Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00664

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00664

 

 

 

Э.Төмөрсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03503 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Төмөрсүхийн хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Төмөрсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 5 сарын 10-ны өдөр Нарны хүү сарны охин ХХК, Яармаг таун орон сууцны хотхоны 101 байрны 5 давхрын 503 орон сууцны зориулалттай 45,68 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 1 350 000 төгрөгөөр тооцож нийт 61 668 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.2-т заасны дагуу Нарны хүү сарны охин ХХК-ийн дансанд урьдчилгаа төлбөр 19 000 000 төгрөгийг тушаасан. Мөн Приүс 20 маркийн 5913 УНУ улсын дугаартай авто машиныг 14 000 000 төгрөгт тооцож хариуцагч компанийн менежерийн нэр дээр шилжүүлж нийт урьдчилгаа төлбөрт 33 000 000 төгрөгийг төлсөн. Миний бие барилгын явцтай танилцах гээд очиход тус барилга нь баригдаагүй байсан бөгөөд Нарны хүү сарны охин ХХК-аас тодруулахад Яармаг таун хотхон баригдахгүй болсон мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул 33 000 000 төгрөгийг Нарны хүү сарны охин ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-аас 33 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Төмөрсүхэд олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 322 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Төмөрсүхэд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт өгсөн 19 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ч Приус 20 маркийн автомашиныг 14 000 000 төгрөгт тооцон төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх уг автомашин нь 14 000 000 төгрөгийн үнэд хүрэх эсэхэд дүгнэлт хийгээгүй. Мөн би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралтай байснаас тус шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 14 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Төмөрсүх нь хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 33 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээгээр Э.Төмөрсүх нь Яармаг орон сууцны хотхонд баригдаж буй барилгаас 101 байрны 503 тоотод байрлах 45.68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61 668 000 төгрөгөөр худалдан авах, Нарны хүү сарны охин ХХК-ийн хувьд барилгыг барьж дуусгах, төлбөрөө бүрэн төлсөн захиалагчид барилгыг Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх5-8/

Гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй буюу ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, хариуцагч нь уг орон сууцны 1 м.кв-ийг 1 350 000 төгрөгөөр тооцон, 61 668 000 төгрөгийг төлбөрт авах хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн байна. Худалдан авагч ажлын гүйцэтгэлд захиалагчийн хэмжээнд хяналт тавих боломжгүй, худалдагч эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаа болоход худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээснээс үзвэл худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон байгааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хууль хэрэглээг зөвтгөн өөрчлөх боломжтой.

Нэхэмжлэгч Э.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... барилга баригдаагүй байсан, Нарны хүү, сарны охин ХХК-иас тодруулахад Яармаг таун хотхон баригдахгүй болсон, мөнгийг чинь буцааж өгнө гэсэн гэж тайлбарласан, хариуцагч нь уг шаардлагыг татгалзсан тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгт маргаангүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг хариуцагчид үүсчээ.

Хэрэгт авагдсан гэрээний 2.2-т нэхэмжлэгч Э.Төмөрсүх, хариуцагчид 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 19 000 000 төгрөг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд шилжүүлж, Тоёото приус-20 маркийн 5913УНУ улсын дугаартай автомашиныг 14 000 000 төгрөгт тооцон авсан тухай тэмдэглэж, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-5-8/ Энэ үйл баримтад зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хариуцагч Нарны хүү сарны охин ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцон авсан автомашиныг биет байдлаар нь эргүүлэн өгөх боломжтой гэх байдлаа баримтаар нотлоогүй байна. Шүүх талуудын байгуулсан гэрээг үндэслэн автомашиныг 14 000 000 төгрөгт тооцон, дансаар шилжүүлэн авсан 19 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөрт тооцон авсан автомашиныг 14 000 000 төгрөгөөр үнэлэх эсэх талаар дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж, давж заалдах шатны шүүхэд хуралтай байснаас анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй, эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт хариуцагч талаас гаргасан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгааг нотолсон баримт авагдаагүй тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03503 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД