| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2408000000818 |
| Дугаар | 2025/ДШМ/858 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/858
2025 07 22 2025/ДШМ/858
Ч.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2408000000818 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нь Ч.Б нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахим” нэртэй зочид буудалд “...гар утсаар чинь хүнтэй ярьчихаад буцаагаад өгий. ...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Эгийн эзэмшлийн 210,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A8” маркийн гар утсыг авч явсан,
2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Цгийн эзэмшлийн “Samsung S22” Ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,015,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Рич баарны орчим хохирогч Д.А эзэмшлийн “Iphone 13 pro max” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийг эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бод энэ тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биелэн эдлэх нийт ялыг 2 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Боос 3,215,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Цд 1,015,000 төгрөг, хохирогч Д.Ад 2,200,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа, тухайн хулгайлах, дээрэмдэх, залилах гэсэн хэргийн залилах, хулгайлах хэргийн хуулийн дагуу дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөрдөн байцаах явцад би уусан архи гараагүй байсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн мөрдөгч н.Ган-Очир гэх байцаагч дээр хэргийн талаараа ярихад надаас өмнө хураан авсан 1 шил 0.5 хараа гэх архийг гарган надад хийж өгсөн би уусан надад хэлэхдээ чи хам татвал ял чинь хүндэрнэ гэсэн би хэрэг хийж нийгэмд хор хөнөөл хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Дээрх хэргээс гадна дахин хулгайн хэрэг байгаа энэ хэргээ нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна гэдгээ шүүхэд хэлсэн хүлээж аваагүй. Миний эрх зүйн байдал дордож байна. Миний бие өөрийн хууль ёсны өмгөөлөгчгүй байдаг. Миний энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Ган-Очир, Даваасүрэн, Цолмон гэх байцаагч нараар дамжин прокурорт очсон би байцаагч прокурор нараасаа би өмгөөлөгчтэй орох уу гэхэд өмгөөлөгчөөр яахын хохирлоо төл тэгвэл чи бага ял авна гэсэн миний бие тухайн хэргийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг төлсөн бусад хохирол төлөгдөөгүй. Миний бие Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багт аав Ц.Ч ээж Б.Э хоёрын хамт цөөн хэдэн мал маллан амьдардаг аав үе мөчний өвчтэй ээж маань даралт өндөр эмнэлгийн хяналтад байдаг. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй мөн шүүх хурал зарлагдсан өдрөө ч очоогүй би өөрийн үйлдсэн хэрэг бусдыг хохироосондоо маш их гэмшиж байна. Дээрх хэргийг хууль журмын дагуу дахин шалгуулах хүсэлтэй байна. 2025 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсээс н.Цогзолмаа гэх байцаагч ирж байцаалт авсан. Иймд би өөрийн үйлдсэн хэргийг дахин шалгуулж шийдүүлэх хүсэлтэй тул хүсэлтийг минь хүлээн авч мөрдөн байцаалтад буцаан хэргийн үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ч.Быг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахад Ч.Б нь оргон зайлаад эрэн сурвалжлах ажиллагаа явуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Ч.Б урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Мөн шүүгдэгчийн зүгээс хэргүүдээ нэмж нэгтгүүлье гэдэг боловч өөр хэрэгт яллагдагчаар татагдсан зүйл байхгүй, хэдэн хэрэг байгаа нь тодорхойгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил, 9 сар, 11 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.Бын зүгээс цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудлыг дурддаг боловч мөрдөгчөөс асуухад ийм зүйл байхгүй гэж тайлбарладаг. Энэ талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуул гэсэн боловч шалгуулдаггүй. Иймд Ч.Бын гаргасан гомдол нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч нь Ч.Б нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахим” нэртэй зочид буудалд “...гар утсаар чинь хүнтэй ярьчихаад буцаагаад өгий. ...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Эгийн эзэмшлийн 210,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A8” маркийн гар утсыг авч явсан,
2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Цгийн эзэмшлийн “Samsung S22” Ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,015,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Рич баарны орчим хохирогч Д.А эзэмшлийн “Iphone 13 pro max” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэмт хэрэг зөрчлийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 127/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 138-141/,
хохирогч Т.Эгийн “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг 30 минутын үед зочид буудалдаа байхад 40-50 орчим насны нэг залуу орж ирээд танайд өрөө байна уу гэхээр нь манайх ажиллаж эхлээгүй байна гэхэд тухайн залуу би таныг танина, та Дундговь аймгийн Бан сумынх уу, би Бын сургуульд зургийн багшаар ажиллаж байсан гээд байхаар нь би чамайг сайн танихгүй байна. Чи хэний хүүхэд вэ гэсэн чинь та танихгүй бол мэддэг багшийнхаа нэрийг хэл гэхээр нь би Бан сумын сургуульд багшилж байгаа бэр Дгийн нэрийг хэлтэл Бүдка юу гэж таниад та залгаад өгөөч гэхээр нь би Д руу залгаад тухайн залуутай яриулсан юм. Тэгсэн Д Ч.Б гэх хүн байна гээд таниад байсан юм. Тэгээд байж байтал Ч.Б гэх залуу та гар утсаа өгч байгаач хүнтэй яриадахъя гэж аваад утсаар оролдож байгаад тамхи татаадахъя гэж хэлээд гарсан ба орж ирэхгүй удаад байхаар араас нь гартал байхгүй алга болчихсон байсан. Тэгээд би орой нь өөрийнхөө гар утсаар Ч.Бтой ярьсан чинь би удахгүй гар утсыг чинь өгнө гэж хэлээд утсаа салгачихсан...” /1хх 144-145, 147/,
“Дамно” ХХК-ийн №ЧД2-24-158 дугаартай дүгнэлтээр “...Шинжилгээний объектын 2024 оны 03 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 210,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх /1хх 148-151/ зэрэг нотлох баримтуудаар;
“Гар утсаа алдчихлаа...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас /1хх 1/,
гэмт хэрэг зөрчлийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/,
хохирогч Б.Цгийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газар өөрийн охин Г.З, мөн бага насны 3 зээтэйгээ хоол захиалж идээд бөөндөө сууж байсан бөгөөд хажуудаа 1 настай зээдээ хоол өгөөд байж байтал хажуугийн ширээнд сууж байсан нэлээн ядарсан царайтай хүн зэрэгцээд сууж байгаа харагдсан. Тэгээд би 1 настай зээ хүүгээ хооллож дуусчихаад эргээд харахад хажууд сууж байсан залуу босоод хурдан хурдан алхаад гараад явсан бөгөөд би тухайн үедээ юм бодоогүй сууж байтал бид хэд тэндээс гарах болоод гар утсаа оролдох гэтэл гар утас минь байхгүй байхаар нь би гар утсаа хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон ...миний хажууд сууж байсан тэр залуугийн шинж тэмдэг гэвэл бор царайтай нүүр нь хөхөрсөн юм шиг царайтай 40 гаран насны 160 см хавьцаа өндөртэй эрэгтэй хүн байсан. Би тэр залууг дахиж харах юм бол танина. ...би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” /1хх 8-9, 50-51/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-16/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн Ц-0472 дугаартай тайланд “...Хар өнгөтэй Samsung galaxy S22 ultra гар утас 1 ширхэг, 1,000,000 төгрөг, өнгөгүй резин кейс 1 ширхэг, 15,000 төгрөг, нийт 1,015,000 төгрөг...” /1хх 18-20/.
“...танихгүй хүн утас аваад явчихлаа...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас /1хх 62/, гэмт хэрэг зөрчлийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 63/,
хохирогч Д.А “...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн үед өөрийн найз Бгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Рич” бааранд байх нийтийн караокед орж үйлчлүүлж байгаад гарч тамхи татах гээд ...баарны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах шатан дээр суугаад тамхи татангаа гар утсаар ярьж арай амжаагүй байсан чинь хоёр эрэгтэй хүн ирээд хажууд суусан. Мөн жижиг ах нь шууд миний гар утсыг булааж аваад тухайн газраас ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд явчихсан тэгэхээр нь би үлдсэн нэг хүнээс нь хамт явж байсан юм чинь таних байлгүй дээ гэж бодоод миний гар утсыг буцаагаад надад аваад өгөөч гэсэн чинь тэр ах тухайн үед миний гар утсыг авах гэж байгаа гэж мэдээгүй юм байна лээ. Гадуур явж байгаад таарсан, зүгээр хамт алхаж байсан хүн нь миний гар утсыг авчихсан юм байна лээ. Тэгээд Ж гэх нэртэй ах бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр болон зам дагуу орц, байшин гэх мэт зүйлээр хайж байгаад буцаж ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм... би сэтгэцэд учирсан хор уршгийгтогтоолгохгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” /1хх 68-69, 106-107/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 73-75/,
гэрч Х.Жын “...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн урд 22 цагийн үед өөрийн найз Ч.Бын хамтаар Хараа нэртэй архи 0,75 литрийн 2 шилийг хувааж уугаад Драгон худалдааны төвийн орчим очиж унтах гээд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 02 цагийн үе Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Рич” баарны гадна өөрийн найз Ч.Бын хамтаар явж байсан чинь нэг эмэгтэй утсаар яриад тамхи татаад зогсож байгаа харагдсан. Манай найз Ч.Б нь очиж тэр эмэгтэйг түлхээд баруун гараас нь гар утсыг шүүрээд цааш зугтаахаар нь хөөе чи Боо утсыг нь өгөөч ээ гэж хэлсэн чинь цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд тэр охин намайг найзыгаа олж өгөөд миний утсыг аваад өгөөч гэхээр нь би тэр охиныг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвийн доод давхраар хайж мөн ойр орчмоор нь Быг хайгаад олдоогүй. Тэгээд тэр охин бид 2 Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Рич” баарны орчим ирээд дахиад Быг хайсан чинь харагдаагүй болохоор тэр охин цагдаагийн байгууллагад хандсан ...тухайн гар утсыг Ч.Б булаагаад зугтаасныг нь харсан бөгөөд яг ямар гар утас байсныг нь мэдэхгүй байна...” /1хх 78-79/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 329 дугаартай тайланд Iphone 13 ргомах маркийн гар утас 256 gb багтаамжтай цэнхэр өнгөтэй 1 ширхэг, 2,200,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг...” /1хх 82-84/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Ч.Бын гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийг эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь зөв байна.
Шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 01 сар 07 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Тэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг зөрчиж, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ХМШЗ/16 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хяналтын хугацаа тогтоосон байх уг хугацаанд бусдын эд зүйлийг хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биелэн эдлэх нийт ялыг 2 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ч.Боос “...өөрт холбогдох үйлдлүүдээс хулгайлах, залилах гэсэн хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байх тул мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Ч.Бод холбогдох гэмт хэргүүдийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах үндэслэлгүй.
Тодруулбал, Ч.Б нь хохирогч Т.Эд “... өөрийгөө Дундговь аймгийн Бан суманд багш ажилтай, түүнийг болон бэр Дг нь танина...” гэх мэтээр итгэл төрүүлэн хуурч, гар утсаар нь хүнтэй яриадахъя гэж аваад утсаар оролдож байгаад тамхи татахаар гарахдаа шууд аваад явсан хэргийн үйл баримт,
Шөлөндөө хоолны газарт үйлчлүүлж байхдаа хажуу ширээндээ сууж байсан хохирогч Б.Цгийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт тус тус хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.Бын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ