Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01503

 

 

 

 

 

2017 07 03

1503

 

 

 

Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Дагвадоржид холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 705 193.81 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Хариуцагч Н.Дагвадорж нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20222382 тоот гэрээ байгуулж, 9999-7517 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь гэрээний 6.6-д заасан үүргээ үл биелүүлэн дугаарын 2016 оны 3, 4 дүгээр сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 5.4-т заасныг үндэслэн үйлчилгээг зогсоосон. Мөн хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 595 000 төгрөгийн үнэтэй iphone 6, 16 gb гap утсыг урьдчилгаанд 484 000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 590 468.12 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч Н.Дагвадоржоос 9999-7517 дугаарын төлбөрийн үлдэгдэл 114 725.68 төгрөг, iphone 6, 16 gb гap утасны үлдэгдэл төлбөр 590 468.12 төгрөг, нийт 705 193.81 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 475 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Дагвадоржийн тайлбарт: Миний бие 2015 оны 2 дугаар сард Мобиком корпораци ХХК-иас урьдчилгаанд 484 000 төгрөг төлж, сард 37 000 төгрөг төлөхөөр гар утас зээлээр худалдан авсан. Дугаарын суурь хураамж 49 900 төгрөг байж байгаад 55 000 төгрөг болсон. Ингээд 92 000 төгрөг сард төлнө гэсэн. 1 жил 3 cap төлбөрийг төлж, сүүлийн 3 cap мөнгөний боломжгүй учраас төлж чадаагүй байтал 275 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг төлөх гэтэл дугаарыг чинь зарлаа, төлбөр тооцоог хааж дуусгавар болголоо гэсэн. Би дугаар зарахыг зөвшөөрөөгүй тул барьцаанд байгаа 100 000 төгрөг, мөн 400 000 төгрөгөөр авсан дугаараа зар гэж хэлээгүй. Иймд одоо байгаа үлдэгдлийн тооцоог хийж дугаараа авмаар байна. Миний тооцоогоор 200 000 гаруй төгрөг төлөх байх гэж бодож байна. Гэхдээ гэрээнд зааснаар мөнгөө хугацаандаа төлөхгүй бол үйлчилгээг зогсоох, гар утсыг анхны үнээс тооцож төлбөр нэхэмжилнэ гэдгийг мэдэж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар Н.Давгадоржоос 705 193.81 төгрөгийг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 475 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, Н.Дагвадоржоос 21 475 төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Дагвадорж давж заалдах гомдолдоо: Би Мобиком корпораци ХХК-иас гар утас зээлээр худалдан авсан ба утасны зээлээс төлөгдөөгүй 275 000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Би төлбөрийг төлөх гэж байтал хагалгаанд орж, төлж чадаагүй. Тун удалгүй Мобикомоос залгаж таны дугаарыг зарж төлбөр тооцоо дууслаа гэж ойлгуулж дугаар зарчихаад одоо мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо миний бие маш муу, даралт өндөр, зүрхний импор гэж эмч хэлсэн. Ярьж чадахгүй, эмчийн болон гэр бүлийн хяналтанд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэхэмжилсэн мөнгийг төлөх чадвар байхгүй. Мобиком корпораци ХХК биднээс дугаар зарах зөвшөөрөл авалгүй зарсан тул дугаараа буцаан авч зах зээлийн үнээр зарж, өрийг барагдуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Н.Дагвадоржид холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 705 193 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.Дагвадорж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 9999-7517 дугаарыг ашиглаж, үйлчилгээний төлбөрийг сар бүр төлөхөөр үйлчилгээний гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 595 000 төгрөгийн үнэ бүхий Айфон 6-Эс маркийн гар утсыг урьдчилгаа төлбөрт 484 000 төгрөг төлж, 18 сарын хугацаанд сар бүр 37 000 төгрөг төлөхөөр, нэхэмжлэгч нь уг гар утсыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцож Айфон багцын болон гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан байх ба тэрээр 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 481 000 төгрөг төлсөн, үүргийн гүйцэтгэлийг бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх болон худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 9999-7517 дугаарын сар бүрийн ярианы үндсэн төлбөрт 114 725 төгрөг, гар утасны төлбөрийн үлдэгдэлд 590 468 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь гар утас худалдан авсан болон дугаарын хэрэглээний төлбөрт 200 000 гаруй төгрөг төлнө гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо Мобиком корпораци ХХК миний эзэмшлийн 9999-7517 дугаарыг зарж төлбөр тооцоо дуусна гэж ойлгуулж зарахдаа зөвшөөрөл аваагүй гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан Айфон багцын гэрээний 5.5-д үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн дугаарыг 3 сар хадгалан 4 дэх сарын нэгэнд дангаар цуцалж, барьцааг төлбөрт суутгах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 9999-7517 дугаарыг хураан авч, өөр этгээдээд шилжүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй тул дээрх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч нь хэрэглэгчийг төлөөлж гарын үсэг зурахдаа Н.Дагвадорж гэж бичсэн байхад шүүх шийдвэртээ хариуцагчийн нэрийг Н.Давгадорж гэснийг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтын Н.Давгадоржоос гэснийг Н.Дагвадоржоос гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 475 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ