| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1110/Э |
| Дугаар | 1148 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
хохирогч А.Ган-өлзий
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Х овогт Т-ийн С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0223 51262 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Т-ийн С, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 169 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, УУ91022336,
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын “Цэ” нэртэй пабад хохирогч А.Ган-Өлзийгийн цүнхтэй 1.138.720 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Ган-Өлзий бид нар хамт архи уусан. Тэгээд бид нар архи ууж байгаад Ган-Өлзий гараад явсан. Тэр үед нь би хохирогчийн цүнхийг аваав явчихсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвгөөрч байна, Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч А.Ган-Өлзий шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө С-тай танилцаад архи ууж байгаад гадаа тамхи татах гээд гарчихаад ороод ирэхэд С байхгүй тэгээд бас миний цүнх байхгүй байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би одоо 350.000 төгрөгний гэрээ байгуулсан. Гомдол саналгүй байна. С-ийн ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Яллагдагч Т.С мэдүүлэхдээ: “2018 оны 03 сарын сүүлээр байхаа яг тодорхой он сарыг нь одоо санахгүй байна. Орой 20 цагийн үед найз Шинэнгийн хамт Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутагт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд талд байдаг “Цэ” пабад орсон. Тэнд ороод манай найз Шинэн ажилтай гээд яваад өгсөн бөгөөд би ганцаараа үлдэж Жин гэж нэрлэдэг согтууруулах ундаа 500 граммыг авч ганцаараа уусан, тэгээд дээрээс нь 6 шил пиво авч уусан юм. Тэгээд хажууд баахан залуучууд сууж байхаар нь ганцаараа сууж байхаар гэж бодоод хажууд нь очоод хамт сууя гээд суусан. Тэгээд хамт ууж байгаад нэлээд согтсон байсан. Тэгээд л тасарсан байна. Унтаж тасраагүй ухаан мэдрэлээ алдсан байсан. Одоо надад санах зүйл байхгүй байна. Ямар ч байсан нэг сэрэхэд л Техникийн захын Цахлайгийн буудлын тэнд жижиг буудал дотор сэргэсэн бөгөөд сэргэхэд тэр буудалд би ганцаараа унтаж байсан бөгөөд өдөр 12 цаг болж байхад сэрсэн байх ямар ч байсан буудлын хүн нь гараарай гэж байсан. Тэгээд босоод миний архи гараагүй согтуу сэрсэн болохоор босоод гараад буудлын урдаас такси барьсан бөгөөд буудал дотор байсан цүнхийг аваад явсан. Такси бариад гэрлүүгээ харисан. Гэртээ очиход манай эхнэр өвөөгөө эргэнэ гээд гарсан бөгөөд би хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэгээд гэртээ л байсан. Над руу хүмүүс залгаад “зөөврийн комьпютер аваад явсан байна авчраад өгөөч” гэхээр нь би “үгүй би аваагүй” гэсэн, тэгээд ахин залгахаар нь санаа зовоод утсаа аваагүй юм. Таныг залгахаар нь би тэр залуусын нэг нь байна гэж бодоод би “зөөврийн комьпютер аваагүй, үзсэн киноноосоо ургуулаад баахан цагдаагийн дарга энэ тэрээ гээд баахан согтуу балайрсан байсан болохоор ахиад согтсон байсан. Цүнхэн доторхыг буудал дотор 12 цагийн орчим сэрээд л үзсэн бөгөөд цүнхийг нээгээд үзэхэд зөөврийн комьпютер, цэнэглэгч, чихэвч, бор өнгийн түрийвч дотор жолооны үнэмлэх л байсан, өөр зүйл байгаагүй. Тэгээд бусад зүйлсийг нь гэртээ шкафан дотроо нуусан бөгөөд одоо хаана нуусан болохоо сайн санахгүй байна. Олж өгнө. Комьпютерийг эхнэр асуух байх гэж бодоод эхнэрээсээ нуун найз Цогтзаяатай утсаар ярьж байгаад очиж уулзан “энэ миний комьпютер байгаа юм чи хөгшөөн хадгалж байгаач мань нь энийг бариад яваад байхаар алга болгочих гээд байна” гэж хэлээд хадгалуулахаар гэрт нь үлдээсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна.” Гэх мэдүүлэг. /хх13-14/,
Хохирогч А.Ган-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний зүгээс Асер маркийн 2017 онд манай байгууллагаас 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан Ай-3 үзүүлэлттэй, 4 рамтай, 1 терабайт хардтай хар саарал өнгийн зөөврийн комьпютер, дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч, хулгана-15000 төгрөг, арьсан оосортой брэнд тодорхойгүй бугун эрэгтэй цаг 2016 оны 12 сарын 20-д хавьцаа Мянганзахиа.ком сайтнаас 278.000 төгрөгөөр авсан цаг ажлын бичиг баримт болон миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, эрэгтэй хүний бор өнгийн арьсан түрийвч 25.000 төгрөг, бэлэн 80.000 төгрөг, Магнитсурвей гэсэн бичигтэй карт шиг 8 гегабайтын багтаамжтай флаш диск 30.000 төгрөг, эрэгтэй хүний Шаннелийн үнэртэй ус хэрэглэж байсан бараг дүүрэн байгаа 2018 оны 1 сард 367.000 төгрөгөөр авсан. Инженерийн загварчлал нэртэй ном 20.000 төгрөг, Физикийн ном 20.000 төгрөг, Повер банк 35.000 төгрөгөөр авсан, Юу Эс Би залгуур 15.000 төгрөг, утасны чихэвч 10.000 төгрөг, ус нэвтэрдэггүй, үүрдэг, 2 мөртэй, смарт цүнх 85.000 төгрөг, нүдний шилний хайрцаг 20.000 төгрөг байсан алга болсон байна...” гэсэн мэдүүлэг. /хх-19-20/
Гэрч Б.Цогзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...20 гаран хоногийн өмнө манай найз С манай гэр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 71 дүгээр байрны 1 тоотод өдөр эрүүл гартаа 2 мөрний үүргэвч бариад ирсэн. Тэгээд манай гэрийн үүдэнд надтай уулзаад хадгалаад байж бай би энэ тэрүүгээр явахаар алга болчих гээд байна, чи хадгалж байгаач гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай юм бэ гэхэд С нь миний өөрийн зөөврийн компьютер, цэнэглэгч, цүнхний хамт байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх 23-24/
Гэрч Д.Болдхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз Ган-Өлзий, Бямбажав нарын хамт…Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын пабад…, Жин аваад ууцгаасан…, Тэгээд сууж байтал гаднаас нэг залуу ганцаараа орж ирээд дэргэд ирээд бид нарт нийтэд нь “хамт сууя, дайлая” гэсэн. Тэгээд манай ширээн дээр хамт суугаад бид нартай танилцаад сууцгаасан…, өөрийгөө намайг С гэдэг.., гээд л бид нарын ярих байгаа зүйлстэй санал хуваалцан ярилцсан…, Бямбажав бид 2 дотогшоогоо паб руу орсон тэгэхэд дотор С байхгүй мөн Ган-Өлзийгийн цүнхтэй зөөврийн комьпютер алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх31-32/
Хохирогч А.Ган-Өлзийгийн мэдүүлэг /хх19-20/, гэрч Б.Цогзаяагийн мэдүүлэг /хх23-24/, сэжигтэн Т.С-ийн мэдүүлэг /хх25-26/, гэрч Д.Болдхүүгийн мэдүүлэг /хх31-32/, яллагдагч Т.С-ийн мэдүүлэг /хх74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын “Цэ” нэртэй пабад хохирогч А.Ган-Өлзийгийн цүнхтэй 1.138.720 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь хохирогчид учирсан 350.000 төгрөгийн хохирлоос 250.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 100.000 төгрөгийг 2018.09.10-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Т.С нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Т-ийн С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.С-ийн урьд цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэхэд 304 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.С-аас 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ган-өлзийд олгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР