Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1153

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0034 70222 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ч.Э, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамж 447 тоотод оршин суух хаягтай,

-Урьд 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 255 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧД83032278/,

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 45 минутын үед  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Уулын зам, Болор туул амралтын урд замд Toyota Prius маркийн 25-33 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин А.Амартүвшингийн жолоодон явсан Yamaha маркийн УБ 11-11 улсын дугаартай мотоциклийг мөргөснөөс А.Амартүвшингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 22-нд би найзыгаа Хатан туул амралтын газарт хүргэж өгөх гээд дохио өгөөд эргэхэд мотоциклтой хүн гарч ирээд би мөргөсөн. Тэгээд би түргэн дуудаад өгч явуулсан. Тухайн үед хохирогч жолооны эрхгүй байсан. Тухайн үед хэргийн газарт цагдаа ирээд замын цагдаа руу явсан. Би хохирогч Амартүвшинг эмнэлэг дээр 2-3 удаа эргэж очсон. Хохирогчийн эмчилгээний зардал болох 1.298.000 төгрөгийг өмгөөлөгчид нь хүлээлгэн өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Амартүвшингийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд: “Ослын улмаас нийт 8.833.000 төгрөгийн зардал гарсан, өнөөдөр эмчилгээний зардал болох 1.298.340 төгрөгийг хүлээн авлаа. Одоо үлдэх 7.502.312 төгрөгийн хохирол үлдэж байна. Тээврийн хэрэгслийг өөр этгээдэд шилжүүлсэн тул иргэний хариуцагч Лянхуагаас уг төлбөрийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч А.Амартүвшин мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “…би Батболд гэдэг хүнээс худалдаж авсан Yamaha WR450 маркийн УБ11-11 улсын дугаартай мотоциклийг жолоодон Туул тосгоноос 19 дүгээр хороолол орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 1 дүгээр эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай чигээрээ явж байтал эсрэг урсгалаас машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийн орж ирсэн. “…Тэнцвэр Эстимэйт ХХК-иар үнэлгээ гаргуулахад нийт 7.282.712 төгрөг, шууд хохирол нь 6.822.712 төгрөг болсон, үнэлгээг 218.000 төгрөгөөр хийлгэсэн. “…өөрийн эмчилгээнд гарсан зардлыг болон мотоциклийн хохирлыг гаргуулж, хуулийн дагуу шийдүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг. /хх-20-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5367 дугаартай дүгнэлт:

1.А.Амартүвшингийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх56-57/,

Замын Цагдаагийн албаны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №322 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Приус маркийн 25-66 УБМ улсын дугаартай автомашиныг жолооч Боржигон овогт Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Yamaha маркийн 11-11 УБ улсын дугаартай мотоциклийн жолооч А.Амартүвшин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Тоёота Приус маркийн 25-56 УБМ улсын дугаартай автомашины жолооч Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг биелүүлээгүйгээс гарсан байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт. /хх-83/,

              Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-8/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг  /хх8-11/, хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5367 дугаартай дүгнэлт /хх57-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 45 минутын үед  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Уулын зам, Болор туул амралтын урд замд Тоёота Приус маркийн 25-33 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин А.Амартүвшингийн жолоодон явсан Yamaha маркийн УБ 11-11 улсын дугаартай мотоциклийг мөргөснөөс А.Амартүвшингийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Ч.Э-ын: “2018 оны 4 дүгээр сарын 22-нд би найзыгаа Хатан туул амралтын газарт хүргэж өгөх гээд дохио өгөөд эргэхэд мотоциклтой хүн гарч ирээд би мөргөсөн. Тэгээд би түргэн дуудаад өгч явуулсан… Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч А.Амартүвшингийн: “…Туул тосгоноос 19 дүгээр хороолол орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 1 дүгээр эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай чигээрээ явж байтал эсрэг урсгалаас машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийн орж ирсэн” гэсэн мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5367 дугаартай дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Э нь хохирогчийн өмгөөлөгчид дансаар 1.298.034 төгрөгийг нөхөн төлсөн байх тул хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нотлох баримт бүхий төлбөрийг төлж барагдуулсан гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч А.Амартүвшингийн Yamaha маркийн УБ 11-11 улсын дугаартай мотоциклийн эвдрэлийг Тэнцвэр Эсмимэйт ХХК 2018.04.27-ний  өдөр шууд зардлаар 6.702.712 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч А.Амартүвшин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй” байна гэснийг зөрчсөн тул хохирлын тавин хувийг буюу 3.351.356 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь хуульд нийцнэ гэж шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Ч.Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Э-д оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаас түүний урьд цагдан хоригдсон 7 /долоо/ хоног буюу нэг хоногийн торгох ялын 15 нэгжээр тооцож нийт 105 нэгж буюу 105.000 төгрөгийг торгох ялаас хасч Ч.Э-ын нийт биечлэн эдлэх торгох ялыг 895 нэгж буюу 895.000 /найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-аас 3.351.356 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амртүвшинд олгосугай. 

           6. Хэрэгт хураагдан ирсэн Ч.Э-ын №594267 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, 25-66 УБМ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины тээврийн хэрэгслэлийн 01572025 дугаартай гэрчилгээг тус тус Ч.Э-д буцаан олгосугай.

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ШИНЭБАЯР