Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/02629

 

 

 

 

 

 

 

2025 12 15 312/ШШ2025/02629

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1 капитал хауз 3 давхарт байрлах ******* ******* ХХК /РД*******, утас: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-4-7 тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******, гүйцэтгэх захирал Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг....... тоотод оршин суух, ******* овогт *******гийн , утас: ....../-д холбогдох

 

48,589,288.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгансайхан, хариуцагчийн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь манай компанитай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бидний зүгээс ******* ХХК-д чанар стандартын шаардлага хангасан шатахууныг тухай бүрд нь нийлүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЭТ-24/59 тоот Худалдах, худалдан авах-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцөлөөр хүлээн авсан шатахуун болон бүтээгдэхүүний үнийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан. Иймд дээрх гэрээний дагуу ******* ХХК-иас ******* ******* ХХК-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 32,392,859 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 16,196,429.5 төгрөг, нийт 48,589,288.5 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булгантамир шүүх хуралдаанд: ... ******* компанитай 2024 оны 11 дүгээр сараас хамтарч ажилласан. ******* компани нь манай компаниас оны төгсгөл хүртэл 32,000,000 төгрөгийн шатахуун авсан. Манайх ******* ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд, итгэл хүлээлгээд, санхүүжилтийг нь орохыг нь хүлээсэн. Компанийн захирал П.ын зүгээс эхлээд холбогдож байснаа сүүлдээ холбогдохоо больсон учраас компанийн дотоод журамд авлага нь хугацаа хэтэрсэн харилцагчийг удаад байвал шүүх рүү шилжүүлэх ёстой байдаг. Ингээд шүүх рүү шилжүүлсний дараа хүртэл холбогдоогүй. Тэгээд би аль болох нааштай шийдэх гээд, алдангиас нь чөлөөлөх талаас нь компанийнхантайгаа зөвшилцөөд алдангиас чөлөөлөөд өгвөл болно гэж байна гэхэд П. хариуцлагагүй хандсан. 1-т Манай компани хугацаа өгөөд байхад хариуцлагагүй хандсан, 2-т компанид учруулсан хохирлыг харж үзээд алдангийг бууруулах боломжгүй гэсэн чиглэл өгсөн. Одоо нийт нэхэмжилсэн үндсэн төлбөр 32,392,859 төгрөг, алданги 16,196,429.5 төгрөг нийт 48,589,288.5 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх энэ харилцагчийн нөхцөл байдлыг харгалзаад, ойлгоод, хүлээгээд хангалттай хугацаа өгсөн. 365 хоног өнгөрсөн байна. Одоо болтол санхүүжилт байхгүй байна гэж байна. Анхнаасаа ийм тайлбараа хэлсээр л байсан. Энэ хугацаанд төлбөрөөсөө хасуулсан үйлдэл гаргаагүй учраас алдангиас чөлөөлөх боломжгүй гэсэн чиглэл өгсөн... гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь ******* ХХК-ийн захирал бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ньюкардинол ХХК-тай Булган аймгийн Сайхан сум дахь өрмийн уурхайд хөрс хуулах, чулуу, нүүрс олборлох ачих тээвэрлэх гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу үйл ажиллагаанд зориулж ******* ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж дизель түлш авсан. БНХАУ-д нүүрсний ханш унаж санхүүжилт өнөөдрийг хүртэл зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсож байна. Үүний улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Цаашид санхүүжилт олгогдож үйл ажиллага эхлэхээр гэрээний төлбөрийг нэн даруй барагдуулна. Уг үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тавигдсан алдангийг уян хатан нөхцөлтэй хэмжээг багасгаж тохиролцохыг хүсэж байна... Миний хувьд тааварлашгүйгээр Хятад талаас нүүрсний ханш унаад, АНУ-ын татвар ногдуулсан гээд хятад тал санхүүжилтээ зогсоогоод дээр нь 2 иргэний асуудал гараад бүх тайлбар, шалтгаанаа ******* ******* ХХК-д хэлж байсан. Манай компани энэ санхүүжилтээс өөр орлогогүй байгаа учраас ядаж сард 2-3 сая төгрөг өгөх хүсэл байсан боловч бид нар орлогогүй байсан учраас өгч чадаагүй. Цаашид санхүүжилт ороод ирвэл манай зүгээс 100 хувь төлбөрийг барагдуулна. Алданги бол манай компанид хүндээр тусч байна. Манайх төлөх боломж маш муу байгаа. Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Алдангиа хөнгөлөөд цаг хугацааны хувьд боломж олгооч гэсэн хүсэлттэй байна. Бид нар байгуулсан гэрээний дагуу төсөв мөнгө ороод ирвэл авсан түлшний мөнгөө тухайн үед нь 100 хувь төлөх саналтай байна. Дээр нь миний охин өвдсөн байгаа бөгөөд 5-6 жил Хятад улс руу эмчилгээнд явж байгаа. Тийм учрааас зарим үед анхаарал сарних зүйл байсан учраас зарим үед холбогдож чадаагүй нь үнэн. Энэ тал дээр нэхэмжлэгч компаниас уучлалт хүсье. Мөн энэ талаар Хятад компанид хэлэхэд ажил цаашаа явна, хүлээж байгаарай гэдэг л тайлбар хэлдэг. Одоо үйл ажиллагаа үргэлжилнэ гээд хятад талын хүмүүс ирсэн байгаа. Алданги чөлөөлөөд өгвөл он гаргаад төлбөрөө 100 хувь төлнө гэсэн итгэлтэй байна. Өмнөх шүүх хуралдаанд охиноо эмчилгээнд авч явсан, одоо болохоор Хэнтий аймагт ажилтай явж байгаа учраас та бүхнээс уучлал хүсэж байна. Манай компани маш их өр авлага, алдагдалд орсон байгаа. Энэ нь манай компанийн асуудал ч гэсэн бид нарыг хүлээж байсанд маш их баярладаг. Бүх зүйл зогссон учраас бага багаар төлөөд явах гэсэн боловч ямар ч боломж байгаагүй. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний хавсралт, ******* ХХК-ийн хүсэлт, ******* ******* ХХК-ийн ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, ******* ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас 48,589,288.5 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК нь манай компанитай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бидний зүгээс ******* ХХК-д чанар стандартын шаардлага хангасан шатахууныг тухай бүрд нь нийлүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Иймд дээрх гэрээний дагуу ******* ХХК-иас ******* ******* ХХК-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 32,392,859 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 16,196,429.5 төгрөг, нийт 48,589,288.5 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч П. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ньюкардинол ХХК-тай Булган аймгийн Сайхан сум дахь өрмийн уурхайд хөрс хуулах, чулуу, нүүрс олборлох ачих тээвэрлэх гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу үйл ажиллагаанд зориулж ******* ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж дизель түлш авсан. БНХАУ-д нүүрсний ханш унаж санхүүжилт өнөөдрийг хүртэл зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсож байна. Үүний улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Цаашид санхүүжилт ороод ирвэл манай зүгээс 100 хувь төлбөрийг барагдуулна. Алданги бол манай компанид хүндээр тусч байна. Манайх төлөх боломж маш муу байгаа, алдангиас чөлөөлж өгнө үү... гэж маргасан.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ХХК нар нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 дугаартай шатахуун болон бүтээгдэхүүн Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2024 оны 11 сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 сарын 18-ны өдрийн хооронд нийт 50,042,859 төгрөгний шатахуун нийлүүлсэн, ******* ХХК нь 17,650,000 төгрөгийг төлсөн, 32,392,859 төгрөгийг төлөөгүй үйл баримт болсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

6. Талуудын маргааны зүйл нь: компани хугацаа өгөөд байхад хариуцлагагүй хандсан учраас алдангийг бууруулах боломжгүй гэж, хариуцагч алдангийг төлөх боломжгүй гэж, талууд алдангийн талаар маргасан, 32,392,859 төгрөгөд маргаагүй.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Худалдан, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

9. Гэрээний дагуу ******* ******* ХХК нь хөрөнгө болох шатахууныг ******* ХХК-д шилжүүлсэн, ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн шатахууны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-иас худалдсан шатахууны үнийг шаардах эрхтэй байна.

 

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасан.

 

11. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд гэрээний 4.3-т худалдан авагс нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцлөөр хүлээн авсан шатахуун болон бүтээгдэхүүний үнийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй... 5.2-т худалдан авагч нь шатахуун... төлбөрийг гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худагдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлэрбээр тодорхойлогдоно гэж тус тус заажээ.

 

12. Дээрх хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

 

13. Хариуцагч ******* ХХК нь алдангийг төлөх боломжгүй гэх боловч энэ татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж цуглуулж, өгөх үүрэгтэй.

 

14. Иймд хариуцагч ******* ХХК-иас шатахууны үлдэгдэл төлбөр 32,392,859 төгрөг, алданги 16,196,429.5 төгрөг, нийт 48,589,288.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,896.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 400,896.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ******* ХХК-иас 48,589,288.5 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,896.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 400,896.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ