Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1154

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                            

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0452 21361 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Г.Б, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа кузов засварын газар ажилладаг, Хэнтий аймаг, Батноров сум, 7-р баг, Бэрх 1-р хороо, 58-р байр, 17 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:СФ87093016/,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Асайт худалдааны төвийн урд байрлах Монгол кузов засварын газарт иргэн А.Ганжигүүрийн 42-14 УБС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Ганжигүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...маргааш янзлаад өгнө 13:00 цаг гээд ирээд аваарай гэсэн чинь өнөөдөр авах гээд очтол миний машин алга болсон байсан. Тэгээд хүлээлгэж өгсөн залуугаас асуутал “Би мэдэхгүй. Би өчигдөр шөнө 23:00 цагийн үед явсан. Цэнгэл гэж засварчинд машин граж руу оруулаарай гээд түлхүүр үлдээгээд явсан” гэсэн. Гэтэл тухайн залуу нь өчигдөр орой миний машиныг унаад сураггүй алга болсон байсан. “…Цэнгэл рүү залгасан чинь утсаа авахгүй байснаа аваад “Би тэр машиныг чинь 72 дугаар хотхоны тэнд аваачаад хаячихсан. Би 100 айл дээр явж байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. /хх-9/,

Яллагдагч Г.Б мэдүүлэхдээ: “...Би прокуророос сонсгосон зүйл ангийн хүлээн зөвшөөрч. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хх26-27/,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Асайт худалдааны төвийн урд байрлах Монгол кузов засварын газарт иргэн А.Ганжигүүрийн 42-14 УБС улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч гэм буруутай этгээдэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөхийд овогт Г.Б-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-ийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР