| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0684/э |
| Дугаар | 699 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 699
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч М.Амарзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808030730849 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Т.М, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Цээл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, нуурын 1-10 тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын задгайд түр оршин сууж байгаа, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, регистрын дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын задгайд оршин суух өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох 2 сар 15 хоногтой М.Анударийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй, маш их харамсаж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А мэдүүлэхдээ:
Талийгаачийн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүрэгтээ хариуцлагагүй хандсан, архидан согтуурдаг байсан болохоор ийм байдалд хүрч хүүхэд амь насаа алдсан. Иймд эцэг эхтэй нь хариуцлага тооцох нь үндэслэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Намайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгийн газрын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжпийн хэлтсээс Т.М-д холбогдох хэрэгт 2 сар 15 хоногтой М.А нас барсан хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байх тул хүүхдийн эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Надад санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /хх-17/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 08 цагт би ажилдаа явсан. Тэгээд орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ Д-н хамт ирэхэд манай гэрт талийгаач А, том хүү Л /11 настай/ 5 настай охин А, 2 настай хүү П, эхнэр М нарын хамт байсан. Тэгээд би гэртээ орж ирээд удаагүй байж байтал ажлаас тоосго ач гээд дуудагдаад ажил руугаа буцаж явсан ба Д манай гэрт үлдсэн. Тэгээд би ажил дээрээ ажлаа хийгээд орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт эхнэр хүүхдүүдтэйгээ, Д эгч дүүтэйгээ байж байсан. Харин Д ах гараад явчихсан байсан. Тэгээд би хоол ундаа идээд байж байсан чинь Д ах гаднаас ороод иртэл Д эгч зөрөөд гараад явсан. Тэгээд бид гурав манай гэрт байсан Х нэртэй 0.75 гр архийг уугаад дуусчихаад Д ахыг ахиад архинд явуулсан. Д ах төд удалгүй 075 гр Хандгай нэртэй архи аваад ирсэн ба бид гурав тухайн архийг хуваагаад ууцгаасан. Мөнхтуяа Д ахын дэлгүүрээс авчирсан архийг уусан...нэг мэдсэн унтаад өгсөн байсан Тэгээд өглөө 07 цаг өнгөрөөгөөд сэрээд охиноо хартал манай талийгаа охин А биеэрээ болон толгойгоороо эгц доошоо харсан байдалтай байсан. Тэгэхэд манай эхнэр М хажууд сэрчихсэн орилоод байж байсан. Тэгээд байж байхад хажуу айлын эгч юу болсон бэ гээд ороод ирсэн. Тэгсэнээ түргэн дуудаад ажилдаа яваад өгсөн. Тэгээд төд удалгүй түргэний эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирчихсэн...Талийгаач А нь 2018 оны 04 дүгээр сарын 11-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн ба 1кг 960 гр төрсөн. Дутуу төрсөн, манай хүүхэд бие эрхтэн эрүүл ямар нэг архаг өвчингүй бойжиж байсан. Манай охин 2 сар 15 хоногтой байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Б.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед ажлаасаа буугаад С М бид гурав нуурын дээр байдаг дэлгүүрт очоод лаа авсан байх би яг юу авсаныг мэдээгүй тэгэзд С-н гэрт ирээд пивоо уугаад байж байсан чинь С-г ажлаас дуудаад яваад өгсөн. Тэгээд би гэрт нь С-г хүлээгээд байж байсан чинь ирэхгүй байхаар нь гэр рүүгээ яваад гэртээ нэг оччихоод буцаад С-н гэрт 22 цагийн үед очиход С эхнэр хүүхдүүдтэйгээ, Даваасүрэн нар байж байсан. Тэгээд Д утсаа цэнэглэж байгаад гараад яваад өсгөн. С эхнэр хүүхэдтэйгээ бид нар гэрт нь байсан. Тэгээд С 0.75 гр Хандгай нэртэй архи гаргаж ирсэн ба тэр архийг нь С, Мөнхтуяа бид гурав хувааж уусан ба надад ахиж архины мөнгө өгөөд би дэлгүүр орж 0.75 гр Хандгай нэртэй архи авсан. Тэгээд би тэр архийг ууж дуусаад гэр рүүгээ явсан. Намайг гарч явахад ,С сэрүүн орон дээрээ сууж байсан. Намайг С-н гэрээс гараад явахад шөнийн 01 цаг өнгөрчихсөн байсан. Тэгээд өглөө босоод ажилдаа явах гэж байсан чинь манай хүүхэд рүү М-н дүү нь залгаад М-н хүүхэд өнгөрчихсөн гэнэ гэж хэлэхээр нь би хүүхдээ очиж үзчихээд ир гээд явуулсан чинь ирэхгүй байхаар нь би араас нь өөрөө яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн М-н хүүхэд нь нас барчихсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ хүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрөөд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан юм. Эмнэлгээс гараад л шууд манай өрхийн эмнэлгийн хяналтанд орсон. Төрснөөс нь хойш 2018 оны 4 дүгээр сарын 17, 20, 24, 30-ны өдрүүдэд болон 2018 оны 5 дугаар сарын 4, 11, 18, 25-ны өдрүүдэд эмч О-н хамт гэрт нь очиж хүүхдийи биеийн байдлыг үзсэн. Үүний дараагаар 2018 оны 06 дугаар сарын 4, 14-ний өдрүүдэд би ганцаараа очиж мөн хүүхдийн биеийн байдлыг үзсэн. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А хүүхдийг ээж нь болох М эмнэлэг дээр авчирч вакцинийг нь хийлгэсэн. Дээрх өдрүүдэд хүүхдийн биеийн байдлыг үзэхэд янз бүрийн зовиургүй, эрүүл зүгээр хэвийн бойжиж байсан. Хүүхдийг үзэх бүрдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр нь бичилт хийгээд явдаг юм. Биеийн хөгжил хэвийн байсан. Анударийн хувьд түүнийг тэврэхэд л толгойгоо даадаг байсан. Гэхдээ хэвтэж байгаад толгойгоо өндийлгөх болон хэвтэж байгаад хөрвөөх үйлдэл хийж чаддаггүй байсан. Хоёр сартай хүүхдийн хувьд толгойгоо өндийлгөх болон хөрвөөх үйлдэл хийж чаддаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М над руу 07 цаг өнгөрч байхад утсаар залгаад А нас барчихлаа гэж хэлэхээр нь такси бариад гэрт нь яваад очтол миний дүү нас барчихсан, цагдаа нар ирсэн байсан. Өглөө сэрсэн чинь доошоо харчихсан байсан. Тэврээд дээш нь харуултал бие нь хөрчихсөн нас барсан байсан гэж хэлсэн. Өөр зүйлийг би сайн мэдэхгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орой би 22 цагийн орчимд М-н гар ута сруу залгаж ярихад эгч нь гэртээ хүүхдүүдтэйгээ байна. Ах чинь ажил дээрээ байгаа гэж надад хэлсэн... Хааяа нэг архи уучихдаг. Нэг уухаараа 2-3 өдөр дарааллаж уудаг. Уухдаа тэгтлээ тасарч унатлаа уудаггүй юм шиг байна лээ. Нөхөртэйгээ харьцах харьцааны байдал хэвийн л харагддаг... “ гэх мэдүүлэг / хх-28-29/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №1443 дугаар акт:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Механик амьсгал бүтэлт: Амьсгалын замын шингэний бөглөрөл, 2 уушигны тэлэгдэл, цулцангийн хөндий дэх агууламж, уушиг, зүрхний гадаргуугын цус харвалт /Тарьде толбо/. 2. Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн цочмог алдагдал, тархи, уушигны хаван, тэжээл хувирал, завсрын үрэвсэл. 3. Хамрын зулгаралт.
ДҮГНЭЛТ:
1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтэл нь үхэлд хүргэхгүй.
4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
5.Талийгаачийн цусны улаан эс задарсан тул бүлэг тогтоох боломжгүй гэжээ.
6.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй.
7.Талийгаач нь амьсгалын замын шингэний бөглөрөлийн улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.
8.Талийгаачийн нас барсан хугацааг цогцост хийсэн анхны үзлэгээр тогтооно.
9.Талийгаачийн ходоодонд цагаан өнгийн өтгөн агууламжтай байна гэх дүгнэлт /хх-33-34/,
Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын №609 дүгнэлтэнд:
1. Т.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Т.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3.Т.М нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Т.М нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
5. Т.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Т.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардпагагүй байна.
7. Т.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх /хх-39-41/,
Шүүгдэгч Т.М-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр...манай гэрт авчихсан байсан 0.75 гр Хандгайт нэртэй архи байсан ба тэр архийг бид гурав хувааж уугаад дууссаны дараа ахиж нэг шил архи авч уухаар болоод 7500 төгрөгийг Д ахад өгөөд дэлгүүр рүү архинд явуулсан. Тэгээд байж байтал Д ах Хандгайт нэртэй 0.75 гр архи, 1 хайрцаг Улаан шонхор нэртэй тамхи авчирсан. Тэгээд би сүүлд авчирсан архинаас нь 1 татаад орохгүй болохоор нь болъё гээд уухаа больчихсон. Тэгээд би талийгаач охиноо хөхүүлээд хэвтэж байгаад унтчихсан байсан, нэг сэрсэн чинь Д ах явлаа гэж хэлээд-гараад явсан. Манай нөхөр орондоо орчихсон байсан. Би тэгээд сэрээд охиноо хуурайлаад эргээд унтсан...би унтаж байгаад 06 цаг өнгөрч байхад сэрээд нөхөр С-г ажилдаа яв гэж дуудаад охин руугаа хартал манай охин нүүрээрээ доошоо харчихсан байдалтай, бие нь хүйтэн болчихсон байсан. Тэгэхээр нь би охиноо дээш нь харуулсан чинь нүүр нь хөхөрчихсөн байсан...Талийгаач А нь 2018 оны 04 дүгээр сарын 11-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн...2 сар 15 хоногтой байсан юм...Би хүүхдээ шөнө уйлах юм уу, эргэж хөрвөөхөд нь сэрээгүй нам унтчихсан байсан. Архи уусандаа нам унтаад өгсөн юм шиг байна лээ. Би хүүхдээ доошоо харсаныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-49-51/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэгэлэл /хх-2/, 102 дуудлага өгсөн баримт /хх-3/, хэргийн газрын үзлэг, фото зургын бэхжүүлэлт /хх-4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-12/, ял шалгах хуудас /хх-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын задгайд оршин суух өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох 2 сар 15 хоногтой М.А-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...өглөө 07 цаг өнгөрөөгөөд сэрээд охиноо хартал манай талийгаач охин А биеэрээ болон толгойгоороо эгц доошоо харсан байдалтай байсан. Тэгэхэд манай эхнэр М хажууд сэрчихсэн орилоод байж байсан...түргэний эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүүхэд рүү М-н дүү нь залгаад М-н хүүхэд өнгөрчихсөн гэнэ гэж хэлэхээр нь...очсон чинь цагдаа нар ирчихсэн, М-н хүүхэд нь нас барчихсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....А-н хувьд түүнийг тэврэхэд л толгойгоо даадаг байсан. Гэхдээ хэвтэж байгаад толгойгоо өндийлгөх болон хэвтэж байгаад хөрвөөх үйлдэл хийж чаддаггүй байсан. Хоёр сартай хүүхдийн хувьд толгойгоо өндийлгөх болон хөрвөөх үйлдэл хийж чаддаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Гэрч Т.М- мөрдөн байцаалтанд өгсөн ”...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М над руу 07 цаг өнгөрч байхад утсаар залгаад А нас барчихлаа гэж надад хэлэхээр нь такси бариад гэрт нь яваад очтол миний дүү нас барчихсан, цагдаа нар ирсэн байсан...“ гэх мэдүүлэг / хх-28-29/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №1443 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг, фото зургын бэхжүүлэлт /хх-4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-12/, шүүгдэгч Т.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-н “...Т.М-д холбогдох хэрэгт 2 сар 15 хоногтой М.А нас барсан хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байх тул хүүхдийн эрх ашгийг хамгаалах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно...” гэх, гэрч Б.С-н ”...өглөө 07 цаг өнгөрөөгөөд сэрээд охиноо хартал манай талийгаач охин А биеэрээ болон толгойгоороо эгц доошоо харсан байдалтай байсан...түргэний эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх, гэрч Б.Д-н “...очсон чинь цагдаа нар ирчихсэн, М-н хүүхэд нь нас барчихсан гээд байж байсан...” гэх, гэрч Ч.Д-н ”...Хоёр сартай хүүхдийн хувьд толгойгоо өндийлгөх болон хөрвөөх үйлдэл хийж чаддаггүй юм...” гэх, гэрч Т.М-н ”... М над руу 07 цаг өнгөрч байхад утсаар залгаад А нас барчихлаа гэж хэлэхээр нь такси бариад гэрт нь яваад очтол миний дүү нас барчихсан, цагдаа нар ирсэн байсан...“ гэх мэдүүлгүүдээр болон хууль зүйн хувьд Т.М нь 2 сар 15 хоногтой байсан талийгаач охиноо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ань нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэртээ гурав хүртэлх насны хүүхэдтэй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.М-д дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М цагдан хоригдсон хоноггүй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.