| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2510002780208 |
| Дугаар | 2025/ДШМ/895 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/895
2025 07 24 2025/ДШМ/895
Н.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Нд холбогдох эрүүгийн 2510002780208 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” ХХК-ийн барилгын талбайгаас zoomlon80 краны 35 диаметртэй 70 метрийн урттай цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 7,700,000 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг үйлдэхдээ биеэр авч явах боломжгүй бусдын эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм зориуд ашиглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.Нг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Нг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгээс 7,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч “............” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугийн улмаас үүссэн хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би гэмт хэрэг хийж, буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд миний эхнэр унаж, татах өвчтэй. Ээж маань бие муутай хүн байдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Н нь өмгөөлөгчгүй шүүхийн хэлэлцүүлэгт орсон. Түүний хувийн байдлын хувьд эхнэр нь зүрх муутай татаж унадаг, ээж нь бие муутай бага насны хүүхэдтэй урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1, 1.7.2, 1.7.3-д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлагдсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ийн 1.3.1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний хураангуй тайлангаар /34-35, .......... УЕС улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийн үнийг 21,000.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч Н.Нгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг/ гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэжээ. Энэ нь нэг хүнд 3 удаа ял өгсөнтэй утга нэг байна. Байгууллагын машин хэвийн ажиллаж байгаа. Шийтгэх тогтоолын 4 дэх хуудсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, 123 хууль бусаар авч” хулгайлах” гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хуульчилж хохирлын хэмжээ шаарддаггүй болно. Үүнд дурдсанаар ялыг хүндрүүлсэн. Гэтэл бий болоогүй зүйлээр машин хэвийн ажиллаж үүргээ гүйцэтгэж байхад дахиж үндэслэлгүйгээр 21,000,000 төгрөг төлүүлэхээр ял хүндрүүлж оноож байна. Тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Нгээс гаргуулж улсын орлого болгосугай гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оноохоор буюу 1 жил 3 сарын ял оноохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Н нь уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн биеэр авч явах боломжгүй тул автомашин ашигласан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 7,700,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлөөгүй хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” ХХК-ийн барилгын талбайгаас zoomlon80 краны 35 диаметртэй 70 метрийн урттай цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 7,700,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ууганбаярын “... Манай Их Бодь ХХК нь 2024 оны 07 дугаар сараас хойш Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Стар сургуулийн зүүн талд газар авч барилга барихаар төлөвлөж техник, машинаа байршуулсан байгаа. 2022 онд БНХАУ-д ашиглаж байсан zoomlon80 кран авч барилгын хашаандаа буулгаж тавьсан байсан. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй, харуул хамгаалалттай байх үед манай байгууллагад жолооч ажилтай Н.Н нь машин аваад гарсны дараа краны доор байсан 35 метртэй 70 метр урттай цахилгааны утас буюу тэжээлийн кабел алга болсон гэж харуул хамгаалалт хариуцсан хүн хэлсэн. ... Манай хашаанд харуул Х.Болдбаатар гараатай байж таарсан өөр хүн байгаагүй. Нэргүй орж ирж машин аваад гарсан гэж хэлсэн. ...” /хх 14/, “...Тухайн алдагдсан кабель хүн өргөөд өөр техник хэрэгсэл тоног төхөөрөмжид ачих боломжтой, харин өргөөд хол зам явганаар туулах боломжгүй юм. ...” /хх 17/,
гэрч Х.Болдбаатарын “...Би “............” ХХК-н эзэмшлийн барилгын хашаанд 24 цаг харуулд гарч, 48 цаг амардаг ажил хийдэг юм. ... Би өчигдөр өглөө буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээлж авсан бөгөөд өчигдөр 15-16 цагийн орчимд тухайн хашаанд байсан “...........” ХХК-ийн ачааны машиныг авахаар цагаан өнгийн маяти загварын ачааны машинтай нэг залуу ирсэн. Тэгээд шаланз буюу урт, том ачааны чиргүүлтэй машин авч ажид гарна гээд машинаа асаахаар галлаж халааж, маяти машинаараа холбож байж асаасан. Тэгээд өөрийнхөө цагаан машиныг хөдөлгөж цахилгааны утас, кабел байсан краны хажууд аваачиж машинаа тавиад том машинаа аваад гараад яваад өгсөн. Машинаа галлаж асааж байхдаа тэр цахилгааны утас байсан газар луу байн байна очоод удаад байсан болохоор нь гараад явсных нь дараа очиж шалгахад цахилгааны утас тэр чигээрээ байж байсан. Тэгээд тэр залуу цагаан өнгийн маяти машинаа үлдээчихээр нь дараа ирж авах юм байх гэж бодоод байж байтал 18 цаг 30 минутын орчимд тэр залуу “ганцаараа эргэж ирээд машинаа авах гэсэн” юм гэхээр нь би хаалгаа тайлж өгчхөөд байж байтал тэр залуу машин дээрээ очоод кабиныхаа хаалгыг онгойлгочхоод удаад байхаар нь би цахилгааны утас авчхаагүй байгаа гэж бодоод харуулын байрнаасаа гараад өөдөөс нь алхтал машиныхаа хаалгыг хаагаад машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь би зогсоож байгаад тэвшийг нь буюу ачааг нь үзэхэд ямар нэг юм байгаагүй. Тэгэхээр нь хөдөлгөж явуулчхаад цахилгааны утас байсан газар очиход өмнө нь байсан цахилгааны утаснууд байхгүй болчихсон, краны бүхээгийн доороос чирч, тэр залуугийн машины хажууд хүртэл чирсэн мөр үүссэн байсан. ...” /хх 19-20/,
шүүгдэгч Н.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би барилгын талбай дээрээс шланзаа унаж гараад Яармагийн шинэ гүүр өнгөрөөд 200 метр орчим явж байтал машин эвдэрчихсэн. Тэгэхээр нь шланз машинаа орхиод буцаад барилгын талбай руу алхсан. Барилгын талбайд очиход харуул байсан. Харуулд “Маяти маркийн машиныг авах гэж ирлээ” гэж хэлсэн. Машиныг авахаар очтол краны кабины хажууд газар ил хар өнгийн хуйлж ороосон цахилгааны утас байхаар нь маяти маркийн машины кабин руу хийсэн. “Маяти” маркийн машинаа унаад том шланз машин орхисон Яармагийн шинэ гүүр рүү явсан. Явж байх замдаа гүүр дөнгөж уруудаад засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд шороон дээр хар өнгийн хуйлсан цахилгааны утсыг хаяад, тэнд нь орхичхоод шланз маркийн машин руугаа явсан. Тэгээд үргэлжлүүлээд ажлаа хийсэн. 5 хоногийн дараа цахилгааны утас байхаар нь тэнд нь цахилгааны утасны гадна талыг нь шатаагаад дотроос нь зэс утсыг нь салгаж авсан. Зэс утсыг нь салгачхаад өөрийнхөө үүрч явсан 2 мөртэй үүргэвчинд хийгээд автобусанд суугаад 32-ын тойрог руу явсан. ... Маяти загварын машин нь ............. эзэмшлийн машин юм. Би ажлын журмаар тухайн маяти маркийн машиныг унаж ашигладаг. Цахилгааны утас авдаг өдрөө ч бас ажлын журмаар барилгын хашаанаас унаж гарсан юм. ...” /хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагаа /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/, “...........” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан /хх 22-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Н.Нг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.
Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.
Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.
Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь “.............” ХХК-ийн түлшгүй болсон шаланз загварын тээврийн хэрэгслийг засварлах зорилгоор “Маяти” загварын тээврийн хэрэгслийг жолоодон барилгын талбайгаас гарахдаа Zoomlon80 краны 35 диаметртэй 70 метрийн урттай цахилгааны утсыг авсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба тэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “Маяти” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тухайн ашиглаагүй гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Н.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын шүүгдэгч Н.Нн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 21,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, “хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Н нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1284 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ........-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ