Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/859

 

 

 

 

 

 

    2025             07            22                                        2025/ДШМ/859

 

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Г.П,

шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Т.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч С.Батжаргал, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1091 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.П, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Мд холбогдох эрүүгийн 2411018501727 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... төвийн ... тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 31  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Маас 6,839,942 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “...” дугаартай дансанд оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2021 оны 11 дүгээр сард Г.Птой анх танилцсан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс 10 сар хоригдох ялаар шийтгүүлж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хоригдож, суллагдсан. Г.П намайг хоригдож байх хугацаанд эргэлтээр ирж, холбоотой байсан. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бид хоёр миний эх Аийнд, хөдөө орон нутагт очиж, ажилд орсон. Гэтэл Г.П ямар нэгэн шалтгаангүйгээр уурлаж, долоо ч хоноогүй Улаанбаатар хот руу буцсан. Гэтэл 4 сарын дараа ямар ч холбоогүй байж байгаад надад төрсөн өдрийн мэнд хүргэж, бид эргээд уулздаг болсон. Тиймээс 2023 оны 01 дүгээр сард хашаа байшин түрээслэн хамтран амьдарч эхэлсэн. Нэг шөнө чанга чимээ гарч, сэрэхэд Г.П суурин компьютер өшиглөж, уурлаж, намайг зодсон. Хувцсаа хайж байхад араас боож “чимээгүй бай, ална шүү” гэж хэлчхээд гараад явсан. Өглөө сэрэхэд нэг талын нүд хавдчихсан байсанд Г.П мөс тавьж өгсөн. Тэрээр “бүх мөнгөө покерт алдчихлаа, уурандаа хяналтгүй болчихдог, уучлаарай” гэж хэлж байсан. Би явахаар өөрийн юмаа бэлдэж байтал Г.П “Л дээрээ очих нь уу” гээд хөл рүү 3-4 удаа хутгалж, “өнөөдөр хоёулаа үхье” өөрийгөө хутгалж гэмтээсэн. Г.П нь хий хоосон харддаг, сэтгэцийн өвчтэй учраас хэрүүл маргаанаас залхаж, өөрийн найз, таньдаг хүмүүсээс зайгаа барьж, гар утасны дугаараа хүртэл сольсон. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би жирэмсэн болсноо мэдсэн. Монголд ганц байдаг эцэг тогтоолгох шинжилгээ өгч өөрийнх нь хүүхдийг мөн гэдгийг мэдэж, батлах хүртлээ намайг сэтгэл санааны дарамтад байлгадаг байсан. Миний хамгийн их айдаг зүйл боолгох, араас хоёр гараараа чагтлаад боодог. 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Г.П намайг хардахдаа уурлаж, намайг унагаасан. Би хөдөлж чадахгүй хавирга хугарсан гэж бодож гэрээр эм уусан. Хавирга өвдөөд хүүхдээ тэвэрч чадахгүй байхад хүртэл “худлаа баашилж байна” гээд зодсон. Бие маань дээрдэхгүй байсан тул хоёр долоо хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 6 хавирга хугарсан, хэвтэх шаардлагатай гэсэн. Гэтэл миний хүү Анхбаяр шингэн алдалттай байсан учраас хэвтэхгүй гэж гарын үсэг зураад гарсан. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Г.П хамт ажил хийж байсан хүнтэйгээ гэртээ нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Би архинаас нь хамт уусан боловч нөхрөө ямар зантайг нь мэдэх учраас тэдний ярианд оролцоогүй. Тэр хүн нь хэзээ явсныг мэдэхгүй байна. Нөхөр маань намайг зодох гэж дайрахад би өөрийгөө хамгаалах гэж хутга авсан. Тийм үед тулгамдсан айсан байсан. Юу болсныг сайн санахгүй байна. Маргааш нь нөхрөө эмнэлэгт байгааг мэдсэн. Г.П хэзээ гомдол гаргасныг мэдэхгүй байна. Нөхөр маань надад 2024 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудаж байгааг хэлсэн. Би анх удаа энэ хэргийн талаар юу болсон талаар хагас санаж байгаагаа хэлж, гарын үсэг зурсан. Би прокурорын яллах дүгнэлтийг авахдаа Г.Пт гомдохын ихээр гомдож байсан. А.М би 1 дүгээр ангийн боловсролтой миний хүүхэд олон хойд эцгийн гар харж, хүнд хэцүү байдалд өссөн. А.М би 2009 онд анх амьдрал зохиож, 2011 онд ихэр хүү нар маань төрж, 2014 онд анхны нөхөр минь хорт хавдраар нас барсан. Ихэр хүү нараа талийгаач аавынх нь аав, ээжийн асаргаанд үлдээсэн. 2016 онд бага хүүгээ төрүүлж, 2019 онд өөрийн төрсөн ахын гэр бүлд өргүүлсэн. Би 4 дэх хүүхдээ элэг бүтэн амьдралд өсгөх гэж үнэхээр их хичээсэн. Миний аргагүй байдалд орсныг минь харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Т.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М нь 2024 оны 07 дугаар сарын 12-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ... төвийн ... тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4. дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар А.Мд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Г.П гомдол саналгүй нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж цагаатгаж өгнө үү. Шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хохирогч Г.П нь урьд өмнө түүний хамтран амьдрагч А.Мтай гэр бүлийн таагүй харилцаанаас болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Мын биед гар хүрч зүүн талын 6 хавирга хугалж мөн хутга мэсний зүйл хэрэглэж гэмтээж байсан гэх асуудал тухайн маргааны гол эх үүсвэр байсан болно. А.М нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг маш сайн ойлгож гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа. Түүний хүү болох П.А нь 1 нас 6 сартай хүүхэд нь ээжийгээ байнга асууж үгүйлж бэтгэрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг шалгах явцад цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө эхнэр бид хоёр хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоорондоо маргалдаж байсан бөгөөд тухайн үед болсон үйл явдлыг тодорхой санахгүй байх үедээ эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй учраас цагдаад эхнэр намайг хутгалсан гэж мэдүүлсэн. Миний тухайн үед гаргасан хардалт, хэл амаар нь доромжлон айлган биед нь хүрсэн, сэтгэл санааны гүн цочролд оруулж, өөрийгөө хамгаалсан нөхцөл рүү түлхсэн. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гаран гэртээ байхдаа эхнэртэйгээ дахин муудалцаж, гар хүрсний улмаас эхнэр хүүхдээ аван хамгаалах байр луу хүргэгдсэн. Иймд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр очиж гомдол гаргасан. Түүний улмаас 2025 оны 01 дүгээр сард эхнэр маань 1 сартай жирэмсэн байсан бөгөөд зулбасан. Тухайн үед эмч, эмнэлгийн байгууллагад хандаагүй бөгөөд цагдан хорих 461 дүгээр ангид очсоноос хойш бие нь байн байн өвдөж байна гэж надад удаа дараа хэлсэн. Түүнчлэн бидний хүүхэд болох 1 нас 6 сартай П.А ээжийгээ маш их санаж байгаа байдал болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж А.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... төвийн ... тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Пыг шалтгаангүйгээр баруун дал хэсэгт нь ир үзүүртэй зүйлийг зэвсэг болгон ашиглан хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Пын “...2024 оны 07 дугаар сарын 12-ны эхнэр А.М, хүү А хамт гэртээ байсан. 15 цагийн үед эхнэр гарч орж ирчхээд баярын өдөр юм чинь гээд лаазтай касс нэртэй пиво, 3 литр айраг авч ирсэн. Тэгээд нөгөө пиво ууж дуусгаад 18 цагийн үед гэрт байж байтал хамт ажиллаж байсан О гэх залуу манай гэрт ирнэ гээд залгасан ба би тосож аваад гэртээ орж ирэхдээ 0,75 литрийн Тайга нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд манай эхнэр мах чанаад хоол идэж байхдаа тухайн архийг 3-лаа хувааж уусан. 20 цагийн үед Онон нь архи дуусгаад ажилдаа явлаа гээд гарахдаа хаалга саваад гарсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд буцааж дуудаад уучлалт гуйлгаад буцаагаад явуулсан. Би 09 цаг 40 минутын үед унтаад нэг мэдсэн чинь миний нуруу халуу дүүгээд өвдөөд явчихсан харсан чинь М хутга барьчхаад далайгаад сууж байсан. Би эргэж хараад ноцолдож байгаад тайвшруулаад гараас нь бариад хутгаа хаяхгүй болохоор нь би гэрээс гараад явсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн байгууллагад хандсан. Замаар гарах гэж яваад би ухаан алдчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж шархаа цэвэрлүүлээд байж байснаа санаж байгаа тэндээсээ 17 цагийн үед цэргийн төв эмнэлэг дээр авч очсон. Тэндээ эмчилгээ хийлгээд 5 хоног хэвтсэн. Одоо би буудлаар явж байгаа. Би Мтай 2021 оны сүүлээр танилцсан. Албан ёсны гэр бүл биш бөгөөд бид 3 жил хамтран амьдарч байгаа. Надтай танилцаад удаагүй байхдаа 461-р хорих ангид хоригдсон. Ямар шалтгааны улмаас ял авсныг нь мэдэхгүй байна. Над руу хутга барьж дайрч байгаа нь анхны удаа биш бөгөөд удаа дараа намайг хутгалж байсан. Анхны удаа Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Хайлаастын Согоотын 1-1 тоотод байх нийтийн байранд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр би хүнээ таниагүй байж 2-лаа салъя гээд хэлсэн чинь хоол хийж байсан хутгаараа миний зүрхний дээд тал руу хутгалчихсан. Тэр үед миний уушги нэвт хатгачихсан байсан. Би байрны жижүүрээр дуудлага дуудуулаад Цэргийн төв эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гараад зурагтад байдаг хашаа байшин түрээслээд тэнд 14 орчим хоноод бид 2 мөнгөгүй болоод байсан үед М нь 20,000 төгрөг олчхоод тэр мөнгөөрөө архи авчихсан байсан. Тэр архиа авчхаад хувааж уучхаад орон дээр зогсож байтал их том хутга барьж аваад баруун талын цээж хэсэг рүү хутгалчихсан. Миний биед хутга нь зоогдчихсон байсан бөгөөд хутгаа дахиж сугалаад гүйцээчихье гэж хэлээд дахиад дайрсан тул би гэрээсээ гараад зугтаасан. Хүнээс тусламж гуйгаад цагдаа иртэл хүлээсэн. Цагдаагийн алба хаагч нар ирсэн чинь дүүгийнхээ регистрийн дугаарыг хэлээд явчихсан байсан. Цэргийн төв эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлээд гараад ирсэн чинь байрны эд зүйлсээ зараад архи уугаад явчихсан байсан. Тэгээд саяны явдал болтол өөр газраар хамт амьдарч байсан. 2 дахь удаагийнх дээр нь хандсан чинь М жирэмсэн болчихсон байсан болохоор цагдаад гомдолгүй гээд орхичихсон. М нь надтай танилцаад шоронгоос гарч ирээд хэрэлдэж муудалцаад архи уухаараа намайг хутгалчихдаг. Ямар нэгэн эмнэлгийн хяналтад байдаггүй, согтуу үедээ хутга барьж өөрийгөө зүсэж гэмтээчхээд чи намайг ингэсэн, цагдаа дуудна гээд дарамтлаад байдаг. Би хутгалуулсандаа гомдолтой байна, хүү П.Аыг өөртөө авмаар байна. Яагаад гэвэл архины хамааралтай, хүүхэд алчих гээд байдаг болохоор тийм хүнд хүүхдээ өгмөөргүй байна.” /хх 21/,

гэрч Д.Аийн “...М нь миний төрсөн охин, П нь манай хүргэн юм. ... М, П нар нь хоёулаа л согтуу байдаг. Надтай ярих болгондоо тэр 2 согтуу байна гэдэг. П нь мөрийтэй тоглоом тоглоод ажил хийдэггүй юм шиг байна лээ. М нь 7 сараас 13 насны 4 хүүхэдтэй. М нь архи уухгүй бол зан харилцаа нь зүгээр, ажлыг сэтгэлээсээ хийдэг. Харин архи дарс уудаг болсноосоо хойш зан ааш танхай болсон...” /хх 28/,

Шүүгдэгч А.Мын "... 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, ...гийн нийтийн байранд 21 тоотод би хамтран амьдрагч Г.Пын биед халдаж хутгалсан нь үнэн. Тухайн үед Г.П бид хоёр болон манай хүү 1 настай П.А нараас өөр хэн нэгэн байгаагүй. Бид 2 хоёулаа согтуурсан байсан. Ер нь П нь хамт байх хугацаандаа ажил төрөл хийхгүй мөрийтэй тоглоод мөн надад их муухай хандаж хоорондын хэрүүл маргаан тасардаггүй байсан учир тухайн шалтгаанаас, тэр үед наадам болж байсан учир согтууруулах ундаа пиво хэрэглэсэн байсан учир би хутгалчихсан юм ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9794 дүгээр “...Г.Пын биед баруун даланд хатгагдаж цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 37-38/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүгдэгч А.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.М нь хамтран амьдрагч хохирогч Г.Пт гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин шүүх ийнхүү гэм буруутайд тооцохдоо “шүүгдэгч А.Мыг ...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд буруу байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн  гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

Шүүгдэгч А.Мын хувьд хүйтэн зэвсэг буюу хутгаар хохирогч Г.Пт гэмтэл учруулсан тул түүнийг зэвсэг хэрэглэсэн гэж үзэх ба энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Харин шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч, хохирогч Г.П нараас “... А.Мд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл хугацаатай.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болдог хуулийн зохицуулалттай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Анхан шатны шүүхээс хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтыг хэрэглэж, шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг этгээдийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй, ялыг хангалттай багаар оногдуулсныг давж заалдах шатны шүүх өөрчлөх, дахин багасгах хуулийн боломжгүй юм.

  Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1091 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.П, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Мын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1091 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.П, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                      ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ