Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

 


О.Б, Д.Б нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М, 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М, түүний өмгөөлөгч Д.А, 
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч О.Б, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Б нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Д.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2416000000002 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл: 

У овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, эцэг, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт оршин суух хаягтай урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д************ регистрийн дугаартай, 

Л овогт О.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, ээж, хоёр эгч, зээ нарын хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багт оршин суух хаягтай урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д********* регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Б 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******* сумын “********” гэх газарт уулзъя гэсэн чатууд бичиж хүүхдүүд цуглуулж, дээрэлхэж байсан гэх шалтгаанаар Б.Б рүү хутга барьж дайрсны улмаас хутгыг салгах гэж очсон П.Г-ын зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
-2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын төв *** -р баг ********* ***-р гудамжинд Д.Б нь О.Б-той бүлэглэж О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас Д.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Б-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap буудаж алсан гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан, 
-2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-нээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын төв ***-р баг ********* ***-р гудамжинд дээрэлхсэн шалтгаанаар О.Б-той бүлэглэж О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас Д.Б нь Б.Б-ийг ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан,
 
2. Шүүгдэгч О.Б нь Д.Б-тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******** сумын төв ***-р баг ***** ***-р гудамжинд буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас өсвөр насны яллагдагч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Б-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан, 
-Мөн Д.Б-тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******* сумын төв ***-р баг ******** ***-р гудамжинд үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан О.Б нь буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж Д.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас Д.Б нь Б.Б-ийг ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Д.Б нарт холбогдох хэргээс шүүгдэгч О.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд, 
-Шүүгдэгч Л овгийн О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, 
-Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногийн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 16 (арван зургаа) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 16 (арван зургаа) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 8 (найм) жил 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар, 
-Шүүгдэгч О.Б-т оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 8 (найм) жил 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Б-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 501 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хохиролд 205,920,000 (хоёр зуун таван сая есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж шүүгдэгч Д.Б-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багт оршин суух, РД: Д********* регистрийн дугаартай Ц ургийн овогт Р.М-д олгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хонгио, бор өнгийн тонгорог 1 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй шил 2 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй хагарсан 3 ширхэг шил, сумны хошуу мэт металл хэлтэрхий 3 ширхэг, Д.Бгийн баруун, зүүн гараас авсан 10 ширхэг хумс, Д.Бгийн баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, О.Бын баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, ZKK-600, 7*64 Чех800 маркийн галт зэвсэгийн гох болон төмөр хэсгээс авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хувцаснаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгаж, амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр хар алаг өнгийн цамц 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн подволк 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М-д буцаан олгож, ZKK-600 7*64 Чех800 маркийн гол төмөр 715********* дугаартай, замаг 5*** дугаартай галт зэвсэг 1 ширхэг, sb бичиглэлтэй шар өнгийн сум 2 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн оршуулгын зардалд 23,500,000 (хорин гурван сая таван зуу мянга) төгрөгийг төлсөн, хохирогч Г, Б нар нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О овогтой Б миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 
Шүүхээс намайг Д.Б нь гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн завдсан гэж ял оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгч явсан. Д.Б-г бууд гэдэг байдлаар хүн алах гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй тул хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх Д.Б-г гэм буруутайд тооцохдоо Б.Б-ийн дээрэлхэлтийн улмаас түүнийг ална хэмээн заналхийлж, харилцан ярилцсан, буугаа ав гэж өдөөн хатгасан бөгөөд Д.Б нь түүн рүү нэг удаа буудлага үйлдэхдээ түүнийг онолгүй харин хамт явж байсан Д-ын дэргэдүүр сум өнгөрсөн дахин нэг удаа Б.Б-тэй хамт зугтаж буй бөөн хүүхдүүд рүү чиглүүлэн буудлага үйлдэхэд амь хохирогч М.Б-ыг онож үхэлд шууд хүргэсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Д.Б нь Б.Б-ийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэн буудаж алахыг завдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар, мөн 2 дахь удаагийн буудлагын үр дүнд М.Б нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар зүйлчилж, нийт эдлэх ялыг 16 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 8 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Д.Б нь О.Б-той бүлэглэн Б.Б-ийг алахыг завдсан гэж зүйлчилж гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөвхөн яллагдагчийн өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, гэм буруугийн сэдэлт тогтоогдохгүй байхад харилцан үгсэн тохиролцож бүлэглэж Б.Б-ийг алахыг завдсан гэж эрх зүйн байдлыг дордуулж гэмт буруутайд тооцсон.
Мөн Д.Б нь хүүхдүүд рүү чиглүүлэн буудлага үйлдэж М.Быг оносон үйлдэлд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Б түүний мэдүүлгээр хүүхдүүд рүү чиглүүлж буудаагүй дээшээ босохдоо гох дарагдсан гэсэн байхад ямар нотлох баримтаар хүүхдүүд рүү чиглүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хэрэв Б.Бийг алахыг завдсан гэм буруугийн сэдэлт байсан бол М.Быг алах гэсэн гэм буруугийн санаатай хэлбэр нотлох баримтаар тогтоогддоггүй.
Хохирол төлбөрийн талаар дүгнэлт гаргахдаа хохирогчийн ар гэрийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Х******* дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Мд сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарна. Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэт учирсан хохирол, хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3 дугаар зүйлд заасны дагуу хохирогчид аль ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хохирогч 15 нас 3 сартайдаа нас барсан байна, дундаж наслалт 67,3 байна. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 792000 төгрөг байгаа тул нийт 205.920.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Р.М-ийн сэтгэцэд учирсан гэмтэлийг хор уршгийн 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон байхад хүснэгтээр тогтоосон зэрэглэлийн дагуу сэтгэцийн хохирол хор уршигийг тооцоогүй, мөн хор уршигийг тооцоолохдоо гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний жишигээр тооцож гаргахгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Бусад асуудал буюу шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон хугацааг 501 хоног гэж тооцоололыг буруу гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахад 502 хоног болсон байсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ шинжийг үндэслэл бүхий дүгнэж шийдвэр гаргаагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2023 оны 12 дугаар сарын 27-ны орой миний хүү М.Быг галт зэвсэг ашиглан 2 удаагийн буудлагаар амь насыг нь хөнөөсөн шүүгдэгч Д.Б, О.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэргүүдийг үйлдэхээр завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг бүрэн дэмжиж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно”, мөн 3.4 дүгээр зүйлийн 2-д гэмт хэргийн хатгагчид түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж тус тус заасан байгаа. Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Д.Б, О.Б нар нь хохирогч Б.Бийн дээрэлхэлтээс ангижрах, түүнийг таслан зогсоох зорилгоор О.Б нь буугаа ав гэж Д.Бг өдөөн хатгаж, Б.Бийг буудан алахаар урьдчилан үгсэн тохиролцож улмаар О.Б нь хохирогч Б.Бийг дагуулж ирэх, Д.Б нь буудахаар хийж гүйцэтгэх үүргээ хуваарилан, хохирогч Б.Бийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэн, буудаж алахыг завдсан гэж үзэн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. 
Б.Бийг алах зорилго тавьсан ч оронд нь миний хүү М.Быг алсан нь (магадгүй өөр хэн нэгэн хүүхэд байх магадлалтай) хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх шалтгаан болохгүй. Миний хүү М.Б амь насаа алдсан нь шүүгдэгч Д.Б, О.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүн алахыг завдсантай шууд шалтгаант холбоотой эсрэгээрээ шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож Б.Бийг алахаар төлөвлөөгүй бол миний хүү амь насаа алдахгүй байх байсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт хатгагч хамжигчаар бүлэглэн оролцсоныг О.Б нь Д.Бг “Буугаа ав Б.Бийг яг онох уу” гэх мэдүүлэг, 
Гэрч хохирогч П.Бын “Б нь явахдаа та нар амждаг юм бол наанаа байж байгаарай гээд яваад өгсөн нэлээд хол оччихоод Д, Б нарыг та 2 нааш ир би арыг нь даая гээд дуудаад байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114/,
Гэрч Б.Бын өгсөн Б, Д хоёр нь Быг шууд цохиод авсан, Б нь шууд буцаад гүйхдээ наанаа байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй 10-20 минутын дараа буцаж ирээд Д, Б нааш ир гээд дуудсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-123/,
Гэрч Бы Б бид хоёрыг байж байхад Б ирээд “Шаагаад авч байна шдээ Буугаа ав” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-132/,
Гэрч Дгийн өгсөн “буцаж цуглаад байж байтал Б хүрч ирээд хамт явсан Б бид хоёрыг дуудсан.Тэгээд би Б руу алхаж байтал буун дуу гараад Д толгойгоо бариад үлдсэн. Дахиад буун дуу гараад харсан чинь Б хэвтэж байсан. Би Быг зүгээр үү гээд асуух гээд очиход амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг Бын хажууд зогсож байтал Б гартаа буу барьчихсан Бтой хүрээд ирэхээр нь “Та хоёр хүн алчихлаа шдээ” гэж хэлээд гэх мэдүүлэг /1 хх-ийн 133-143/,
Гэрч Бийн өгсөн “Бид нар юм яриад зогсож байтал Д, Б, Б, Б нар хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхэд Быг яагаад над руу хутга барьж дайрсан гэж хэлээд 1 удаа алгадсан. Эргэж хараад Дг хамар хэсэгт нь толгойгоо нааж байгаад түлхсэн, Б нь ганцаараа яваад өгсөн. Б нь хашааны тэндээс орилж гарч ирээд Б, Б, Д нарыг дуудаад “Арыг нь би даая хүрээд ир” гээд байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-222/ зэргээр энэ хэрэгт хатгагч, хамжигчаар бүлэглэн оролцсоныг гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүүгүй баталсан шинжтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Д.Б нарт холбогдох хэргээс шүүгдэгч О.Бт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж хөнгөрүүлэн өөрчилснийг тус тус эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Д.Б нарт холбогдох эрүүгийн 2416000000002 дугаартай хэрэгт О.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор О.Быг Бийг алахаар завдсан буюу Д.Бтай үгсэн тохиролцож үйлдлээрээ санаа зорилго нь нийлсэн буюу Бийг буудуулахаар авч ирж Д.Бгийн үйлдлийг хөнгөвчилж хэрэгт хамтран оролцсон буюу буугаа аваад ир гэж хэлсэнээр гэмт хэрэг үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Мөн ингэхдээ шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлэг, холбогдогч нарын мэдүүлгийг иш татжээ. Үүнээс гадна завдалтын талаар тайлбар хийжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд нийцүүлж, хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид шударга ёсны зарчимд нийцүүлж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судласны үндсэн дээр хөндлөнгийн байр суурьнаас шийдвэрээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргах учиртай.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаас гадна шүүх хурал дээр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл бүгд нотлох баримт болно гэсэн эрх зүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
Шүүхийн иш татсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар гэм буруутай этгээдийн гэм буруу бүрэн эргэлзээгүй нотлогдож байх учиртай.
Гэвч шийтгэх тогтоолын иш татсан нэг ч баримтаас, мөн хэрэгт авагдсан нэг ч баримтаас О.Б Бийг алах сэдэл санаа зорилготой холбоотой, түүнийг алахаар үгсэн тохирсон, үүргээ хуваасан, буу авч ирэхийг тушаасан шаардсан, Бийг алуулахаар авч ирсэн үйл баримт, нотлох баримт огтоосоо тогтоогддоггүй.
Мөн Д.Б, О.Б нар шүүхийн хэлэлцүүлэгтээ хүртэл тодорхой мэдүүлдэг. Д.Б О.Б намайг зогсоох гэхэд би үгэнд нь ороогүй. Би дахин дээрэлхүүлэхгүйн тулд Бийн толгой дээгүүр нь буудаж хашраая л гэж бодсон гэж. Харин О.Б нь би Д.Бийг битгий балайраад бай болохгүй шүү, битгий гэж зөндөө хэлсэн боловч машин байрлуулахдаа алдчихсан араас нь ирсэн гэж, үүнээс гадна Бийг 2 шүүгдэгч дуудсан биш тэр хоёрыг ирэхэд аль хэдийн ирчихсэн Б, Б нартай л уулзана гэх байдлаар Б найзуудтайгаа хүлээж байсан талаар гэрчүүд зөрүүгүй тайлбарладаг.
Үүнээс гадна өмгөөлөгч нар Бын мэдүүлгийг нотолсон, өөрсдийн цагаатгуулах байр суурьтай холбоотой, Бийг алах үйлдэлд оролцоогүй гэх талаар нотлох баримт судлуулаагүй, үүнтэй холбоотой зүйл огтоосоо яриагүй гэж үндэслэлгүй худал дүгнэлт хийжээ. Миний зүгээс 1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь талын мессежийг судлуулсан ба түүнд тухайн өдрийн өглөө Д.Бгийн Г-тай бичсэн зурваст Бийг алж байж санаа амарна гэх байдлаар ганцаараа шийдвэрээ гаргачихсан байдаг, түүний тухайн үйлдэлийг хориглосон талаар гэрчүүд болон шүүгдэгч нар ч хэлдэг. Мөн Д, Б гэрч нар зөрүүгүй Б буугаа аваад ир гэж хэлсэн удаа байгаа юу гэж асуусан асуулт бүхий мэдүүлэгтэй тийм зүйл байхгүй гэж мэдүүлсэн ба тухай баримтыг шинжлэн судлуулсан байдаг. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, хүний биеэс авсан биологийн дээж авсан тэмдэглэл, харилцан бичилцсэн зурвас, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нь О.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ямар байдлаар нотлож байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байгаа.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь удаан хугацааны туршид Б.Б нь Д.Б-д үе тэнгийн дээрэлхэлт үзүүлсэний улмаас Д.Б алах санаатай буудсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг.
Түүнээс О.Б-ын хувьд М.Б болон Б.Б нартай урдны өс хонзон санасан зүйл огт байхгүй, тэднийг алаад ир гэж даалгавар өгөөгүй, хамжиж алаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцоогүй юм. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан.
Гэтэл О.Б-ын хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй талаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар зөрүүгүй мэдүүлдэг.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль болон бусдын эрхийг ноцтой зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн бодит байдлыг дүгнээгүй байх тул тухайн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хуулийн хүрээнд нотлох баримтад үндэслэн О.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож О.Б-ыг цагаатгаж шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Үйл баримтын дүгнэлт:

2.1. Шүүгдэгч Д.Б 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******** сумын “********” гэх газарт уулзъя гэсэн чатууд бичиж хүүхдүүд цуглуулж, дээрэлхэж байсан гэх Б.Б рүү хутга барьж дайрсны улмаас хутгыг салгах гэж очсон П.Г-ын зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********** сумын төв ***-р баг ******** **-р гудамжинд О.Б нь Д.Б-г буугаа ав, чи яг Б-ийг онох уу гэж, Б-ийг алах зорилгоор Д.Б нь “*** ***” маркийн буугаар 2 удаа буудах явцад М.Б-ыг буудаж алсан гэмт хэргийг үйлджээ.

3. Уг үйл явцыг тогтоож буй нотлох баримтууд:

3.1. Гэрч Б-ийн өгсөн “Бид нар юм яриад зогсож байтал Д, Б, Б, Б нар хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхэд Б-ыг яагаад над руу хутга барьж дайрсан гэж хэлээд 1 удаа алгадсан. Эргэж хараад Д-г хамар хэсэгт нь толгойгоо нааж байгаад түлхсэн, Б нь ганцаараа яваад өгсөн. Б нь хашааны тэндээс орилж гарч ирээд Б, Б, Д нарыг дуудаад “Арыг нь би даая хүрээд ир” гээд байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-222/

3.2. Насанд хүрээгүй хохирогч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байсан чинь … “********”н тэнд очсон чинь Б нь цагаан өнгийн машинтай, Б, Б 2 хутга барьчихсан, Д гартаа пиво барьчихсан зогсож байсан…Б-ийн хутгыг тавиулах гээд бугуйнаас нь бариад авсан чинь миний гэдэс рүү хатгасан зузаан дээлтэй байсан болохоор нэвтрээгүй, дахиад миний зүүн гарын алга руу хатгасан. Тэгсэн чинь хойноос нь Б бариад хутгыг нь булааж авсан...Тэгээд сумын төвд орж ирээд Б-ын байсан гэрт нь очоод гарынхаа цусыг тогтоосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р тал/,

3.3. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №28 дугаартай: “...П.Г-ын биед зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 82-р тал/,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №02 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн П.Г-ын өмсөж байсан гэх монгол дээлд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 3 ширхэг зүсэгдэлтүүд байна. Зүсэгдэлтүүд нь шинэ байна. Гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн харилцан үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдэлтүүд нь гэмтлийн утасны тасралтын зах ирмэгүүд нэгэн жигд, нэг талын үзүүр хэсэг нь харьцангуй нарийн, тэс хэсэгтээ утасны тасралт ихтэй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байгаа нь ерөнхий шинж тэмдгээрээ шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй, эвхэгддэг хутгаар үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 118-123-р тал/,

3.4  Гэрч хохирогч П.Г-ын “Б нь явахдаа та нар амждаг юм бол наанаа байж байгаарай гээд яваад өгсөн нэлээд хол оччихоод Д, Б нарыг та 2 нааш ир би арыг нь даая гээд дуудаад байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114/,

3.5. Гэрч Б.Б-ын өгсөн Б, Д хоёр нь Б-ыг шууд цохиод авсан, Б нь шууд буцаад гүйхдээ наанаа байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй 10-20 минутын дараа буцаж ирээд Д, Б нааш ир гээд дуудсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-123/,

3.6 Гэрч Б-ы Б бид хоёрыг байж байхад Б ирээд “Шаагаад авч байна шдээ Буугаа ав” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-132/,

3.7  Гэрч Д-ийн өгсөн “буцаж цуглаад байж байтал Б хүрч ирээд хамт явсан Б бид хоёрыг дуудсан.Тэгээд би Б руу алхаж байтал буун дуу гараад Д толгойгоо бариад үлдсэн. Дахиад буун дуу гараад харсан чинь Б хэвтэж байсан. Би Б-ыг зүгээр үү гээд асуух гээд очиход амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг Б-ын хажууд зогсож байтал Б гартаа буу барьчихсан Б-той хүрээд ирэхээр нь “Та хоёр хүн алчихлаа шдээ” гэж хэлээд гэх мэдүүлэг /1 хх-ийн 133-143/.

3.8. Амь хохирогч М.Б-ын цогцост хийсэн үзлэгийн “...Цээжний баруун талд суганы урд шугамаар суганаас доош, 15 см зайд буюу 7, 8-р хавирганы орчим 1,3 см голчтой зөв дугариг, хэлбэртэй, эдийн дутагдал үүсэж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, уг шарханд зоонз тавихад цээжний хөндий рүү нэвтэрч байв. Цогцос нь хөшсөн, хөшилд, эрүү доод, дээд мөчдөд тод илэрсэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр улаан хүрэн өнгөөр үүсэж 10 секундын дараа эргэн хивэндээ орно. Биед нь харагдах өөр гэмтэл шарх, сорвигүй байв. Шархны хэсгээс дээж авч бэхжүүлэв. Сумны хошуу хэсэг нь зүүн талын 12-р хавирганы нурууны хажуугийн шугамаар байрлалтай гялтан хальсанд наалдсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-22-р тал/,  

4.   Хууль зүйн дүгнэлт: 

4.1. Шүүгдэгч Д.Б хохирогч П.Г-ын зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан, 

4.2. Шүүгдэгч О.Б нь шүүгдэгч Д.Б-г буугаа ав, чи яг Б.Б-ийг онох уу гэж, Б.Б-ийг алах зорилгоор Д.Б нь “*** ***” маркийн буугаар 2 удаа буудах явцад М.Б-ыг буудаж алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд, 

4.3. Шүүгдэгч Л овгийн О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. 

5. Ял шийтгэлийн асуудлаар: Ялтан Д.Б, О.Б нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон тэдний насны байдлыг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд оногдуулах хорих болон зорчих эрх хязгаарлах ялуудыг хоёр дахин багасгахаар зохицуулсаны дагуу ялыг бууруулан тогтоосон нь үндэслэлтэй байна. 

6. Давж заалдах гомдлын талаар:  

6.1. Шүүгдэгч О.Б-ын Б-ийг алахыг завдсан үйлдэлд Д.Б-тай хамтран оролцоогүй гэх болон шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн Б-ийг алахыг завдсан үйлдэлд Д.Б нь О.Б-тай хамтран оролцоогүй гэх гомдлын тухайд хэрэгт авагдаж магадлалын хянавал хэсгийн 3.1-т дурдагдсан гэрч Б-ийн, 3.4-т дурдагдсан гэрч хохирогч П.Г-ын, 3.5-т дурдагдсан гэрч Б.Б-ын, 3.6-т дурдагдсан гэрч Б-ы ... Б бид хоёрыг байж байхад Б ирээд “Шаагаад авч байна шдээ. Буугаа ав” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-132/, 3.7-т дурдагдсан гэрч Д-ийн өгсөн “буцаж цуглаад байж байтал Б хүрч ирээд хамт явсан Б бид хоёрыг дуудсан. Тэгээд би Б руу алхаж байтал буун дуу гараад Д толгойгоо бариад үлдсэн. Дахиад буун дуу гараад харсан чинь Б хэвтэж байсан. Би Б-ыг зүгээр үү гээд асуух гээд очиход амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг Б-ын хажууд зогсож байтал Б гартаа буу барьчихсан Б-той хүрээд ирэхээр нь “Та хоёр хүн алчихлаа шдээ” гэж хэлсэн гэх мэдүүлгээр /1 хх-ийн 133-143/ уг гэм буруутай үйлдэлд оролцсон болох нь тогтоогдож байна. Түүний уг үйлдэл нь Б-ийг алахыг завдсан үйлдэлтэй шалтгаант холбоотой хамаарал бүхий байх тул дээрхи гомдлыг хангах боломжгүй байна. 

6.2. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” ,  3-д “гэмт хэрэг үйлдэхэд ...үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” Мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ.” гэж зааснаар, шүүгдэгч О.Б нь Б-ийг алахыг завдсан үйлдэлд Д.Б-г хатгаж, Д.Б гэмт хэргийг гүйцэтгэж уг гэмт хэрэгт хамтран оролцжээ. 
6.3. Уг үйлдэлд шүүгдэгч нар нь хамтран өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүний амь насыг хохироох зорилгоор шүүгдэгч О.Б нь “буугаа ав, чи Д.Б-ийг яг онох уу”  гэж үг, үйлдлээрээ Д.Б-г хатгасны улмаас Д.Б нь Д.Б-ийн амь насыг хохироох зорилгоор 2 удаа буудлага үйлджээ. Тэдний  үйлдэл нь нэгдсэн нэг зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэрээр М.Б-ийг алахыг (завдсан) хүссэн үйлдлээрээ М.Б-ын амийг хохироосон үйлдэлд анхан шатны шүүх тус тус гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. 

6.4. О.Б нь Д.Б-ийн амь насыг хохироох зорилгоор Д.Б-г хатгаж, Д.Б 2 буудлага үйлдэх явцад М.Б-ын амийг хохироосон тул О.Б нь өөрийн хүссэн үйлдлийн үр дагаварт буюу Д.Б-ийг алахаар завдсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай боловч түүний хүсээгүй үр дагавар буюу Д.Б нь М.Б-ын амийг хохироосон үйлдэлд тэрээр гэм буруугүй байна. Энэ дүгнэлтээр шүүгдэгч О.Б нь  М.Б-ын амийг хохироосон үйлдэлд хамтран оролцоогүй тул түүнийг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б дангаараа М.Б-ын амийг хохироосон тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. 
 6.5. Д.Б нь сэтгэлзүйн хувьд буудлага үйлдэн М.Б-ийг алахыг (завдсан) хүссэн үйлдлээрээ М.Б-ын амийг хохироосон тул хүссэн үр дагавар болон үйлдлээрээ хүний амь нас хохироосон бодит үр дагавар хоёрын аль алинд нь гэм буруутай байна.

6.6. Хүний сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээний тухайд: Гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 27-нд үйлдэгдсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 792000 төгрөг болж өссөн дүнгээр тооцож шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Хүний сэтгэл санааны хохирол, хор уршиг нь үргэлжсэн шинжтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирлыг тооцохдоо өссөн дүнгээр нь тооцсон нь үндэслэлтэй байна.

6.7. Хохирогчийн шүүгдэгч Д.Б *** - *** маркийн галт зэвсгээр буудлага үйлдэж гэмт хэрэг үйлдсэн тул “галт зэвсэг ашигласан” үндэслэлээр ялыг хүндрүүлэн зүйлчлэх ёстой гэх гомдлын тухайд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд (аюултай) хохирол учруулж болох аргаар” гэх ангилалд галт зэвсгийг хамааруулан хуулийг тогтоосон болохыг тайлбарласугай. 

 6.8. Шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон хоногийг 501 гэж зөрүүтэй тооцсон тул 502 болгон гомдлыг хангаж зохих өөрчлөлт оруулав. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо 2025 гэхийг 2024 гэж зөрүүтэй бичигдсэн болон эрхийн акт техник алдаатай буйг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын: “... 501 (таван зуун нэг) ...” гэснийг “... 502 (таван зуун хоёр) ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, О.Б нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧИД                                       Б.НАМХАЙДОРЖ                        

                                                         Ш.БАТТОГТОХ