Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/874

 

 

 

 

 

 

    2025            07             23                                        2025/ДШМ/874

 

Г.Б, Ю Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн

       тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Буянтөр,

шүүгдэгч Ю Ж, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, Д.Тамир,

орчуулагч О.Алтанзул,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Буянтөр, шүүгдэгч Ю Ж-ын өмгөөлөгч Д.Тамир, Ө.Амарбаясгалан, хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б, Ю Ж нарт холбогдох эрүүгийн 2202006200365 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Б, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ж нар бүлэглэн хохирогч Д.Шд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцуудыг нурааж шинээр 16 давхар 7 блок буюу 1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлье, шаардлагатай санхүүжилт 100.000.000 ам долларыг танай компанид бид гаргаж өгнө гэж, “Хөрөнгө оруулалт хийж их хэмжээний мөнгийг оруулж ирэхэд гаднын банк 1 хувийн шимтгэл авна, үүн дээр тусалж мөнгө өгөөч” гэж, “Араб улсаас хөрөнгө оруулалтын санхүүжилт шийдэгдчихнэ, мөнгө дутаад байна 110.000 ам.доллар зээлээч” гэж хэлэн хуурч, барилга барих, хөрөнгө оруулалт хийх боломжгүй илтэд зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд зээлийн гэрээ байгуулах, хохирогч Д.Шг Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу дагуулан явах зэргээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Г.Баар дамжуулан урьдын харилцаатай байсан итгэлийг нь урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 31-802 тоот хаягт байрлах, “Т Д Б” ХХК-ийн оффисоос шилжүүлсэн болон бэлнээр гаргасан нийт 859.522.600 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Б, Ю Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Б, Ю Ж нарыг “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б, Ю Ж нарыг тус бүрийг 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Б, Ю Ж нараас тус бүр 405.761.300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Шд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю Ж-н цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б, Ю Ж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Г.Сувд-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б, Ю Ж нарыг тус бүрийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хэмжээнээс, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшсэн байдал, хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал зэрэгт тохирохгүй буюу бага хэмжээгээр ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд тусгасанаар Г.Б, Ю Ж нар нь хохирогч Д.Шд 859.522.600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан бөгөөд үүнээс өнөөдрийг хүртэл 48.000.000 төгрөгийг л барагдуулсан. Үлдэх 811.522.600 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлөөгүй буюу хохирол хор уршгийг арилгаагүй, хохирлыг барагдуулах сонирхолгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ... мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ... болно.” гэж заасан байдаг.

Гэтэл Г.Б, Ю Ж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь битгий хэл мөрдөн байцаалтын шат, шүүхийн шатанд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхий л талаар удаашруулж, их хэмжээний хохирол хор уршгийг арилгаагүй буюу хохирлыг бодитоор төлөх ямарч санаагүй өнөөдрийг хүрсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт тус бүрд 3 жил 1 cap хорих ял оногдуулсанд туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Хохирогчийн зүгээс зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжилдэг. Гэтэл гэмт хэрэг гарах үеийн 900,000,000 төгрөг өнөөдрийн байдлаар эдийн засаг, инфляци, үнийн өсөлт мөнгөний ханш зэрэг нөхцөл байдлыг бүгд сайн мэдэж байгаа бодит байдал дээр 3 жил 1 cap буюу 37 сарын хугацааг 811.522.600 төгрөгт хуваавал нэг сард 21.933.043 төгрөг ноогдож байна. Монгол Улсын хэмжээнд нэг сард 21,000,000 төгрөгийг олох ажлын байр хэр байгаа бол бодох л асуудал, энэ нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулаагүй болохыг харагдуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Г.Б, Ю Ж нарт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2022 онд хохирогч Д.Ш нь гомдол гаргасан байдаг. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас надтай холбогдож өөр дээр чинь гомдол гаргасан байна, ирж тайлбар мэдүүлэг өг гэсэн. Миний бие Солонгос захирал Ю Жийн хамт гурван удаа очиж мэдүүлэг өгч тухайн болсон процессийг ярьж холбогдох баримтын хамт өгсөн байдаг. Тус цагдаагийн албаны мөрдөн байцаагч холбогдох бүх баримт материалыг судалж ажиллагаа явуулсан бол Эрүүгийн хэрэг биш компанийн хоорондын гэрээний асуудал гэж үзэн хэргийг хаасан байдаг. Гэвч 2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны эрүүгийн мөрдөгч дэслэгч н.Эрзориг гэх хүн холбогдож таньд гомдол гаргасан байна ирж танилцаж мэдүүлэг өгнө үү гэсэн. Улмаар тухайн дэслэгч н.Эрзориг нь миний бие болон Солонгос захирал Ю Ж бид хоёроос нэг, нэг удаа мэдүүлэг авч дансны хуулга авчирахыг шаардсан. Үүний дагуу дансны хуулга аваачиж өгсөнөөс хойш 13 хоногийн дараа дуудахад нь очиход яллагдагчдаар татсан тогтоол танилцуулж гарын үсэг зуруулан хэрэг чинь нэгтгэгдэж прокурорт шилжүүлж байна гэсэн. Энэ нь өөрөө хэргийг бүрэн дүүрэн нягталж мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулга дээр үндэслэн хэрэг боож прокурорт маш яаралтай шилжүүлсэн байдаг. Хэрэгт прокурорт шилжүүлэхэд миний бие албан ёсны өмгөөлөгч авч Нийслэлийн прокурорын газарт хоёр удаа гомдол гаргахад татгалзсан хариу өгсөнд процессийн алдаа гарсан гэж үзэн гомдолтой байдаг.

Хохирогч Д.Ш нь Г.Б нь надаас хэд хэдэн удаа найзад нь нэг ийм асуудал гаргачихлаа надад туслаач ломбарданд утсаа алдах гээд байна. Ээж тэгчихлээ эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр зовлон тоочиж хөрөнгө оруулалтын мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлээд манай компаниас 16.000.000 төгрөгийг болон миний бие өөрийн данснаас нийт 8.200.000 төгрөгийг Г.Бы Хаан банкны ..... тоот дансаар шилжүүлж өгсөн бөгөөд нийт 41.000.000 төгрөг авсан гэж  мэдүүлсэн байдаг. Гэтэл миний бие хохирогч Д.Шд өөрийн данснаас шилжүүлсэн гэх 8.200.000 төгрөгийн 7.000.000 төгрөгийг хохирогч Д.Шд өөрийн эзэмшлийн ..... Хаан банкны данснаас 3.000.000 төгрөгөөр нэг удаа, 4.000.000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлсэн баримт байдаг. Мөн хохирогч Д.Шгийн өгсөн мэдүүлэгт байгаа бэлнээр өгсөн гэх 16.800.000 төгрөг нь ямар ч үндэслэлгүй худал мэдүүлэг болно. Би хохирогч Д.Шгээс бэлнээр 16.800.000 төгрөг авсан  үйлдэл тохиолдол огт байхгүй. Би энэ талаар мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн мөн мэдүүлэгтээ дээрх 7.000.000 төгрөгийг төлж шилжүүлсэн баримт байгаа, 16.800.000 төгрөг огт аваагүй гэдгээ мэдүүлсэн боловч миний байр суурийг хүлээн авч мэдүүлэгт тусган мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгалгүйгээр хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан намайг дээрх мөнгийг авч хохирол учруулсан гэж тооцсонд гомдолтой байна. Мөн хохирогч Д.Ш нь өөрөө компаниасаа хууль бусаар  гаргаж авсан мөнгөө надад өгсөн болгож мэдүүлэг өгсөн гэж хардаж байна. Анхан шатны шүүхээс гаргсан бодит хохирлын 859.522.600 төгрөгөөс хохирогч Д.Шд 48.000.000 төгрөгийн бодит хохирол гарсан гэж үзсэн. Миний бие хохирлын тооцоо аль аль шатанд буруу гарсан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй зөвхөн нэг талыг хэт баримталж хохирогчийн өгсөн мэдүүлэгээр үндэслэн гаргасан гэж үзэж байна. Би хохирогч Д.Шд өгсөн 7.000.000 төгрөг мөн бэлнээр өгсөн гэх 16.800.000 төгрөгийг нотлон шалгуулж нийт 23.800.000 төгрөгийг үндсэн хохирлоос хасуулж хохирлыг үнэн зөв гаргуулахыг хүсэж байна.

Хохирогч Д.Ш нь тухайн үед Г.Б надад Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Штэй анхан шанты шүүх хурал дээр нүүрэлдэж энэ яриа чи бид хоёрын дунд хийвэл ямар вэ гэж  ярилцаж байсан яриа төдий зүйл биздээ. Би хэзээ чамайг дуудаж уулзуулсан юм бэ? Яагаад яриа төдий зүйлийг компани хоорондын  гэрээгээр халхавч хийж энэ асуудлын гол үндэс болгон оруулаад байгаа юм бэ? гэж асуухад хохирогч Д.Ш нь “тиймээ энэ бид хоёрын дунд хэрвээ хийвэл ямар вэ ярилцаж байсан яриа гэдэг нь үнэн” гэж хэлсэн байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн протоколд тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх дээр хохирогч өөрийн амаар ийм зүйл болоогүй бид хоёрын дунд яриа төдий зүйл гэж нотолсоор байтал анхан шатны шүүх нь хохирогч Д.Шгийн худал мэдүүлгийг үндэслэн Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06/82 тоот албан бичиг гаргуулж авсан баримт 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/330 дугаар Нийслэлийн засаг даргийн захирамж зэргээр тогтоож намайг бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний гомдол болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг харгалзан үзэн хэргийг бүхэлд нь хянан шалгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч О.Буянтөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт холбогдох прокурорын яллах дүгнэлтийг бүхэлд нь няцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй, эргэлзээгүй тогтоогоогүй, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг ижил тэнцүү цуглуулах үүргийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй гэж үзэн эрүүгийн 2202006200365 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай үл нийцэх дүгнэлт хийж шийдвэрлэсэн буюу хохирогч Д Шинэхүүгийн мэдүүлгийг агуулгын үнэн бодит байдал, бусад оролцогч нарын мэдүүлгийн үнэн бодит байдал, тэдгээрийг харьцуулан шинжлэн судлах замаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу илт үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Б, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ю Ж нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулсны дараа өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дугээр зуйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг түүнд ногдох хэсгийг нөхөн төлөх хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс хохирлыг хэзээ, хэрхэн төлөх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Б болон өмгөөлөгчийн зүгээс хэрэв шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хугацаа тогтоож, шүүх хуралдааныг завсарлуулсан тохиолдолд хохирлыг төлөх боломжтой талаар тайлбар хэлсэн боловч энэ асуудлыг анхаарч үзсэнгүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ю Жын өмгөөлөгч Ц.Батзориг яагаад шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаар тодруулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх талаар тодруулж өгөх талаар шүүх хуралдаан даргалагчаас хүсэхэд, шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй талаар тайлбарласан бөгөөд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ю Жын зүгээс ч өөрийн сонгож авсан өмгөөлөгч Ц.Батзоригоос татгалзаагүй, түүний хамтаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа талаараа тайлбарласан боловч анхан шатны шүүх хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байдаг.

Миний үйлчлүүлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлых нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Гэтэл “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлдэг. Бодит байдал дээр хохирогч Д.Ш нь шүүгдэгч нарын ярьж хэлж буй хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирэхийн тулд хамтран хөрөнгө оруулагчтай Арабын нэгдсэн Эмират улсад очиж уулзалт, хэлцэл хийж улмаар дараа дараагийн хөрөнгө оруулалтыг оруулсан байдаг нь бодит үнэн.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг. Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцох хууль зүйн хувьд боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлах замаар дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд хэргийг бүх ажиллагааг хянан үзэж миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю Ж-гийн өмгөөлөгч Д.Тамир гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн буюу шүүх хохирогч Д.Шгийн мэдүүлгийн агуулгын үнэн зөв байдал, бусад гэрч, яллагдагчийн мэдүүлэгтэй зөрүү байгаа эсэхийг шинжлэн судлах, бусад оролцогч болох гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар дүгнэлт хийх, мөн мэдүүлгийн үнэн зөв, зөрүүгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаанууд байгаа эсэхийг хянаж дүгнэлт хийх гэж тайлбарласан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан буюу хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хийсвэрлэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, тухайн хэрэгт гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөн хохирол төлбөрийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохыг хуульчлилсан байхад хохирогчид яг хэн, хэдэн төгрөгийн хохирлыг яаж учруулсан, гэмт хэрэг гэж үзэж байгаа бол шалтгаан нөхцөл нь яг юу байсан гэх зэргийг нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн байна.

 Шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч нар нь “бүлэглэн ... залилсан” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 1. Гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тэмдэглэл,  2. “.....” ХХК-ийн ЦБ-д гаргасан гомдол, 3. “.....” ХХК болон “.....” ХХК-ийн хооронд байгуулсан “хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбар, 4. “.....” ХХК болон “.....” ХХК-ийн хооронд байгуулсан “зээлийн гэрээ”-ний хуулбар, 5. “.....” ХХК болон Г.Б, ..... нарын хооронд байгуулсан “зээлийн гэрээ”-ний хуулбар, мөнгө шлжүүлсэн баримтууд, 6. Хохирогч Д.Шгийн мэдүүлэг, 7. “.....” ГХОХХК-ийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, 8. “.....” ХХК-ийн дансны хуулга, 9. .....-ийн дасны хуулга, 10. Г.Бы дансны хуулга, 11. “.....” ХХК -ийн дансны хуулга, 12. Д.Шгийн дансны хуулга, 13. Г.Б хувийн байдлын баримтууд, 14. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэжээ. Мөн хохирогч шүүгдэгч нарын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний эрх зүйн маргаан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ “тогтоогдсон” гэж үзсэн нотлох баримтууд нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэхэд учир дутагдалтай болсон, өөрөөр хэлбэл, болсон үйл явдлыг сэргээн тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг огт шалгаагүй буюу мөнгөний шилжүүлэг, хэнээс хаашаа ямар зорилгоор шилжиж байсан, хэн хэний дансаар шилжсэнтэй холбоотой огт шалгалт хийгээгүйгээс хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо хуулийг зөв хэрэглэж тайлбарлаагүй, үндэслэл болгосон нотлох бармтуудын яг аль нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж байгаа, яг аль аль нотлох баримтууд нь гэм буруугүй болохыг үгүйсгэж хэрхэн няцааж байгаа талаараа тодорхой ойлгомжтой бичээгүй, дүгнэлт нь ойлгомжгүй байна. Мөн шүүх гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа тогтоогдоогүй байна гэж үзсэн хэрнээ талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг дурьдаж ... шаардлага хангахгүй байрыг нурааж барилгын төслийг Нийслэлийн засаг даргийн 2014 оны захирамжийн дагуу тус тендерийн төслийн ажилд оролцож шалгарсан тохиолдолд шаардлагатай санхүүжилт болох 100,000,000 долларыг шилжүүлэх”-ээр тохиролцжээ гэжээ. “.....” ХХК нь барилгын ажил эрхэлдэг компани бөгөөд хэрэв тендерт оролцвол тус компани л оролцоно, биелэгдэх боломжтой байсан үгүйг шууд дүгнэх боломжгүй юм, учир нь тус төслийн тендерт оролцох эрх нь нээлттэй байсан байдаг ба тендерт оролцохоор материалаа өгч байсан эсэхиийг шалгаж тогтоогоогүй, мөн тендерт өмнө оролцож эрх авсан компаниуд нь хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй байсан тул гэрээгээ цуцалсан талаар ХБХГ-ын албан бичигт дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл, барилгын тендерт оролцох эсэх нь анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, тухайн төсөл нь бодитоор байсан нь тогтоогдож байгаа бөгөөд тус тендерт оролцох боломжтой байсан эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой байсан, ингэхдзэ тендерт оролцоход ямар ямар шалгуур шаардлага байдгийг шинжээчийн дүгнэлтээр, эсхүл холбогдох салбарын мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авч тогтоох байсан, ингэж байж биелэгдэх боломжтой байсан уу, үгүй юу гэдгийг тогтоох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

2. Хохирол төлбөрийн талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь хохирогч Д.Шгээс авсан мөнгийг гэрээгээр тохиролцсоноос өөр зүйлд буюу хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь тэдний арилжааны банкуудын хуулгаар тогтоогдсон гэжээ. Хавтас хэрэгт авагдсан банкны хуулгаар орсон гарсан мөнгөний гүйлгээ авагдсан байдаг ба мөнгөний зарлагын гүйлгээг огт шалгаагүй нь шалгах ажиллагааг дутуу явуулсаны нэг илрэл юм. Миний үйлчлүүлэгч нь мөнгийг гадаад улс руу шилжүүлэхдээ вальют арилжааны ченжүүдийн хувь дансаар нь шилжүүлж байсан талаар мэдүүлдэг, энэ асуудлаар огт шалгалт хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зүй нь гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд мөнгийг хэн, хэний дансаар хаашаа шилжүүлж юунд зарцуулсан болохыг нэг мөр шалгаж тогтоох ёстой атал үүнийг орхигдуулсан байдаг. Тухайн хэргийн болсон үйл явдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзвэл ... анх миний үйлчлүүлэгч нь хөрөнгө оруулалт авахын тулд Солонгос Улсад байдаг өөрийн компаниа, эд хөрөнгөө худалдан борлуулж Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бизнес эрхлэх зорилгоор хүрэлцэн ирсэн, үүний дагуу хөрөнгө оруулалт авахаар Солонгос Улсын иргэнтэй тохиролцож гэрээ байгуулсан байна. Тэрээр хөрөнгө оруулагчийн гадаад дахь данснаас мөнгөн хөрөнгө шилжүүлэхэд гардаг зардлуудыг миний үйлчлүүлэгч нь төлж шилжүүлдэг байсан байна, энэ талаар Д.Шд хэлж зээл авч байсан тул тэрээр мэдэж байсан байх нь. Мөн Д.Ш нь өөрөө хөрөнгө оруулалт авах гэрээ байгуулах зорилгоор тухайн Солонгос Улсын иргэнтэй уулзахаар миний үйлчлүүлэгчтэй хамт Дубай улс руу явж уулзаад “хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан байдаг, ингэхдээ холбогдох зардлуудыг нь шилжүүлэх асуудлаа миний үйлчлүүлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, түүгээр дамжуулж мөнгөө шилжүүлэх байдлаар асуудлаа шийдсэн байна. Анхан шатны шүүх Д.Шгийн энэхүү Дубай явсан шалтгаан нөхцөлтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон байна.

Бүгд Найрмадах Солонгос Улсын иргэн Чой нь яригдаад байгаа мөнгийг хүлээж авсан талаараа болон хөрөнгө оруулалтын мөнгөн шилжүүлэг хийхэд цаг хугацаа орж байгаа талаараа тайлбарласан бичгийг өөрийн улсын элчин сайдын яамаар дамжуулан шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд харьцуулж огт дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

 Иймд хэргийг бүхэлд хянан үзэж миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю Ж-гийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсык иргэн Ю Ж нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ..... гэгчтэй “Хөрөнгө оруулалтьн гэрээ” байгуулж улмаар тус иргэнээс 250.000.000 долларын хөрөнгө оруулалт авахаар харилцан тохиролцсон байна. Тус гэрээ болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ..... нь мөн энэ хэргийн хохирогч гэх Д.Штэй мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож шалгаагүй” байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ..... гэгчийг заавал гэрчээр байцааж мэдүүлэг авах шаардлагатай байгаа бөгөөд Монгол Улс нь Бүгд Найрамдах, Солонгос Улстай Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээтэй байгаа учир энэхүү гэрээний хүрээнд тус иргэнээс хэргийн талаар мэдүүлэг авах боломжтой байна. Энэ талаараа ч тус иргэн Солонгос Улсын элчин сайдын яамаар дамжуулж тайлбар ирүүлсэн байсныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Хохирогч Д.Шгээс мөнгө зээлээд намайг хувьдаа ашигласан гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ нь мөрдөгч хэргийг сайн шалгаагүйгээс болсон байх. Дубай хотоос хөрөнгө оруулалт авах гэж байсан тул хохирогч Д.Штэй явахдаа би бүх зардлыг нь гаргасан. “Комон Индастри” ХХК гэдэг миний компанийн данснаас монгол хүмүүсийн хувь данс руу шилжүүлсний учир нь манай компанийн карт гараагүй байсан учраас Дубай хотод байдаг монгол хүмүүсийн данс руу шилжүүлэх болон бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авч .....д шилжүүлж болон бэлнээр өгч байсан болно. Компанийн данснаас өөрийн хувийн карт руу мөнгө шилжүүлсэн учир нь картнаас авч бэлэн мөнгөний машин ашиг гарсан тул бэлэн мөнгөний машинаас авсан. Мөн Дубай хотод мөнгө өдөрт гаргах хэмжээ гэж байдаг учраас зарим мөнгийг нь картнаас авахын тулд өөрийн хувийн данс руу шилжүүлж ашигласан талаар баримт байгаа. Тухайн үед .....д мөнгө өгөх арга үүнээс өөр байгаагүй. Мөрдөгч миний данснаас хэний данс руу гарсныг шалгаагүйд гомдолтой байна. Мөнгө яах гэж зээлсэн, тэр мөнгө надад орж ирээд хаашаа гарсан, гарсан мөнгө хаашаа явсан талаар шалгаагүйд гомдолтой байдаг. Энэ талаар анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны үед нэг ч удаа асууж байгаагүй. Хохирогч Д.Ш бид хоёр Дубай хотын нисэх онгоцны буудалд буухад .....тай хамт ажилладаг Со Жуан гэдэг хүнд 20.000 доллар бэлнээр өгч байхыг надтай хамт явж байсан хохирогч өөрийн нүдээр харсан. Өдөр бүр бэлэн мөнгөний машинаас мөнгө авч өгч байсныг хохирогч Д.Ш мэдэж байсан. Дубай хотод хамгийн сүүлд хохирогч өөрөө .....тай хамт 260.000 долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хохирогч тухайн гэрээг 2, 3 хоногийн хугацаанд шалгаж байгаад хөрөнгө оруулалтын гэрээ үйлдсэн бөгөөд гэрээ хийсний дараа бид хамт Монгол Улсад ирсэн. Надтай хамт ирсэн ..... тухайн үедээ Голомт банкны удирдах захирлуудтай уулзаж байсан. Уулзсан шалтгаан нь хөрөнгө оруулалтыг оруулахад гадаад улсаас мөнгө шилжүүлэхэд ямар шаардлагатай материал байдаг талаар судалж асуусан. Энэ талаар хэлж байгаа шалтгаан нь хохирогч Д.Ш надаас 800.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл би тухайн мөнгийг нэг нугалсан 1.500.000.000 төгрөгийг Голомт банкаас шилжүүлж явуулсан. Үүнийг тухайн үеийн Голомт банкны ажилчид мэдэж байгаа. Үүнийг шалгаж болно. Би үнэхээр хүн залилан мэхлэх бодолтой байсан эсэх, үйл хөдөлгөөн гаргасан эсэх талаар намайг сайн шалгаж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Эдгээр асуудлын талаар маш сайн дүгнэлт гаргахгүйгээр намайг олон сар ялтан болгож суулгасанд гомдолтой байна. Надад хохирогчийг хуурч мэхлэх бодол байгаагүй. Энэ талаар надад олон баримт байгаа. Би бүх баримтыг гаргаж өгөхөд хэзээд бэлэн байна. Гэвч би өөрөө хүн болохоор хохирогчид сэтгэл өвдөж, санаа зовж байгаа. Надтай танилцсаны дараа .....тай танилцаж хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн учраас миний сэтгэл өвдөж байна. Ямар ч байсан би хохирогчийн бүх хохирлыг төлөх талаараа итгэл төгс байгаа. Гэвч 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа хохирогчийн мөнгийг төлөх боломжгүй байна. Мөн би гадаад улсын иргэн учраас ямар нэгэн хөдөлгөөн хийж өр зээлээ төлөх боломжгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв._

Хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль хэрэглээг зөв хэрэглэсэн. Гагцхүү шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хохирол нөхөн төлбөр төлөгдөөгүй. Гэмшиж уучлалт гуйсан нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Шүүгдэгч нар нь итгэн үнэмшүүлэх аргаар, хөрөнгө оруулалт нэрээр өнгөлөн гоёсон залилах гэмт хэрэг үйлдсэн. Шахалт үзүүлж хохирогчид ажил хэрэг мэт төөрөгдөл үүсгэж, өөрсдийн хамаарал бүхий үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшдэг компанийн дансаар хохирогчоос мөнгийг авсан учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч нараар хохирлыг 811.522.600 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулах үндэслэлтэй. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнө тухайн нөхцөл байдалд тендерийн үнэ явдгаараа явж тендер нь шалгарсан байхад 100.000.000 долларын хөрөнгө оруулалт гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурсан болох нь тодорхой харагддаг. Түүнчлэн, хохирогчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ, шилжүүлсэн баримт, дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хот байгуулалтын албан тоот, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн баримтуудаар давхар нотлогддог. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудын талаарх 51 дүгээр тогтоолд бусдын эд хөрөнгийг зээл нэрээр залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх баталгаагүй. Тухайлбал барьцаа хөрөнгөгүй зээлийн гэрээнээс ялгагдана гэж ангилсан. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл. Мөн .....тай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тэр хүнд мөнгөө өгсөн гэдэг. Гэтэл .....д мөнгө өгсөн баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б гомдолдоо хохирлын хэмжээг бүрэн тогтоож чадаагүй гэсэн. Гэтэл хохирогчийн зүгээс 906.436.972 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж мэдүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож, эдгээр хүмүүс нь найз нөхөд, уг холбоогоо ашиглан мөнгө өгч, авсан асуудал байх ба үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоож шүүхэд шилжүүлсэн. Үүнд хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоосон гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч Г.Сувд-Эрдэнэ шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн талаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүх өөрийн бүрэн эрхийн хэмжээний хүрээнд ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлж зүйлчлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөрийн гомдлын тухайд, шүүгдэгчийн бүлэглэж залилсан үйлдэлд яллах дүгнэлтийг гардуулаагүй талаар дурдсан. Энэ асуудлын талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яригдсан. Мөн БНСУ-ын иргэн .....аас мэдүүлэг авах ёстой. Эрх зүйн туслалцааны хүсэлт өгч мэдүүлэг авч байж хэргийн нөхцөл байдлыг тогтоох ёстой гэсэн бөгөөд энэ талаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдээд шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт гардаж аваагүй талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдаагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд прокурор яллах дүгнэлтийг уншиж сонсогосон бөгөөд энэ танд гардуулж өгсөн яллах дүгнэлт мөн эсэхийг шүүхээс тодруулахад “Мөн байна” гэдэг асуудлыг шүүх хуралдаанд илэрхийлсэн. Иймээс яллах дүгнэлтийг орчуулж өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд яллах дүгнэлтийг гардуулж, хууль заасан яллах дүгнэлтийг гардаж авсан талаар тэмдэглэлд гарын үсэг зурагдсан байна. Мөн шүүгчийн татгалзалтай холбоотой ямар үндэслэлээр татгалзаж байгаа үндэслэлээ тодорхой хэлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасан. Гэтэл шүүгчээс ямар үндэслэлээр татгалзсан  бэ гэдгээ хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчээс тухайн шийдвэр гарсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир болон Ө.Амарбаясгалан нарын гомдлын тухайд, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн гадаад улсын иргэн .....аас мэдүүлэг авах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхэд тухайн хүнд тогтсон хаяг болон нэр нь тодорхойгүй байгаа учраас энэ талаар харилцан туслалцааны хүсэлт явуулах боломжгүй. Өөрсдөө хэн нэгэн хүний хэлсэн тайлбар, тодруулгыг гаргаж өгөөд тухайн зүйлээ нотлох баримт гэж үзэх ёстой гэсэн асуудлаар тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар хэрэгт тугагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ. Иймээс шүүх тухайн шийдвэрээ гаргахдаа ямар нотлох баримтыг үндэслэж тухайн шийдвэр гаргаснаа тогтоолдоо дурдсан нь хууль зөрчөөгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б, Ю Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Ю Ж нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход явуулах хэл, бичгийг хуульчилсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг хуульчилсан бөгөөд прокурор, шүүхийн шатанд яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гарсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй.” гэж монгол хэл, бичиг мэдэхгүй яллагдагчийн эрхийг хангах талаар заасан ба тэрээр гадаад улсын иргэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд гарсан эрхийн актыг яллагдагчийн өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл бичгээр орчуулж, гардуулах талаар хуульчилсан байхад түүний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт II дугаар хэлтсийн хяналтын прокуророос яллагдагч Г.Б, БНСУ-ын иргэн Ю Ж нарт холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Г.Бд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, БНСУ-ын иргэн Ю Жд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тус гардуулжээ.

Ийнхүү гардуулахдаа прокуророос БНСУ-ын иргэн Ю Жд яллах дүгнэлтийг өөрийн эх хэл дээр нь орчуулж өгөөгүй нь түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, мэдээлэл авах, гомдол, хүсэлт гаргах зэрэг бусад эрхийг давхар зөрчихөд хүргэнэ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю Жийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид яллах дүгнэлтийг орчуулж гардуулж өгөөгүй, түүний эрхийг зөрчсөн талаар тайлбарлахад прокуророос “орчуулж, гардуулж өгсөн” гэх тайлбар хэлэх боловч хэрэгт уг тайлбарыг нотлох баримт авагдаагүй байна.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж, 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус заасан.

Хохирогч Т.Шгийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байх бөгөөд уг компанийг төлөөлж хийсэн Зээлийн гэрээг урьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Хангал, Т.Ш нар хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд “.....” ХХК-ийг төлөөлж, тухайн үед нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүс тус компанийн нэрийн өмнөөс шүүгдэгч нарын харьяаны “.....” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж тус компанийн данс руу мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Хэрэв анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний эрх зүйн маргаан биш, гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй бол хохирогчоор “.....” ХХК-ийг тогтоож, тус компанийн төлөөлөгчөөр гүйцэтгэх захирал Т.Шг оролцуулах нь хуульд нийцэх ба хохирогчийг зөв тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ю Ж-ын өмгөөлөгч Д.Тамир, Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаас зарим хэсгийг нь хүлээн авч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Буянтөр, хохирогч Д.Шгийн өмгөөлөгч Г.Сувд-Эрдэнэ,  шүүгдэгч Ю Ж-ын өмгөөлөгч Д.Тамир, Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Г.Б, Ю Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Б, Ю Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ