэж ажил гүйцэтгүүлсний дараа захиргааны байгууллага итгэл эвдсэн.

20. Мөн яамнаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/2690 тоот албан бичгээр “ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 142,36 км хатуу хучилттай авто замын 2017 оны барилгын ажлыг гүйцэтгэхээр “Хансуун зам” ХХК, “Насны зам” ХХК, “Өвөр залаат” ХХК-иуд авто замын бэлтгэл ажлыг 2017 оны 5 дугаар сарын 25-наас хангаж, 2017 оны б дугаар сарын 15-наас асфальт бөтон хучилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул тухайн авто замын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2015 оны 7 дугаар сарын 15-ны 147 дугаар гэрээний өрөнхий нөхцөлийн 7.2(3) заалтын дагуу зөвлөхийн багийг барилгын ажлын талбайд гарган ажиллуулна уу” гэсний дагуу хийгдсэн хяналтын ажлын “санхүүжилт олгохгүй” хэмээн итгэл эвдэн, хуурч мэхлэхийг нь бид хэрхэн мэдэх билээ.

21. Яамнаас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/754 тоот албан бичгийн хавсралтаар “Эвлэрлийн гэрээ”-ний төсөл ирүүлсэн. Уг “Эвлэрлийн гэрээ”-г дарамт шахалтад орон байж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. Тухайн байгуулсан гэрээний Хоёрдугаар бүлэг “3ам, тээврийн хөгжлийн яамны хүлээх үүрэг”-ийн 2.1-д “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замд төхникийн хянапт тавих зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг холбогдох журмын дагуу түргэн шуурхай олгоно” гэж заасан байгаа. Уг “Эвлэрлийн гэрээ”-г ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Авто зам бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Занданбат, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүн нар гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Эдгээр албан тушаалтнуудыг ийм гэрээ байгуулсныхаа дараа ийнхүү итгэл эвдэн, хуурч мэхэлсэн.

22. Иймд, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

24. Нэхэмжлэгч “ЭСПСЖА” ХХК нь “2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа ЗТХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг ЗТХЯ-анд даалгах” шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас “захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул зардлыг нөхөж олгохгүй, гэрээнд зааснаар 827,192,047 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тохиролцсон, бага үнийн санал хэлээд зөвлөх үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн, 1,600,000,000 төгрөгийн зардлаа авсан” гэж маргажээ.

25. 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, “ЭСПСЖА” ХХК нар нь “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх” гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд зөвлөх үйлчилгээний төлбөрийн дээд хэмжээг бүх зардал, татвар ороод 827,192,047 төгрөг байхаар тогтож, гэрээний тусгай нөхцөлд “замын барилгын ажил дуустал үргэлжлэх бөгөөд баталгаат засварын хугацаа дууссанаар” гэрээ дуусгавар болохоор зааж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41 тоот гэрээний нэмэлт гэрээ болох 03 тоот гэрээг байгуулж, замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хугацааг ажил дуусах хүртэл сунгахаар, зөвлөх үйлчилгээний зардалд нэхэмжлэгчид 418,000,000 төгрөг олгохоор, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 147 тоот гэрээгээр ажлыг дуусахаар төлөвлөсөн өдөр нь замын барилгын хугацаатай адил байхаар, гэрээний төлбөрт 500,000,000 төгрөг нэмэхээр тус тус харилцан тохиролцож, гэрээг шинэчлэн байгуулж, нийтдээ нэхэмжлэгч хуулийн этгээдэд 1,600,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдсон байна.

26. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.4-т “Захиалагч худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан ...тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно”, 28.5-д “Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, зөвлөх үйлчилгээний гэрээний үнийг захиргааны байгууллагаас тендер шалгаруулалтын явцад тогтоосон, уг үнийн дүнг зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээр болсон, уг гэрээний төлбөрийг хүлээж авсан, тендерийн үнийг нэмж тооцох хуульд заасан тохиолдлууд үүсээгүй тул нэхэмжлэгчийн “үндсэн гүйцэтгэгч ажлаа хугацаанд нь хийгээгүй хугацаа алдсан, барилгын ажлын санхүүжилт ажлын тоо хэмжээнд тулгуурлагддаг бол хяналтын зөвлөхийн санхүүжилт түүнд зарцуулагдах хугацаатай хамааруулж тогтоогддог” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

27. Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ“ гэж заасан, энэхүү гэрээний хугацаа нь замын ажил дуустал үргэлжлэх байсан, энэ зам 2017 онд ашиглалтад орсон тул хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

28. “2016 оны үйл ажиллагааны зардалд 1,095,00,013 төгрөг, 2017 оны үйл ажиллагааны зардалд 347,321,430 төгрөгөөр баталгаажуулсан тооцоо нийлсэн, тус компани нь гэрээнд зааснаас нийт 1,325,000,013 төгрөгийн ажил илүү хийж гүйцэтгэсэн, хохирол учирсан” гэх гомдлын тухайд, энэхүү зөвлөх үйлчилгээний ажил нь тендерийн баримт бичигт заасан үндсэн шалгуур тогтоосон үнийн хүрээнд хийгдэх бөгөөд нэхэмжлэгч нь 143 км урттай замыг захиалагчийн санал болгосон үнийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан, нэмэлт ажлын гэрээ байгуулаагүй тул гэрээнд зааснаас илүү ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажлын даалгавар нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно”, 36.3-т “Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зардалд үндэслэсэн байна” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиалагчаар зөвлөх үйлчилгээнд хийсэн ажлаа дүгнүүлээгүй, голлох мэргэжилтний ажлын талбайд ажилласан цаг хугацаа тодорхойгүй, санал болгосон тоног төхөөрөмжөө ажлын талбайд байнга байлгах үүргээ хэрхэн биелүүлсэн баримт байхгүй зэргээр ажлын гүйцэтгэлийг тухай бүр нь захиалагчаар баталгаажуулаагүй тул “зөвлөхийн ажлыг бодитоор хийж гүйцэтгэсэн” тухай гомдол няцаагдаж байна.

30. Гомдолд дурдсан бусад үндэслэл нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамааралгүй учир дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

31. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ