Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01268

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01268

 

 

 

С.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00992 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 18 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э ХХК нь Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Г маркийн автомат зуух үйлдвэрлэх 61 тоот гэрээ байгуулан автомат зуух худалдан авахаар болсон. Гэрээний дагуу манай компаниас 18 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч 2018 оны 11 дүгээр сард Г маркийн автомат зуухыг манай үйлдвэр дээр авч ирж хүлээлгэн өгсөн. Гэвч уг зуух нь автомат зуухны техникийн шаардлага хангаж горимын дагуу ажиллахгүй байсан тул гүйцэтгэгч талд мэдэгдэж гэрээнд заагдсан эрх, үүргийг сануулж удаа дараа санал хүсэлт шаардлага хүргүүлсэн боловч олигтой засвар үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Ингээд бид чанарын доголдолтой уг зуухыг Г ХХК-ийн байранд нь засч янзлуулахаар тохиролцон өөрсдөө хүргэж өгсөн боловч гэрээгээ зөрчиж хугацаа алдаж өнөөдрийг хүрсэн. Бид үйлдвэрийнхээ техник тоног төхөөрөмжийг хөлдөөчихгүйн тулд хуучин зуухандаа холболт хийж, утаа шүүгч тавиулж маш их хохирч байна.

Гэрээний 9.2-т хэрэв уг зуух тухайн объектийг халааж дийлэхгүй тохиолдолд гүйцэтгэгч уг автомат зуухыг буцаан авч үнийг буцааж төлнө гэж заасны дагуу зуухны үнэ 18 000 000 төгрөг, гэрээний 6.1-д чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 350 хоногийн алданги 6 300 000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Г ХХК-аас зуухны үнэ 18 000 000 төгрөг, алданги 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 61 тоот Г маркийн автомат зуух үйлдвэрлэх гэрээний дагуу 200 квт автомат зуухыг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан хэлцэл байх бөгөөд Г ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг С.Э ХХК-д 2018 оны 11 дүгээр сард актаар хүлээлгэн өгсөн. С.Э ХХК-ийн Г нь буруу горимоор ажиллуулснаас болж тухайн зууханд эвдрэл гарсан. Энэ эвдрэлийг тухай бүрт нь засаж янзлан, улмаар шинэ мотор тавьж өгсөн. Мөн тухайн зуухыг ажиллуулах талаар холбогдох ажилтанд зааж, зааварчилгаа өгсөн. Гэтэл зааврын дагуу ажиллаагүйн улмаас дахин гэмтэл гарч зуухыг манай компанид буцааж, засуулахаар өгсөн. Зуухны гэмтлийг засахад тодорхой хэмжээний зардал гарах бөгөөд зардлыг төлсөн тохиолдолд зуухыг засаж, янзлах бүрэн боломжтой. Зардлыг төлдөггүйн улмаас тухайн зуухыг өнөөдрийг хүртэл засаагүй болно.

Гэрээний 2.1-д тухайн гэрээний үйлчлэх хугацааг 1 жилээр тодорхойлсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд хариуцагчийн хувьд гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчсөн үйлдэл гаргаагүй. Биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу зуухыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь автомат зуух техникийн шаардлага хангаж, горимын дагуу ажиллахгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэрээний хавсралтанд 7 төрлийн иж бүрдэл зүйл нийлж зуух нэршилтэй болох бөгөөд төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан тул анхнаасаа талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар автомат зуух 100 хувь хүчин чадлаар ажиллаж чадахгүй байна, гэрээг цуцлах тухай бичгээр мэдэгдэж албан тоотуудыг хариуцагч байгууллагад илгээсэн, гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргасан нь доголдлыг илрүүлсэн гэж дүгнэсэн. Энэхүү үнэлэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн албан бичиг нь хариуцагч компанид хүргэгдэн ирээгүй бөгөөд энэ талаар нотолж чадаагүй тул гэрээг цуцлах талаар, доголдлын талаар бичгээр мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн автомат зуухыг нэхэмжлэгч байгууллага 2018 оны 11 дүгээр сард хүлээн авч ажиллуулсан, уг зууханд эвдрэл гарсан талаар мөн оны 12 сарын 25-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч зуухыг хүлээн аваад ажиллуулан 3-7 хоногт доголдол гаргасан гэж тайлбарласан нь хоорондоо зөрчилдсөн байдаг. Түүнчлэн ямар нэгэн үр дүн гарахгүй болсон нь илт болсон гэдгийг ямар нөхцөл байдлын улмаас дүгнэсэн нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын зүгээс эвдрэл гарсан даруйд нь очиж янзалж өгсөн нь гэрч А.Даваадоржийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь зуухыг 2018 оны 11 дүгээр сард хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллуулсан гэж үзэх бөгөөд эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол, нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй, ашиглах журам зөрчсөнөөс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэх бүрэн боломжтой. Г ХХК-аас тухайн зуухны ажиллах горим, холбогдох үнэн зөв мэдээллийг худалдан авагч талд өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй, тодорхой хугацааны туршид зуухыг ажиллуулсанаа үгүйсгээгүй.

Гэрээний 1.2-д гэрээний үйлчлэх хугацааг 1 жил байхаар талууд тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд гэрээний үүргээ зөрчөөгүй, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.Э ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, зуухны үнэ 18 000 000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй алданги 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч биет байдлын доголдолгүй зуухыг хүлээлгэн өгсөн гэх үндэслэл заан маргажээ.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Г маркийн автомат зуух үйлдвэрлэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр Г ХХК нь Г маркийн 200 квт хүчин чадал бүхий, хатуу түлшээр ажилладаг бүрэн автомат зуухыг үйлдвэрлэн нийлүүлэх, С.Э ХХК уг автомат зуухны үнэд 18 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх-6-7/

Г ХХК нь Г зуухны бүтээцийн цомог бүтээлийн өмчлөгчөөр Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдэн, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд тэрээр Г маркийн автомат зуух үйлдвэрлэдэг болох нь хэргийн 61-63 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогджээ. Нэхэмжлэгч С.Э ХХК нь тус компанийн үйлдвэрлэдэг Г маркийн бүрэн автомат зуух худалдан авах, хариуцагч нь захиалгын дагуу зуухыг нийлүүлэх, зуухны үнэ 18 000 000 төгрөг байх нөхцлийг харилцан тохиролцсон, улмаар гэрээний дагуу Г ХХК нь бүрэн автомат зуухыг үйлдвэрлэн С.Э ХХК-д нийлүүлж, худалдан авагч нь зуухны үнийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-6-7/ Үүнээс дүгнэвэл талуудын гэрээний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Зохигчид гэрээний зүйл болох бүрэн автомат зуух доголдолтой эсэх талаар маргажээ.

Гэрээгээр 200 кв хүчин чадал бүхий хатуу түлшээр ажилладаг Г маркийн бүрэн автомат зуух нийлүүлэх, чанарын шаардлага хангаагүй гэрээний зүйлийг үнэ төлбөргүй буюу өөрийн зардлаар дахин засварлах үүргийг хариуцагч хүлээсэн байна.

Нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сард зуухны үнийг төлж, авснаас хойш автомат зуухыг техникийн шаардлага хангаж, горимын дагуу ажиллахгүй байгаа талаар хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 25, 2019 оны 9 дүгээр сарын 27, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр тус тус мэдэгдсэн, улмаар зуухыг хариуцагч компанийн байранд өөрсдөө хүлээлгэн өгч засуулахаар тохиролцсон боловч, өнөөдрийг хүртэл засварлаж өгөөгүй гэж тайлбарлан шүүхэд 3 хуудас албан бичгийг нотлох баримтаар гарган өгчээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх албан бичгийг хүлээж аваагүй, доголдолгүй зуух хүлээлгэн өгсөн гэж маргах боловч нэхэмжлэгч компанийн дуудлагаар 2 удаа очиж зууханд засвар хийсэн талаар гэрч А.Даваадорж мэдүүлсэн байна. /хх-73/ Мөн зуух дахин эвдэрсний улмаас засуулахаар хариуцагч компанид хүргэж өгсөн үйл баримт талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогджээ. /хх-70,73/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ашиглалтын журам зөрчсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Иймээс хариуцагчийг гэрээний 5.1.2-т заасны дагуу чанарын шаардлага хангаагүй гэрээний зүйлийг үнэ төлбөргүй буюу өөрийн зардлаар дахин засварлаж өгөх үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй гэж үзэх үндэслэлтэй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Харин нэхэмжлэгч нэгэнт гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцон алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00992 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 254 дүгээр зүйлийн 254.6, 355 дугаар зүйлийн 355.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД