Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0393

 

"М м п” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М м п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн  Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “М м п” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Б давж заалдах гомдолдоо:  “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1-т заасны дагуу хариуцагчаас дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Тус аймагт Алт-1 хөтөлбөр хэрэгжиж, хөтөлбөрийн үр дүнд нь сумын эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал дээрдэх бус тус сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, 20 гаруй гол горхи, булаг шанд ширгэсэн, малчдыг өвөлжөө, хаваржаанаас хүчээр нүүлгэсэн, булаан авсан зэрэг хууль бус үйл ажиллагаа их гарах болсон. Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор орон нутгийн удирдлагуудын зүгээс сумынхаа газар нутгийг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, 2015 оноос хойш Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгох асуудалд удаа дараагийн татгалзсан хариуг өгсөөр ирсэн байдаг бөгөөд маргаан бүхий акттай холбоотой Ашигт малтмалын газраас ирүүлсэн саналд мөн татгалзах хуулийн шаардлага бүрдсэн байх тул татгалзсан хариуг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч "М м п" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр хянагдаж байхад нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар улайран, хууль бус ажиллагааг эхлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж, хууль бус үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр нэрийн дор гүйцэтгүүлэх гэсэн башир арга юм. Гэтэл шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэлгүй, хэт нэг талыг барин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцэхгүй шийдвэр гаргасан. Учир нь шүүх хоорондоо илт зөрүүтэй тайлбар хийж, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж нэхэмжлэгчийн буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа байгааг нотолсон боловч, зөвхөн хариуцагчийг буруутган, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгааг мэдэж байсан атлаа, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгаж байгаа нь бодит байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн Х\/-019909 тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хууль бусаар олж авсан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг өөгшүүлэн төлөвлөгөөг батлахыг даалгаж, нэг ёсондоо Засаг даргыг хууль бус үйлдэл хийхийг шүүхийн шийдвэрээр тулгасан үйлдэл юм. Шүүх нэхэмжлэгчийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны 468 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан атлаа тухайн ондоо буюу 2016 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулалгүй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2017 оны төлөвлөгөөг батлуулахаар хүсэлт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д заасантай нийцээгүй боловч хариуцагчийг төлөвлөгөөг батлахаас татгалзахдаа "Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн", "байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд заасан шаардлага хангаагүй" гэх үндэслэлээр маргаагүй гэж хариуцагчийг буруутгах ёстой гэх сэтгэл зүйгээр хэрэгт хандсан. Мөн нэхэмжлэгч "М м п" ХХК нь 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан тул төлөвлөгөө боловсруулж батлуулах боломжгүй байсан гэсэн, хариуцагчаас 2016 онд төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ирүүлээгүй гэсэн тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч энэ үндэслэлээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан албан бичигтээ дурдаагүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Гэтэл хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нь нотлох баримтын адил үнэлэгдэх ёстой байтал шүүх дээрх нөхцөл байдлыг зөв тодруулсан атлаа маргаан бүхий актад энэ тухай дурдаагүй тул нэхэмжлэгч буруутай ч, нэхэмжлэгчийг хууль бус үйлдлийг өөгшүүлэх нь зүйтэй мэтээр тайлбарлаж, хууль зөрчигчийн үйлдлийг зөвтгөж, хариуцагчийг хууль бус үйлдэл хийх шийдвэр гаргаж байгаа нь туйлын харамсалтай байна. Нөгөөтэйгүүр Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан Засаг даргын үйлдэлтэй холбоотой маргаан шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр эсэх талаар буюу маргааны үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Харин ч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засаг даргаас болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэрийг Ашигт малтмалын газарт хүргүүлснийг тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэрээр нэгэнт нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь хууль бусаар явагдсан болохыг үндэслэл бүхий тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "М м п" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан хянагдаж байхад буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн байдал нь түдгэлзсэн байдалтай буюу шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байгаа тул гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлахыг даалгаж байгаа нь нөгөө шүүхийн хяналтыг үгүйсгэсэн, Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдлыг шүүх нэгэнт тогтоосон байхад ийнхүү яаран нэхэмжлэгчийн төлөвлөгөөг батлуулж, хайгуулын ажлыг эхлүүлэхийг улайрч байгаа нь өөрөө шүүхэд эргэлзэх нөхцөл байдлыг үүсгэж байна.

Мөн нэхэмжлэгчийн Х\/-019909 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 сарын 31-ны өдөр нэхэмжлэгч А.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж "Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №33 дугаар шийдвэрийн "Мөнгөн нахиа" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 06 сарын 28-ны өдрийн №468 дугаар шийдвэрээр "М м п" ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгон" шийдвэрлэсэн болно. Ийнхүү нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон байх тул "М м п" ХХК-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрхээс үзэхэд шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх шаардлагыг хангаагүй буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд Төв аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1283/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх учиртай.

Хариуцагч Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/364 дүгээр албан бичгээр “...сумын газар зохион байгуулалтын 2015 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, иргэдийн өвөлжөөний газруудтай давхцуулан олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Аранжин” нэртэй газарт орших 6402.71 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-019909 дугаартай тусгай зөвшөөрлийг анх “М н” ХХК-д олгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М м п” ХХК-д шилжүүлжээ. Гэтэл хариуцагч Алтанбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Б/1305, Б/1322, Б/1423 захирамжуудаар иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарт өвөлжөөний зориулалтаар газар олгосон атлаа хариуцагч өөрөө Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга нь менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй нэг үндэслэлээ тайлбарлахдаа “Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэж тайлбарласан боловч нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон этгээдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад анх газар эзэмшүүлэх, газрын хэвлийг ашиглуулах харилцаанд хамаарах зохицуулалтыг үндэслэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахтай холбоогүй, батлахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй шалтгаанаар татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.2 дахь заалтад нийцэхгүй.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн татгалзлыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М м п” ХХК нь “...байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөг батлуулаагүй” гэж нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн 05/364 тоот албан бичигт заагаагүй шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган маргаж буй нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Түүнчлэн хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгааг мэдэж байсан атлаа, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгаж байгаа нь бодит байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан...., ....нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон байх тул "М м п" ХХК-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах хууль зүйн үндэслэлгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч “М м п” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хариуцагч Алтанбулаг сумын Засаг даргад хүргүүлэх үед ХV-019909 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөл одоо хүчинтэй, эсхүл хүчингүй болох эсэхээс үл хамааран сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/364 дүгээр албан бичгээр татгалзсан татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянах боломжтой тул энэ талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.  

Харин анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр гаргасан, үүнийг нь эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нар маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс тухайн алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2018/0012 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын “М м п” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН