Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/896

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

     2025            07            24                                       2025/ДШМ/896

 

Ш.Бд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Ганбат,

цагаатгагдсан этгээд Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1340 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Солонгын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.Бд холбогдох 2308017662195 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Цн итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн ........... улсын дугаартай “Хова” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон Лаа, ........ тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад худалдан борлуулж, 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308017662195 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хохирогчид учирсан гэх 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох 3 ширхэг Монгол гэрийн тооно, 8 ширхэг 8м*3м хэмжээтэй бор өнгийн цулхай, 9 ширхэг Монгол гэрийн эсгий, 19 ширхэг Монгол гэрийн хана, 6 ширхэг Монгол гэрийн багана, 318 ширхэг унь, 30 метр урттай уяа, Монгол гэрийн цагаан бүрээс 8 хэсэг, Монгол гэрийн модон хаалга 3 ширхэг, бор өнгийн модон ширээ 4 ширхэг, цагаан өнгийн тонны 2 ширхэг сав зэрэг эд зүйлийг Д.Ц буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор Л.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Хэргийн тухайд, шүүгдэгч Ш.Б 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Цн итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор зэргийг өөрийн өмчлөлийн .......УБР улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон Лаа ......... тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад худалдан борлуулж, 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг зэргийг үндэслэн “...шүүгдэгч Ш.Б, хохирогч Д.Ц нар нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2 сарын хугацаатай Дорнод аймгийн Дашбалбар суманд ажил гүйцэтгэхээр /...... УБР улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэл/ тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан. Д.Цн итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай монгол гэр 4 ширхэг, арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн ........... УБР улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, шүүгдэгч Ш.Б өөрийн гэртээ буулгасан, улмаар шүүгдэгч Ш.Б дээрх эд зүйлийг 2023 оны 04 дүгээр сард гэрч Ш.Сд худалдсан гэх хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Ингэхдээ шүүх гэрч Ц.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Ш.Б тооцоо мөнгийг харсан. Тэрнээс үндэслэн тухайн байсан эд зүйлсээс зарж борлуулж болно гэдгийг хэлсэн. Гэхдээ бүгдийг нь зарж борлуулчихна гэж бодоогүй... Тухайн үедээ ярьсан зүйлээ санахгүй байсан үедээ мэдүүлэг өгсөн байсан. Над руу яриагүй гэдэгт итгэлтэй байсан... Ц бид хоёрын дундын эд хөрөнгө” гэх мэдүүлэг нь түүний урьд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн “Ш.Б уг эд зүйлсийг зарж борлуулан, цалингийнхаа үлдэгдэл мөнгийг аваарай гэж хэлээгүй” гэх агуулга бүхий мэдүүлгээс илтэд зөрүүтэй байхад, энэ нөхцөл байдлыг шалгаж тодруулахгүйгээр шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж, цагаатгах шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл шүүгдэгч Ш.Б, гэрч У.Б нар нь гэрч Ц.Д “...2022 оны 11 дүгээр сард утсаар холбогдож цалингаа нэхэхэд дээрх эд зүйлийг худалдан борлуулж цалингаа аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд тэдний мэдүүлгийн дагуу Ц.Д утсаар ярьснаасаа хойш 5 сарын дараа буюу 2023 оны 04 дүгээр сард шүүгдэгч Ш.Б нь Д.Ц итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг дур мэдэн өөрийн худалдаж авсан Хова маркийн тээврийн хэрэгслийн үнэнд дүйцүүлэн 8,000,000 төгрөгт бодож гэрч Ш.Сөгсөн үйл баримт тогтоогддог. Шүүгдэгчийг иргэн Д.Ц, Ц.Д нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт 2 жилийн хугацаанд шалгагдаж байхад Ц.Д нь У.Бутсаар ярьж Ш.Б дээрх эд зүйлсийг худалдан борлуулж, цалингаа аваарай гэж зөвшөөрөл өгсөн болохоо санаагүй, Д.Ц хэлээгүй мөртлөө шүүхийн хэлэлцүүлэг болох өдөр санаж дээрх мэдүүлгийг өгч байгаа нь харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна. Гэрч Ц.Днь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Ш.Б өгөх ёстой мөнгөнөөс илүүг зарна гэж бодоогүй. Б өнгөрсөн онд утсаар ярьсан. Тодорхой хэмжээнийх нь мөнгийг зарвал зарчих гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн гэтэл шүүгдэгч Ш.Б, гэрч У.Б нь нар нь гэрч Ц.Д 2022 оны 11 дүгээр сард утсаар ярьж зөвшөөрөл авсан гэх мэдүүлдэг, хэрэг учрал 2023 оны 04 дүгээр сард гарсан гэдгийг шүүх мөн анхаарч үзээгүй байна. Мөн шүүгдэгч Ш.Бн хамаарал бүхий харилцаатай, гэрч Ц.Д найз нөхдийн харилцаатай болох гэрч У.Б нь мөрдөн байцаалтын шатанд анхны удаа мэдүүлэг өгөхдөө гэрч Ц.Д уг эд зүйлсийг зарж борлуулах талаар зөвшөөрөл өгсөн гэх мэдүүлгийг өгдөггүй бөгөөд хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө гэрч Ц.Д зөвшөөрөл авсан мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн байдгийг шүүх мөн анхаарч үзээгүй, уг мэдүүлгийн нотлох баримтад дүгнэлт хийгээгүй. Гэрч Ц.Д, У.Б нараас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулж авсан, гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг анзаарч үзэлгүйгээр гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг өөрийнх нь шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг болон гэрч У.Б мэдүүлгийг үндэслэн няцаасан. Гэрч Ц.Д нь мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа тогтвортой мэдүүлэг өгдөг, харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд найз У.Б нөлөөнд автаж, худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй, чухам аль мэдүүлэг нь худал мэдүүлэг болох нь тодорхойгүй байхад түүний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Ш.Б гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлэг өөр хоорондоо харилцан зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байтал шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үнэлэн хэргийг иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэлт хийж байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болоод хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2025/ШЦТ/1340 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Цн итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 хантай монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 м кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор зэргийг өөрийн өмчлөлийн ...... УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Сонгинохайрхан дүүргийн 40-р хороо, Мон лаа 12-р гудамж ..... тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад зарж борлуулан, 30.850.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдэг нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байдаг. Энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Ш.Б хохирогч Д.Ц нар нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2 сарын хугацаатай Дорнод аймгийн Дашбалбар суманд ажил гүйцэтгэхээр ....... УБР улсын дугаартай Хова маркын тээврийн хэрэгслээр ажил хийлгэхээр тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилсан. Д.Ц итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 хантай монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150м кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор зэргийг өөрийн өмчлөлийн .......... УБР улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгслээр ачиж Ш.Б өөрийн хашаандаа буулгасан Д.Ц буулгаарай гэсэн газарт буулгаагүй ба улмаар 2023 оны 04-р сард Ш.С худалдан борлуулсан нь анхнаасаа дээрх эд зүйлийг ашиглаж хувьдаа ашиг хонжоо олох гэсэн субьектив санаа зорилго нь тодорхой харагдаж байна” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ш.Б нь Ц.Д утсаар ярьсан гэдэг боловч “Ц.Д ярихдаа үлдэгдэл цалин 4-5 сая төгрөгийн эд зүйлийг зараад цалингаа гаргаж аваарай” гэснээс бүх зүйлийг буюу 30.850.000 төгрөгийн эд зүйлийг бүгдийг зар гээгүй байдаг. Ингэхлээр “ Ш.Б цалигийн үлдэгдэл гэдгээр шалтаг гарган 30.850.000 төгрөгийн эд зүйлийг зарж ашиг олох гэсэн шунахайн сэдэлт байна” гэж онолын хувьд дүгнэж болохоор байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч манайд ажиллаж байсан нь үнэн. Гэвч цалин хөлс огт өгөөгүй гэх ойлголт төрүүлсэн. Манай талаас цалинг нь тухайн үед бага багаар өгч байсан. Үүнийгээ дансны хуулгын баримтаар баталгаажуулсан. Итгэмжлээд хариуцсан эд хөрөнгийг өөрийн ах буюу гэрч н.Б нийлж хулгай хийж зарсан. Өмнө нь авсан машины мөнгийг өгөөгүй байсан. Түүнийхээ оронд өгөх зорилготой байсан гэж би ойлгож байгаа. Ш.Б ажил хийхээр авсан машин нь зээлтэй байсан юм байна лээ. Анхан шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байсан учраас өмгөөлөгчтэйгөө нийлж гомдол гаргасан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрөө надаар ачуулсан байж хулгайлсан гэж тайлбарлаж байна. Би тухайн эд хөрөнгийг өөрийн хашаандаа буулгаад залгахад утсаа авахгүй байсан. Би мөнгөө авъя, машинаа өр, зээлээр авсан, банкны зээлтэй байгаа учраас 12,000,000 төгрөгөө авмаар байна гэж хэлсэн. Хамгийн сүүлд Д гэх хүнтэй нь ярихад чи наадхаа зараад өөрийнхөө мөнгийг гаргаж ав гэж хэлсэн. Тиймээс нагац ах бид хоёр хоорондоо ярьж байгаад зарсан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Б өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг зөвшөөрөл өгөөгүй байхад захиран зарцуулсан талаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.Д гэрчээр оролцсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэлээр хэргийг шийдэх учиртай. Анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц.Д гэж хүн гэрчээр мэдүүлэг өгсөн ба түүнийг тодруулахаар шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд гэрчээр дахин оролцуулсан. Ингэхдээ та мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийм мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл мэтгэлцээний шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Ямар учраас уг мэдүүлгийг өгсөн бэ гэх шүүгч болон прокуророос удаа дараа асуухад мөрдөн шалгах ажиллагааны шатанд би буруу ойлгож, худал мэдүүлэг өгсөн. Үүнийгээ би өөрөө хүлээн зөвшөөрч байна гэх байдлаар хариулсан. Тиймээс энэ талаарх үйл баримтыг дахин шалгаж тогтоох шаардлага байхгүй. Хуулийн хүрээнд хэргийг шийдсэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Прокуророос Ш.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Ц итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн....... улсын дугаартай “Хова” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон Лаа, .... тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад худалдан борлуулж, 30,850,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхээс хохирогч “..........” ХХК нь шүүгдэгч Ш.Б амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт дээр дурдсан нэр, төрөл, тоо ширхэг бүхий эд зүйлийг зарж борлуулан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын цалин хөлсөнд дүйцүүлэн авах зөвшөөрлийн уг гэрээг байгуулсан Ц.Д гэгчээс авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ц.Д болон У.Б, шүүгдэгчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэн Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Тодруулбал, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч Ц.Д /“..........” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч буюу хохирогч Д.Ц 50 хувийг эзэмшиж, хамтран ажилладаг/ нь шүүгдэгч Ш.Б Дорнод аймгийн Дашбалбар суманд газар шорооны ажил хийлгэхээр тохиролцсон, улмаар ажлын хөлсөө өгөхгүй байсан тул Улаанбаатар хотод тээвэрлэж ирсэн эд зүйлсээс зарж борлуулаад ажлын хөлсөө ав гэсэн зөвшөөрөл өгснөө шүүх хуралдаанд мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл ........... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д нь эрх хэмжээний хүрээнд Ш.Б компанийн эд зүйлийг цалин хөлсөндөө тооцож захиран зарцуулах эрхийг олгосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ш.Б гэрт хийсэн үзлэгээр зарим эд зүйл нь одоог хүртэл байгаа талаар дурдагдсан байна.

Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Б цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй шийдвэр болсон байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Солонгын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1340 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Солонгын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                                                        Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ