Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00612

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00612

 

 

 

Э.М -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02535 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.М -гийн хариуцагч "Н.Т "- ХХК-д холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах, цалин өөрчлөх тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн Э.М -гаас ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8 278 725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан "Н.Т "- ХХК-ийн 40 717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.М -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболор, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.М - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.М - 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр "Н.Т "- ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулан ажилласан. Анх ажилд ороход компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, цаг бүртгэлийн журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгтэй огт танилцуулаагүй. Тус компанид ажилд орохоос өмнө U.A -компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын зах зээлд хамгийн анхны нэгдсэн лояалти хөтөлбөр болох Ю Пойнт /U POINT/-ыг санаачлан боловсруулж, нэвтрүүлж байсан туршлагатай. Гэтэл тус компанийн удирдлагууд өөрт хэрэгтэй төслийн материалыг надаар болон миний хамт ажиллаж байсан мэргэжилтнээр хамт дуусгуулчихаад ор үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлүүдийг давхардуулан ноогдуулж, надтай байгуулсан контрактын гэрээг цуцалсан тухайгаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр амаар мэдэгдсэн. Ийнхүү уг контрактын гэрээг цуцалсан тушаалаа гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөхгүй байж байгаад 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон 69 дугаар контрактын гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж өгсөн.

Ажил олгогч нь контрактаар тохиролцсон цалин хөлсийг үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэхгүйгээр бууруулсан бөгөөд энэ талаараа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Компанитай байгуулсан контракт гэрээний 4 дүгээр зүйлд Цалин хөлс, бонус, түүнийг олгох гээд 4.1-ийн заалт хүчин төгөлдөр бөгөөд цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байдаг. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар "Н.Т "- ХХК-ийн гүйцэтгэх захирлын цалин өөрчлөх тухай тушаал нь үндэслэлгүй, хууль бус тушаал болно.

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаар, мөн оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тушаалуудын тухайд гэвэл ажил олгогчоос зөвшөөрөл авсан, ажил тасалсан зүйл байхгүй. Контрактын гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, өөрийн төсөл, хөтөлбөрийн судалгааны бэлтгэлээ хийж төслийн үр дүн, үр ашиг зэргийн тооцооллыг гаргаж ажилласан. Ажил олгогчийн зүгээс ямар ч үндэслэлгүй зүйлсийг дурдаж намайг ажлааас буруу халсан байна.

Иймд цалин хөлсийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл буруу ноогдуулсан болохыг тогтоолгож, уг хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.У -шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.М -гийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд орох өргөдлийг үндэслэн "Н.Т "- ХХК-д Стратеги төлөвлөлтийн захирлаар томилсон тушаал гаргаж анх ажилд авсан. Хамтран ажиллах хугацаанд компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын даргаас тухай бүр үүрэг даалгавар өгч байсан боловч өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй. Ажлын цаг ашиглалт муу, ажилд орсноос хойш компанийн цагийн бүртгэлд хурууны хээгээ уншуулдаггүй удаа дараа шаардуулж хийдэг, ажлын цагийн хоцролт их, ирц хангалтгүй ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг, гадуур ажилтай гэх шалтгаанаар ажлын байранд дээр байдаггүй гадуур ажиллах бүртгэлийн дэвтэр бичүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Тухайн ажилтан нь манай компаниас өндөр цалин авч байсан боловч дээр дурдсан байдлаар ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, ажлын цаг болон ажлын байран дээр компанид хамааралгүй хувийн ажил болон бусад зүйлийг хийж, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг алдаж, ажилчдын дунд ёс зүйгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн нь олон үйл баримтуудаар тодорхой болсон. Иймд Э.М -гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.У -шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.М -гийн ажил үүргээ гүйцэтгэж байсан ажлын компьютерт хадгалагдсан 30 өдрийн бичлэгээс үзэхэд 116 цаг буюу бүтэн 14 ажлын өдрийг гадаад дотоодын порно сайтууд үзэж ажлын цагийг үрж байсан нь тодорхой болсон. Мөн түүний компьютер дээрх ажлын файлыг үзэхэд нийт 112 файл байснаас 56 файл нь манай ажилтай ямар ч холбогдолгүй хувийн файлууд байсан бөгөөд контрактын гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэх ажил юу ч байхгүй байсан болно. Энэ бүхэн нь ажилтан Э.М - нь ажил олгогчийг хуурч өндөр цалин авч байсан болохыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм.

Нэхэмжлэгч нь "Н.Т "- ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Оюунжаргалын [email protected] мэйл хаягаас өөрийн [email protected] мэйл хаяг руу 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг авсан. Мөн манай компанийн маркетингийн газрын захирал Э.Болор-Эрдэнийн [email protected] мэйл хаягаас өөрийн туслах болох төслийн менежер н.Эрдэнэжаргалын [email protected] мэйл хаяг руу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 40 717 хэрэглэгчийн дата мэдээг авсан ба компанид өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй.

Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан контракт гэрээний 6.2.12, 7.1, 9.6-д тус тус заасны дагуу Э.М -гаас цалинд олгогдсон мөнгөнөөс ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8 278 725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан "Н.Т "- ХХК-ийн 40 717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Э.М - сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ажил эхлүүлэхэд компаний зүгээс ямар ч журам, дүрмүүдтэй танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулаагүй. Тэгсэн хэдий ч миний бие хөдөлмөрийн бүтээмжтэй хийсэн ажил нь тодорхой үр дүнтэй ажилласан. Бүр сүүлд асуудал үүсэхээс хэдхэн хоногийн өмнөөс энэ тухай буюу цагийн бүртгэл хийлгэх ёстой тухай ярьж эхэлсэн нь төслийг боловсруулан дуусгуулчихаад намайг эртнээс ажлаас халах, ямар нэг сэжүүр үүсгэхээр бэлтгэж байсны илэрхийлэл юм. "Н.Т "- ХХК-ийн зүгээс цалин өөрчлөхтэй холбоотой ямар нэг нэмэлт гэрээ, тохиролцол огт хийгээгүй. Хэрэгт хавсаргагдсан нотлох баримтанд энэ тухай нотлох баримт огт байхгүй. Энэ нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчин ажилтантай байгуулсан гэрээг удирдлагаас дур мэдэн өөрчилсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар "Н.Т "- ХХК-д холбогдох, Сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн 64 дугаар тушаал, цалин өөрчлөсөн 2019 оны 7-р сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, "Н.Т "- ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.М -гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, мөн хуулийн 49 дугаар зүйлийн 49.1., 49.8-д зааснаар "Н.Т "- ХХК-ийн 40 717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг хүлээлгэн өгөх, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг Э.М -д даалгаж, Э.М -гаас гүйцэтгэсэн ажилд нь тохирсноос илүү олгосон цалин хөлс болох 8 278 725 төгрөгийг гаргуулж "Н.Т "- ХХК-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.М -гийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.М -гаас 217 610 төгрөг гаргуулж, хариуцагч "Н.Т "- ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар дүрс, дуу бичлэг /СD/-ийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэсний дараа уг зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.М - давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальж, огт маргалдаагүй, хэлэлцэгдээгүй, хэргийн материалд байхгүй асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал Э.М -гийн ямар гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор байгуулсан талаар буюу гэрээний зорилго, агуулга, ажилтны гүйцэтгэх ажлын хүрэх үр дүн, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам зэргийг зохицуулаагүй байна гэж дүгнэжээ.

Зохигчдын хэн аль нь 09/01 тоот контрактын гэрээний талаар /хүчин төгөлдөр бус, хуулийн шаардлага хангаагүй эсэх тухай/ огт маргаагүй атал шүүх өөрийн үзэмжээрээ талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээг хуулийн шаардлагад бүрэн нийцээгүй гэж дүгнэж буй нь илтэд хууль зөрчсөн үйлдэл юм. Шүүх гэрээг хуулийн шаардлагад бүрэн нийцээгүй, хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн гол үндэслэл нь нэхэмжлэгч өөрөө контрактын гэрээг зөрчсөн тухай, гэрээг нэг талын санаачилгаар цуцалжээ гэх мэт шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт ажилтан нь ажил олгогчийн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар дурдаагүй, мөн хэдэн сарын хэдний өдрийн хэн хэн оролцсон хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн талаар, контрактын гэрээг цуцлах гэх талаар хуралдсан ямар баримт байгааг заагаагүй байна. Өөрөөр хэлбэл контрактын гэрээг цуцлах талаар ажлаас хална, чөлөөлнө гэх хурлын тэмдэглэл, түүнд би оролцсон гэх ямар ч баримт хэрэгт байхгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 11.4-т заасныг зөрчиж гэрээнд цалин хөлсний тухай ямар нэгэн өөрчлөлт оруулах санал гаргаагүй, урьдчилан мэдэгдээгүй тус шийдвэрийг ажлаас халах өдөр нэг дор гаргасан. Хариуцагчийн зүгээс тушаал болоод сахилгын шийтгэлийг халсан тушаалын хамт нэг дор гаргасан гэх зүйлтэй маргаагүй. Мөн тушаалын хууль зүйн үндэслэлд ямар ч хуулийн заалт баримтлаагүй, ямар шалтгааны улмаас ажилтны цалин хөлсийг өөрчилсөн талаар тусгаагүй хууль бус тушаал юм. Уг тушаалын гол зөрчил нь 4 цагийн чөлөө хэтрүүлж чөлөө авах журам зөрчсөн хэмээн үзсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс чөлөө авах журам гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэлэлцүүлгийн явцад ийм журам байдаггүй болохыг хүлээн зөвшөөрсөн.

Ажил олгогчийн контрактын гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Гэтэл гомдол гаргагч нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг огтоос байгуулаагүй, ийм баримт хэрэгт байхгүй. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д Контрактад заасан үндэслэл буй болсон гэх заалтыг хууль зүйн үндэслэл болгосон. Ажил олгогч нь контрактын гэрээг дүгнэсэн, ажил олгогчийн нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан байна хэмээн үзсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний аравдугаар зүйлд контрактыг дүгнэх гээд 10.1-д Контрактын биелэлтийн ерөнхий үнэлгээг жилийн эцсээр дүгнэж, Контрактыг сунгах эсэх асуудлаар гэрээний 2.1-т заасан дагуу тухай бүрт шийдвэрлэнэ хэмээн заасан. Өөрөөр хэлбэл гэрээг 4 сарын дотор биш жилийн эцсээр эс бөгөөс 5 жилийн дараа дүгнэхээр байна.Гэтэл Ажил олгогчийн зүгээс контрактын гэрээг дүгнэх явцад гэрээг цуцлах үндэслэл бий болж ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон талаар биш ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, тэрхүү зөрчил нь ноцтой зөрчил хэмээн үзэн уг тушаалыг гаргасан нь ямар ч хүн уншихад тодорхой харагдана. Мөн уг тушаалд гэрээг дүгнэхэд, эсвэл дүгнэх явцад гэх нэг ч утга өгүүлбэр байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Контрактыг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан атал ажил олгогчийн зүгээс тус хуулийн зохицуулалтыг баримтлаагүй.

Ажил олгогчоос гэрээг хугацаанаас нь цуцлах тохиолдолд нөгөө талд 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн хэргийн материалд компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, хувийн зорилгоор ашигласан, компанийн ашиг сонирхолД харшилсан үйлдэл, эс үйлдэл гаргасан гэх баримт хэрэгт байхгүй, миний бие ийм зөрчил дутагдал гаргаагүй болно. Түүнчлэн ажил олгогч нь ажилтны хэзээ гаргасан зөрчилд ямар шийтгэл ногдуулсан эсэх нь ойлгомжгүй. Мөн компанийн тухай хуулинд Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж түүний ажлыг дүгнэх талаар, Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажилгааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалд дурдсан ажилтны гаргасан зөрчил нь ТУЗ-ийн тэмдэглэлээр нотлогдож байна хэмээн үзэж буй нь хуульд нийцэхгүй.

Хариуцагчаас гаргаж өгсөн тэрхүү хурлын тэмдэглэлүүдэд Э.М -гийн цалинг бууруулна, өөрчилнө, ажлаас хална, санууллаа гэх үг, өгүүлбэр байхгүй, онцгойлон надад хандан тэмдэглэсэн зүйлгүй. Гагцхүү хамт олны дунд ярилцсан хэлэлцсэн өөр асуудлыг шүүх нэхэмжлэгчид урьд нь сануулж байсан байна мэдэж байсан байна хэмээн дүгнэсэн нь буруу юм.

Би компанитай Эд хөрөнгийн бүрэн болоод хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрлөх үүргээ ажилтан биелүүлж байхдаа буюу ажилтны ямар буруутай үйл ажиллагаанаас хэзээ "Н.Т "- ХХК-д ямар хэмжээний хохирол, хэрхэн учирсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. "Н.Т "- ХХК-ийн 40 717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг миний бие бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглах ямар ч боломжгүй бөгөөд ажил олгогчийн өгсөн компьютер дээр ажил олгогчийн өөрсдийх нь нээж өгсөн и-мэйл хаягаар тус мэдээллийг дамжуулан авсан. Гэтэл ажил олгогчоос өөрийн хүссэн үр дүндээ хүрч надаас мэдэх ёстой зүйлээ мэдэж авсны дараагаар төрөл бүрийн тушаалуудыг нэг дор үзүүлж миний ажилдаа хэрэглэж байсан ажлын компьютерыг хураан авсан. Миний бие өөрсдийх нь нээж өгсөн албан и-мэйл хаягны код, нууц дугаарыг одоо хүртэл мэдэхгүй, нэвтрэх боломжгүй байгаа бөгөөд ажил олгогчоос нууц дугаарыг нь өөрчилсөн байсан. Өөрөөр хэлбэл шүүх үүссэн нөхцөл байдалд шинжлэх ухаанч байдлаар хандаагүй, хөнгөн, тал бүрээс нь дүгнээгүй болох нь эндээс харагдаж байгаа юм.

Шүүх дээрх хууль бус шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь нэхэмжлэгч миний бие тус шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүйтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл тус шүүх хуралдаан болохын өмнөх өдөр миний бие өндөр ачаалалтай ажилласны улмаас хуралд орохын өмнө дархлаагаа сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор долоогны ханд уугаад хуралдаа орох гэтэл согтууруулах ундаа хэргэлсэн байна гэх шалтгаанаар хурлын танхимаас гарган хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Энэхүү үйлдэл нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн үзүүлж буй дөнгөж сая уусан гэх тэрхүү эмчилгээний бэлдмэл найрлагад спирт орсон эсэх, нэхэмжлэгчийн биеийн нөхцөл байдал хэвийн, хуралд оролцож мэтгэлцэх боломжтой эсэхийг тодруулалгүйгээр, эрх, үүргийг танилцуулалгүйгээр, хуралдааны дэг зөрчөөгүй байтал тус хуралд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба өөрчлөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.М - нь хариуцагч "Н.Т "- ХХК-д холбогдуулан Сахилгын шийтгэл ногдуулах тухай, Цалин өөрчлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, мөн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү олгосон цалин, хөлс 8 278 725 төгрөгийг гаргуулж, "Н.Т "- ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата /тоон мэдээлэл/, компанийн санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу хүлээлгэн өгөх, дээрх мэдээллийг бусдад шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /1хх1-3, 186-188, 2хх3-4/

Анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М - ирэхдээ согтууруулах бодис хэрэглэсэн байсан болох нь тус шүүхийн цагдаагийн дэслэгч Б.Энхтуяагийн, нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг шалгасан тухай илтгэх хуудсаар тогтоогдож, шүүгч нэхэмжлэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Гэхдээ дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зохигчдоос шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй эсэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэсэгт заасан буюу хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ.

Зохигчид сахилгын давтан зөрчил гаргасан эсэх талаар маргасан байна. Энэ тохиолдолд ажилтны гаргасан гэх зөрчил бүр тогтоогдсон байх, мөн давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн хугацаа зэрэг нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Хэрэгт "Н.Т "- ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын, нэхэмжлэгч Э.М -д Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолууд нотлох баримтаар авагджээ. /11-хх-166,167/ Уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл огноо харагдахгүй, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх боломжгүй байхад шүүх ... Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга сахилгын шийтгэл ногдуулж, бүрэн эрхээ хэтрүүлсэн нь Компанийн тухай хуульд нийцээгүй тогтоол гаргасан, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсэн эрхийг сэргээх зорилготой байдаг. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах, өөрөөр хэлбэл хариуцагчийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөх боломжтой болсныг тодруулж мэтгэлцүүлэх нь зүйтэй. Шүүх уг ажиллагааг хийгээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгын талаар зохицуулж өгсөн бөгөөд мөн зүйлийн 118.4-т зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, мөн яагаад үнэлээгүй тухай дүгнэлтээ тусгах ёстой. Шийдвэрийн дүгнэлт хэсэгт Жич: /хх83-89/ гэсэн тэмдэглэгээ хийж үнэлээгүй нотлох баримт гэж бичсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникт нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД