| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2020/00868/И |
| Дугаар | 210/МА2020/00613 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2020/00613
| 2020 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2020/00613 |
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн
хүсэлттэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00522 дугаар шийдвэртэй хүсэлт гаргагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн М.О - ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.О - нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчиж, орон гэртээ агсам согтуу тавьж иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М.О - шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Учир нь эхнэр маань жирэмсэн. Бид хоёр түрээсийн байранд амьдардаг. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд карказны хөөс шахадаг ажилтай. Цагаан сараар аавтайгаа золгох гээд ирсэн. Би хотод ойрд ирээгүй болохоор ганц нэг пиво ууж, гадуур явж байгаад цагдаа нарт баригдсан гэжээ.
Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Алаг адуу овогт М.О - /РД:**********/-ыг шүүхийн шийдвэрээр албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаарМ.О - ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэн, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаанлан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэн, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурдан шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд М.О - давж заалдах гомдолдоо: 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Долоон наран хүнсний дэлгүүрээс хоол хүнсний зүйл авахаар явж байтал хорооны цагдаа юм тодруулъя гэж хэлээд автомашиндаа суулгаж согтууруулах зүйл хэрэглээгүй байхад түр саатуулах газарт хонуулж мөн сарын 28-ны өдөр эмнэлгийн үзлэгт оруулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины эмчилгээнд явуулсан. Ямар ч шалтгаангүй эрүүл саруул хүнийг хорьсонд гомдолтой байна.
Би одоо байр түрээсэлж аав, эхнэр нарын хамт амьдардаг. Аав маань одоо 78 настай тал цус харваж хэвтэрт, эхнэр н.Наранцацрал хөл хүнд 8 сартай бас аавыг минь асарч гэрт байдаг. Би ганцаараа хувиараа ажил хийж байрны түрээс болон хоол хүнсний асуудлыг зохицуулж амьдардаг. Энд ирснээр ар гэрийн амьдрал, эм тарианы мөнгө зогсох тул харгалзан үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс ньМ.О - ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар заажээ.
Анхан шатны шүүх Цагдаагийн байгууллагын шүүхэд бүрдүүлж өгсөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын хүсэлт,М.О - ын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, түүний согтуурсан үедээ зөрчил гаргасан, эрүүлжүүлэгдсэн талаарх Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн АСАП сангийн бүртгэл зөрчлийн лавлагаа,М.О - ыг архинд донтох өвчний llI дугаар зэрэгтэй болох тухай Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эмнэлгийн дүгнэлт,М.О - ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлжээ. /хх-4-5, 29, 21-24, 30-34/ М.О - ыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гуравдагч этгээдМ.О - нь согтууруулах зүйл хэрэглээгүй байхад ... эмчилгээнд явуулсан, ямар ч шалтгаангүйгээр хорьсон, ... ганцаараа ажил хийдэг, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байх боловч уг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна албадан эмчилгээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдМ.О - аас давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД