Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Номин,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

иргэдийн төлөөлөгч Э.Удвал,

гэрч А.Энх-Амгалан, Ч.Жавхлан, Н.Дэлгэрмөрөн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жамсранжав,

           шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Т овогт Р.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0000 00754 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Р.Г, 1964 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 21 дүгээр байр 26 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЦВ64102172/,

Шүүгдэгч Р.Гэрэлжаргал нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18-аас 19  цагийн хооронд  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 26 тоотод өөрийн хүү Г.Дамдинжавтай хоолны асуудлаас болж маргалдан улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Р.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү, би өөрийн гэм буруу нүглээ наминчилж нэг өдрийн өмнө ч гэсэн хорих ангиас гарч хүүгийнхээ шарил дээр очиж уучлалт гуйх хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жамсранжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн гэр бүлийн гишүүн аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйл гомдол саналгүй, хуульд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.      

Гэрч А.Энх-Амгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр хичээлээсээ тараад байрны урдуур явж байтал нэг ах гарч ирээд эмнэлэг дуудаад өг гээд гар нь нил цус болчихсон гарч ирсэн. Тэгээд бид нар түргэн дуудаад ирэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тухайн үед шүүгдэгчээс өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэв.

Гэрч Ч.Жавхлан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нар орой хичээлээ тараад явж байтал нэг ах гар нь битүү цус болчихсон орцноос гарч ирээд түргэн дуудаад өг ах нь хүүхдээ хутгалчихлаа гэсэн. Тэгээд бид нар түргэн дуудаад нилээн удсан. Тэгээд цагдаа дуусан. Би тэнд багаасаа өссөн болохоор цагдаа нарт байршилыг нь тодорхой хэлж зааж өгсөн” гэв.

Гэрч Н.Дэлгэрмөрөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нар хичээлээ тараад явж байхад нэг ах гар нь цус болчихсон гарч ирээд түргэн дуудаад өг ах нь хүүхдээ хутгалчихлаа гээд байсан тэгээд бид нар түргэн дуудсан. Тухайн үед өөр ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй” гэв.                                                                                  

Хохирогч Г.Жамсранжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ байж байхад 19 цагийн орчимд манай ээж Байгалмаа над руу яриад дүү чинь болохоо байчихсан гэж байна хурдан очоорой эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ гараад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 21-26 тоот аав, ээж, дүү амьдарч байгаа гэртээ очиход гэрт цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн хэргийн газрын хамгаалалт авчихсан байсан. Тэгээд би тэнд байсан цагдаа нараас юу болсон талаар асуусан чинь дүү чинь нас барсан өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. “...Манай аав Г хүний дугаараас ээж рүү залгаад хүүхэд болохоо байчихлаа хурдан ирээрэй гэж хэлээд тасалсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-26/,

Гэрч А.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...21 дугаартай 3 давхар саарал байшингийн ертөнцийн зүгээр ар талд сороочкон цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар ботинктой, гартаа хар өнгийн ухаалаг гар утас барьчихсан цамц нь баруун бөөрний харалдаа улаан цус шиг зүйлээр бохирлогдсон, 2 гар их хэмжээний цус шиг улаан мэт зүйл болж хатчихсан баруун хөл нь доголж алхсан ах 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн захын орцноос гарч ирээд ахын дүү түргэн тусламж дуудаад өгөөч хүүхдийн утасны кодыг мэдэхгүй байна ах нь хүүхдээ зүрхэн тус газар нь хутгалчихлаа нилээн цус гараад байна хурдлаарай, ах нь ороод дараад байж байя хурдан түргэн дуудаарай гээд сандарч гарч ирэн хэлчихээд буцаад гэр рүүгээ орсон...” гэх мэпүүлэг. /хх-33/,

Гэрч Ч.Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...55-60 орчим насны танихгүй эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүний цээжин хэсэг болон 2 гар нь их цус болсон байсан. Тэгээд гартаа нэг утас барьчихсан байсан. Бид хэдээс хүүхдийн бие муу байна, түргэн дуудаад өгөөч, ах нь хүүхдээ хутгалчихлаа, яаралтай залгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь манай сургуулийн найз Дэлгэрмөрөн Энх-Амгалангийн утсаар 103 дугаарт дуудлага өгсөн, би байршлыг нь зааж өгсөн. Эмнэлэг ирэхгүй удаад байхаар нь цагдаагийн 102 дугаарт залгаад хүн хутгалсан хэрэг гарсан байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-35/,

Гэрч Н.Дэлгэрмөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...55-60 орчим насны танихгүй эрэгтэй хүн гарч ирсэн, тэр хүний цээжин хэсэг болон хоёр гар нь их цус болсон байсан. Тэгээд гартаа нэг утас барьчихсан байсан, бид хэдээс хүүхдийн бие муу байна, түргэн дуудаад өгөөч, ах нь хүүхдээ хутгалчихлаа яаралтай залгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн ¹1012 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач Г.Дамдинжавын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн дээд хэсэгт эгэмний шугамаар 2, 3 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Талийгаач Г.Дамдинжав нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд хий, цус хуралдаж зүрх, уушигны дарагдал, зүүн уушигны авчийлт болон цус алдалтын шоконд орж нас баржээ.
  4. ABO системээр B 3-р бүлгийн цустай байна.
  5. Цус ходоодны шингэнд спиртын агууламж илрээгүй байна.
  6. 2018.05.02-ны өдрийн 00:30 цагт цогцост хийсэн гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 5-6 цаг болсон байх боломжтой байна гэх дүгнэлт. /хх55-58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹4950 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Дамдинжавын гэх хумснуудад цус болон биологийн бусад ул мөр илрээгүй.
  2. Цус болон биологийн ул мөр илрээгүй тул асуулт ¹2-оос 4-т хариулах боломжгүй байна. /хх-86/

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-18/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-22/, шүүх сэтгэц эмгэг судлалын ¹425 дугаартай дүгнэлт /хх-49-51/, Г.Дамдинжавын нас барсны гэрчилгээ /хх-115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-117/, шүүгдэгч Р.Гэрэлжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-116, 118-120/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-122-126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Р.Г нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18-аас 19  цагийн хооронд  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 26 тоотод өөрийн хүү Г.Дамдинжавтай хоолны асуудлаас болж маргалдан улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан болох нь

Гэрч А.Энх-Амгалангийн: “Би тэр өдөр хичээлээсээ тараад байрны урдуур явж байтал нэг ах гарч ирээд эмнэлэг дуудаад өг гээд гар нь нил цус болчихсон гарч ирсэн. Тэгээд бид нар түргэн дуудаад ирэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тухайн үед шүүгдэгчээс өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Жавхлангийн: “Бид нар орой хичээлээ тараад явж байтал нэг ах гар нь битүү цус болчихсон орцноос гарч ирээд түргэн дуудаад өг ах нь хүүхдээ хутгалчихлаа гэсэн. Тэгээд бид нар түргэн дуудаад нилээн удсан. Тэгээд цагдаа дуусан. Би тэнд багаасаа өссөн болохоор цагдаа нарт байршилыг нь тодорхой хэлж зааж өгсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Дэлгэрмөрөнгийн: “Бид нар хичээлээ тараад явж байхад нэг ах гар нь цус болчихсон гарч ирээд түргэн дуудаад өг ах нь хүүхдээ хутгалчихлаа гээд байсан тэгээд бид нар түргэн дуудсан. Тухайн үед өөр ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн ¹1012 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Г-д хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Р.Г-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жамсранжав нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурьдав.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Р.Г-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Р.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Г-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Г-ын урьд цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн иштэй 1 ширхэг хутга, а ба б дугаартай Р.Г-ын 2 гарын хумс, талийгаач Г.Дамдинжавын 2 гарын хумс, хагас ханцуйтай цамц 1 ширхэг, богино өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, залгай энгэртэй цамц 1 ширхэг, хилэн өмд 1 ширхэг, гутал зэргийг устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч гэм буруутай этгээдээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

                                ШҮҮГЧИД                                 Н.БААСАНБАТ

                                                                                Б.АРИУНХИШИГ